Wed-21-Mar-2012
Э.Сайнхүү - Миний нэг мөрөөдөл


Миний нэг мөрөөдөл
Одоогоос яг сар гаруйн өмнө болсон нэгэн явдал 16-р хорооллын автобусны буудлын замаар явах тоолонд бодогдож, өөрийн эрхгүй сэтгэл түгшүүлэх болжээ. Өвлийн жавар аль хэдийнээ айлчлан ирчихээд байсан тэр нэг орой би дүүгийн хамт гэрийнхээ ойролцоох замын цаана байдаг дэлгүүр ороод буцаж явлаа. Гэтэл биднийг зам хөндлөн гарч иртэл бяцхан охины дуу сонсогдлоо.
-Эгчээ, та утсаа өгч байгаач. Би аавтайгаа ярих гэсэн юм гэж тэр охин бээрч, чичирсээр хэллээ. Түүнийг харахад 8 юм уу, 9 настай болов уу гэмээр сурагч охин байлаа. Бид хоёр ч түр зогсож, аавынх нь дугаарыг асууж залгаж үзтэл утас нь салгагдсан байлаа. Түүнээс яагаад ийм орой болсон үед ганцаараа явж байгааг нь асуувал:
- Аав намайг хичээлээс авахаа мартчихсан юм шиг байна. Одоо гэртээ унтаж байгаа байх гэж хариулав. Охиныг бид хоёр зам гаргаж өглөө. Өвөл цаг болохоор гэгээ улам л тасарч, харанхуй болсоор, өнгөрсөн хэдэн хоногт орсон цас нягтаршиж хэн хүнийг унагачихаар гялтганасан мөсөн бүрхүүлийг бий болгосон байв. Тэр охин ганцаар гэр лүүгээ тэмүүлэх боловч гялтганаж гөлийсөн мөсөн дээгүүр халтирч унасаар байлаа. Бид хоёр тэсэлгүй түүнийг “ойрхон байгаа” гэх гэр лүү нь хүргэж өгөхөөр болов.
Зэврүүн хүйтэн салхи үлээсээр, дүү бид хоёр түүнийг гараас нь сугадан унагахгүйг хичээн алхлаа. Эхлээд хэдэн орон сууц өнгөрөв. Тэр орон сууцанд амьдардаггүй бололтой.
- Одоо ойртож байна уу? Гэр нь аль вэ? гэж асуулаа.
- Ойртож байна гэж хэлээд тэр бээлийгүй, даарсан гараа дулаацуулахаар халаасандаа хийлээ.
Өглөө эрт гэрээсээ гарахдаа бээлийгээ мартчихсан бололтой. Цааш явсаар “Газарчин” дээд сургуулийн ойролцоо ирэв. Тэндээсээ хашаа байшин дундуур явж эхэллээ. Яваад л, яваад л байв. Цааш явах тусам гэрэл бүдийж, зарим хэсэгтээ бүр тас харанхуй шахам гудмаар хүртэл явж өнгөрөв. Хачирхалтай нь, энэ гудмаар явж байхад ганц ч хүн амьтан тааралдсангүй. Дүү бид хоёр гайхаж:
- Миний дүү гэрээ мэдэхгүй төөрчихсөн юм уу? Хоёр эгчтэйгээ цагдаагийн газар очоод ээж, аавыг нь дуудаад гэрийг нь олоод өгөх үү? гэж асуув.
- Би аавтайгаа гэр лүүгээ дандаа ингэж явсаар байгаад сурчихсан юм. Одоо ойртож байна гэж охин хэллээ.
Тэр итгэлтэйгээр гудам бүрийг андахгүй сонгон урагш алхсаар. Дүү бид хоёр эргэж буцах замаа олохгүй төөрөх юм шиг санагдсан боловч бидний дүүтэй ойролцоо насны бяцхан охиныг таг харанхуй тэр гудмууд дунд зүглүүлж хаях нь сэтгэлд арай л сэтгэлд багтсангүй. Түүний чиглүүлсэн замаар явсаар, гэрэлгүй, хүнгүй, хааяа нэг нохойн дуу сонсогдох энэ газар өөрийн эрхгүй айдас төрүүлж байв.
- Ийм жаахан охиноо хичээлээс нь авахаа мартдаг яасан муу аав вэ?
Охин дуугарсангүй бодлогошрон алхав. Чимээ аниргүй зах нь үл мэдэгдэх гэр хороолол дунд явж байтал ашгүй нэг “дэлгүүр” харагдав. Гэрэл үзсэндээ баярлах шиг болоод:
- За ойртож байна уу? Миний дүү? гэж асуухад нөгөө л янзаараа:
- Ойртож байнаа гэж тайвнаар хариулав. Цааш дахиад л харанхуй, нарийн гудмууд...
Тэгтэл биднийг гудмуудын нэг уулзвар дээр ирэхэд хоёр үл танигдах микро автобус зогсож байлаа. Дотор нь жолооч нар нь сууж байв. Дүү бид хоёр сэжиглэнгүй харцаар ажиглан алхаж байлаа. Харин охин юу ч үл анзааран зөвхөн гэр өөдөө тэмүүлнэ. Аз болоход элдвийн явдал учирсангүй өнгөрлөө. Цааш өгсөхөд айлуудын ноход хашааны завсраар толгойгоо цухуйлган бидэн рүү хуцаж, соёо шүдээ ярзайлган эгээтэй л год үсрэн өөдөөс ноцсонгүй. Цааш жаахан яваад тэднийх харагдав бололтой.
- За баярлалаа. Эгч нараа, баяртай гэж хэлээд охин гэр лүүгээ явлаа.
Бид хоёр буцах замаа мэдэхгүй байсан ч арай төөрчихөлгүй явсаар гэртээ харисан юм. Өнөөдөр монголд хичнээн олон хүүхэд энэ охин шиг эрсдэлт орчинд амьдарч байгаа бол. Тэдэнд зөвхөн сургууль, гэр хоёрын хооронд явахад нь ямар их аюул заналхийлдэг юм бэ? Айлын нохойд хувцсаа уруулах, хазуулах, машины осолд орохоос өгсүүлээд хүн худалдаалах гэмт хэрэгт хүртэл өртөж байж болох юм. Үүнд эцэг эхийн хараа хяналт чухал нөлөөтэй нь үнэн. Гэвч өөр нэг талаас нь бодоод үзвэл учир утгагүй гэр хорооллын төлөвлөгдөөгүй, замбараагүй бүтэц, зохион байгуулалт ч бас нөлөөлж байна. Бас нэгэн явдал санаанд орлоо.
Өнгөрсөн жилийн цагаан сарын шинийн хоёронд гэр бүлийнхэнтэйгээ хөдөөнөөс хотод шилжин ирсэн нэг хамаатных руугаа явлаа. Тэднийхийг олох гэж хэрэндээ л нилээд будлив. Гэр хороолол дундуур явсаар арай гэж тэднийхийг олтол уулан дээр шахуу гэрээ барьчихсан харагдлаа. Машинаас дөнгөж буухад л доошоо бөмбөрөөд уначихмаар, бараг 45 градусын налуу газар байв. Бид нэг нэгнээ түшиж байж гэр рүү нь орлоо. Гэр нь тэгшилсэн газар барьсан болохоор зүгээр байсан боловч гэрээсээ гармагч уруудан ойчмоор эвгүй газар учир яагаад энэ буух болсныг нь асуувал:
- Газар олдохгүй байна шүү дээ гэж хариулсан юм.
Бидний эргэн тойрон дахь өндөр, том орон сууцнууд, барилга байгууламжуудтай зэрэгцэн гэр хороололууд борооны дараах мөөг адил элдэв жалга,дов толгод ,уулан дээр хүртэл олноороо бий болж гэмт хэрэг ,аюул заналхийллийн булан тохой хонгил гудмыг үүсгэсээр байна.
Миний нэг мөрөөдөл бол ирээдүйд айх аюулгүй ,амар тайван амьдрах.Бусад хүмүүсийг ч бас тийм л сайхан амьдраасай гэж хүсч явдаг.

Харин өнөөдрийн бидний амьдарч байгаа орчин ирээдүйд бас л аюултай,түгшүүртэй айдас хүргэм байх юм гэж үү? Энэ айдсыг ор сураггүй алга болгохын тулд бид юу хийх хэрэгтэй юм бэ?
Яг өнөөдрийн хувьд сонгож болох нэг зөв зам бол “Дэд бүтцээ сайжруулах” явдал болов уу.
Дэд бүтэц өндөр хөгжсөн Өмнөд солонгос улсын туршлагааас суралцах хэрэгтэй юм.
1950-аад оны үед Солонгос улс Азийн хамгийн ядуу орны нэг байв.Японы захиргаанд байх үед байгалийн баялгийн ихэнхийг олборлож дууссан ба Солонгосын дайны үед тус улс бүрэн сүйрсэн байна.1962 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг авсан генерал Пак Чон Хигийн удирдлагаар Солонгосын эдийн засаг сэргэж эхэлсэн ба 40н жилийн дотор газар тариалан ,загас агнуурын орноос өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн орон болон хувирчээ.
Тэд гаднаас авсан бүхий л зээл тусламжаа , түүнчлэн олон жил дарангуйлж , ард иргэдийг нь үрэгдүүлж , барилга байгууламжийг нь сүйтгэсний төлбөрийг япон улсаас нэхэмжилсэний үр дүнд олсон мөнгө хөрөнгөнийхөө ихэнх хэсгийг нь жижиг дунд бизнесийг дэмжих хөрөнгө оруулалт маягаар ашиглажээ. Үүний үр дүнд өнөөдөр Өмнөд солонгос улс Дэлхийн аж үйлдвэржсэн 20 орны нэг Азийн хамгийн баян улсуудын нэг болоод байгаа юм.
Манай орны хувьд газар нутаг өргөн уудам байгалийн баялаг нөөц ихтэй гээд олон давуу тал байгаа ч зөв зохистой ашиглах арга ухаан дутмаг байна уу гэмээр.Дэлхийд 17 дахь байр эзлэх хэмжээний 1566,5 мянган км2 газар нутагтай хэрнээ хүн амынх нь бараг тал хувь нь нийслэл хотдоо бөөгнөрч байгаа улс орон манай дэлхий дээр цор ганц л байгаа болов уу.
Дэд бүтцээ сайжруулах замыг сонгох нь улс оронд маань ихээхэн ашигтай байх болно.Бидний ирээдүй болсон үр хүүхдүүд маань төөрдөг аймшгийн гудмуудын оронд аюулгүй цэвэрхэн гудамжаар хэд алхаал гэртээ амар мэнд харих болно.
Хөдөө дэх дэд бүтцээ сайжруулсанаар хотын хүн ам нягтрал багасч, олн жилийн толгой гашилгасан асуудлуудын энг болох агаарын бохирдол , утааны асуудал тэр дороо л шийдэгдэнэ гэсэн үг.
Ердөө ганц зөв шийдвэр гаргаад л олон асуудлын гарцыг олох боломж байгаа юм.Тар засгаас энэ талаар бодлого явуулж байгаа боловч одоохондоо бодитой,дорвитой үр дүнд хүрээгүй байгаа нь харамсалтай.
Тиймээс ,нийслэлээ зөв зохион байгууагдсан ,гэрэлтэй сайхан гудмуудтай, орчин үеийн соёлжсон хот болгохын тулд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.Мөн ирээдүйд иргэд нь уулан дээрх гэрээсээ бөмбөрч унах шахаж байж ажил сургуульдаа явдаг инээдтэй басхүү өрөвдөлтэй хот байхгүйн төлөө хөдөө дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй юм.
Юун түрүүнд жижиг дунд бизнэсийг дэмжих хөдөө орон нутагт зайлшгүй хэрэгцээт үйлдвэрүүдийг шилжүүлэх эсвэл шинээр бий болгож ажлын байр , амьдрах орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй.Үйлдвэрлэлээ даган дэд бүтцээ өргөжүүлж ,эмнэлэг сургууль ,барилга байгууламжуудаа барьж ,шинэ шинэ хотуудыг “төрүүлэх “ хэрэгтэй юм.
Шаардалагатай бол улсынхаа төр засгийг ч үйл ажиллагаа нүүдэллэн явуулдаг болгосон ч болно шүү дээ. Дараагийн УИХ-ын хаврын чуулган Өвөрхангайн Хархоринд болно гэж урьдчилан товлоод л....Төрийн дээд тушаалтнууд ирж очоод байвал илүү хөгжих ч юм билүү.
Айх аюулгүй ,амар тайван амьдрал миний болон хүн бүгдийн нэг мөрөөдөл.Харин энэ мөрөөдлийг биелүүлэхийн тулд яг одоо д зөв замыг сонгох цаг болжээ.Ирээдүйдээ итгэл дүүрэн амьдрах цаг ирэг биз , тэр цагийг авчрах сайхан сэтгэлтэй хүмүүс хангалттай олон байгаа гэдэгт би итгэж байна.
Мөрөөдөл бүхэн биелэх цаг заавал ирнэ.”Санаж явбал бүтнэ,сажилж явбал хүрнэ” гэдэг үг байдаг шүү дээ.


http://www.facebook.com/
Бичсэн: Telnet | цаг: 03:23 PM | Эссэ, Лекц
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant