2010-03-21
“Амралт гэдэг бол ажлаа өөрчлөхийн нэр” И.П.Павлов
“Амралт гэдэг бол ажлаа
өөрчлөхийн нэр” И.П.Павлов

Хамгийн сайхан зүйл бол ажиллах. Хамгийн сайхан амралт ч бас ажиллах гэвэл та итгэх үү? Яасан хэнхэг амьтан бэ! Ажлын хэнээ туссан амьтан л тэгэж хэлэх байх гэж та сая бодох шиг боллоо... үгүй ч байж магад...

Та ер нь амралтаараа юу хийдэг вэ? Унтах, идэх, тоглох, зугаалах, салхинд гарах, үзвэр үзэх, спорт гэх мэт.. Амралтаа яаж өнгрөөх нь тухайн хүний эрх ба сонирхол буй за.
Гэхдээ нэгэн санаа байна, тосоод авна уу, түлхээд хаяна уу өөрөө мэдээрэй.
Та ер нь амьдралдаа ихийг амжуулахыг хүсдэг үү? Хүсдэг бол та их л ажиллах хэрэгтэй болно. Гэтэл та 8 цагаар 5 хоног ажилаад л нээх их бүтээсэн ч юмгүй л үлгэн салган амьдарч байна уу? Амралт бол ердөө л орчноо өөрчлөх асуудал юм л даа. Гамлетийн хэлдгээр асуудлын гол нь үүнд л байна гэдэг шиг л... Улиг болсон нэгэн хэвийн ажил нь хүнийг маш их ядаргаанд оруулдаг. Хүмүүс энэ хувь тавиланг бурхан надад оноосон гэж боддог бол ажил гэр хоёрын хооронд холхисон хар тойрог буюу нэгэн хэвийн уйтгарт хувь тавилангаа өөрөө бүтээсэн байдаг. Хүмүүс ажлын 8 цагаа бараг л унтаа өнгөрүүлдэг. “Унтлагын орны үйлдвэр”-ийн ор нь зарагдахаа больж дампуурахад хүрчээ. Тэгээд яагаад ор зарагдахаа больсон шалтгааныг асуухад, “УИХ-ын гишүүд УИХ-ын танхимдаа, ажилчин албан хаагчид ажил дээрээ, харуул хамгаалалтын ажилчид ширээгээ дэрлээд, аав ээж нар шөнөжин хэрэлдээд унтахаа ч больсон, оюутнууд лекцэн дээрээ, эвсэл, хөдөлгөөнийхөн талбай дээр майхан бариад, малчид дээлээ дэвсээд, хөгшид автобусан дотор, залхуучууд гудамжинд эсвэл хогийн овоон дээр унтчихдаг болсон болохоор ор бүүр зарагдахаа больсон” гэжээ.

Хүмүүс амралтынхаа өдрөөр ханатлаа унтаж авъя гээд унтахыг хийдэг. Гэтэл энэ бол орчноо сольсон амралт болж чаддаггүй. Яагаад гэвэл ажил дээрээ тэртээ тэргүй 5 хоног унтаа байдалд байсан болохоор. Яг л адилхан хаа сайгүй унтаа орчин.

Та суугаа орчинд ажилладаг бол амралтаа хөдөлгөөнтэй орчинд өнгөрөөх хэрэгтэй. Хөдөлгөөнтэй орчинд ажилладаг бол тайван орчинд өнгөрөөх хэрэгтэй. 8 цаг суугаа орчинд ажиллачихаад ажлаасаа гараад нэг алхаад такси бариад бас налчийтал сууж гэрийнхээ гадаа хүргүүлээд, лифтээр 3 давхарт гарч, гэртээ ороод хоол хийхээс залхууран пицца захиалан идээд зөөлөн буйдан дээр налчийтал сууж чипс идэн оройжин зурагт ширтэн сууна. Ийнхүү та таргалалтыг худалдаж авна. Дараа нь туралтыг худалдаж авах гэж оролдох боловч нэгэнт оройтсон байна. Та яагаад амьдралаа унтаа байдалд өнгрүүлэх ёстой юм бэ? Өглөө босоод өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, ганцхан олдох амьдралынхаа төлөө 20 минут гимнастик хийчихэж болохгүй гэж. Өглөө та ажилруугаа (Оюутан сурагчдын хувьд бол сурах нь ажил учир энд ажил гэдэг ойлголтыг бас сургууль гэж ойлгоорой) явахдаа зам түгжирч уур бухимдалыг чинь хөдөлгөж магадгүй. Энэ үед:

1.Таныг уурлалаа гээд замын түгжрээ арилчихгүй учраас тайван байсан нь дээр.
2.Зам түгжрээд та зогсож байгаа бол уурлах хэрэггүй. Харин энэ завшааныг ашиглаад хэдхэн хором сайн сайхныг төсөөлөн бясалгал хийсэн ч болно. Ажил дээрээ очоод сонгодог хөгжим сонсох боломж олддоггүй бол сонгодог хөгжим сонссон ч болно. Эсвэл та хэн нэгэнрүү мессеж бичсэн ч болно шүү дээ. Автобусанд мөн адил кондуктартай хэрэлдэн уурлаж бухимдахын оронд нүдээ анин өнөөдрийнхөө хийх ажлын үр өгөөж, ирээдүйн сайн сайхныг төсөөлөн, сайхан бүсгүйтэй учирвал эхлээд ямар юм ярих вэ гэж төсөөлсөн ч болно шүү дээ.

3.Яарч сандарч уурлах үе байдаг. Ингэхгүйн тулд та өглөө эрт босох ёстой байсан. Та угаасаа л зам түгжирдгийг мэддэг. Замын түгжрэл бол таныг оройтож боссоныг ойлгохгүй учир, бухимдалгүйгээр та үүнтэй хүлцэнгүйгээр эвлэрч хүүхэд байхдаа яаж сахилгагүйтэж байснаа дурсан бодсон ч болно.

За тэгээд ажилруугаа орохдоо өглөө бүр цэвэрлэгч, жижүүрийнхээ хажуугаар тоомжиргүй өнгөрдөг байсан бол өнөөдөр тэдэнтэй элэгсэг дотноор –Сайн байна уу гээд мэндлэхэд яагаад болохгүй гэж. Тэдний хүндэтгэсэн харцнаас өнөөдрийнхөө ажлыг эхлэж яагаад болохгүй гэж. Тэдэнтэй мэндэлснээр таниас юу ч хорохгүй бөгөөд ямар ч хүнтэй сайхан харьцсаны муу гэж үгүй билээ.

Ажил тарсаны дараа залхуурч такси барилгүйгээр жаахан салхинд алхаж автобусаар явбал гэрээсээ нэг буудлын өмнө бууж алхсан ч болно. Алхах бол ямар ч эм тарианаас илүү чухал зүйл.
Тэгээд гэртээ ирээд зурагт ширтээд л суугаад байлгүйгээр өөр олон зүйлүүдийг хийж болно. Орой бүр л хүүхдүүдээ хичээлээ хийсэн үү? гэж асуудаг бол өнөө орой хичээлээс арай өөр зүйл ярьж (амьдрал ганцхан хичээл биш учраас) “ээж нь хүүхэд байхдаа тэгэж хөглөж, эсвэл тийм сайхан явлууд тохиолдож байлаа” гэх мэтээр халуун яриа өрнүүлж болно.
Амралтын өдрүүдээр үзвэр үйлчилгээ үзэж болно. Мөнгө муутай байгаа бол Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд (хуучнаар Ленин клубын баруун талд) байнга үнэгүй үзэсгэлэн гардаг. Та салхинд гарахад ямар ч мөнгө шаардлагагүй.
Суугаа орчинд ажилладаг бол амралтаараа хөдөлгөөнтэй ажил хий. Гадуур хөөцөлдөх ажил, хүнтэй уулзах г.м. Яридаггүй ажил хийдэг бол амралтаараа ярьдаг ажил хийх хэрэгтэй. Найзуудтайгаа уулзах, клуб нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцох г.м. Оюуны хөдөлмөр хийдэг бол биеийн хүчний ажил хий. Гэр орноо цэвэрлэх, эмээгийндээ очиж модыг нь хөрөөдөж өгөх, спорт, гүйх г.м. Биеийн хүчний ажил хийдэг бол оюуны ажил хийх. Ном унших, бясалгал, үзвэр үйлчилгээ үзэх (театр, дуурь кино, концерт), бодох г.м.
Мөн “Та 24 цаг ажиллах юм бол хэзээ нь мөнгөө хийх юм бэ?” гэдэг үгийг санан зарим цагийг бодож төлөвлөхөд зориулаарай!
Товчхондоо бол та орчноо солин байнга ажиллах юм бол энэ амьдралдаа ихийг ч амжуулна, бас сайхан амралт ч болох болно.

(Дээрх ажил гэдэг ойлголтыг зөвхөн албаны ажил гэж битгий ойлгоорой. Ерөнхийдөө ажиллах гэдгийг нойрмог биш идэвхтэй байх гэдэг утгаар нь орууллаа)

http://luvsandorj.blogspot.com/
Бичсэн: Telnet | цаг: 18:45 | Мэдлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax