2011-11-03
Оюунлаг байна гэдэг авъяас биш хөдөлмөр юм

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 16)


Турк улсын оюуны спортын мөнгөн медальт, Монголын Оюуны хөгжил – Оюуны спортын төвийн тэргүүн Хандсүрэнгийн ХАТАНБААТАР:


Өнөөдрийн лекц “Ой тогтоолтоо хөгжүүлцгээе” гэсэн сэдвийн дор явагдах бөгөөд тодорхой хэмжээний мэдээллийг та бүхэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулъя. Намайг Хандсүрэнгийн Хатанбаатар гэдэг. Турк улсад эрх зүйч мэргэжлээр төгссөн. Би та бүхэнтэй адил сурч боловсрохыг эрхэмлэдэг, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг эх оронч, үндэсний үзэлтэй жирийн нэг монгол залуу. Өнгөрсөн 2008 оны есдүгээр сард Турк улсад хоёр дахь удаагаа зохиогдсон “Ой тогтоолт болон фото түргэн уншлага”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэн, дэлхийн аваргад оролцох эрхээ авсан. Дэлхийн аваргын тэмцээн 2008 оны арваннэгдүгээр сард “MEMORIAD-2008” нэрийн дор болж, 20 орчим орны 44 оюуны спортын тамирчин найман төрлөөр өрсөлдсөн. Миний бие энэ тэмцээнд ой тогтоолт гэсэн хэсэгт хөзөр цээжлэх, цээж тооны хэсэгт түүхт он тоолол гэсэн төрлөөр тус тус өрсөлдөж, тодорхой амжилт гаргасан.  Хольж өгсөн 52 ширхэг хөзрийг 5 минутад дарааллаар нь цээжлэх ёстой байсан бөгөөд миний бие 2 минут 30 секундэд цээжилж хариулсан. Түүхт он тоолол гэсэн төрөлд 1600-2099 оны хооронд өгөгдсөн он сар өдөр байгаа юм л даа. Жишээ нь, 1658 оны гуравдугаар сарын найман ямар гараг вэ гэдгийг олох ёстой. Нэг минутад 17 өдөр олж, 17 хүнээс 10-т орсон.
Зах зээлийн энэ нийгэмд яавал амжилтад хүрч, сэтгэл хангалуун, юугаар ч дутагдахгүй амьдрах вэ гэж та бүхэн өөрөөсөө бишгүй л асуусан байх. Энэ асуулт хүн бүхнийг зовоодог нь ойлгомжтой. Гагцхүү маш хурдан сэтгэж, их хэмжээний мэдээлэл олж аван, түүнийгээ боловсруулан амьдралдаа хэрэглэж чаддаг хүн л амжилтад хүрдэг гэдгийг бүгд зөвшөөрнө. Тийм чадваргүй бол яахав? Гараа хумхиад л суух уу? Ёстой үгүй! Амжилтад хүрсэн хүмүүс хоёр толгой, дөрвөн гартай биш. Тэд бидэнтэй яг адил. Харин бид бүхнээс ганцхан зүйлээр ялгарах бөгөөд тэр нь сэтгэлгээ юм. Сэтгэлгээ нь эерэг болон сөрөг гэсэн хоёр хэлбэртэй бөгөөд энэ нь тухайн хүний хувь заяанд шууд нөлөөлдөг.
Нэг жишээ хэлэхэд, гутлын үйлдвэрийн эзэн нэг менежерээ Африк руу гутал заруулахаар явуулжээ. Менежер Африкт очоод онгоцноос буунгуутаа  хөл нүцгэн африкчуудыг хараад, “Захирал аа, энд ерөөсөө нэг ч хүн гутал өмсдөггүй юм байна” /гутал зарагдахгүй нь ойлгомжтой/ гэж хэлээд, ирсэн онгоцондоо суугаад буцжээ. Тэгэхээр эзэн нь, “Манай энэ ч сөрөг хүн дээ, арай эерэг менежерээ Африк явуулаад үзье” гэж бодоод эерэг менежерээ явуулжээ. Тэр менежер онгоцноос буунгуутаа африкчуудыг хараад эзэндээ, “Захирал аа, энд нэг ч хүн гуталгүй байна, наанаа байгаа бүх гутлыг над руу явуулчих” /гуталгүй учраас олон гутал худалдаж болно/ гэсэн байна. Тухайн үед африкчууд гутал өмсөөгүй байж болно, гэхдээ халуун элс хайрга, өргөс бутан дээр хөл нүцгэн явж буй хүмүүст гутал хэрэгтэй л байх ёстой. Үүнийг сөрөг сэтгэлгээтэй хүн харж чадаагүйгээрээ ажил нь амжилтгүй буцсан бол харин эерэг сэтгэлгээтэй хүн харж чадсан учир ажил нь амжилттай болжээ. Үүнтэй адил бид эерэг сэтгэлгээг л хөгжүүлэх ёстой.
Хамгийн гол нь туйлын зорилгоо зөв тодорхойлон, сэтгэлгээгээ үүний дагуу өөрчлөх хэрэгтэй. Хүн ер нь өөрийн гэсэн зорилготой байх ёстой л доо. Зорилгогүй хүн сэлүүргүй завьтай адил гэсэн үг байдаг. Зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлэлтэй, хичээл зүтгэлтэй байх ёстой. Хичээл зүтгэлгүй бол зорилгодоо хэзээ ч хүрэхгүй шүү дээ. Турк улсад оюутан байх хугацаандаа би боддог байсан л даа. Монголдоо ирдэг, ажлын байр яах билээ, надтай адил гадаадад төгссөн асар олон оюутан байгаа, тэднээс ямар нэг зүйлээрээ ялгарах ёстой гэж боддог байлаа. Тэгээд ой тогтоолт, фото түргэн уншлага гэсэн зүйл сонирхлыг минь татаж, энэ чиглэлээр судалж оролдох болсон ба үүнийг монголчууддаа таниулъя гэсэн зорилго тавьсан. Фото түргэн уншлага гэдэг бол их хэмжээний мэдээллийг маш богино хугацаанд уншиж ойлгох үйл явц юм.
Танд танилцсан хүнийхээ нэрийг хэд хоногийн дараа, уншсан зүйлсээ богино хугацааны дараа мартах үе байдаг уу? Мөн утасны дугаар цээжлэх хүндрэлтэй байдаг уу? Хэдхэн секундын өмнө барьж байсан зүйлээ хайж, цаг алдах үе гарч байсан уу? Энэ мэтчилэн тоочоод байвал нэлээн зүйл гарч ирж магадгүй. Энэ асуудалд хариулт олцгооё л доо.
Бялдаржуулах урлагаар хичээллэж, биеэ хөгжүүлж болдог шиг оюун ухаанаа, тэр тусмаа түүний суурь болсон ой тогтоолтыг дээд зэргээр хөгжүүлж болдог. Хүн төрөлхтний түүхэнд ийм жишээ маш олон. Монголчууд маань олон зуун малынхаа зүсийг мэддэг маш ой сайтай хүмүүс. Эртний Ромын уран илтгэгч Сенека хоорондоо холбоогүй 2000 үгийг нэг сонсоод л яг дэс дарааллаар нь хэлж чаддаг байжээ. Македоны Александр, Наполеон Бонапарт нар бүх цэргийнхээ нэрийг мэддэг байсан гэж түүхийн хуудаснаа үлджээ. Тэдний арми 30-аад мянган цэрэгтэй байжээ. Хөгжмийн аугаа их зохиолч Моцарт 14 настайдаа Ромын сүмд жилд хоёрхон удаа тоглодог “Мизе ре” гэдэг маш том бүтээлийг ганц удаа сонсоод л нотыг нь цээжээрээ бичжээ.
Та бүхэн энэ хүмүүс суут болохоороо л ийм мундаг ой тогтоолттой байсан байлгүй гэж бодож магад. Тэгвэл огт үгүй шүү. Гайхамшигт ойтой болсон ихэнх хүмүүс өөрсдийнхөө хичээл зүтгэлээр тийм чадварыг эзэмшсэн байдаг.
Өөрсдийгөө өөрчлөх гэсэн хязгааргүй их хүсэл, тэвчээрээр уйгагүй хөдөлмөрлөж энэ чадварыг эзэмшсэн байна.
Бид ой тогтоолтоо сайжруулахын тулд эхлээд тархиныхаа бүтэц, үйл ажиллагааг маш сайн мэддэг байх шаардлагатай. Бидний тархи зүүн, баруун гэсэн хоёр хагас бөмбөлгөөс бүрддэг. Энэ хоёр хоёулаа цээжлэх процесст тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ дийлэнх хүмүүс тархины зүүн хагас бөмбөлгөөрөө цээжилдэг. Зүүн хагас бөмбөлөг нь ангилал, тоотой хийх үйлдлүүд, шалтгаан, үр дагаврын холбоо, шинэчлэл, төлөвлөгөөг хариуцдаг. Харин тархины баруун хагас бөмбөлөг маань өнгө ялгах, төсөөлөх, зөгнөх, ямар нэгэн хөгжмийн хэмнэлийг мэдрэх, иж бүрэн зураглал хийх, орон зайн баримжааг гаргах гэх мэт асар их үүрэгтэй. Тархины баруун хагас бөмбөлөг цээжлэх процесст асар их үүрэгтэй байдаг. Бид баруун хагас бөмбөлгөө ажиллуулах тал дээр ерөөсөө анхаардаггүй. Ямар нэгэн юмыг цээжлэхдээ энэ хоёрыгоо тэнцвэртэйгээр ашиглавал үлдэцтэй сайн тогтоож чаддаг. Цээжлэхдээ аль болох төсөөллийг ашигла. Ингэснээрээ баруун хагас бөмбөлөг ажиллаж эхэлнэ гэсэн үг. Хүүхдүүд 4-7 насандаа тархиныхаа баруун, зүүн хос бөмбөлгийг хоёуланг нь ажиллуулдаг. 4-7 насны хүүхэд чөлөөтэй сэтгэж, зураг зурж, хөгжим сонсдог ба юмыг их хялбархан цээжилдэг. Тэр үед нь энэ суурь мэдлэгийг олгох хэрэгтэй байх. Энэ чадварыг эзэмшүүлээгүйгээс тухайн хүүхэд нэгдүгээр ангид ороод нэг хэв загварт баригдаж, чөлөөтэй сэтгэх сэтгэлгээ нь үгүй болчихож байгаа юм л даа. Зөвхөн энэ дарааллаар явна, энэ чинь ийм байх учиртай гээд нэг хэв загварт орчихдог. Меномотехникийн тусламжтайгаар хүүхдийг багаас нь хичээллүүлбэл 11 жилд судлах материалыг 5,6-хан жилд үзэх боломжтой.
 Ой тогтоолтыг сайжруулахад хэрэг болдог зарчмууд гэж бий. Энэ зарчмуудыг баримтлаад ой тогтоолтын аргыг хэрэглээд явбал ямар ч зүйлийг маш сайн цээжилж болно. Ой тогтоолт сайжруулах аргачлалыг меномотехник гэж нэрлэдэг. Энэ нь эртний Грек, Ромын үеэс үүсэлтэй. Тухайн үеийн уран илтгэгчид ард түмэн, сенатыг татахын тулд цаас харалгүйгээр маш их хэмжээний мэдээллийг эмх цэгц, дэс дараатайгаар ярьж чаддаг байсан байна.  Меномотехникийг эзэмших нь хүн бүрт зайлшгүй хэрэгтэй. Хүн бүрт өдөр тутам тодорхой хэмжээний мэдээлэл цээжлэх шаардлага зайлшгүй гардаг. Хүний утасны дугаар, нэр, зүс царай, дэлгүүрээс авах зүйлсийн нэрсийн жагсаалт... г.м нэрлээд байвал олон. Энэ техникийн тусламжтайгаар бүх зүйлийг, ялангуяа оюутан сурагчид та бүхэн хичээл сургалтынхаа бүх материалыг цээжлэх боломжтой. Хичээлийн жилийн турш энэ техникийн тусламжтайгаар хичээлээ бага багаар нь цээжлээд явбал шалгалтад бэлдэхгүйгээр орох боломжийг хүртэл бүрдүүлдэг. Ингэснээрээ оюутан сурагчид цаг хэмнэнэ, цаашлаад мэдлэгийнхээ хүрээг тэлэх бүрэн боломжийг бүрдүүлж өгөх ба сурагч хүнд ирээдүйд өндөр боловсон хүчин болох үүд хаалгыг нээж байгаа юм.
Энэ техникийг тодорхой түвшинд эзэмшсэн хүн юу хийж болохыг нэгэн жишээн дээр үзүүлье. Одоо та бүхэн нэг нэгээрээ самбар дээр байгаа 1-30 хүртэл дугаарласан цифрээс дуртай дугаараа сонгоод нэг, нэг үг хэлнэ. Тухайлбал, 15-р үг боловсрол, 3-р үг сандал, 8-р үг камер, энэ мэтчилэн дуртай дугаараа сонгоод үг хэлнэ. Надад нэг туслагч хэрэгтэй, тэр туслагч гарч ирээд та нарын хэлсэн үгийг самбар дээр бичнэ. Энэ самбар дээр бичиж байгаа үгсийг би харалгүйгээр зөвхөн сонсоод дэс дарааллаар нь тогтоох юм. За эхлэх үү? (16. Монгол, 30.гэрэл, 13.амьдрал, 15.ном, 9.сүлд,  25.зүрх, 10.соёмбо, 14.эх орон, 1.ном, 22.адуу ...г.м 30 үг хэлэхэд бүгдийг нь цээжилж, алдалгүйгээр эхнээс нь дэс дараатайгаар хариулав)
 Миний дээд амжилт 1000 орчим үгийг энэ байдлаар цээжилж чадсан. Хэцүү санагдаж байна уу? Гэвч гол учир нь энэ нь гоц авъяас биш арга техник, зүй тогтлыг нь эзэмшсэнд байгаа юм. Мэдээж энэ чадварыг эзэмших гэж нэлээн тэвчээр гаргаж хөдөлмөрлөсөн.
Одоо та бүхэнд би нэг даалгавар өгье. Миний хэлсэн 20 үгийг дэс дарааллаар нь цээжлэх хэрэгтэй. За эхэллээ! (хивс, цаас, шил, ор, загас, сандал, цонх, утас, тамхи, хадаас, бичгийн машин, гутал, микрофон, алим, зурагт, онгоц, бассейн, танк, шоргоолж, цүнх гэж хэлээд цээжилсэн эсэхийг нь 3 сурагчаас асуухад дээд тал нь 6-г хэлэв)
 За, ийм байдаг юм байна хүүхдүүд ээ. Европ болон Америкт маш олон хүнийг судалгаанд хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 90 % нь 20 үгнээс дээд тал нь 5-хан үгийг л хэлж чадсан байна.
Одоо энэ 20 үгийг яаж цээжилснээ та бүхэнд тайлбарлая. Маш хялбархан цээжилж болно. Тархины зүүн болон баруун хагас бөмбөлгийг хоёуланг нь зэрэг ажиллуулна гэж би дээр ярьсан. Баруун хагас бөмбөлөг ажиллуулна гэдэг маань цээжлэх зүйлсээ маш сайн төсөөлөөд гинж буюу холбох аргын тусламжтайгаар цээжлэх хэрэгтэй. Гол зарчмуудаа баримтлаад, аргаа хэрэглэж этгээд сонин төсөөллийг бий болгож өгөх хэрэгтэй. Ингэж хэвшвэл та үлдэцтэй сайн цээжилж чадна.
Эхний үг хивс. Хивс гээд хэлэнгүүт миний амнаас нэг их урт хивс гараад явчихаж байна гээд цээжилчихлээ. Дараагийн үг цаас. Цаасаа хивстэйгээ холбож нийлэмж үүсгээд, би хивсэн дээр алхаж явна гэнэ, тэгтэл дуу чимээ нь нэг л өөр болоод явчихлаа, доошоо хартал хивс биш цаасан дээр алхаад явж байна гээд цаасыг цээжилчихлээ. Дараагийн үг маань шил. Одоо би цаастайгаа холбож цээжилнэ. Цаасан дээр бичиг байна гэнэ, тэр цаасыг унших гээд аваад хартал цаас биш шилэн дээрх бичгийг унших гэж оролдож байна гэж төсөөлөөд л шилээ цээжилнэ. (Энэ мэтчилэн 20 үгийг этгээд төсөөллийг бий болгож тайлбарлан цээжлэв. Дараа нь хүүхдүүдээс асуухад нэг ч алдалгүй бүгдийг хэлж чадсан юм)
 Ингээд 20-ууланг нь маш хялбархан цээжилчихэж л байгаа биз дээ. Эхэндээ би 2,2-хон секундын зайтай хэлээд явсан л даа. Яаж ийм богино хугацаанд  төсөөлөх юм бэ гэж бодож магадгүй. Гэвч хийгээд хэвшвэл энэ маань далд ухамсарт шингэж, маш хурдан төсөөлөөд цээжилдэг болно. Энэ нь ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээн дээр нэг төрөл болдог. Таван минутанд 366 үг цээжилчихсэн хүн байна. Ой тогтоолтоо энэ аргачлалаар хөгжүүлээд, цааш нь судалж дэлгэрүүлээд явбал бүх зүйлийг цээжлэх боломжтой. Харсан болгоноо цээжилдэг үү гэвэл мэдээж үгүй. Цээжилье гэсэн зүйлээ л цээжилнэ. Ой тогтоолтын энэ аргаар хүний нэр, зүс царай, гадаад хэлний шинэ үгс, утасны дугаар, дуу болон шүлэг, тоо болон тоон мэдээлэл г.м зүйлсийг маш хялбархан цээжилж болно.
Төгсгөлд нь хэлэхэд, та бүхэн миний энэ лекцийг сонсоод хүн болгон ой тогтоолтыг сайжруулж болдог юм байна гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн байх, тийм үү? (Тийм гэж хүүхдүүд хариулав) Та бүхнийг ой тогтоолт болон оюуныхаа хөгжилд хэрэг болох тодорхой хэмжээний мэдээлэл олж авсан байх гэж найдаж байна. Мэдээж ганц удаагийн лекцээр та нарт хэрэг болох бүх зүйлийг хүргэх боломжгүй нь ойлгомжтой.
Хэчнээн их техник технологи, хөгжил дэвшлийн асуудал хөндөнө, төдий чинээгээр түүнийг ашиглаж чадах мэдлэг боловсролтой, чадварлаг, эрүүл хүн байх ёстой. Эхлээд хүнээ хөгжүүлэх нь улс орны хөгжлийн чухал бодлогын нэг байх ёстой болов уу. Монголынхоо төлөө цохилох зүрхтэй залуус бид бүхэн улс орноо хөгжүүлэх ёстой. Энэ лекцийн турш надтай хамт байж, анхааралтай сонсон, идэвхитэй оролцсон 93-р сургуулийн сурагч та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Баярлалаа.

http://www.mongoliandream.mn/
Бичсэн: Telnet | цаг: 15:38 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax