2011-11-03
ӨӨДРӨГ АМЬДРАЛ БҮТЭЭХ УХААН

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 17)


Сургалт, судалгааны “Лэди” төвийн захирал,  докторант Р.ЛХАГВАДУЛАМ:


Монголын ирээдүйн нүүр царай залуусын тэмүүлэл зорилгыг чиглүүлэгч, заагч нь юу байх вэ?. Боломж, харилцаа, хандлага, нөлөөлөл зэрэгтэй холбоотой сэдвээр товчхон ярилцъя.
Берлускониг манайхан сайн мэддэг. Италийн ерөнхий сайд Силвия Берлусконитай овог нэг боловч өөр энэ бол Берлускони юм. Ах, дүү хоёр Берлускони шөнөжингөө бурханд мөргөсөн гэнэ. Ядуу явж ханалаа, тосгоныхоо хамгийн муу нь гэж адлагдаж гүйцлээ, бурхан тэнгэр гэж байдаг бол бидэнд “боломж” хайрлаач хэмээн шөнөжингөө залбирчээ. Өглөө ах Берлускони хоёр хүүхдээ морин тэргэн дээрээ суулгаад эхнэртэйгээ тариан талбай руугаа явлаа. Тэгтэл яг зам дээр нь хар шороон дунд шар алт гялалзах шиг болж гэнэ. Бурхан надад боломж хайрлаж гээд машид баярлан авах гэтэл нуруугаар нь хатгуулаад болсонгүй гэнэ. Буугаад алтыг аваад өгөөч, бурхан надад боломж илгээсэн байна гэж эхнэртээ хэлтэл “Чи муу азгүй амьтан, би чамтай суугаад бас тийм болсон. Чам шиг азгүй амьтанд хэн тийм боломж завшаан өгөх юм бэ?” гээд нөхрийнхөө үгийг ойшоон дэмжээгүй байна. Хүүхдүүддээ хэлэхэд сонсоогүй царайлаад тэргэн дээрээ тоглосоор байж. Тэгээд боломжоо ашиглаж чадалгүй дээгүүр нь алхаад гарчихжээ. Дүү Берлускони нь мөн л тариалангийнхаа талбай руу явж байтал зүүн нүднийх нь үзүүрт алт гялалзах шиг болов. Тэр мөн л бурхан боломж олгож байна гэж ойлгосон аж. Ингээд эхнэр хүүхдүүдтэйгээ нуруулдсан өвсөн дундаас хайсаар байгаад нар шингэх үед эрхийн чинээ алт олжээ. Алтаа зарж, ашиггүй ажиллаж байсан усан үзэмнийхээ талбайг худалдаад хавийнхаа хот тосгоноос хамгийн сайн арьс худалдан авч боловсруулаад шир, савхин эдлэлийн маш том үйлдвэр байгуулжээ. Тэр нь өнөөгийн “Берлускони” брэнд юм.
Боломжийг бурхан хүн болгонд өгдөг. Ахад нь ч, дүүд нь ч адилхан өгсөн байгаа биз дээ. Гагцхүү хэн олж харж, ашиглаж чадна, түүний амьдрал дээшилж, бизнес нь бүтдэг гэсэн санааг дээрх түүх өгүүлж байгаа юм. “Хатагтай боломж хаалгыг чинь тогшдог. Харамсалтай нь та түүнийг хүлээсээр байгаад залхаад аль хэдийнэ унтчихсан байдаг” гэсэн Данийн зүйр үг бий. Үүнтэй төстэй Герман зүйр үг ч байна. “Ноён боломж хаалгыг чинь тогшиход та унтаж байдаг, эсвэл хажуугийн шар айрагны мухлагт амьдрал хэцүү юм аа, ямар ч боломж алга хэмээн үглэж суудаг”. Ирж буй боломжийг алдалгүй барьж аваад давуу тал болгож чадсан хүн амжилтад хүрдэг. Давуу болон сул тал, боломж, эрсдэл зэргийг тодорхойлж, дүн шинжилгээ хийдэг “SWOT” шинжилгээний арга гэж бий. Сул талуудаа бичээд нэг үзээрэй. Тухайлбал, “Би нойроо дийлдэггүй” гэж бичив үү. Залуу хүн нойртой байна, тэр бол эрүүлийн шинж. Нойр хоолоо тохируулна уу гэхээс нойртойгоо тэмцээд унтахгүй байж болохгүй. Хэт дийлдээд байвал харин “Нойрыг унтаж биш сэрж бардаг” гэдэг үгийг сана. Давуу талаа ч бич. “Би олон найзтай, би нийтэч, би эхэлсэн ажлаа заавал дуусгадаг” гэх мэт. Дараа нь тохиолдож болох эрсдлүүдээ бич. “Ойрдоо би өвдөөд байгаа шүү, хичээл, ажилдаа явж чадахгүй болчихож магадгүй”, “Саяхан танилцсан шинэ найзууд маань намайг жаахан уруу татаад байна. Шоуны найз нараасаа зай барихгүй бол шалгалтаа муу өгчихөж магадгүй”. Бас боломжоо бод. “Манай улс тайван, тогтвортой байна. Катарина хар салхи, цунами болохгүй, дайн байлдаангүй энх тайван оронд ажиллаж амьдарч байгаа нь миний хамгийн том боломж”, “Миний өмнө ертөнц дэлхий нээлттэй болчихлоо, үгээ хэлэх, сонголтоо хийх эрх надад байна” гэх мэт маш олон боломж бий. Ийм маягаар өөрийнхөө давуу, сул тал, боломж, эрсдэлдээ дүн шинжилгээ хийж байгаарай. Сард нэг удаа, жилд нэг удаа, чадвал өдөр болгон хийж бай. Тэндээсээ өөрийгөө олж унш. Өгсөж байна уу, уруудаж байна уу, өмнөхтэйгээ харьцуулж шинжил. Сарын өмнөх сул тал чинь хэвээрээ байгаа юм биш биз. Сул талаа засч чадахгүй байна гэдэг маш том сул тал. Эрсдлийг тооцохгүйгээр алхам хийгээд байна гэдэг маш том эрсдэл. Давуу талаа олж хараад улам сайжруулаад байвал энэ том боломж. Боломжоо олж харахгүй бол сул тал. Боломжуудаа анзаарахгүй байна гэдэг том эрсдэл. Энэ дөрвөн үгийн хооронд тоглоом явагдаад байгаа ч сайн бодоорой.
Бас нэг чухал зүйл бол нөлөөлөл. Миний дэргэдэх хүн намайг хөгжүүлж болно, бас сүйрүүлж болно. Үерхэж нөхөрлөж яваа найзуудаа, ялангуяа ирээдүйд ханилах хүнээ маш сайн таньж сонголт хийх хэрэгтэй шүү. Сонголт бол олноос нэгийг нь гэсэн үг. Сонголтод нөлөөлөл яаж холбогдох вэ? Би оюутан байхдаа ангийнхаа Ганхуягийг “Чи солиотой юм шиг өдрийн 10 цагийг номын санд өнгөрөөчих юм аа” гэж тохуурхан инээж байлаа. Тэгэхэд өнөөдөр Ганхуяг маань Америкийн хэмжүүрээр докторын зэрэг хамгаалчихсан явна. Цаг үе сайхан, суралцсаны төлөө төрөөс мөнгө авдаг тэр үед би номын санд гуравхан цаг суучихаад их ажил хийсэн юм шиг ялархдаг байлаа. “Бусдын сайныг олж харна гэдэг түүнээс нь өчүүхэн ч атугай хийсэнтэй тэнцэнэ” гэж сайхан үг байдаг. Бид сайн яваа нэгнээсээ суралцахын оронд хардаж сэрдэх гээд байдаг. Сайн яваа нэгнээ харж суралцаад, нөлөөллөөр нь өөрөө бас сайжирна гэдэг хандлагыг харилцаан дээрээ загвар болгон ашиглаж байгаарай. Сүүдрээ хараад биеэ зас, нөхрөө хараад биеэ зас гэсэн үг. Хар муу санаагүй, бүтэх талаас нь харж бүтээхийн төлөө явдаг бол таны бодол санаа эрүүл байна гэсэн үг. Бусдад сайныг хүсч, бусдын сайныг олж хардаг байвал зүрх сэтгэл чинь эрүүл байна. Ийм хүмүүс бусдад сайхан сэтгэл төрүүлдгийн дээр өөрөө зүрхэндээ шархгүй явдаг.
Залуучууд хөнгөн амьдрах дуртай. Динозаврын тухай судалгааны даалгавар өгөхөд интернэтээс мэдээллээ маш хурдан олоод авчихаж байна. Динозавр хэдэн сая жилийн өмнө хаана амьдарч, юу иддэг байсныг сайн судалж мэдээгүй мөртлөө даалгавраа хийгээд өгчихнө. Ийм маягаар асуудалд хөнгөн хийсвэр ханддаг. Уг нь дээрх даалгаврыг өөрийн болгож хийх өргөн боломж бий. Нэртэй эрдэмтэдтэй уулзаж, түүхийн музейгээр явж судлаад тархиндаа хийчихвэл өнөөдөр гэрийн даалгавар, маргааш дипломын ажил, нөгөөдөр нь дэлхийн палентологийн түүхэнд шинэ нээлт, шилдэг бүтээл болж ч болох шүү дээ. Америкаас ирсэн нэг хүн телевизээр ярьж байна. “Монгол оюутнууд ганцхан дэвтэртэй явж, ганц хоёрхон ном хэрэглэх юм. Гэтэл Америкийн оюутнууд том гэгчийн үүргэвчтэй, түүн дотроо, ном, илтгэл, бичмэл материал гэх мэт олон зүйл авч явна. Ганц хичээлийн даалгавар хийхийн тулд арваад ном хэрэглэнэ. Монгол оюутнууд бүтэн жил шахам ганц дэвтэртэй явдаг, тэгсэн мөртлөө сайн төгсчих юм”. Монгол оюутан, америк оюутны ялгаа юу вэ? Монгол оюутан нэг дэвтэртэй, америк оюутан арван дэвтэртэй. Америк оюутан нэг хичээлийн даалгаврыг арван номноос хийдэг, монгол оюутан нэг номноос арван хичээлийн даалгавар хийдэг. Энэ бол нийтлэг үзэгдэл.
Бизнестээ амжилт олъё гэвэл манлайлагчдын баг бүрдүүл гэж сүүлийн үеийн удирдлагын сэтгэл зүйчид ярих болсон. Би ганцаараа манлайлж чадна, надад баг хэрэггүй гэж бодож байвал буруу. Та амжилтын оргил өөд гарах учиртай, сайн баг, хамт олон чинь үүнд тулгуур болно. Тулгуур сайтай байж оргилд бат зогсоно. Ийм үзэл санаа таны хандлага байх ёстой шүү. Д.Сүхбаатар жанжны сайхан үгийг хүн бүр мэднэ. “Нэгэн хүчийг нийлүүлнэ гэдэг нь багийн ажиллагаа, нэгэн зэрэг гэдэг нь команд, зориглон хөдөлбөөс гэдэг нь эрч хүч, иргэний зориг. Энэ бүгд нийлбэл …үл хүрэх газаргүй, мэдэхгүй ба чадахгүй зүйл үгүй болоод цэнгэлийн манлайг эдэлнэ. Дани, Швед, Голланд зэрэг Скандиновын орнууд үнэхээр цэнгэлийн манлайг эдэлж байх шиг санагддаг. Хот нь цэвэрхэн, улс нь тайван, хүмүүс нь өндөр соёл боловсролтой, эрүүл мэндийн систем нь гайхалтай. Даяарчлал гэдэгт хүссэн ч хүсээгүй ч орж таарна. Дэлхий нийтээрээ энэ хандлага руу нэгэнт хөдөлчихлөө. Хүүхдүүд маань өглөөний цайгаа Улаанбаатарт ууж, үдийн зоогоо Сөүлд бариад, оройн хоолоо Жакартад идэхээр болох магадлалтай. Энэ бол ойрын ирээдүй. Иймд зорилгоо энэ хандлагатай холбож өгөх хэрэгтэй болно.
“Яахав, хоёр идэхгүй хоосон хонохгүй сажилж явбал болно биз дээ” Энэ бол дэндүү өрөвдөлтэй яриа. Би эмч болно, гэхдээ Монгол-Японы хамтарсан эмнэлгийн дарга болно гэсэн хүсэл эрмэлзлийг өөртөө бий болгох хэрэгтэй. “Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэж дахиад Д.Сүхбаатарын үгийг иш татъя. Энд нэг асуудал бий. Сайн мэргэжилтэн болоод гараад ирлээ, хандах зүг нь тогтчихсон болохоор тушаал дэвшинэ. Гэтэл харилцаа, нийгэмших буюу нийгмийн дунд биеэ авч явах дээрээ алдвал ахихгүй. Хандлага нь харилцаатай холбоотой. Нийгэмд яаж үнэлүүлэхийг хүсч байна, тэр байдлаараа л биеэ авч явах хэрэгтэй.
Мөрөөдөл, зорилго хоёр юугаараа ялгаатай, юугаараа адил вэ? Их энгийн. Мөрөөдлийг цаг хугацааны хүчин зүйлд оруулахаар зорилго болдог. Алимын модны дор хэвтчихээд “Унжаад байхаар унаад ирээсэй” гэвэл алим өөрөө ам руу чинь орохгүй. Та түүнийг авах хүсэлтэй байх хэрэгтэй. Авахын тулд шат, эсвэл дүүгүүр олж ирлээ. Хүний томоохон эмгэнэл бол том зорилго тавьчихаад хүрч чаддаггүйдээ биш, харин жижиг зорилго тавьж түүндээ хүрчихээд сэтгэл ханадаг нь гэнэ. Том нүхэн дээгүүр хоёр дахин харайхгүй, хүчээ хурааж байгаад нэг л харайна.
Энгийнээс нарийн руу шилждэг философийн хууль байдаг. Бодол санаагаа чагна. Хүнд юу чухал вэ? Эрүүл мэнд чухал, гэхдээ өглөөний наран мэт алга болдог. Эд хөрөнгө чухал, гэхдээ урсаж үгүйрэхийн цагт эд хөрөнгийн учир холбогдол алдагдана. Гоо үзэсгэлэн чухал, гэхдээ гундаж хөгшрөхийн цагт ул мөргүй алга болдог. Найз нөхөр чухал, гэхдээ нөхөр мөнх биш. Ядрахад яваад л өгнө. Эр чадал чухал, гэхдээ өтөлж хөгшрөхөд бас л орхиод одно. Тэгээд хүнд мөнхийн байж байдаг тэр зүйл юу вэ? Энэ бол мэдлэг боловсрол. Тийм учраас залуус та нар дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлж алхах эрдэмтэй хүмүүс болохын тулд боломжийг алдалгүй сайн сураарай. Монгол тэмүүллийг зүрхнийхээ мөнхийн сэдэв болгоорой. XXI зуунд мэдлэгээ худалдаж амьдрах хүн болох нь залуу хүн таны монгол тэмүүлэл юм шүү. Та бүхэн аль хэдийнэ уралдаанд орчихсон. Тасралтгүй урагшлаарай. Заавал давхих албагүй байж болно, харин мориныхоо амыг битгий татаарай.

http://www.mongoliandream.mn/
Бичсэн: Telnet | цаг: 15:42 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax