Fri-31-Aug-2012
Аав хүү хоёр
     Хөлбөмбөгт ухаангүй дуртай нэгэн хүү, аавтайгаа амьдардаг байжээ. Хүү байнга л дасгал сургуулилт хийж өдрийг өнгөрөөдөг боловч, түүн шиг туранхай бас намхан хүү хөлбөмбөгөөр амжилт гаргана гэдэг байж болшгүй зүйл байлаа. Иймээс түүнийг хэн ч тоодоггүй байсан бөгөөд сургуулийн хөлбөмбөгийн багийн тоглолтон дээр хүү байнга сэлгээний тоглогчоор суудаг байжээ. Хэдийгээр хүү талбай дээр огт гардаггүй боловч аав нь тоглолтыг үзэхээр ирэхдээ сандлаасаа босон хүүгийнхээ нэрийг чанга хашгирч дэмждэг байжээ. Тэрээр хүүгийнхээ нэг ч тоглолт алгасаж байсангүй.



     Хүү ахлах ангид орохдоо ч ангийнхнаасаа хамгийн намхан нь байв. Нэг ч тоглолтонд гардаггүй хэвээрээ байсан ч аав нь байнга урамшуулж, зоригжуулсаар л... Хүү нэг л өдөр өөрийн бүхий л хүчээ дайчлан хөлбөмбөг тоглож, аавыгаа баярлуулна гэж боддог байлаа. Ахлах сургуулийн дөрвөн жилийн турш тэр хэзээ ч бэлтгэлээ таслалгүй байнга хичээж байсан ч энэ хугацаанд болсон тоглолтууд дээр бас нэг ч удаа талбайд гарч байсангүй. Мэдээж энэ хугацаанд аав нь тоглолт бүрийг алгасалгүй ирж үзэн, ганц хүүгээ урамшуулан байнга дэмжсээр байсан юм. Хүү өсөж коллежид ороод өөр хот руу явжээ. Энэ үед коллежийн хөлбөмбөгийн багийн нэг гишүүн бэртэл авсан тул түүнийг аргагүйн эрхэнд хүний тоо гүйцээж талбайд оруулав. Мэдээж хэн ч түүнийг бөмбөг таслан авч чадна гэж бодоогүй боловч хүү олон бөмбөгийг таслан авч багтаа шилжүүлжээ. Тэрээр энэ тухайгаа хамгийн түрүүнд аавдаа хэлэхээр яарч, хамгийн ойрын утасны бүхээг рүү яарлаа. Аав нь түүний энэ баяртай мэдээг сонсоод “Миний хүү чаднаа, чи минь сайн тоглодог шүү дээ” гэв. Дасгалжуулагч нь түүний маш их тэвчээр, шургуу зүтгэлийг нь үнэлж эхэлжээ. Коллежийн жил дуусах дөхөж шийдвэрлэх тэмцээнд орохоор хүү ихэд шургуу бэлтгэж байв. Нэгэн өдөр дасгалжуулагч нь дугтуйтай захидал түүнд авчирч өгчээ. Хүү захидлыг уншаад “Аав минь нас баржээ. Би өнөөдөр бэлтгэлээ хийхгүй байж болно биз дээ” хэмээн чичирхийлсэн дуугаар хэллээ. Дасгалжуулагч нь түүнд “Чи долоо хоног бэлтгэлдээ ирэхгүй байж болноо. Гэхдээ дараагийн хагас сайнд тоглолттой гэдгээ битгий мартаарай” гэв.

     Хүү хагас сайнд тоглолтонд ирэх үед тэдний багийн тоглолт нэг л амжилтгүй өрнөж байсан бөгөөд өрсөлдөгч багаас 10 онооны сүүлд явж байв. Хүү хувцас солих өрөөрүү орон тоглолтын хувцасаа итгэлтэйгээр өмсч, дасгалжуулагч дээрээ очиход багийнхан нь бүгд гайхацгаав. Хүү дасгалжуулагчаасаа “Та намайг талбайд гарахыг зөвшөөрөөч. Би өнөөдөр тоглохыг маш ихээр хүсч байна” гэж хэлсэн боловч дасгалжуулагч түүнийг сонсоогүй дүр эсгэжээ. Учир нь тэдний баг хожигдохын даваан дээр ирж, цаг дуусах тун ойрхон байхад хамгийн намхан, бас саяхан зовлон үзсэн тоглогчоо талбайд гаргахыг хэн хүсэх билээ дээ. Гэвч хүү хичээнгүйлэн гуйсны эцэст дасгалжуулагч аргагүйн эрхэнд зөвшөөрчээ. Түүнийг талбайд гаран тоглож эхлэхэд хэн ч нүдэндээ итгэсэнгүй. Энэ намхан бас чадвар муутай, хэний ч танил биш хүү багтаа хоромхон хугацаанд олон оноо авчирчээ. Түүний дамжуулалт, таслалт, хурд хүч бүхнийг гайхуулсан ба тэр яг л улсын шигшээ багийн тоглогч шиг чадварлаг байлаа.

     Хүүгийн ачаар тэдний баг шийдвэрлэх тоглолтонд хожжээ. Хөгжөөн дэмжигчдийн нүргээнтэй зэрэгцэн багийнхан нь хүү рүү бахдангуй харж, мөрөн дээр нь алгадаж, талархлын үг урсгацгаана. Тоглолтын дараа багийнхан хувцас солих өрөөнд ороход амжилтын эзэн өрөөний буланд чимээгүйхэн сууж байхыг ажигласан дасгалжуулагч түүнд дөхөж очин “Чи үнэхээр сайн байлаа.


Яаж үүнийг хийж чадваа” хэмээн асуухад хүү нүдэндээ нулимстайгаар дасгалжуулагч руугаа харан “Та миний аав нас барсныг мэднэ. Харин нүд нь огт юм хардаггүй, сохор байсныг мэдэх үү? Тэр миний бүх тоглолтон дээр ирдэг байсан ч намайг тоглож байхыг харж байгаагүй. Харин өнөөдөр тэр намайг тэнгэрээс харж байгаа учраас би чаддаг бүхнээ үзүүлэхийг хүссэн юм” гэжээ.

http://www.facebook.com 
Бичсэн: Telnet | цаг: 10:56 PM | Сургамжит өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant