2011-11-03
ХАРИУЦСАН АЖЛАА ОРОНЦОГЛОХГҮЙ БАЙХ НЬ МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛД ОРУУЛАХ ХАМГИЙН ТОМ НЭМЭР

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 14)


Яруу найрагч Цоодолын ХУЛАН:


Өнөөдрийн лекцийг яруу найрагч Цоодолын Хулан хөтлөн явуулж, МУИС–ийн Биологийн факультетийн Экологийн ангийн оюутнууд оролцож байна.
Монгол тэмүүлэл гэж чухам юу вэ? гэдэг асуултаар яриагаа эхэлье. “Тэмүүлэл” гэдэг үг монгол хүний чин хүслэнгийн дээд оргил гэж санаж байна. Монголын газар нутаг, түүх соёл, зан заншил бол чин хүслэнгийн оргил юм. Монгол хүн эх орондоо зөв амьдарч, өөрсдийнхөө толгойн хүчээр, гарын хүчээр, авъяас ухааны хүчээр амьдрах ёстой. Үүнийг монгол тэмүүлэл гэнэ. Гэхдээ өнөөдөр тийм жишээ олон биш байгаа нь харамсалтай. Бага орлоготой хөдөө буйдын малчин айлын охин хуульч мэргэжил эзэмшээд ийм том алба үүрэг гүйцэтгэж, Монголынхоо эрх ашгийг ингэж хамгаалж байна гэсэн бахдам жишээ олон харагдахгүй байна.
Аливааг халтуурдахгүй хийж гүйцэтгэх бол монгол тэмүүлэлд оруулах хувь хүний хамгийн том нэмэр. Оронцоглох буюу халтуурдах нь бидний монгол тэмүүлэлд их садаа болж байна. Залууст хийж бүтээх арвин хүсэл эрмэлзлэл байдаг ч арга эвээ олдоггүй, үүний дээр өөрийгөө хуурдаг. Ажил хийсэн ч дутуу орхидог, ном уншсан ч дуустал уншдаггүй. Айлын эхнэр хүн нөхөртөө цай чанаж байна. Тэр цай өтгөн шаргал сайхан сүүтэй цай байсан ч өчүүхэн ч атугай сэтгэл шингээгүй бол угаадас шиг болдог доо. Давс, гоймон төдийхнөөр бус, сэтгэлийн жор шингээж чадвал сайхан амттай цай, хоол хийж болдог. Үүнтэй ялгаагүй аливаа том жижиг ажилд сэтгэл л нэн түрүүнд хэрэгтэй. Миний хувьд онгод бол ажлыг халтуурдахгүй байх оргил цэг. Бичсэн бүхэндээ сэтгэлээсээ тасдаж өгч байсан учраас миний бүтээлүүд хүмүүсийн сэтгэлд хүрдэг гэж би даруухан бишээр хэлье. Гэхдээ үнэхээр үнэн. Тайзан дээр зогсоод шүлэг уншихад зүрх өвдөнө гэдэг хамгийн аз жаргалтай мөч. Учир нь миний сэтгэлийг өвтгөж байгаа тэр зүйл бусдын сэтгэлийг ч өвтгөж чадна. Би 20 гаруй жил шүлэг бичлээ. Энэ 20 жилд юм бүхэн хайраас эхэлдэг, сэтгэл дээр тогтдог гэдгийг ойлгосон. Сэтгэлтэй хандвал хийсэн нь төгс болдог. Иймээс л би аливааг хийхдээ 100 хувь, бүр 100-гаас давсан түвшингээр хийх ёстой гэсэн бодлоор хандаж иржээ.
Тоолбол би тийм ч олон бүтээл туурвиагүй боловч олон шөнө нойргүй суух, олон жил бодох гэх мэт зохиолч, яруу найрагч, орчуулагч болгонд байдаг ажлын амтыг мэднэ. Онгод урмыг минь сэрээж, бичиж туурвихад минь хамгийн их нөлөөлдөг зүйл бол хүмүүсийн сайхан сэтгэл юм. Сайхан сэтгэл сайн сайхныг бүтээх түшиг тулгуур болж байдаг. Хүн дандаа бадраад, төгс бүтээл гаргахад бэлэн, үзүүрлэсэн харандаа шиг байна гэж үгүй. Мохох цаг бий. Тухайн цаг үеийн нийгмийн жаргал, зовлонгоор тэр харандааг үзүүрлэдэг. Монгол хүний сайхан амьдарч байгаа, эсвэл өөдгүй муухай авирлаж байгаа, бие биедээ хүн ёсгүй хандаж байгаа бүх үзэгдэл уурыг минь хүргэдэг, бас уярлыг минь төрүүлдэг, нулимсыг минь гаргадаг. Миний мэргэжил анагаахын талынх гэж боддог. Хүний махан бодийг биш сэтгэлийг, нийгмийн сэтгэл зүйг анагаах юмсан, зөв гольдролд нь оруулах юмсан. Тэнд байдаг шуналын, харам сэтгэлийн, хар сэтгэлийн, авъяасгүй байхын олон микроб вирусыг сайн бүтээлээр эмчлэх юмсан, сайн сайханд итгэдэг сэтгэлийн дархлаа бий болгох юмсан гэж боддог. Би доктор, профессор, энгэрээ цол тэмдгээр дүүргэсэн хүн болъё гэж хэзээ ч боддоггүй. Олж харсан санаа, амьдралаараа үзэж туулснаа дээжлэхэд миний ард түмэн ойлгодог байгаасай, залуу хойч үе маань уран бүтээл дан ганц жаргал дундаас төрдөггүйг ойлгоосой, хүн өөрийгөө үргэлж ачааллан, бусдын болон нийгмийнхээ төлөө санаа тавьж яваасай гэж боддог. Би диваажин мэт жаргалтай амьдралын төлөө бус зөв амьдралын төлөө тэмүүлж, аливааг халтуурдахгүйгээр чин сэтгэлээсээ хийхийг хичээж амьдардаг.
Залуу үеийнхэн маань хуурай мэдээлэлтэй биш тос даасан мэдлэгтэй байгаасай. Гадны философичдын үгийг цээжлэхээсээ урьтаж, элэг нэгт монгол ухаантнуудынхаа үгийг ухаж ойлгодог байгаасай. Хүн хүнээ хайрлах ухааныг П.Бадарч “Ижий” шүлгээрээ, газар нутгаа хайрлах ухааныг Б.Лхагвасүрэн “Боржигоны бор тал” шүлгээрээ хэлсэн бол хүн ямар ааштай байлаа ч эцсийн эцэст эх орноо боддог шүү гэдгийг аав минь “Харамчийнхны дууль”-даа гаргажээ. Хөдөлмөрлөж буй хүний гоё сайхан, хүний сэтгэлийн гоо сайхныг нээсэн олон сайхан алдарт бүтээлтэй Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Сумын наадам” гэж сайхан бүтээл байна. Энэ бүхэн толгой холбосон үгийн наадгай, үгийн сүлжээ биш цаана нь маш том философийн утга санаа, нээлтүүд явж байдаг юм. Үүний дээр Монголын яруу найргийн 1990-ээд оныхон эрийн цээнд хүрчээ. Бидний бичиж буй юмс өмнөх үеийнхнийхээс арай өөр цагийн дуу хоолой болж гарч ирсэн. Ардчилсан нийгэмд амьдарч буй учраас намын уриа лоозон, магтуу бичих шаардлагагүй болж, гагцхүү хүн гэдэг үнэтэй шүү, эрх чөлөөтэй байх ёстой, чөлөөтэй хайрлаж дурлах эрхтэй, бурууг хийхгүйгээр нийгэмдээ сайхан амьдарч болно гэдгийг сэтгэлдээ уриа болгож хадсан. Энэ “тунхаг”-аар бид шүлгээ бичиж явдаг юм.
