2012-02-08
ҮГ ГАШУУН ТУСМАА ҮНЭНД ОЙРХОН БАЙДАГ
...Ч.Батмагнайн тухай бичих санаа надад нилээд эрт төрсөн л дөө. Харин " Америкийн өнгө" нэвтрүүлэгээр гарсаных нь дараа л түүнтэй холбогдож, уулзаж ярилцах боломж олдсон юм. Нэвсийтэл дарсан цас, Монголыг минь санагдуулсан хүйтэн цэнгэг агаартай Чикаго хотын нэгэн өглөө, Ч.Батмагнай намайг тосч, бид тэдний гэрт тухлан сууж ярилцлаа.

Чогсомын Батмагнай

Нэг. Намтрын товчоон

-1968 онд Говь-Алтай аймагт төрсөн
-1986 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 2-р сургуулийг төгссөн
-1994 онд Улаанбаатар хотод ГХДС-ийг орос хэл-англи хэлний багшийн мэргэжлээр төгссөн
-1994-1997 онд "Монтос-Эрдэнэт" ХХК-ны захирал
-1997-2001 онд "Жаргалант Треид" ХХК-ны захирлаар тус тус ажиллаж
-2001 онд АНУ-д ирсэн
-2005 оноос 'MGL trans" кампаны захирлаар ажиллаж байгаа

Хоёр. Америкт аргаа олох гэж зүтгэсэн жилүүд

Г.Г-ГХДС төгсөөд л шууд бизнест ажиллаж эхэлсэн юм аа даа?

Ч.Б-Багшийн мэргэжлээр төгссөн хэрнээ шууд л бизнес хийж эхэлсэн. Эрдэнэтэд л анхны бизнесээ эрхэлж, олон л зүйл хийж, заримд нь анхдагч ч болж байлаа. Хувийн шатахуун түгээгүүрийн газар, сэндвичин барилга, цахилгаан барааны дэлгүүр, үйлчилгээний төв гээд нилээд зүйл хийж байсан. Сүүлд нь бас ч гэж орчин үеийн, тохилог үйлчилгээний газар байгуулах зорилгоор Эрдэнэтийн хүнсний захын урд талд нилээд газрыг зөвшөөрлөөр авч, хашаа хатгаж, байгууламжийн ажлаа эхлэхээр бэлтгэж байлаа.
Харамсалтай нь 2000 оны сонгуулийн дараа шинээр томилогдсон засаг дарга нь захирамж гарган миний хийж эхэлж байсан ажлыг зогсоосон л доо.

Г.Г-Сонгууль бүрийн дараа эрх мэдэл авсан хүмүүс, өмнө нь хийж бүтээж байсан ажлуудыг үгүйсгэж, өөрчлөх нь ердийн л үзэгдэл болж байсан.

Ч.Б-Үндсэндээ тэр газрыг зохих зөвшөөрлөөр нь авсан байсан ч түүнийг үл тоож, миний эхлүүлж байсан ажлыг зогсоосон. Эрдэнэт хотын шинэ даргад, хийх гэж буй ажлаа тайлбарлаж, их л учирлаж байсан боловч амжилт олоогүй. Энэ хугацаанд барьсан хашаа минь тоногдож, эхэлж байсан байгууламж минь бараг балгас болсон хойно, жил шахмын дараа дуртай дургүй ажиллах зөвшөөрөл өгсөн. Яг үнэндээ миний урам их хугарсан. Уг нь орчин үеийн бие засах газартай, бас ч боломжийн зүйл хийх санаа байсан л даа.
Тэр үед ерөөсөө л " Америк явж суралцья, өөрийгөө ч жаахан хөгжүүлье, бас ч юм үзэж нүд тайлья" гэсэн бодлоор АНУ- явахаар шийдсэн. Виз минь гарч 2001 онд Америкт ирсэн дээ.

Г.Г-Монголд бизнес хийж байсан хүмүүс Америкт ирээд, яг л бусдын адил бүх зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй болдог.

Ч.Б-Америкт ирээд сургуульд орох гэж шийдсэн боловч визээ сунгуулж чадахгүй байсаар бүтэхгүй болсон. Тэгээд амьдрахын эрхэнд янз бүрийн л ажил хийж эхэлсэн. Бүгдээрээ л тийм байсан даа. Ер нь Америкт ирсэн ямар ч хүн хүссэн ч хүсээгүй ч амьдрахын эрхээр ямар ч ажлыг сонголтгүйгээр, голохгүйгээр хийх хэрэгтэй болдог. Энэ шаардлага нь хүмүүст их ч зүйлийг ойлгуулж, их ч зүйлд сургадаг.
Ер нь хүн өөрөө л зүтгээд явж байхад болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй л дээ.

Г.Г-" Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог" гэдэг үгийн жинхэнэ утгыг гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд их сайн ойлгож мэдэрдэг.

Ч.Б-Тийм шүү! Энд зөндөө л ажил хийсэн дээ. Хойд Каролинад ахтайгаа хамт очоод, айлуудын хаалганд сурталчилгааны цаас наадаг ажил хийлээ. Эзэн нь америк хүн. Цагийн 7 $ -ын хөлстэй, бас ч гэж боломжийн ажил л даа.
Би ажилд гарахынхаа өмнө заавал интернетэд сууж мэдээлэл үздэг байсан юм. Нэг өдөр тарааж байсан цаасныхаа төгсгөлд байгаа э-майл хаягаар нь ороод хийж байгаа ажлынхаа талаар мэдээлэл үзсэн чинь, өөрөө бие даагаад хийж болмоор санагдлаа. Тэгээд тэнд сурч байсан нэг монгол охиныг ятгаад, түүний нэр дээр нөгөө бизнесийн ажлыг хийж эхэллээ. Гэхдээ нууцаар л даа. Нөгөө охины нэр дээр хэсэг сурталчилгаа нааж, эзнийхээ ажлыг ч давхар хийж нэг хэсэг явлаа.
Мэдээж Америкт мэдээллийн сүлжээ сайн болохоор, нэг л өдөр эзэн бүхнийг мэдэж бөөн асуудал үүссэн. Яг үнэндээ эзнийхээ бизнесийг л хулгайлсан юм шүү дээ. Эцэст нь ажлаасаа халагдахдаа "ер нь Америкт бие дааж бизнес хийж болох байна" гэсэн бага зэргийн итгэлтэй болж амжсан.

Г.Г- Дахиад л ажил хайх хэрэгтэй болсон уу?

Ч.Б-Нөгөө монгол охин маань бид хоёрт тусалж, хятад эзэнтэй хоолны газар ажилд орууллаа. Би тогоочоор, ах минь туслахаар. "Хоол хийж чадах уу?" гэхэд нь "чаднаа" л гэнэ. Яг үнэндээ анх удаа хийж үзэх гэж байгаа ч ингэж хэлэхээс өөр арга үгүй.
'14 хоногийн дотор бүхнийг хийж сурахгүй бол, ажлаас шууд халагдана" гэсэн болзолтойгоор энэ ажилд орлоо. Халуун тогоонд гараа 2-3 удаа түлсэн ч 14 хоногийн хугацаанд сайн хийж сурсан даа. Халуун тогоонд эхлээд 4 хүний хоол хийдэг байсан бол сүүлдээ 8 хүний хоол хийж сурсан.
Нэг удаа хоолны газрын маань цахилгаан тогоо шатаж орхив. Эзэн маань сэтгэлээр унаад хариугүй. Би цахилгааны талаар гадарладаг болохоор үзэж байснаа "та шинэ тогоогоо захиалчих, би өнөөдөртөө аргалаад ажиллуулчихья" гэсэн чинь эзэн маань нилээд гайхаж байна. "Moнголчилж" байгаад ажиллуулсан чинь эзэн их л баярлаж, тэр цагаас хойш надад нилээд дотно хандах болсон.
Ер нь хүн, хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байж чадвал цаг хугацаа ч хурдан өнгөрч, ажилдаа ч хурдан даддаг. Хэрэв ажилдаа дургүй байвал, цаг хугацаа ч өнгөрч өгөхгүй, ажилдаа ч сайн дасаж сурдаггүй. Эндээ нилээд хэдэн сар ажилласны дараа бичиг баримттай болох зорилгоор Лос-Анжелос явсан даа. Лос-Анжелост очоод тансаг тансаг зочид буудлуудын гантиг шалыг цэвэрлэдэг ажил хийлээ. Өндөр зэрэглэлийн зочид буудлууд байсан болохоор тавих шаардлага нь өндөр. Гантиг шалан дээр дуссан үнэртэй усны болон бусад толбыг арилгах гэж хуруугаа "хуурай" болтол зүлгэнэ.
Ер нь тэгээд ажил болгоныг хийж эхлэхдээ амаргүй байдаг боловч хэсэг хугацааны дараа их сайн сурч туршлагажина. Энэ л монголчуудын нэг сайн чанар нь юм шүү дээ.

Г.Г-Мэдээж хар ажил хийж байсан ч ямар нэгэн боломжоор илүү сайн ажил олж хийх гэж зүтгэдэг нь олонх монголчуудын зан. Түүгээрээ бусад орнуудын цагаачдаас эрс ялгардаг.

Ч.Б-Лос-Анжелост ингэж ажиллаж байхдаа бичиг баримттай болж амжсан. Нэгэнт бичиг баримттай болсон болохоор хууль ёсоор бизнес хийх, ажиллах боломжтой болж байгаа хэрэг. Нэг өдөр мэдээлэл уншиж байгаад 'тракны жолоочоор сургаж, ажилд авна" гэсэн зар олж үзлээ. Ямар эргэлзээгүйгээр энд хандахаар шийдсэн.

Гурав. Тракны жолоочийн ажлыг Америкт " мэргэжил" гэж тооцдог

Г.Г-Америкт ердийн автомашин жолоодох эрхийг авахад, тухайн хүн өөрийгөө тодорхой түвшинд бэлтгэсэн байх ёстой. Гэтэл тракны жолоочийг заавал сургалтад хамруулж, нилээд өндөр түвшинд бэлтгэдэг бололтой.

Ч.Б-Тийм ээ! Америкт ердийн автомашин жолоодохыг хүн бүрийн хэрэгцээ, шаардлага гэж үздэг бол тракны жолоочийг өндөр түвшний мэргэжил гэж үзэн, тусгай сургалтаар бэлтгэдэг. Учир нь энэ машин аваар осол хийхэд гарах муу үр дагавар нь хэт өндөр. Тийм болохоор их ч сайн бэлтгэж, их ч сайн хянадаг.

Г.Г-Сургалтынх нь төлбөр өндөр үү?

Ч.Б- Намайг анх сурахаар очиж байхад сургалтынх нь төлбөр 3500$, байрны хөлс 500$ нийтдээ 4000$ ын тооцоо гарч байсан. Гэхдээ төлбөрөө шууд төлөх боломжгүй бол зээлээр сургаад, дараа нь ажиллах явцад нь суутгах хэлбрээр барагдуулдаг байсан. Үүний түлд сургалтаа төгсөөд тэр компанидаа заавал 1 жил ажиллаж байж төлбөрөө барагдуулна гэсэн үг.

Г.Г-Тракны жолооч нар ямар нэгэн шатлал ахих уу?

Ч.Б- Тракны жолооч болоод ажиллаж эхэлснээсээ 6 сарын дараа owner operator буюу хувьдаа машин түрээсэлж авах эрхтэй болно.
Хэрэв хувьдаа машин авч, хувиараа тээвэр хийхийг хүсвэл уг компанидаа дахин сургалтад сууж , зөвшөөрөл авна. Харин өөрөө машинаараа тээвэр хийх явцдаа бусдад зааж сургахыг хүсвэл, нилээд өндөр шатны сургалтад сууж багшлах эрх авна.
Өөрөөр хэлбэл өөрийн машинаараа тээвэр хийх явцдаа бусдад зааж сурган дадлагажуулах эрхтэй болно гэсэн үг. Энэ сургалт нилээд хатуу шаардлагатай.
Бүх зүйл нь маш нарийн зааварчлагдсан. Уг хүн анхнаасаа л бүх зүйлийг яг л дүрэм шаардлагаар нь сурчихвал алсдаа өөрт нь илүү амар, бас амь нас нь ч баталгаатай байна гэсэн үг.
Би тракны жолооч болсноос 6 сарын дараа оwner operator болсон. 2003 оны 8 сард шатлал ахисан. Харин жилийн дараа багшлах эрхээ авсан даа.

Г.Г-Багшлах эрхээ аваад хэдэн хүн сургав даа?

Ч.Б-Багшлах эрхээ аваад хүмүүсийг сургасаан. Анхны шавь маань Баярсайхан гэдэг монгол залуу бий. Дараа нь солонгос, вьетнам, бас нэг хар залууг сургасан. Тэд сурахаар ирэхдээ 1 хавтастай орж ирнэ. Тэр хавтсанд нь хэдийд юуг, яаж сурах ёстойг нарийвчлан заасан байдаг. Харин компаны зүгээс хувь хүний талаарх мэдээллийг өгнө. Энэ хүн тийм онцлогтой, тийм зуршилтай гэхчилэн. Жишээ нь тамхи татдаг гэдэг ч юм уу? Тэгээд л хоёр талаасаа хамтран ажиллана даа.
Би ер нь нийтдээ бараг 100-аад хүнийг сургасан юм байна. Одоо ч трак барьж байгаа монголчууддаа чадах ядахаараа л хэлж зөвлөж, туслахыг хичээдэг.

Г.Г-Хааяа хурдны замаар явж байхдаа тракнуудад зориулсан тусгай хяналтын бүс байхыг анзаардаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нилээд сайн хяналт тавьдаг юм байна гэж бодсон.

Ч.Б-Тракны тээвэрлэлтийн явцад тавих хяналт нь үнэхээр сайн. Явах дүрэм журам нь ч хатуу. Ажлын 8 өдөрт 70 цаг ажиллах ёстой. Өдөрт тасралтгүй10 цаг заавал амрах, үүний 8 цагт нь заавал унтах ёстой. 10 цаг амарсны дараа 11 цаг машин барих ёстой гэхчилэн. Гол нь хурдны заалтыг хатуу баримтлана. Муж мужуудын хурдны хязгаар өөр өөр ч, тухайн нутаг дэвсгэрт яг л түүнийгээ баримтлах ёстой. Хэдэн цагт хаанаас хөдөлж, хэдэн майл яваад хаана хэдэн цагт очихыг Log book-д хатуу тэмдэглэнэ. Энэ бүхнийг цагдаа нар маш сайн хянаж байдаг. Ямар ч тохиолдолд худлаа хэлэх, хуурч мэхлэх аргагүйгээр бүх зүйл нь хянагдаж, зохицуулагдаж байдаг.
Хэрэв дүрэм журмыг зөрчиж 3 удаа алдаа гаргавал, хичээлд суулгаж, дахин шалгалт авна. Алдаа гаргахад халж шийтгэхээс илүүтэй, давтан сургаж, илүү их боломж олгодоог гэсэн үг. Америкт зөвхөн тракны үйл ажиллагааг судалж, дүрэм зааврыг боловсруулж, шинэчлэн сайжруулж, сургаж байдаг 3 том Институт байдаг гээд бод доо.

Дөрөв. Унаж боссон он жилүүд


Ч.Б-2005 онд 4 монгол залуус санаа нэгдэж "MGL trans" нэртэй тракны компани байгуулсан. Бүх бичиг баримтаа бүрдүүлж, машинаа лизингээр авч, хууль ёсоор ажлаа эхэлсэн. Тэр үеэс л тракны жолооч хийгээд санаа зовох зүйлгүй өөрийгөө болгоод явах, өөр дээрээ бүх хариуцлагыг авч, бусдын өмнө үүрэг хүлээхийн амаргүйг ойлгож мэдэрсэн дээ. Бүх зүйл амар байгаагүй. Яг ажил эхлээд л нэг машин маань осолд орсноор бэрхшээлтэй тулгарч байсан. Гэхдээ энэ бүхнийг даваад зүтгээд л байлаа.

Г.Г-Мэдээж алив ажлын эхлэл амаргүй. Хүмүүс бусдын удирдлага дор ажиллаж байснаа, яг өөр дээрээ бүх хариуцлагыг авч, бусдыг удирдан ажиллахын амаргүйг тэгтлээ ойлгож мэдэрдэггүй.

Ч.Б-Компани маань овоо өргөжиж, хөл дээрээ босч эхлэх үед гэнэт хүнд цохилт ирсэн. Түүнийг би мартдаггүй юм. Тодорхойгүй шалтгааны улмаас манайд трак барьж байсан 10-аад залуус нэг л өдөр ажлаа хаяад явцгаасан. Тэр үед татвар даатгалыг оролцуулаад сард нэг машинд 2800$ төлж байсан. Гэтэл жолоочгүй болж, үйлчилгээнд явахгүй байгаа бүх машинуудын ийм төлбөрүүд над дээр унасан.
Ядаж байхад тэр үед дансанд байсан 23000$-ыг нэг өдөр харилцагч компани маань "гэрээгээ биелүүлээгүй" гэдэг шалтгаанаар татаж авсан байлаа. Дансандаа ямар ч мөнгөгүй, жолоочгүй хэдэн машинтай үлдсэн тэр л үе надад 'дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" байсан даа. Энэ хүнд байдлаас би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Гэрээ гэдэг ямар чухал зүйл болохыг.
Харилцагч газруудтай гэрээ хийж, гарын үсэг зурж байхдаа би тэгтлээ ач холбогдол өгч, анзаарч байгаагүй. Татаж авсан 23000$-ынхоо төлөө зарга хийх болоход "гэрээнд гарын үсэг зурсан" гэдэг шалтгаанаар, хэлэлцэх ямар ч үндэслэл байгаагүй.
Гэрээний заалтуудын нилээд доор, жижиг үсгээр анзаарагдахгүй шахам бичигдсэн заалтууд л энэ мөнгийг хууль ёсоор авах шалтгаан болсон байсан. Тэр цагаас хойш би, гэрээнд маш их ач холбогдол өгч, их ч хянуур хандах болсон доо.

Г.Г-Яг ийм хүнд үедээ л хүн заавал гарц олж, хүнд байдлаас гарснаар өөртөө ухаарал, бас туршлага олж авдаг. Магадгүй энэ алдаа дараагийн илүү хүнд алдаанаас сэргийлж, илүү их амжилтанд хүрэх боломжийг өгдөг тал бий.

Ч.Б-Яг энэ үед хэлж, зааж зөвлөх хүн байгаагүй ч хүнд байдлаас гарсан. Анх би трак барьж байхдаа Nick гэдэг болгар эзэнтэй компанид ажиллаж байсан юм. Бид бие биенээ сайн мэддэг, бас итгэдэг байсан болоохоор нилээд дотно байлаа. Ер нь бизнест итгэлцэл хамгаас чухал.
Би Nick дээр очиж ярилцаад "MGL trans" компаниа тэдний компанитай нэгтгээд "ARU trans" нэртэй компани болгон өргөтгөсөн. Гэхдээ дотроо 2 салбар тусдаа байхаар тохиролцсон. Одоо манай компаны нэр дээр 30-аад трак, АНУ-ын хуурай газар дээрх 48 мужид ачаа тээвэрлэж байгаа. Үүний нэг нь миний хувийнх л даа.Заримдаа би өөрөө тээвэрт явдаг. Бүх захиалга үйлчилгээ маань интернетээр хийгдэнэ. Нэг үеийг бодвол овоо жигдрэх янзтай л явж байна даа.

Г.Г-Чи ч мундаг байнаа. Одоо ингээд хөл дээрээ тогтож байхад хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдөж байна?

Ч.Б-Нэг хэсэг ажил жигдрээд овоо болж байхад хүмүүс их хөөргөж, хүндэлнэ. Энд тэнд уригдаж, ихэвчлэн дайлуулж хүндлүүлж байхдаа хэрдээ л маадгар болж байсан. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Хүмүүсийн зарим нь намайг янз бүрээр ойлгож, янз бүрээр л ярьдаг байх. Алдаагүй мундаг хүн гэж хаа байхав.
Хүний хэлж байгаа үг гашуун байх тусмаа л үнэнд ойрхон байдаг.
Одоо бол хүмүүстэй энгийн харьцаж, үнэхээр хэрэгтэй цагт нь туслахыг хичээдэг. Гэхдээ хандсан хүн болгонд тусалж чадна гэж яаж байхав. Гол нь хүний чин сэтгэл л юм шүү дээ. Монголчууд бид тус болсон нэгэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж сурах нь их хэрэгтэй юм даа. Энэ чинь ядаж л хүний сэтгэлд урам, баяр өгдөг зүйл.
Бид бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, ойлголцож, дэмжиж байвал хичнээн сайхан. Хүнд тустай, эх орондоо хэрэгтэй зүйл хийх юмсан гэж л хичээж явна.

Тав. Монголдоо хийх зүйл их байнаа

Г.Г-Чамайг Монголдоо багагүй зүйл хийж байгаа гэж сонссон.

Ч.Б-Монгол руу бараг 20-иод трак оруулсан. Тракны толгойг задалж 40 тн контеинерт багтааж сурсан. Энэ нь тээврийн зардлаа хэмнэх боломж олгож байгаа. Задалж ачуулсан тракны толгойг Монголд байгаа залуус минь яг л номоор нь угсарч чаддаг болсон. Энэ их мундаг чадвар шүү.
Монголдоо яг Америкийнх шиг тракны үйлчилгээ бий болгох юм сан гэж хичээж байна. Миний оруулсан тракнаас заримыг нь хүмүүс худалдаж авсан. Харин хөргүүртэй 2 трак нь Оюу толгойд хүнс зөөж, 2 трак нь Тавантолгойд нүүрс зөөж байгаа.

Г.Г-Монголд маань хамгийн хүнд асуудал нь хүнсний тээвэрлэлт, түүнээс шалтгаалсан хүнсний аюулгүй байдал. Хятадаас хүнсний ногоог оруулахдаа ачааны вагонд эсгийгээр хучаад л ачиж байна. Энэ бүхэн монголчуудын өнөөдөр хэрэглэж байгаа хүнсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж байгаа.

Ч.Б-Миний бодож яваа гол зүйлийн нэг нь энэ. Хөргүүртэй тракнууд оруулж, хүнсний зүйлийг аюулгүй байдалд тээвэрлэдэг болох хэрэгтэй байна. Яг л Америкийнх шиг. Тэгвэл ядаж л муудаж, чанараа алдсан хүнсний зүйл хэрэглэх нь багасна.
Монголын тээвэрт, орчин үеийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Сайн машинтай, хувиараа тээвэр хийдэг зүмүүс заавал Тэхийн зогсоол дээр зогсож, даарч, халж зутарч байх ямар хэрэгтэй гэж?. Тэдэнд тээвэр зуучилдаг байгууллага бий болгоод бүх захиалгыг нь интернетээр, гар утсаар хийдэг болгож болж байна.

Г.Г- Энэ ч харин сайхан санаа байна шүү.

Ч.Б- Бид хүний нутагт ингээд л явж байдаг. Энэ хойгуур гадныхан л монголд бүх төрлийн бизнесийг хийж байна. Гэтэл тэдний хийж чадаад байгаа бизнесийг монголчууд бид яагаад өөрсдөө хийж чадахгүй гэж? Чадна шүү дээ.
Тэгээд бид одооноос Чикагод төвтэй "нэг цэгийн үйлчилгээ" нээх гэж хичээж байна. Энэ бол худалдаа-тээвэр-зүүчлалын чиглэлтэй юм. Өөрөөр хэлбэл Монголоос Америкт ирж худалдан авч байгаа бүх төрлийн бараа болон бүтээгдэхүүнийг нэг цэгээс захиалга авч хийнэ гэсэн үг юм. Жишээ нь: Америкаас Монгол руу машин эсвэл ямар нэгэн бараа худалдан авч ачуулахыг хүсч байгаа бол, бидэнд захиалгаа өгөөд , бид яг л захиалсанаар нь эндээс худалдан авч Монгол руу ачуулж явуулах юм. Ганц нэгээрээ зардал гаргаж энд ирээд, бас хүн гуйж нэмэлт зардал гаргаж байхаар хэн хэндээ ашигтай байдлаар хийж болно. Интернет хөгжсөн энэ үед энэ нь тийм ч хэцүү зүйл биш. Энд хамгийн гол нь итгэлцэл хариуцлага л хамгаас чухал. Бид АНУ-д бизнес хийхдээ үүнийг л сурсан.

Г.Г-Батмагнай! Чи бизнесмен хүн. Гэтэл Америкт ч энэ чадвар чинь чамайг амжилтад хүргэж, илүү боломжийг олж харан, их зүйл хийх тэмүүлэлд сургажээ. Энэ бол их чухал зүйл.

Ч.Б- Би багаасаа л их хөдөлгөөнтэй, элдэв юм сэдэж явдаг араншинтай хүн л дээ. Зөвхөн би ч биш, олон монголчууд дандаа л илүү сайн юм руу тэмүүлж байдаг. Бас сэтгэлгээ нь их сайн. Алив зүйлийг "монголчилж" байхдаа ч мундаг. Гол нь энэ чадвараараа бага ч гэсэн нэгдэх хэрэгтэй байна. "Эвт шаазгай буга барьдаг", "Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр" гэдэг үг бий.
Энэ санаагаараа саяхан Чикагод " тракны жолооч нарын уулзалт" зохион байгуулж, Монголдоо бага ч гэсэн зүйл хандивласан. Ийм уулзалтыг жил бүр зохион байгуулж байх бодолтой байгаа. Монгол руу 2 хүн биш, 20 хүн нийлээд контеинер ачуул л даа. Энэ чинь бага зүйл биш.
Тэгээд би тракны жолооч нартаа "бид өрсөлдөгчид бишээ" гэж хэлсэн. Хүн болгон өөрсдийн боломжоороо хийж чадах зүйлээ хийгээд л яваг. Харин хэрэгтэй үедээ бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, тусалж зөвлөдөг байх хэрэгтэй. Энэ оронд хийж л чадах юм бол зах зээл нь хангалттай бий шүү дээ. Монголчууд бид өөр хоорондоо биш, хоорондоо нэгдээд бусадтай өрсөлдье л дөө.
Ядаж л бид , бидний араас явж байгаа залуустаа хэлж, зөвлөж туслан, тэдэнд илүү их боломжийг олгоё л доо. Тэд заавал бидний үзэж туулсан бүхнийг амсаж байх албатай биш. Тэд биднээс ч илүү хөгжиг л дээ. Тийм үү?

Г.Г- Тийм ээ! Бидэнд эв нэгдэл, бага ч гэсэн хамтын ажиллагаа их чухал байна. Үүний төлөө монгол хүн бүр дор бүрнээ хичээж, өөрийн чадах зүйлээ хийж байхад, бага багаар ч болов өөрчлөгдөн хөгжиж чадна. Чин сэтгэлээсээ ярилцсан чамд их баярлалаа. Чиний сэдэж зорьж байгаа бүхэн биелэлээ олох болтугай.

Ч.Б-Танд ч бас их баярлалаа. Энэ дашрамд, намайг өдий зэрэгтэй явахад чин сэтгэлээсээ дэмжиж, урам зориг өгч, бүх талаар тусалж байсан Монголд болон Америкт байгаа бүх найз нөхөд, хамтран ажиллагсад, ах дүү нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Монголчууд бид ер нь өөдрөг сэтгэлтэй, их урам зоригтой хүмүүс. Бидний араас явж байгаа залуус минь их зөв ухаарал, ойлголт авч байгаасай. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

....Тэднийх Америкт байгаа хэрнээ яг л монгол айл. Өрөөнүүдийн ханан дахь монголын байгалийн уран зургууд, Чингис хааны хөрөг бүхий хивс, Монгол бэлэгдлийн зүйлүүд, том мөнгөн аяга, сүүтэй цай, бууз, чанасан мах гээд яг л Монголдоо байгаа мэт...Эхнэр Х.Должинсүрэн нь ажил хийдэг, охин Б. Бямбадэлгэр нь ИС-ийн оюутан, хүү Б. Нямцолмон нь ахлах сургуулийн сурагч, харин тэдний бяцxан хүү Б. Содномбаяр нь энэ гэрийн "хаан". Tэрээр анх удаа орж ирсэн намайг ихэд сониучирхан харж, энэ гэрийн "эзэн' гэдгээ нотлон бүх л зүйлийг нурааж, бас авч, дураараа дургина. Өөрөө энэ гэрт ямар байх ёстойгоо маш сайн мэддэг аятай их л "маадгар".

Тэднийд өнжсөн нэг өдөр яг л монголдоо байгаа мэт сайхан байсан. Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


http://www.swemon.info/
Бичсэн: Telnet | цаг: 18:59 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax