2011-11-02
Хүүхдээ үнсэж бай


Үр хүүхэдтэй, боломжийн сайхан амьдралтай мөртлөө сэтгэл дундуур, аз жаргалгүй аав ээж цөөнгүй байдаг. Гэтэл “бор гэртээ богд” гэгчээр хэдэн хүүхдээ хаая хүүе гэчихээд сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай сайхан гэр бүл байх...Эрдэмтдийн тогтоосноор хүүхэд аз жаргалтай байгаа эсэх нь эхний хэдэн сартайд нь мэдэгддэг ажээ. Ээжийгээ харагдахгүй болохоор уйлна, эргэж ирээд энхрийлэн дуудахад баясан ганганана. Хүүхдийн гуравны нэг нь төрөлхийн баяр баясгалантай, гуравны нэг нь амархан толгойгоо унжуулан гудайдаг, гуравны нэг нь өөдрөг эсвэл гутрангуй байдаг байна.

Гэхдээ аз жаргал, амьдралын баяр баясгаланд нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол хүүхдийн “гадаад орчных нь харилцан үйлчлэл” (1) байдаг гэж биофизикч, философич Стефан Клайн (Stefan Klein) үзжээ.

Аз жаргалтай томчууд бол багаасаа сэтгэл санааны аятай нөлөөлөл дор байж, түүнд суралцан улмаар тэр нь хэвшил болон тогтсон байдаг ажээ. Тэгэхээр аз жаргалтай байхад хүүхдийг сургаж болно гэж судлаачид үздэг байна. Хүүхэд аз жаргалтай байвал төлөвшилд нь нааштай ахиц гарахын зэрэгцээ өөрийнхөө чадавхийг бүрэн нээн харуулж чаддаг байна.

Хүүхдээ сэтгэл санаагаар өөдрөг байлгаж, ирээдүйд аз жаргалтай байх замд нь хөтлөхийн тулд та дараах аргуудыг хэрэглээрэй.

Таатай уур амьсгал бүрдүүл

Гэр бүлийн уур амьсгалыг аятай, халуун дулаан байлгахад гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, үг хэллэг, дууны өнгө аяс нөлөөлнө. Уурлаж загнасан, хахирлаж тушаасан өнгө аясаар ярих, ширүүн догшноор хашгичих зэрэг нь гэр бүлийн уур амьсгалыг эвдэж, сэтгэлийн таагүй байдал үүсгэнэ. Эцэг эх эелдэг харилцаатай, баясгалантай байвал хүүхэд мөн баяр баясгалантай байна.

Хүүхэдтэйгээ хамтдаа инээ

Аз жаргалын нууцыг тайлахыг оролддог судлаачид “инээх, инээмсэглэх бол анхаарал төвлөрүүлэх, ачаалал даах, дүрслэн бодох чадвартай болгодог” (2) гэжээ. Инээхийн үр дагавар нь тэр дороо мэдрэгдэнэ: Аз жаргалын гормон /даавар/ бие махбодын судлаар гүйж судас хурдан, хүчтэй, жигд цохилон анхаарал сайжирч, хийж буй зүйл амархан гараас гарна. Үүгээрээ мөн  хүүхдийн өсөлтөд нөлөөлнө.

Хүүхдээ байнга тоглуул

Тоглох явцдаа хүүхэд бодож сэтгэнэ, санаа бодлоо илэрхийлнэ, үйл, хөдөлгөөнөө удирдана, бусадтай харилцана, зохицоно, тэсвэр хатуужил гаргана. Ийнхүү тоглоом нь хүүхдийн хөгжлийг дэмжигч үндсэн үйл. Үүний зэрэгцээ хүүхэд тоглох явцдаа ихээхэн амралт тайвшрал, таашаал авдаг.

Өөрөө өөдрөг бай

Хэтэрхий болгоомжилдог мөн гутрангуй эцэг эхтэй хүүхэд голдуу хар бараан бодолтой байдгийг судлаачид тогтоожээ. Та өөрөө ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн хүнд хэцүү, тааламжгүй, уур уцаар, гунигтай байх тохиолдлыг яаж аятай нааштайгаар шийдвэрлэж болохыг хүүхдэдээ үлгэрлэн үзүүлж байхыг хичээгээрэй. Жишээлбэл, “Дөлгөөн чамтай тоглохгүй байна уу? Чи эхлээд яахав ганцаараа тоглочих. Дараа нь дахиад нэг асуугаад үзэхгүй юу?”

Хүүхдээ өөрийгөө хянадаг болго

Хэрэв хүүхдээ зөнд нь орхиод байвал уур уцаар, шүүмжлэл, хэрүүл хэзээ ч тасрахгүй. Харин хүүхэд тань сөрөг зүйлийг мэдэрдэг, түүнээс сэрэмжилж өөрийгөө хянаж жолоодож чаддаг болвол амьдрал хэвийн аятай байна. Өөрийгөө хянаж чаддаг хүүхэд өөдрөг, төлөв түвшин болдог ажээ. Хэрэв хүүхэдтэй тохирсон тохиролцоо, хэлж, шаардаж буй зүйл тодорхой,  намайг ингэвэл аав ээж тэгнэ дээ гэж эцэг эхээс ирэх хариу үйлдлийг хүүхэд урьдаас мэддэг байвал тэд өөрийгөө хянаж сурахад дөхөмтэй байдаг байна. Иймд та хүүхдэдээ “болохгүй”, “үгүй” эсвэл “болно”, “за” гэсэн бол түүндээ бат зогсож, учрыг нь сайн тайлбарлаарай.

Хүүхдээ үнсэхээс бүү татгалз

Үгээр болон үйлээрээ хүүхдэдээ ойр дотно байх нь тэдэнд таатай мэдрэмж төрүүлнэ. “Би хүү/охиндоо хайртай”, “Сайн хүүхэд шүү” гэх эсвэл үнсэх, мөрөөр нь тэвэрч авах гэх мэт. Гэхдээ тунг нь тааруулж, насанд нь зохицуулан харьцана. Бага насны хүүхэд үнсүүлэх дуртай байхад өсвөр насныхны мөрөн дээр нь товшиход хангалттай байх жишээтэй. Ижил насны хүүхэд байлаа ч хүүхэд бүр бас өөр өөрийн онцлогтой.

Урам хайрла

Манайд “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэсэн үг байдаг. Хүүхдийг урамшуулахад тэдний сэдэл, тэмүүлэл, идэвх зүтгэлд түлхэц өгнө. Тэгэхээр магтаал, урамшлын үгээ бүү харамлаарай. “Миний хүү/охин сайхан сэтгэлтэй шүү”, “Тусч хүүхэд шүү”, “Мундаг хүүхэд дээ” гэх мэт.

Хүүхдээ хүндэтгэ, итгэл өг

Эцэг эх өөрийг нь хүндэтгэхэд тэд таашаалтай байдаг. Хүүхдийнхээ мэдэж, чадаж байгаа зүйл, гаргаж байгаа амжилт, бусадтай аятай харилцаж байгаа зэргийг нь олж харж, түүнд нь талархалтай байгаагаа илэрхийлж байвал хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Хүүхдэдээ итгэл өгч хийх гээд байгаа зүйл (модонд авирах, хумсаа авах, хичээлдээ ганцаараа явах гэх мэт)-ийг нь айж хориглолгүй “нүдээ аниад” хийлгээрэй. Ингэснээр хүүхэд өөрийнхөө хэр хэмжээг мэддэг болно, туршлага хуримтлуулна.

Бусдыг баярлуул

Хүүхэд бусдыг баярлуулахдаа дуртай байдаг. Хажуу айлдаа юм (чанасан гэдэс, чихэр жимс гэх мэт) оруулж өгөх, бусдад бэлэг хамтран бэлтгэх, өгөх, эмээ өвөөдөө тусалж, тэднээс магтаал сонсох зэргээр бусдыг баярлуулах үйл нь хүүхэд насны баяр баясгалан, таатай дурсамж.

Хүүхдээ хөдөлгөөнтэй байлга

Хөдөлгөөн бол хүүхдийн амьдралын баяр баясгалангийн илрэл. Тэд гүйнэ, харайна, үсэрч дэгдэнэ.... Хөдөлгөөн нь хүүхдийг эрүүл байлгаж, сэтгэл санааг сэргээж, оюун ухааныг нь хөгжүүлнэ. Тэгэхээр эцэг эх хүүхдээ хөдөлгөөнтэй байх нөхцөл, боломж, цаг хугацаа олгож байх хэрэгтэй. Хүүхэд өдөртөө 3-4 цагийн турш хөдөлгөөнтэй байвал сэтгэл санаа нь өөдрөг, таатай байдаг байна.

Аз жаргалтай байх агшинуудыг ол

“Аз жаргалтай байна гэдэг нь олон жижиг тааламжтай агшинуудаас бүрддэг ажээ” (2). Бага насны хүүхэд бол аз жаргалыг амархан мэдрэгч, хүлээн авагч. Учир нь тэд өнгөрсөн болон ирээдүйн тухай бодолгүй, тухайн цаг үе /одоо цагт/-дээ л тааламжтай байвал хөөрч баясаж байдаг. Тэгэхээр тэднийг баярлуулах амархан. Таваг дүүрэн дуртай хоол, ээжийн авч өгсөн хүүхэлдэй/машин, аавтайгаа дэрээ шидэлцэн тоглох гэх мэтээр тэдний баярлах зүйл олон.

Хүүхдэдээ цаг гарга

Бага насны хүүхэд ам хуурайгүй ярина. Ярьж байгаа зүйлд нь ач холбогдол өгч сонсвол тэд дуртай. Аав нь зурагтай ном үзүүлж уншиж өгөхөд номоо ойлгохоосоо илүү аавтайгаа байгаа, аавынхаа нөмөр нөөлгийг мэдэрч байгаа нь тэдэнд сайхан. Тэгэхээр хүүхдээ сонсох, ярилцах, хөгжөөхөд өдөрт наад зах нь 5 минут гаргаж байхыг хичээгээрэй.

Хүүхдээ инээлгэх тоглоомоор тогло

Гадаа (ой модон дотор нуугдаж байгаад тогловол илүү тохиромжтой) хүүхэдтэйгээ усан буугаар нэгнийгээ онож буудах, хоёр хүүхэд нэг хуучин терконы хоёр талаас нэг нэг хөлөө хийж өмсөөд уралдах, хамраа дарах гэх мэт.

http://entertainment.news.mn/
Бичсэн: Telnet | цаг: 13:39 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax