2012-03-21
Н.Анхтуяа - Мөрөөдлөөрөө би....


Мөрөөдлөөрөө би...
Би бол жирийн л дундаж орлоготой айлын отгон охин болж хорвоод мэндэлсэн дэндүү эгэл жирийн амьдралтай нэгэн. Оюутны байранд өрөө хөлсөлж, цүнхээ нуруундаа шидлэн газар шагайж явдаг дүнсгэр бас бөгтгөр оюутан. Нуруундаа даагдахгүй биендээ томдсон хэтэрхий том мөрөөдөл үүрч явдаг болохоороо би ялимгүй бөгтгөр болсон байх. Би айлын хүүхдүүд шиг ганган цүнх, брендийн хувцас, гял цал машинаар гангараагүй ч авч чадаагүй тэр зүйлүүдээ амьдралаас хүсээгүй ээ. Ширээ тойрон гэр бүлээрээ суугаад сайхан хоол идэн инээлдэж, ямар ч уйтгар гуниггүй,саад бэрхшээлгүй, үл ойлголцолгүй амьдрах тухай боддог байсан үе минь ард хоцрож дээ.Гэрээсээ гараад нийгмийн нэг эс, монголын нэг охин болсоноо мэдээд би эрх тэгш, элбэг хангалуун, зовлон зүдгүүргүй амьдралыг Монголын өмнөөс мөрөөдөж явсан.

Одоо харин би огт өөр зүйлийн тухай бодож байна. Аав минь надад “хүн өөртөө байхгүй зүйлийг л хүсэж мөрөөддөг юм” гэж хэлсэн. Тэгээд ч тэр юм уу миний таньдаг хүмүүс, найз нөхөд маань хоёр өрөө байр, LEXUS 570, GARNET пүүз, зарим нь солонгос явсан аавыгаа ирэхээр гэр бүлээрээ сайхан амьдрах тухай, үлдсэн нэг нь өвчтэй ээжийгээ мөнх амьдруулах рашаан олно гэж ярих юм. Тэд ихэнхдээ л баян тансаг амьдралыг мөрөөднө. Арга ч үгүй биздээ эдлээгүй жаргалыг эдлэхсэн гэж шүүрс алддаггүй хүн гэж хаана байхав. Нэг найз минь надад “Би байрны тухай биш харин дэлхийд алдартай том хөгжимчин болоод Монголынхоо нэрийг гаргана гэж боддог байлаа, гэхдээ багадаа л даа. Одоо юун тэр мөрөөдөл. Нэг баян хүнтэй суугаад тансаг хангалуун амьдрах юмсан л гэж бодож байна даа найз минь” гэж ярьсан нь одоо болтол миний зүрхэндхадаастай үлдсэн. Монголын маань мянга мянган залуусын агуу их мөрөөдлөөр амьдралруу жигүүрлэж явсан тэр даль жигүүр нь энэ нийгэмд амьдарсан, басхүү аав ээжийнхээ өврөөс гарсан оюутны энэхэн он жилүүдэд амьдралын тухай баргар бодлуудаар солигдожээ. Мөрөөдлийн тэр жигүүрнийх нь өд сөд Улаанбаатарын утаа тортог, тоос шороотой холилдон гудмаар нэг хөглөрч хэвтэнэ. Магадгүй та миний оронд байсан бол “мөрөөдлөөсөө ийм амархан няцаж болохгүй ээ! Муу л байна даа залуусаа” гэж хэлж мэдэх л юм.

Харин би бас л өөр зүйлийн тухай бодож байна.Бидний үр хүүхэд, хойч үе маань мөрөөдөл гэдэг үгийг хэргэлэхээ болих вий гэхээс цус минь царцах шиг болох юм. Өнөөдөр сайхан сайхан зүйлийг мөрөөдөж түүнийхээ төлөө зорьж яваа таны мэдэх Монгол залуус олон байгаа. Гэвч миний яриад байгаа мөрөөдөхөө больсон, мөрөөдөл нь өчүүхэн зүйлээр солигдсон Монгол залуус түүнээс ч олон байгаа байх.Тиймээс миний мөрөөдөл эндээс эхлэлтэй.
“Ертөнц таныг хэр үнэлж байгаа нь та өөрийгөө хэрхэн үнэлдэгт оршдог” гэдэг. Би энэ гуравхан сая Монголын нэг нь учраас бусдаас илүү их хариуцлага хүлээж, илүү их сэтгэж, илүү их хөдөлмөрлөж, илүү ихийг мөрөөдөх ёстой.. Би нэг мөрөөдөлтэй. Түүнийгээ би бусадтай л адил дэндүү сайхнаар төсөөлж мөрөөддөг, бүр монгол зүрх цээжээ урах шахам лугшиж мөрөөддөг. Энэ мөрөөдлөө би намайг тэжээх гэж өдөр шөнөгүй ажил хийдэг ээжийнхээ царайнаас, сургалтын төлбөрийг минь олох гэж барилга барьж яваа аавынхаа багаж хэрэгслээс, хүйтэн павилонд гурил зарж, мах бөөндөж суугаа ажилчидын бээрсэн гарнаас, дотуур байрны энгийн л нэг оюутнуудын яриан дундаас олж авсан. Энэ нийгмээс цуглуулж авсан шороо тоос, утаа тортог басхүү хөлс хөдөлмөртэй холилдсон мөрөөдөл учраас миний мөрөөдөл бусдаас арай илүү хүндхэн юм болов уу!. Тэгээд л нурууг минь ялимгүй бөгтгөр болгосон байх. Аав ээжийнхээ ачийг хариулж сэтгэл хангалуун сайхан амьдрах, бусад хүүхдүүдийг жинхэнэ мөрөөдөлтэй болгох,хүн бүрийг адил тэгш аз жаргалтай амьдруулахсан гэсэн энэ олон хүслүүд минь намайг ганц л зүйлийг мөрөөдхөд хүргэсэн. Мэдээж энэ бол хүн бүрт хүссэн зүйлийг нь өгч чадах эрх мэдэл. Би үүнийг л мөрөөдсөн. Хэн нэгэн хүрч ирээд хэрэгтэй зүйлээ надаас гуйдаг байгаасай түүнийг нь гаргаад өгөх чадалтай болохсон гэж...
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар гуай “Чи баян болохын тулд бусдад туслах биш харин бусдад туслахын тулд баян болох хэрэгтэй” гэж хэлдэг. Гэхдээ би баян болох тухай яриагүй. Учир нь Монголчууд бид баян орны ядуу ард түмэн. Бид авах ёстой зүйлээ авч хүссэнээрээ амьдрах хувь тохиолтой хөх толботнууд. Гагцхүү миний эд хөрөнгийг надаас харамладаг, миний хүсэл мөрөөдлийг боомилдог,миний хөлийг эцээж, миний явах замыг баллуурдаг сонгогдсон сохор улстөрчид, Монголын нийгмийг ойд төөрүүлсэн эвдэрсэн луужингуудаас болж өнөөдөр Монголын ирээдүйг атгасан залуучууд хэрэглээ төдийхөн орон сууц, авто машиныг мөрөөдлөө хэмээн андуурч явна.
Бидний аав ээжүүд хайрлан хүндэтгэдэг хүмүүс маань амьдралын нугачаанд нухлагдан аз жаргалаас холхон тэмтчиж яваа нь бас л миний мэдэх гашуун үнэн. Тийм л учраас би Монголын ирээдүйг зөв жолоодох шилдэг улс төрч, ухаалаг ерөнхий сайд болохыг мөрөөдсөн. Би баялагийг үнэнч шудрагаар тэнцүү хуваарилаж чаддаг, бусдын хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг, чадварлаг боловсон хүчин болж Монголын ирээдүйг аврахсан гэж хүссэн. Би энэ мөрөөдлөө биелүүлж олон хүнд мөрөөдлөө биелүүлэх боломж олгоно. Харин үүний тулд алсын хараатай, мэдлэг боловсролтой, хүн чанартай хамгийн гол нь бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадвартай байх нь чухал. Миний энэ мөрөөдөл үнэн мөрөөдөл учраас би энэ мөрөөдөлдөө үнэнч учраас энэ бүхэнд би аль хэдийнээ суралцаж эхэлсэн. Муур хар байна уу цагаан байна уу хамаагүй, гагцхүү хулгана барих нь чухал гэдэг шиг миний эмэгтэй, эрэгтэй, баян, ядуу аль нь байх нь хамаагүй ээ, хамгийн гол нь би мөрөөдөлдөө хүрнэ.

Зарим хүмүүс урдахь зүйлээ ч олж хархааргүй өчүүхэн бодолтой байхад зарим нь цээжин дотроо хэдэн мянган км газрыг ч багтааж чадахаар уужим сэтгэлтэй байдаг. Монголд хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, чадварлаг шилдэг залуус олон байгаа. Тэд ч бас надтай адил бусдын сайн сайхны төлөө цохилох зүрхтэй байгаа гэдэгт би итгэж байна. Монголын ард түмний ирээдүй- мөрөөдөлөөр буцалсанзалуучууд бидний гарт байгаа гэдэгт бүр ч их итгэж байна.
Нэрт философич Жордано Филиппо Бруно: “Жаргал эдэлнэ гэдэг агуу их хувь ерөөл, харин бусдад жаргал эдлүүлэх боломж гэдэг энэ их хувь ерөөлөөс ч илүү юм” гэж хэлсэн байдаг. Чухамхүү үүний төлөө л би энэ мөрөөдлийг сонгосон. Би нэртэй бизнесмен болоод маш их хөрөнгө мөнгө олон толгойгоо гашилгахгүй сайхан амьдрах тухай бодож үзсээн. Гэвч энэ дэндүү хувиа хичээсэн хэрэг. Хүнд нэг загас өгөхийн оронд загас барих аргыг зааж өгөх нь хавьгүй чухал гэдэгдээ. Тиймээс ч би бусдад илүү өгөөмөр хандаж,гэрэл гарч буй хонгилийн зүг тэднийгчиглүүлж өгөхийн тулд бүхнээ зориулах нь дээр гэж шийдсэн юм. Энэ бол миний мөрөөдөл. Мөрөөдлөөрөө би бусдын мөрөөдлийг биелэхэд тусална. Байртай, машинтай, сургалтын төлбөртэй болсон тэд Монголын төлөө мөрөөдөх цаг ирэх байх. Мөрөөдлөөрөө би аав ээжийнхээ ачийг хариулна, би бусдын талархалыг хүлээж сэтгэл хангалуун амьдарна. Тийм ээ залуу хүн зорилготой бол эх орон жаргалтай байдаг. Мөрөөдлөөрөө би Монгол гэдэг улсыг жаргалтай сайхан орон болгоно.

Би:“Монгол надаар дутах байсан юм шиг амьдарч, Монгол мөрөөдөл миний мөрөөдлөөр дутах байсан юм шиг мөрөөднөө”

http://www.facebook.com/
Бичсэн: Telnet | цаг: 15:17 | Эссэ, Лекц
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


huuh minii esse bn
Бичсэн: Зочин цаг: 13:01, 2016-03-21 | Холбоос | |


гоё эссэ байна аа
Бичсэн: Адьяасүрэн (зочин) цаг: 08:23, 2012-05-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax