Нэг харахад миний амьдрал болоод л байгаа юм шиг - хийж сурсан ажил, илүү ч үгүй, дутуу ч үгүй мөнгө, тайван амьдрал, тавлаг орчин гээ л бүх юм дажгүй шүү. Нэг ёсондоо энэ амьдралын хэв маяг маань миний Comfort Zone болоод хувирчихаж. Comfort Zone гэж яг юуг хэлээд байна аа гэж хэн нэгэн асууж магад. Шууд үгчилж орчуулах юм бол дассан (заншсан, сурсан, тухтай) орчин гэх юм уу даа. Хоёрхон үгээр хөрвүүлэх гэхээр утгыг нь бүрэн илэрхийлж чадахгүй байгаа юм шиг санагдаад болдгүй. Та яг оносон үгийг нь мэдэж байгаа бол надад хэлээрэй. За даа энэ үгэндээ гол нь биш юм аа, хамгийн гол нь утгандаа.
Дээр хэлсэнчлэн бидний Дассан Орчин (Comfort Zone) - Өнгөц харахад болоод л байгаа амьдрал. Нэг ч их мөрөөдсөн ажил биш ч гэсэн амьдралыг чинь залгуулчихдаг, нэг ч их мөнгө олохгүй хэрнээ зардлыг чинь нөхчихдөг, нэг ч их жаргалд умбуулахгүй ч, зовоохгүйхэн шиг байдаг, эрсдэл, айдас, санаа зоволт харьцангүй бага тайван ийм л амьдралыг хэлээд байгаа юм.
Мэдээж хэн ч гэсэн айдас хүйдэсгүй тайван амьдралын хэв маягаас гарахыг тэр болгон хүсэхгүй. Би ч гэсэн яг л ийм байдалтай байна. Гэхдээ сүүлийн үед нэг л сэтгэл хангалуун бус, нэг л юм үгүйлэгдээд, нэг л юм дутагдаад байх боллоо. Сүүлийн үед ч гэждээ, ер нь миний сэтгэлийн гүнд байнга л байсан юм шиг байгаа юм. Анзаарч, тоож харж байгаа нь саяханаас болохоос биш. Миний амьдралыг хөндлөнгөөс харсан хэн нэгэн: "Юу дутагдаж, гачигдсан гэхээр хангалуун бус байдаг байна аа? ёстой нөгөө жаргал нь жад болно гэгч л энэ байхдаа" гэж хэлж магадгүй л юм.
Энэ Comfort Зондоо амьдраад байж болно л доо, болно, бүр насаараа ч амьдарч болно. Гэхдээ хамгийн харамсмаар зүйл нь энэ орчинд удаан байх юм бол өөрийгөө ирлэнэ, хурцлана, хөгжүүлнэ гэх юм байхгүй, хүсэл мөрөөдөл нь замхран алга болж, зүгээр л өдөр хоногыг аргацааж, үхлээ хүлээж суухтай л агаар нэг болчих гээд байх шиг. Өөрөөр хэлэх юм бол уул өөд мацаж яваад оргилд нь хүрэлгүй уруудаж яваа хүнтэй л адилхан болчих гээд байна.
Надад яг юу үгүйлэгдээд байна, яг яавал би амьдралдаа сэтгэл хангалуун болох вэ гэж нэлээн л бодлоо. Бодсоны эцэст надад - шинэ бэрхшээл, шинэ орчин, шинэ айдас, шинэ эрсдэл, шинэ алдаа, шинэ ажил гээд л шинэ л гэсэн бүх зүйл дутагдаж байна гэдгийг олж илрүүлэв. Хүн чинь шинэ асуудалтай тулж л хөгждөг юм байна, шинэ эрсдэл, айдастай тулж л өөрийгөө хурцалдаг юм байна, шинэ алдаа хийж л суралцдаг юм байна, шинэ орчинд орж л шинэ санаа, шинэ арга барилтай болдог юм байна.
За одоо юу дутагдаж байгаагаа мэдэж байгаа юм чинь хурдхан гарчихая гэсэн зам дээр нэг нүсэр том саад хөндөлдөж зогсчихоод болдоггүй шүү. Тэр нь хэн гээч "БИ" өөрөө. Би л өөрөө өөртөө хамгийн том хана, хамгийн том бул чулуу, хамгийн том мангаа юм байна. Саад болдог шалтгаан:
Би гэдэг хүн нийтдээ гурван Цэгмээгээс бүрдэнэ. Эхнийх нь шийдвэр гаргагч, гүйцэтгэгч Цэгмээ. Дараагийн хоёр нь болохоор миний шадар зөвлөхүүд. Нэг нь дандаа зөв юм зөвлөнө (Angel Цэгмээ), нөгөө нь дандаа буруу зүйл зөвлөнө (Evil Цэгмээ). Тэгээд Комфорт Зон-оосоо гарах эсэх талаар хэлэлцэхээр яадаг вэ гэхээр, (Хурлын танхимаас шууд)
АнгелЦэгмээ: Ёстой зөв, гарах хэрэгтэй. Шинэ орчин, шинэ бэрхшээл, шинэ ажилтай шууд нүүр тул. Тэгснээр чи өөрийгөө хөгжүүлнэ, илүү сэтгэн хангалуун амьдрах болно. Энэ байдалдаа байгаад юу ч өөрчлөгдөхгүй. Зоригтой, тууштай бай!
ЧөтгөрЦэгмээ: Ээээ юуун дэмий асуудал оруулж ирдэг юм бэ дээ. Дассан орчиноосоо гарна гэдэг тийм ч их хүсээд байх зүйл биш. Аймар их айдас, аймар их бэрхшээл, аймар их эрсдэл. Ингэж өөрийгөө шаналгах хэрэг байна уу? Хэдүүлээ сайхан л амьдарч байна шүү дээ. Өөр юу хэрэгтэй гэж? Чи тэгээд ч шинэ ажилд тэнцэхгүй, шинэ орчинд дасахгүй, шинэ бэрхшээлийг давахгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн дээр байхаа хө.
Шийдвэр гаргагч Цэгмээ: За та харсан уу? энэ Чөтгөр Ангелаас илүү их тайлбар тавьж байгаа биз? Нээрээ л одоо болж байхад тэр их шинэ айдас, шинэ бэршээлийн хэрэг ч байна уу дөө. Гэхдээ Ангелын хэлсэн үг болгон зөв л дөө. За за толгой эргэчлээ. Тэгэж байгаад болох биздээ. Дараа нь дахин энэ асуудлыг оруулж ирнэ ээ.
ХаХаХа яг л ийм юм миний толгойд болно шүү дээ. Энэ Чөтгөрийг уул нь ажилаас нь хална гээд л бодоод байгаа юм. Гэхдээ лүд чинь дээгүүрээ холбоо сүлбээ ихтэй юм аа. Танд нэг иймэрхүү зүйл дохиолдоно биз? Comfort Zone-оос гарах өөр арга мэх байна уу?
http://www.tsegmee.com/