2011-11-03
ДИПЛОМ ӨВӨРТӨЛСӨН ХУДАЛДАГЧ, БААРНЫ ХАМГААЛАГЧ БОЛОХ ЭСЭХ ЧИНИЙ ХАРИУЦЛАГА

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 15)


МУИС-ийн Микробиологийн тэнхмийн эрхлэгч доктор Д.ТҮМЭНЖАРГАЛ:


Хүн болгон өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй байдаг. Би багадаа байгаль шинжлэлийн хичээлд, ялангуяа биологи, хими, физик зэрэг хичээлд илүү дуртай хүүхэд байлаа. Мэдээж бас амьтанд хайртай, амьтан тэжээнэ. Багын минь сонирхол намайг биологич болгосон. Биологи гэдэг энэ том шинжлэх ухаан дундаас яагаад бичил ертөнцийг сонгов? Микроб, бактер гээд ярихаар хүмүүс цэрвэдэг. Би багадаа нүдэнд үл үзэгдэх энэхүү бичил ертөнцийг хүн төрөлхтөнд ашиг тустай болгон ашигладаг тухай нэг номноос уншсан юм. Тэгээд багын сонирхол маань надыг биологч мэргэжил сонгоход нөлөөлсөн. Улмаар уралдаант шалгалтад тэнцэж Чех Улсад сонирхсон мэргэжлээрээ суралцах завшаан тохиосон юм.
Бусдын адил би сайн хүн болно, сайн үйл бүтээнэ гэсэн ерөнхий барьцгүй ойлголттой байсан. Оюутнуудтай 25 жил ажиллаж байгаа багш хүний хувьд харьцуулан ажиглахад өнөөдрийн залуус ч мөн л тийм байна. Гэхдээ хүрэх арга зам нь өөр болчихож. Өөрөөр хэлбэл, амьдралын үнэт зүйл, үнэлэмжийн асуудал нэлээд ялгаатай болжээ. Хувьсаж өөрчлөгдөх биологи, эволюцийн хууль байдаг. Хүний нийгэм, ахуй, орчин, хүн өөрөө ч хүртэл өөрчлөгдөж байдаг. Харин нэг л үнэ цэнэтэй юм цаана нь хэвээр оршиж байдаг. Тэр бол эх орон. Эх орондоо хайртай байна гэж юуг хэлдэг юм бэ? Миний бодлоор эх нутагтаа хүн шиг амьдрахыг хэлдэг байх. Монгол Улсын иргэн нь, эзэн нь байх.
Хүн аливаа үйлдлийг бодолгүйгээр далд ухамсраараа хийдэг юм байна л даа. Чихэр идээд цаасыг нь таарсан газраа хаяж чадаж байна гэдэг нь хүнийрхүү хандлага юм. Бидний дотоод ухамсарт нэг дохио өгөөд байна л даа. Өнөөдөр би авч ашиглана, өөрийнхөө хэрэгцээг хангачихвал маргааш галав юүлж байсан ч хамаагүй гэж хандаж байна. Энэ л том эмгэнэл. Чихрийн цаас хэдийгээр жижигхэн зүйл мэт боловч энэ хайхрамжгүй байдал алсдаа та биднийг юунд ч хүргэж болзошгүй.
Хоёр жилийн өмнө оюутнуудын дунд “Монгол орноо хэрхэн хөгжүүлэх вэ” сэдэвтэй зохион бичлэгийн уралдаан зарлахад оюутнууд сонин санаанууд бичсэн байсан. Тэдний дундаас МУИС-ийн хуулийн хоёрдугаар дамжааны оюутан энэ сэдвээр бичихдээ тун өвөрмөц байдлаар хандсан. “Монгол орноо хэрхэн хөгжүүлэх вэ” гэдэг сэдвийг тэрээр “Монголчуудыг хэн дарлав” гэсэн асуулт тавьж хариулсан байлаа. Эхлээд бид сайн ойлгоогүй л дээ. Гэтэл тэр оюутан өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлсэн, эмзэглэж явдаг зүйлээ, тухайлбал 1990 оноос хойш монголчуудыг монголчууд л дарласан юм байна гэж бичсэн байлаа. Гадныхан ирж дарлаагүй, бид өөрөө өөрсдийгөө. Бодох ёстой асуудал мөн биз. Бүгдээрээ хөгжлийн төлөө зүтгэж яваа, гэтэл монгол хүн монгол хүнийхээ хөгжилд саад болж байна, улсаа хөгжүүлэх гээд байгаа атлаа өөрсдөө бие биедээ том саад болж, чангааж татаад байна.
Манай залуус юмыг их боддог болж. Үүнийг хараад би хувьдаа залуустаа итгэлтэй явдаг. Тусгаж, ойлгож, хурдан сэтгэдэг атлаа гагцхүү давуу байдлаа гаргаж чаддаггүй нийтлэг дутагдал байна. Ичимхий, өөртөө итгэлгүй чанар нөлөөлж, өөрийгөө хайрцаглачихдаг юм шиг. Сэтгэлгээгээ энэ хайрцагнаас гаргах хэрэгтэй. Тэгэхийн тулд боловсрох хэрэгтэй, ном унших хэрэгтэй. “Юунаас түрүүнд та өөрийгөө сургаж хүмүүжүүл, тэгвэл бусдаас юм сурч чадна” гэж В.Гётегийн хэлсэн үг байдаг.
Амьдралд байр сууриа олоход хүний баримталдаг зарчим чухал. Миний хувьд маш энгийн хэрнээ маш чухал нэг л зарчим баримталдаг. Юуг ч хийсэн бай эхлээд өөртөө үнэнч бай, тэгээд өрөөлийг хүндэтгэ. Өөртөө үнэнч байгаагүй цагт эргэн тойрондоо, энэ нийгэмдээ үнэнч байж чадах уу. Өөртөө үнэнч байх, өрөөлийг хүндэтгэх гэсэн энгийн зарчим баримтлаад явбал өөр бусад нь цэгцэрнэ. Цаасан дээр эрдэмтэн, суут хүмүүсийн хэлсэн үгийг биччихээд энэ миний зарчим гэж хэчнээн хашхираад чи зарчимтай харагдахгүй.
Огт алддаггүй хүн гэж үгүй тул алдсан хүнийг биш алдаанаасаа суралцаад дахиж алдаагүй хүнийг ухаантай хүн гэдэг. “Хорвоогийн гайхамшиг хүн, хүний гайхамшиг нь ухаан” гэж Р.Тагор нэгэнтээ хэлсэн байдаг. Хүн өөрөө хичээх хэрэгтэй.
Өөр нэг асуудал бий. Эх орноороо бахархана гэхээр өнгөрсөн түүхээ л ярьдаг. Эзэнт гүрнийхээ түүхээр бахархах ёстой ч зөвхөн түүхээ шүтэн бишрээд, бусдад гайхуулаад өнөөдөр амжилт олохгүй. Гадаад ертөнц биднийг өнөөдрийн байдлаар дүгнэнэ, харж байна. Өвөө нь мундаг хүн байсан юм гээд үнэгүй хоол өгөхгүй, улс орон хөгжихгүй. Тэр их агуу түүхийг үүрч явж чадах ноён нуруутай байх ёстой. Үүний тулд л түүхээ мэдэж байх учиртай юм. Харин өнөөдрийн түүхийг залуус та нар бүтээх хариуцлагатай шүү. Улс орноо хэрхэн хөгжүүлэх нь та нарын гарт байна.  
Хүссэн мэргэжлээ эзэмшиж болно, мөрөөдлөө биелүүлж авч явна гэдэг өөр. Би хүссэн мэргэжлээ эзэмшсэн, хариуцсан ажлаа хийж яваа. Гэхдээ миний биелүүлэхийг зорьж яваа хүсэл бол монгол хүн нэг бүрийн адил Монгол Улсыг бусдын дайтай өндөр хөгжилтэй орон болгох. Ингэхийн тулд оюутнуудад дэлхийн хэмжээний мэдлэг, боловсрол олгох явдал маш чухал байна. Манай багш нар зааж сургаж чадаж байна, харин сургалт, эрдэм шинжилгээний ажил хийх материаллаг бааз л алга. Жишээ нь, МУИС-д байгаа лабариториудыг дэлхийн жишигт хүргэчихвэл оюутнууд эх орондоо хүссэн мэргэжлээ эзэмшихийн зэрэгцээ судалгаа шинжилгээний ажил хийх өргөн боломжтой болно. Монголдоо сургуулиа төгсчихөөд дотоодод, гадаадад, хаана ч мэргэжлээрээ ажиллахад гологдохгүй болно гэсэн үг шүү дээ. Энэ бол хөгжил дэвшлийн гарц юм.
Төр засгийн дорвитой хөрөнгө оруулалт, цэгцтэй бодлогоор залуучуудаа маш сайн дэмжээд өгвөл манай оюутан залуус өнөөдрийнхөөсөө илүү байж, сайн хийж чадна. Майкрософтод, Канадын уул уурхайн компанид, дэлхийн том том эрдэм шинжилгээний лабораторид монгол залуус өндөр боловсрол эзэмшээд, амжилттай сайн ажиллаж байгаа жишээ захаас аваад байна. Тэр залуус зорилгоо биелүүлээд явж байна. Тэд хэзээ нэгэн цагт эх орондоо эргэж ирнэ. Эх орноо хөгжүүлэх, сайхан амьдрах өөдрөг сэтгэлтэй байгаа.
Тэгвэл өнөөдрийн өндөр технологийн шаардлагад тэнцэх чадвартай сайн мэргэжилтэн болж гарах нь чиний сурч байгаагийн хариуцлага юм. Залуусаа цаг бүү алд. Сурах дөрвөн жил чинь маш хурдан дуусна, төгсөөд юу хийх вэ. Зарын сонин аваад харахад “Дээд боловсролтой манаач, баарны хамгаалагч, дэлгүүрийн худалдагч ажилд авна” гээд биччихсэн байна. Диплом өвөртөлсөн худалдагч болох тун харамсалтай яа…

Төгсгөлд нь би Данзанравжаа гуайн нэгэн шүлгээс иш татахыг хүсч байна.
“Нанчид нанчид гэгч нарийн хар архи
Нарийвчлан шинжиж үзвэл найман тамын нэг.
Там там гэвч там хаанаас байх вэ?
Тамтаггүй явбал там тэр буй”.

Энэ биеийг зөв авч явах тухай, там гэж айхтар мэргэн хэлжээ. Тийм ээ, хүн бүр дор дороо хичээх хэрэгтэй. Сурч боловсорсон боловч хүмүүжилгүй, ухамсаргүй, зарчимгүй хүн өөрийн мэдэлгүй зөвхөн эд баялаг, мөнгийг шүтсэн бялдууч болон хувирч, нийгмийн хувалз болох нь хамгийн том аюул, эмгэнэл юм. Залуус аа, бид үүнийг засч залруулж чадна. Би Монгол хүний оюун ухаан, чадварыг биширдэг юм. Монгол хүний удмын сан гайхамшигтай. Үүнийг бид нандигнан хайрлаж авч явах үүрэгтэй.  
Манай оюутан залуус тэмүүлэлтэй зорилготой болжээ, тэдний хүсэл тэмүүлэл Монгол Улсыг хөгжил дэвшилд хүргэнэ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологийн эрин үед Монголын залууст хийх ажил их байна.

http://www.mongoliandream.mn/
Бичсэн: Telnet | цаг: 15:34 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax