Эрт цагт Лили нэртэй охин эр нөхөрт гарч, хадам эхтэйгээ хамт амьдардаг байжээ. Тун удалгүй Лили хадам эх хоёрын зан ааш хоорондоо тэс өөр байсан тул огт таарахгүй байлаа. Хадам эх Лилиг цаг үргэлж шүүмжилнэ.
Өдөр хоног урсан өнгөрсөөр... Лили хадам эх хоёр үргэлж хэрэлдэж, заримдаа зодолддог болов. Нөхцөл байдлыг улам бүр хэцүү болгож байсан нэг зүйл бол Хятадын эртний заншил ёсоор Лили хадам эхээ хүндэтгэн, түүний хүссэн болгоныг хийх ёстой байлаа. Орон гэрийн мөнхийн уур уцаар, аз жаргалгүй байдлаас болоод хөөрхий нөхөр нь хүртэл маш их ядарч, сэтгэл нь хямардаг болжээ.
Эцэс сүүлдээ Лили хадам эхийнхээ муухай ааш, заавар тушаалыг цаашид огт тэвчихгүй болсон бөгөөд эцгийнхээ хамгийн сайн найз болох эмийн ургамал зардаг хөгшин Хуантай уулзав. Лили түүнд бүх зовлонгоо тоочиж, энэ бэрхшээлийг нэг мөсөн шийдээд өгчих ямар нэгэн хор өгөхийг гуйж гэнэ. Хуан хэсэг бодсоноо "Лили би чамд тусална. Гэхдээ чи миний хэлсэн болгоныг дагаж хийнэ шүү!" гэв. Хуан арын өрөө рүүгээ ороод, тун удалгүй хэсэг эмийн ургамал авчирлаа. Тэгээд Лилид хандан, "Хадам эхээ хордуулж алахын тулд маш хурдан үйлчилгээтэй хор хэрэглэж болохгүй!
Учир нь хүмүүс чамайг сэжиглэнэ. Харин би чамд олон эмийн ургамал өгнө. Чи өдөр болгон жаахан гахайн мах аль эсвэл тахианы мах чанаад эдгээр ургамлын хандыг хийнэ шүү. Өнөөдрөөс эхлээд түүнийг үхэх үед нь хэн ч сэжиглэхгүй байхын тулд чи маш болгоомжтой байж, түүнтэй тун найрсаг байх хэрэгтэй. Хадам эхтэйгэй бүү маргалд! Хүссэн болгоныг нь биелүүлж, яг л хатан хаантай харилцаж байгаа юм шиг хандах хэрэгтэй!" гэлээ. Лили маш их баяртай харив. Тэр Хуанд талархал илэрхийлээд, хадам эхээ үхүүлэх урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр маш их яарч гэнэ. Өдөр хоног хөвөрсөөр... Лили хадам эхдээ маш сайн хандаж, хоол ундаар дайлдаг байлаа. Хуаны хэлсэн ёсоор сэжиг авахуулахгүйн тулд бүсгүй ааш зангаа хянаж, хадам эхийнхээ үгийг биелүүлж, яг л ээж шигээ хандах болов. Ингээд 6 cap өнгөрөхөд гэр орны уур амьсгал огт өер болж гэнэ. Лили уур уцаараа хянаж чаддаг болсноор уурлах, тэнэг ааш гаргах нь үгүй болов. Хадам эхтэйгээ 6 cap ямар нэгэн хэрүүл гаргасангүй, харин ч хадам эх нь сайхан сэтгэлтэй, хамт байхад жаргалтай байлаа. Хадам эх ч гэсэн Лилид хандах нь өөрчлөгдөж, түүнд өөрийн охин шигээ хандаж эхлэв. Тэр найз нөхөд, хамаатан садандаа Лили минь ховор сайн бэр хэмээн магтан сайшааж ярьдаг байлаа. Лили хадам эх хоёр бие биендээ яг л жинхэнэ эх үр шиг ханддаг болжээ. Лилигийн нөхөр нь болж байгаа бүхэнд тун их баяр, жаргалтай байлаа.
Нэгэн өдөр Лили Хуантай уулзан тусламж эрж гэнэ. "Хайрт Хуан ах минь! Миний хадам эхийг алах хорыг байхгүй болгож өгч туслаач! Тэр ямар сайхан хүн болсон гэж санана. Би түүнийг төрсөн эх шигээ хайрладаг. Миний өгсөн хорноос болж түүнийг үхэхийг хусэхгүй байна" гэлээ. Хуан толгой дохин инээмсэглэв. "Лили минь үүнд санаа зовох хэрэггүй! Би чамд ямар ч хор өгөөгүй. Чамд өгсөн эмийн ургамлууд нь хадам эхийн чинь биеийг тэнхрүүлэх амин дэмүүд байсан юм. Хамгийн гол хор нь чиний сэтгэл, хадам эхдээ хандах хандлагад байсан юм. Харин энэ бүхэн чиний хадам эхийгээ хайрласан хайраар үгүй болсон байна" гэжээ.
http://www.facebook.com