“Эх орноо хүн ойлгох аргагүй, хүн эх орондоо зөвхөн итгэх хэрэгтэй” гэсэн Оросын найрагчийн сайхан мөрүүд бий. Өмнөх үеийн болон өнөөгийн бидний бүтээж буй түүхийг харьцуулж харахад ойлгохын аргагүй үймээн бужигнаан, сайн муутай нийгэм цаг үед бид амьдарч байна. Эх орондоо итгэж амьдрахын тулд бид хүмүүст итгэх хэрэгтэй. Дэргэдэх багшаас чинь, ном зохиолыг нь уншдаг зохиолчдоос, өдөр тутмын мэдээллийг зөөж хүргэн сэтгэл дотор минь үүрээ зассан ажилчин зөгий мэт сэтгүүлчдээс тэр хүмүүс эхэлдэг. Хүмүүс бие биенээ энэрэн хайрлах хэрэгтэй байна. Эмэгтэйчүүд бид эрчүүдээ илүү хайрламаар байна. Сайхан эрс гэмт буруу үйлдлээс, эсвэл цаг төрийн байдлаас болоод шоронд орж байна. Тийш хөтөлж байгаа сэдэл нь мөнгө, эрх мэдлийн төлөөх улайрал. Мөнгөнөөс үнэтэй хайр гэж байдаг. Эмэгтэйчүүд маань эрчүүддээ зөв амьдаръя, шударга байя гэсэн халуун дулаан сэтгэлийн үг олон хэлээсэй. Манай нийгэмд ийм үгс дутагдаад л байна. Бид эрчүүдээсээ хэтэрхий их юм хүсч шаардаад, тэд маань гэмт хэрэг хийх гарцаагүй босгон дээр очоод байх шиг. Хайр гэж баян тансаг амьдралд умбуулж, дандаа чамайг инээлгэхийг биш, хатуу бэрхийг хамтдаа туулах хатуужил тэвчээрийг хэлнэ. Хайр гэж буруугаас нэгнээ хамгаалах, хэрэгтэй үед нь хэрэгтэй үгийг хэлэх зоригийг хэлнэ. Юм бүхэн цаг хугацааны хуультай. Хүн цаг хугацааг алдвал юуг ч эргэн олж чадахгүй. Цаг хугацаа бол бидэнд өгсөн хэрчим. “Би байгаа учраас ертөнц байна” гэж эртний гүн ухаантны үг байдаг даа. Би байгаа учраас цаг хугацаа байгаа юм. Цаг  хугацааг мэдрэхгүй байя гэвэл бясалгал хийх, эсвэл нөгөө төрлөө олох хэрэгтэй юм шиг. Цаг хугацаа бидэнд боломжууд олгож байгаа учраас үнэ цэнэтэй зүйл. Гэнэт орж ирэн сэтгэл цочроосон, сэтгэл халаасан, тэмдэглэж авахгүй бол мартчихна гэсэн санаагаа би шөнө дунд байсан ч босоод тэмдэглэдэг. Залхуурал бол тэмүүлэлгүй хүний зан. Хүн аливаад тэмүүлж амьдарвал залхуурлыг таг мартана шүү. Зарим өдөр ажил амжихгүй бол хоног 24 биш 48 цагтай болоосой гэж яардаг. Том тэмүүллийн төлөө нэгэн насны амьдрал багаддаг. Тийм ч учраас Б.Ринчен гуай:
“Мундашгүй эрдмийг сурахад нас яасан богино вэ
Мунхагуудын дунд суухад нас яасан урт вэ“ гэж халагласан байдаг шүү дээ. Тэмүүлэлдээ хүрэхэд цаг хугацаа чамлагддаг. Хүсэл зорилгогүй хэсэг нь залхуурч л байг, хажуугаар нь та нар хурдны морь шиг жирэлзээд өнгөрөх хэрэгтэй. Бусдыг төгс төгөлдөр болгож байж өөрөө төгс төгөлдөр харагддаггүй. Өөрөө өөрийгөө төгс төгөлдөр болгох хэрэгтэй.

http://www.mongoliandream.mn/
Бичсэн: Telnet | цаг: 15:32 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax