2011-12-12
Өвлийн өвгөний захиас
Аав аа, ээж ээ. Өвлийн өвөө ирээд явсан байна...



Жил бүрийн шинэ жилээр хархүү бид хоёр хүүхдүүдээ хуурах нүсэр том ажилд шумбан ордог. Охиноо бага байхад аав нь өвлийн өвгөний хувцас өмсч орж ирээд л ууттай чихэр жимсхэнээр аргалчихдаг байсан юм. Харин жаахан томроод ирсэн чинь тэгж хуурвал баригдаж балрах шинжтэй. Ингээд хүүгээ ирдэг жил бид хоёр аргаа өөрчиллөө. "Хэн сайн байсных нь хүслийг өвлийн өвгөн биелүүлдэг юм" гэж хэлэх мэргэн санаа төрөв. Ингээд тэр жилээ хоёр зулзага маань өвлийн өвгөнд захиа бичээд сүлд модныхоо дунд хавчуулав. Тэр санааг мэдээж ээж өгсөн л дөө.

"Хүүхдүүд өвлийн өвгөнд захидал бичээд хүслээ хэлдэг юм. Тэр захидалдаа өөрсдийн хийсэн сайн үйлээ бичиж үлдээх ёстой. Өвлийн өвгөн уншаад хийсэн үйлийг нь жигнэж үзээд тэр хэмжээнд нь таарсан бэлэг үлдээгээд явдаг юм" гэж. Хэхэхэ, хүүхэд л юм болсон хойно манай хоёр ч хэлээ гаргаж байгаа д л бичиж гарлаа. Мэдээж өөрсдөө бэлтгэж амжихыг тулд захиаг шинэ жил болохоос долоо хоногийн өмнө бичүүлж сүлд модных нь ёроолд тавиулав. Ингээд аав ээж хоёрт хүүхдүүдээ унтсан хойгуур босож захидлыг задлах ажил гарлаа.

Хүү ч ёстой уулыг эргүүлж, усыг хагалах шахуу гавьяа байгуулсанаа бичиж үлдээжээ. Харин охин бол тэрүүхэндээ даруухан байх ёстой гэсэн зарчмыг мартаагүй бололтой. Ахаасаа арай илүү санаатай л даа. Онц сайн дүн авсан хичээлүүдээ дурдаад, дээр нь гэр цэвэрлэж аяга угаасан тухайгаа бичиж. Ингээд хархүү бид хоёр хүүхдүүдийнхээ хүсэлтээ бичсэн захидлыг бариад Улаанбаатарыг тойрон улаа эргэтэл хөлхөв. Охин алтан шаргал даашинз, алтан шаргал гутал гуйсан байхад, хүү өөрөө бууддаг робот, удирдлагатай машиныг өвлийн өвгөнөөс нэхэж. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм хойно аав, ээж хоёр хүүхдүүдийн хүслийг эрж олох их аялалаасаа олзтойгоор эргэн ирэв.

Ингээд 12 дугаар сарын 31-ний шөнө хүүхдүүдийнхээ захидлыг аваад оронд нь өвлийн өвгөний нэрийн өмнөөс захидал бичиж тус тусынх нь бэлэгний доор тавиад яг л тагнуулч аятай сэмхэн гэтсээр орондоо орцгоов. Өглөө хүүгийн дуу хадаж гарлаа. "Аав аа, ээж ээ. Энийг хараач ээ. Өвлийн өвгөн ирээд явсан байна. Сарнай миний дүү босоод ирээрэй" гэж гэрээр нэг хашгирах чимээнээр бүгд сэрэв. Нүдээ ч гүйцэд нээгээгүй сэрсэн хоёр зулзага минь сүлд модоо тойроод бүжиг хийх нь халаг бужигнана. Хүүхдийн нүд баярлаж гайхахаараа ямар сайхан гэрэлтдэгийг та мэддэг бол цаашхыг нь надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Ингээд өвлийн өвгөний захидлыг задласан хоёр хүүхэд минь тэрүүхэндээ чимээгүй болон шуухитнав. Өвлийн өвөө тэдний алдаа оноог дүгнээд, дахин худал хэлэхгүй байхыг хүүд сануулж, харин ээж, аавынхаа авч өгсөн зүйлд ариг гамтай хандахыг охинд сануулж, сурлагын амжилт хүсээд, дараа жил ирэх эсэхээ бодож байна болно гэсэн хатуухан сануулга үлдээсэн байсан нь мэдээж.

Ингээд өвлийн өвгөний цуутай бэлэгний сүр намжиж, бүтэн жил эргэсний дараа дахин шинэ жил дөхөв. Хүүхдүүд сэмхэн ямар нэгэн зүйл хийж тус тусдаа нууцхан ямар зүйл бичээд байхаар нь хэрэгт дурлан сонирхвол өвлийн өвөөд захидал бичицгээж байх нь тэр. Таг мартаж орхисон байсан аав ээж хоёр ч сандралд оров. Хэлэх үг байхгүй л дээ, тэд ч захидлуудаа бичиж дугтуйлаад сүлд модныхоо доор тавьж орхилоо. Нэг шөнө хоёулаа нудралцан босоод өнөөх захидлуудыг задаллаа. Бурхан минь хүү унадаг дугуй, роллик, тоглоомын пи си, өөрөө нисдэг онгоц, хэдэн жилийн өмнө өвөөтэйгээ хийж байгаад эвдэлж орхисон загварын онгоцоо хүртэл нэхсэн байх нь тэр. Харин охин болохоор өвлийн өвөөд талархалаа илэрхийлээд энэ жилдээ өвлийн өвөөгийн хүслийг санаандаа хүртэл биелүүлээгүй тул юу ч хүсэхгүй байхаа амлаад оронд нь өөрийнхөө гараар хийсэн хос оймсыг тавьсан байх нь тэр. Охин маань оймс хийж байна гэж хэд хоног түнтэгнэж, миний өмнө нь өмсөж байсан улаан ороолтыг хэд хэд хайчилж огтолж, ах нь тэрүүнд тусалж байгаа нь энэ гэж гэрээр нэг даавууны өөдөс болгож ээждээ зэмлүүлж байсны учир ингэж нэг олдов. Аав, ээж хоёр дэмий л харц солилцоод хүүхдүүдийнхээ хүсэлтэд хэрхэн хандахаа шийдэж ядан бодолд орлоо. Юутай ч өвлийн өвгөний нэрийн өмнөөс захидал бичихээр шийдэв.

Хүүд бичсэн өвлийн өвгөний захидал: Хүү минь, чи бол уг нь их сайн хүү. Харин гурван өдөр дараалан пи си тоглож, ээж, аавыгаа бас цагдаа нарыг өвлийн хүйтэнд дааруулан бөөн хөл үймээн тарьсан чинь таагүй. Өвлийн өвгөн бол бүхнийг харж байдаг юм шүү дээ. Дээр нь чи маш олон удаа хичээл таслаж сэлгүүцсэн. Бас дүүгээ зодож бэртээсэн гээд их муу зүйл хийсэн гэсэн тэмдэглэл миний өмнө байна. Өмнөх шинэ жилээр би чамд итгээд хүслийг чинь биелүүлсэн боловч чи тэр алдаагаа засалгүй харин ч бүр нэмсэн байна. Бас хоёрхон хоногийн өмнө чи тэнэж алга болсоноос болоод ээж чинь очихоор бэлдэж байсан шинэ жилийнхээ баярт явж чадаагүй. Тэр баяр дээр ээж чинь маш чухал ажил хийх ёстой байсан ч чамаас болоод тасалдсан тул олон хүнийг гомдоосон. Тэгэхлээр чиний энэ олон хүсэлтийг биелүүлэх нь өвлийн өвгөн миний дүрэмд харшилахаар байна. Гэхдээ чамд хайртай хүмүүсийн зальбиралыг би шөнө бүхэн хүлээж авдаг тул нэг хүслийг чинь биелүүлье. Энэ бол чиний хүссэн тоглоомуудтай пи си-ний компьютер байх болно. Гэхдээ энэ компьютер дээр чи бас хичээлээ хийж, олон сайхан шүлэг бичнэ гэдэгт би итгэж байна. Ирэх жил чамаас ирэх захидлыг хүлээсэн Өвлийн өвгөн.

Охинд бичсэн өвлийн өвгөний захидал: Охин минь, чи энэ хорвоогийн хамгийн сайн охин. Чиний ухаан, зөөлөн сэтгэлийг биширч байна. Чи алдаагаа бүрэн ухамсарлаж, дээр нь намайг дулаан яваг гэж оймс хүртэл хийж өгсөнийг чинь би баяртайгаар хүлээн авч байна. Тиймээс би өөрийнхөө хүслээр чамд гарын бэлэг үлдээхээр шийдлээ. Энэ бол чиний үргэлж хүсэж мөрөөдөж байдаг байшинтай барби байх болно. Ахыгаа сайн ойлгож, ээждээ сайн тусалж, аавдаа бага эрхэлж байгаарай. Хүндэтгэсэн Өвлийн өвгөн.

Зиак, ингээд маргааш нь аав ээж хоёр Улаанбаатарыг тойрон өнөөх бэлэгнүүдийг олж цуглуулах их ажилдаа гарлаа. Мэдээж 12 дугаар сарын 31-ний шөнө өвлийн өвөөг хэрхэн ирэх, яндангийн нүхээр яаж шургаж орж ирэхийг нь хүлээж ядан байгаа хүүхдүүдэд "Сэрүүн байгаа хүүхдийг өвлийн өвөө мэдчихээд тойроод явчихдаг юм" хэмээн панаалдаж албадан унтуулсаныхаа дараа гадаа нуусан бэлэгнүүдээ оруулж ирж өрж тавьчихаад орондоо гэтэн орцгоолоо. Маргааш өглөө нь охины дуу гэрээр нэг хадав. "Төөгөө ах аа, босоорой. Бэлэг, өвлийн өвөө... Аав аа, ээж ээ..." гэсэн цовоо дуу гарахад бүгд нойрноос сэрцгээв. Хүүхдүүд бэлэгнүүдээ тэврэн баярлалдаж байх зуураа өвлийн өвгөний захидлыг задлан уншицгаана. Аав ээж хоёр тэдгээр захидлыг нь уншъя хэмээн хичнээн ч гуйсан хүүхдүүд зөвшөөрсөнгүй, хэхэхэ.

Харин өнгөрсөн жилийн өвлийн өвгөний ээлжит айлчлалын өмнөх шөнө охин маань унтаж ч чадахгүй орондоо эргэж хөрвөн байлаа. Тэрний сэтгэл нь маш их түгшүүртэй байсан юм. Охин маань сургуулийнхаа багт наадамд үнсгэлжин болж орохоор сонгогджээ. Ингээд ээж нь хуримынхаа даашинзыг эвдэж охиндоо захиалгаар шүр сувд болсон даашинз хийлгэх гэж хэдэн өдөр оёдолчин руу шогшиж, охин пермерк өмсөх гэж бөөн л чирэгдэл болов. Харин ганцхан зүйл л дутуу байсан тэр сайхан даашинзан дээр өмсөх чамин гоё гутал байсангүй. Мэдээж урд өдөр нь ээж Скай их дэлгүүрээс шөмбөгөр цагаан сувдаар гоёсон түмбэгэр ганган туфль аваад далд хийчихсэн байлаа. Харин охин өвлийн өвгөнд бичсэн захидалдаа тэрхүү ганган туфлийг л бэлэглэхийг хичээнгүйлэн хүссэн юм. Тэгээд урд орой нь эмээгийндээ айлчилан охидоо энэ зовлонгоо хэлж, эмээгээ ч бас өвлийн өвгөнөөс энэ шөнө хичээнгүйлэн гуйж зальбирахыг хүсээд гэртээ ирэв.

Маргааш багт наадам болох учраас охин шөнөжингөө маань уншиж, өвлийн өвөөг дуудан зальбирлаа. Охиныг унтахыг хүлээж ядсаар аав, ээж хоёр ч бас нэг мэдсэн нам унтаж орхиж. Үүр цайхын алдад хажуу айлын тахиа дуугарах чимээнээр ээж цочин сэрсэнээр өвлийн өвгөний бэлэг байх ёстой газраа байхгүй байгааг гэнэт санав. Ингээд түргэн авч, бушуухан босоод нууж далдалсан ганган шаахайгаа гаргаад сүлд модны доор захидлын хамт тавьж орхилоо. Өглөө нь хархүүгээ нудрахад ээж сэрж орон дээрээ өндийхөд хархүү чишшш хэмээн хуруугаа амандаа ойртуулав. Охин гэр дотуураа түжигнэн алхах дуулдах бөгөөд өрөөнийх нь хаалга сэмхэн чихран онгойх дуулдана. Тэр сүлд модны хажууд эргэлдэн ямар нэгэн зүйл тээнэгэлзэх мэт тэрхэн зуур нааш цааш холхих сонсогдов. Гэнэт охины пижигнэтэл гүйсээр хүрч ирэх дуулдахад аав, ээж хоёр дэрэн дээрээ яаран хэвтээд унтсан дүр эсгэв. Охин хүрч ирсэнээ зөөлхөнөөр "Аав, ээж" хэмээн дуудах дуулдахад сая сэрсэн болж хоёулаа "Яав, ийв" гэлцлээ. Охины нүдэнд хэнтэй ч хуваалцахааргүй тийм их баяр баясгалан гялалзан байх бөгөөд "Миний хөлийг хар даа" гэж инээд алдан эргэлдэв. Ээж, аав хоёр ч дуу шуу болон шагшин гайхаж, энэ олон хүний зальбиралыг биелүүлсэн өвлийн өвгөнд хамтдаа талархахаар босоцгоолоо.

Тэр сэтгэлд хоногшим шинэ жилээр охин маань багт наадам дээрээ ёстой л од мэт гялалзсан билээ. Ингээд бодож суутал дахин нэг жил өнгөрчихсөн байх юм. Сая охин маань хойт айлын Туяа гээд охиныг хамт тоглоё хэмээн дагуулан орж ирлээ. Тэд сэмхэн шивнэлдэн ярилцаж байхыг дуулаад энэ жил ч ёстой л үнэнд гүйцэгдэх бололтой хэмээн бодох зуураа энэхүү тэмдэглэлийг бичиж сууна. Охин найздаа өвлийн өвгөнд захидал бичдэг тухайгаа ярьж байна. Өнөөх нь ч бичихээр болж байгаа бололтой. Мэдээж охин энэ жил ч бас захидлаа бичнэ. Харин найз нь бичээд хариу авах болов уу хэмээн жаахан эргэлзэнгүй тунгааж суугаа минь энэ. "Чи өвлийн өвгөнөөс юу хүсэх вэ?" хэмээн охин маань Туяагаас асуухад "Би ёстой гоё урт цав цагаан даашинз, гоё гялтганадаг туфль гуйнаа" гэж өнөөх нь хариулж байх юм. Харин манай охин энэ жил юу гуйхаа сайн шийдээгүй байгаа гэнэ. Ээж ч тагнуулынхаа ажлыг хийж эхлэх нь энэ дээ. Одоо олон хүүхэдтай айлын Туяа нэртэй охиноос "Энэ жил өвлийн өвгөнөөс бэлэг гуйж, захидал бичдэг нууцаа гэрийнхэндээ битгий хэлээрэй" л гэж гуйх үлдлээ. Харин яасхийж хэдэг юм билээ. Жаахан хэцүүхэн амьдралтай тэр айлын хүүхэд бүрийн хүслийг хархүү бид хоёр гүйцэлдүүлж барахгүй шүү дээ. Тиймээс Туяагийн ээжтэй хуйвалдаж сүлд модных нь доор цасан цагаан даашинз, ганган гялгар гутал тавих нууц ажиллагаагаа эхлэлгүй горьгүй нь. Хүүхэд ээ гэж...

http://bolor7erdene.blogspot.com/

Бичсэн: Telnet | цаг: 15:57 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax