2011-10-26
Бурхан минь та надад юу өгчихөө вэ?(Өгүүллэг)

     Намайг толиныхоо өмнө Долгионы авч өгсөн гоёлын даашинзыг өмсөн эргэлдэж байхад ч гэсэн “Өнөөдөр би тэднийг харсан” гэсэн бодол надаас салахгүй л байлаа. Энэ даашинз надад үнэхээр зохижээ. Бэлхүүсээр нь тайл гаргасан нь миний өгзөгний тойргийг үл ялиг томруулж, нэг их том биш ч гэлээ биендээ таарсан хөхийг минь хагас гаргасан ухлаадас нь улам тачаангуй харагдуулна. Намайг харсан эрчүүдийн сэрэл тачаалын утсыг хүссэн хүсээгүй хөндөхөөр болжээ гэдгийг би мэдэж байлаа. Ер нь энэ даашинзанд муухай юм алга. Яг л надаас хэмжээ авч, зөвхөн надад л зориулж хийсэн мэт санагдана. Хувцсанд, миний бие цогцос ингэж таарна гэдэг нэгэн бодлын бахархал ч юм шиг. Сэтгэл минь хачин их хөөрч, хоёр гараа алдлан эргэхэд, дэрвэн эргэх даашинзны хормойн доороос миний чийрэг цагаахан шилбэ гялалзана. Бурхан минь чи надад ямар гээчийн гоолиг бие хаа, ямар гээчийн гоо сайхныг хайрлаа вэ?. . .

          Би хэдийгээр залуу насыг нэгэнтээ өнгөрөөж, гуч шүргэж яваа ч гэсэн сайхнаараа байгаа бололтой. Гэтэл надад дахиад л тэдний тухай бодол, ямар нэгэн юм эхээсээ нэхэн шалах хүүхэд мэт эргэж хурган орж ирэх нь сонин. Миний амьдралд урьд нь байгаагүй, цаашдаа ч байхгүй байж мэдэх тэдний тухай яагаад би ингэж бодоод байгаа юм бол. Тэд гэж хэн юм бэ? Тэд гэж ердөө л арван жилийн ангийн хоёр. Тэд манай ангиас гарсан хосууд. Би тэдний тухай одоо байтугай арван жилд байхдаа ч боддоггүй байсан гэхэд болно. Осолдохгүй л анги гэж байхад тэнд хүүхэд байх ёстой бол тэдний л нэг байсан байх тэд. Тэр ч байтугай охин нь чухам ямар охин байж, хөвгүүн нь яг ямар банди байсан нь надад санагдахгүй байхад тэдний хоорондын хайртай дуртай хосууд байх нь бүр хамаагүй асуудал байсан хэрэг. Яах аргагүй л тэд манай ангид байсан. Тэдний хайр дурлал гэж ямар юм байдгийг би мэддэггүй, төсөөлдөг ч үгүй.
          Би өөртөө тохиолдсон дурлалыг л хайр дурлал гэж боддог байсан болохоос өөр бусдад тэр тусмаа тэдэнд тохиолдсоныг хайр дурлал гэж боддоггүй байлаа. Ерөөсөө тэдний тухай бодол надад хэзээ ч байгаагүй юм. Арван жилээ төгсөөд гурав билүү, дөрвөн жилийн дараа тэдэнтэй нэг тааралдсан. Сонин нь тэд цугтаа л байсан юм. Нөгөө охин нэг их том гэдэстэй жирэмсэн, хажууд нь нөгөөх нь нэгийг тэвэрчихсэн ч билүү, хөтөлчихсөн ч билүү за мэдэхгүй ээ, нэг л тийм хөглөрсөн хэдэн хүмүүс таарсан. Харсан даруйдаа “Эд нар чинь хэн билээ” гэж бодохын сацуу холын холоос нэгэн жижигхэн санамж наашилсаар “Эд нар танай ангийн хүүхдүүд” гэж шивнэх шиг санагдсан. Тэр даруй би тэдэнтэй нэг ангийхан гэнэт уулзах шиг, өөрөөр хэлбэл их л найрсагаар инээж хөөрөн уулзаж буй мэт болох гэсэн боловч нүүр ам буруу зөрүү таталдаад байх шиг санагдаад нэг л болж өгөөгүй. Тэдэнд ч гэсэн тиймэрхүү санагдсан байх.

          Гэхдээ тэдний нүднээс миний гоё сайхныг биширч буйг би төвөггүй ойлгож байлаа. Бид нэг тийм, хүүхдүүд нь сууж байгаад салсан худ ургийнхан тааралдсан юм шиг царайлж, бидний хоорондын яриа намар оройн салхи шиг зэрвэгэр хөндийдүү, асуулт хариулт төдий байсаар нэг их удалгүй салсан. Бараг хурдхан шиг салсан гэхэд болно. Тэднээс салаад явахдаа “Ийм хүмүүс хоорондоо хайр сэтгэлийн тухай чухам юу ярилцдаг бол? Бодвол бие биендээ хайртай гэж хэлдэг л байхдаа” гэж анх удаа би тэдний тухай бодож билээ. Арав хүрэхгүй хоромд тэдний тухай бодохдоо би тэднийг шоолсон, өрөвдсөн эсвэл бүр басамжилсан аль нь болохоо ялгаагүй юм. Гэтэл би тэднийг өнөөдөр дахин харсан.
          Би тэдний тухай бодлоосоо салахын тулд даашинзандаа дахин анхаарлаа хандууллаа. “Эмэгтэй хүн гэдэг сонин шүү. Шинэ хувцас, шинэ залуу, шинэ учрал гээд шинэхэн юм болгонд сэтгэл хөөрөн догдолж, энэхэн биендээ байхааргүй баярлаж чаддаг” . . .
Бишээ биш энэ бүгд нэг л худлаа болоод байна. Би өнөөдөр урьдынх шигээ үнэн голоосоо баярлан хөөрч чадахгүй байх чинь. Сэтгэл хөдлөхгүй биш их бага хэмжээгээр хөдөлж л байна л даа. Гэхдээ өнөөдөр нэг л биш. Энэ даашинзыг надад Долгион авч өгсөн. Тиймээ тэр авч өгсөн гэж бодохоор миний хүсэл сэтгэл нэг л унтраад байх юм. Би бас түүнээс уйдаж байгаа юм болов уу. Тэр нуруу туруу, царай зүс, бие хаа гээд хүүхнүүдийн дүгнэдгээр бол аятайхан л залуу. Тэр ч байтугай надаас дүүмэд.      
          Гэвч энэ бүхэн надад тийм сонин гэж үү. Залуухан, хорин хэдтэй байхдаа танилцсан залуу болгоноо харцаараа шинжиж, хооронд нь харьцуулж, хэн нэг нь нөгөөгөөсөө ямар нэгэн юмаараа илүү байх ёстой мэт боддог байж. Энэ бүгдийгээ найз хүүхнүүддээ ярьж үгүй ээ мөн их юм болдогсон. Тэр үед би эрчүүд гэдэг цагаа тулахаар хоорондоо ялгах юм юу ч үгүй яг адилхан гэдгийг мэддэггүй байж дээ. Тиймээ тэдэнд ялгаа байдаггүй юм.
          Магадгүй энэ Долгион бусдаасаа юугаараа ч юм дээр байж магад. Үгүй ч байж мэднэ. Гэхдээ Долгион чухамдаа хэн ч байлаа гэсэн үнэндээ бол намайг шохоорхогсодын л нэг. Эрчүүд гэдэг бол миний хувьд ээлжлэн өнгөрөх хорвоогийн саарал өдрүүд шиг, эсвэл ар араасаа нэгэн хэмээр хөврөх цаг хугацаа шиг тийм л санагдах болж.
          Өвс ногоо ургаж амжаагүй хаврын зэгэл саарал талд, хатсан хамхуул хаа нэгтэйгээс хийсэн ирж өнгөрсөн жилийн үхмэл цагаан дэрсэнд торж тогтох мэт миний сэтгэлд гуниг хуйрагнаж, гол зурлаа. Хэдийгээр би хүйтэн жавар дагуулсан энэ гунигийг хүсэхгүй байсан ч яах ийхийн зуургүй намайг жиндүүлэн ороов.

          Надад одоо толины өмнө байх миний оо энгэсэг, үнэртэн гоо, алт эрдэнэс биш харин тэдний нүүр царай, бие биенээ ширтэх халуун дулаахан харц харагдаж эхэллээ. Тэдний гэдэг маань миний өнөөдөр харсан ангийн хоёр шүү дээ. Шуудангийн хүлээлгийн их танхимд таарахдаа эхлээд бараг таниагүй ч нилээн хичээсний эцэст ангийн хосууд болохыг таньсан. Тэдний өмссөн хувцас нь муу, царай зүс дорой нөгөө л хэвээрээ. Охин нь бондгор охин байсан нь одоо бүр таргандуу намхан авгай болсон байсан. Түүнд минийх шиг бие хаа, хувцас хунар, үнэт эдлэл гээд үнэндээ надад байгаа бүхнээс юу ч байсангүй. Нөгөө хүү чинь ямар ч юм болчихсон байв даа. Нэг л тийм амьдралд дарлуулсан, худалч хүнд бол насаар нилээн ахимаг болчихсон харагдсан. Анзаараггүй үед таарвал бараг ахаа гээд дуудчихад болохоор.Гэхдээ тэд бас л цугтаан байцгаасан.
          Тэд намайг таньсан эсэхийг мэдээгүй. Жаахан залуухан байсан бол өөрийнхөө сайн сайхан явааг, өөрөөр хэлвэл тэднээс илүү яваагаа харуулж, яриа өдөхсөнж. Гэтэл би тэгээгүй. Тэр ч бүү хэл би тэдний өмнө ямар нэгэн буруутай мэт нүүр буруулсан. Гэхдээ миний харц надад захирагдахгүйгээр тэднийг нууцаар ажигласаар байсан нь гайхмаар. Тэднийг харж суухад гэнэтхэн миний дотор үл мэдэгдэх уур уцаар, ундууцал буцалж эхлэв. Яагаад тэгснийг би мэдээгүй. Тэд ямар нэгэн юм шивнэж, авгай нь амаа даран инээж, нөхрийгөө цааш нь түлхэнгээ нүдээрээ шилбүүрдэх нь “Нээрээ манай ангид нэг ийм хүүхэд байл уу” гэж бодогдохоор байв. Нэг л эв хавгүй мэт бие биендээ эрхлэх эдгээр үйлдлийг харж суухдаа би тэдний хооронд үл анзаарагдам жаргалтай мөч хөвөрч байгааг мэдэрч, “Магадгүй ийм байдаг учраас эд өдий хүртэл хамтдаа байгаа болов уу” гэж надад санагдаж байлаа.
          
          Үүнийг мэдрэх тусам түрүүний уур ундуу гэхээр хаашаа ч юм дээ нэг тиймэрхүү юм цээжин дотор минь ноцсоор байв. Надад бол зохиогүй мэт санагдах тэдний бие биенийгээ эрхлүүлэх аягийг би хараад суугаад байж чадсангүй. Өөрийн эрхгүй босож тэдний өмнүүр өчигдөрхөн Наран их дэлгүүрээс авсан зуун хорин долларын үнэтэй герман туфлийнхээ шовх өсгийг нилээн дуутайхан товор товор хийлгэн алхан өнгөрлөө. Даана ч тэдэнд анхаарах сөгөө алга. Бодвол тэдний өмсөж зүүсэн нь миний санаанд байхгүй шиг, миний туфльнээс гарах дуу чимээ, ямар ч эрийн нүдийг татдаг миний алхаа гишгээ, цагаахан шилбэ минь тэдэнд падлий байхгүй бололтой. Би тэдний хажуугаар зөрж өнгөрөхдөө өөрийгөө яагаад ийм тэнэг байдалд ороод байгаагаа ойлгохгүй байв. Юунд ингэтлээ атаархаж, сууж байсан суудлаасаа хүртэл огол хийн босож байгаагаа үл ойлгоно. Хамгийн гол нь тэгж боссоны хэрэг гарахгүй байгаад шаралхаад байгаа бололтой.
          Би чинь тийм жаахан охин биш шүү дээ. Гэнэт өөрийгөө анзаарч бие барьж байсан боловч гарт байсан сонин маань чичирч байгааг анзаарлаа. Юунд ховсдуулж, ямар байдалд ороод байгаагаа ухаарч, гадагшаа гарч хэсэг зогслоо. Зөрж өнгөрсөн залуус албатай юм шиг эргэн харж шүлэнгтэх нь нүднээ илт. Хэдийгээр энэ нь надад цаг үргэлж тохиолдож байдаг энгийн зүйл бөгөөд энэ байдлаас би ихээхэн таашаал авдаг ч одоо тэднийг үзэн ядаж эхлэв. Сайндаа ч биш л дээ. “Эд нар ингэж үхэх гэж байхад тэр муу ноорхой залуу, махлаг шар авгайгай хүн аваад явчих гэж байгаа юм шиг гараас нь атгачихаад, намайг анзаарахгүй байхдаа яахав дээ” гэж бодохоор дотор улам бүр арзагнав. Би тэр чигээрээ явмаар санагдавч чадсангүй хөл маань намайг өөрийн эрхгүй танхим руу эргүүлэн орууллаа.
          Дахин тэдний өмнүүр алхан өнгөрөхдөө барьж явсан сонингоо алдчихлаа. Түүнийг авах гэж тонгойход миний хагас онгорхой энгэрээр цухуйх хоёр хөхний минь хооронд сувдан шигтгээтэй цагаан алтан зүүлт гялтганан байхыг ямар ч хүн сохор л биш бол анзаарахгүй байхын аргагүй гэдгийг мэдэж байв. Нүүрлүү минь намиран унжсан хүрэн үснийхээ завсраар тэднийг хальтхан харсан боловч ангийн тэр хөвгүүн биш харин эгнүүлэн тавьсан сандлын үзүүрт сууж байсан шал өөр залуу үсрэн босож надад сонин авахад тусаллаа. Би залууд баярлалаа гэж наалинхай дуугараад, урд нь сууж байсан сандалдаа суулаа. Одоо миний зөвхөн гар биш бүр хоёр, хамаг бие салганан чичирч байв. “Тайвшир, тайвшир” гэж өөртөө шивнэн хэсэг суув. Сүүлдээ би энэ танхимд яах гэж орж ирснээ, одоо яах гэж суугаад байгаагаа ойлгохгүй болж эхлэв. Уг нь би тэдэн дээр “Сайн байцгаана уу” гээд л оччихвол болчих гээд байлаа. Гэтэл би тэгсэнгүй. Яагаад ч юм тэд л намайг харах ёстой юм шиг санагдаад болдоггүй.

          Би сонингоо харж байгаа дүр үзүүлэн нөгөө хоёрлуу дахин нүд гүйлгэлээ. Тэгтэл надад илтэд оворжуу харагдах ангийн хүү маань эхнэрлүүгээ ёстой тийм гэхийн аргагүй халуун дулаан хайраар харж байхыг би анзааарав. Яг л кинон дээр гардаг шиг. Бүр удаашруулж ирээд үзүүлдэг шиг тийм л мэдрэмж надад төрөх нь тэр. Би сууж тэссэнгүй. Шууд босож гараад хурдан хурдан алхлаа. Амьсгаа давхцаад өөрийн эрхгүй орчноо анзаарах сөгөөгүй болж эхэлсэн байх. Миний алхаа хурдассаар сүүлдээ юунд ч юм яарсан хүн шиг гүйлээ. Бүр чадах хэмжээгээрээ л хурдан гүйв. Дотроос нэг юм огшиж ирээд хоёр нүднээс жолоогүй мэт асгарах нь тэр. Нүдний буланд нэг сандал харагдахад нь лагхийн сууж аваад цээжнийхээ голоос енгэнүүлэн уйллаа. Яагаад уйлаад байгаагаа ойлгосонгүй.

          Тэр залуу авгайруугаа тэгж харсан нь миний уйлах шалтаг гэж үү. Хэсэг хугацааны дараа “Охин минь одоо уйлаад яахав. Дахиад нэгийг авчихгүй юү дээ” гэх дуунаар сая ухаан орон харвал нэг настайвтар хүн миний гутлын өсгийг надад өгөх нь тэр. Хэр удаан уйлснаа анзаарсангүй. Тэр ч байтугай өнөө үнэтэй туфлийн маань өсгий хугарсныг ч мэдээгүй байж. Би гэрлүүгээ нэг сүг шиг юм алхаж ирсэн. Будгандаа халтартсан нүүртэй, хугархай өсгийтэй туфль угласан намайг зөрж өнгөрөгсөд ёстой нохой үзсэн чинээ тоохгүй байцгаасан юм. Нөгөө шүлэнгэтэж үхэх шахсан эрчүүдийн тачаадсан харцнууд хаачсан юм бүү мэд. Шургачиж уначих гээд гөлрөөд явдаг тэд бодвол намайг тойруулан өөр нэгнийг хайж байсан байх. Хүний хорвоо гэж ерөөсөө л ийм ажээ.
          Гэртээ ирээд би сэтгэлээ тайвшруулах гэж Долгионы өгсөн даашинзыг өмсөж өөрөө өөрийгөө аргадаж байгаа нь энэ. Өөр хэн намайг аргадах билээ дээ. Тэдний тухай дахин бодсоны дараа миний царайд түрүүний баяр баясал ор мөргүй алга болчихов. Өмссөн гоёлын даашинз маань зүгээр л нэг цас мөсөнд угалчихсан мэт зохимжгүй, хүйтэн харагдаж, нөгөө байдгаараа дэрвэж байсан хормой нь нормойн унжжээ. Хүний сэтгэл гэдэг хормын төдийд ор мөргүй өөрчлөгдөх нь сонин. Би олон л эрчүүдтэй найзалж, үерхэж цаашилбал ор дэрэндээ орж явсан. Тэднийг би андахгүй. Тэд бүгд өөрсдийгөө өөр гэж боддог байх. Гэвч эхнэртэй ч бай, эхнэргүй ч бай тэд бүгд адилхан. Ялангуяа эхлэл төгсгөл нь. Яагаад ч юм би өдий гуч хүртлээ хайр гэдгийг амссангүй.

          Миний аз дутахад хамгийн анхны эр хүн маань эхнэртэй, баян чинээлэг хүн байсан юм. Ор дэрэндээ адуу мал шиг тэр эр бүх юм дууссан хүн огт өөр, бүр танихгүй хүн шиг болчихдог байж билээ. Анхны тэр эрийн надад баруун солгойгүй цацах мөнгийг би надад юугаа ч хайрлахгүй тэмүүлсэн хайр байна гэж андуурсан юм. Бурхан надад ийм хөөрхөн царай зүс, ийм сайхан бие хаа заяасанд би бахархадаг байлаа. Одоо бодоход эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж амьдралаа яагаад тэгж алдаагаар эхэлснээ би ердөө ойлгодоггүй. Үнэндээ бол хайр гэдгийг мэдэлгүй өдий хүрчээ. Би ганцхан юм мэдэрсэн нь сайхны өмнө бүх юм үнэгүй.
           Тийм ч учраас надад бүх юм байна гэж бодсоор өдий хүрсэн. Гэтэл надад байхгүй юм гэж байдаг юм байна гэдгийг ангийнхаа залуугийн эхнэрлүүгээ харсан тэр харцнаас мэдрэх юм чинээ яахан санах билээ. Гэхдээ очиж очиж царай муутай дорой төрсөн тэр залуугаас шүү.

          Миний өнгөрүүлсэн амьдралд намайг нэг ч эр тийм хайр шингэсэн гэгэлгэн харцаар харж байгаагүй юм. Миний хоолой зангирч, “Намайг, намайг . . .” миний бодол гацаж эхлэв. Хоолой дээр юм аргаж, дотроос нэг түрэн огшиж хоёр нүднээс халуу шатуулан асгарч эхэллээ. “Тиймээ, намайг зөвхөн хүсэл тачаалдаа улайрч, улангасан шүлэнгэтсэн, унтаж хэвтэхийн тулд юугаа ч өгөхөөс буцахгүй тийм л эрүүл, согтуу, эрэгчин нүднүүд хардаг байсан. Харин тэр нүднүүд хамаг юм дууссан хойно хавчиганаж, хулганасан арчаагүй нүд болж хувирдаг юм. Тэднээс сэтгэл гэж юм надад үлдэж байсан гэж үү. Үгүй. Тэднийг аахилж уухилсаар дууссаны дараа надад зөвхөн усанд орох л хүсэл төрдөг. Ерөөсөө л энэ. Өөр бидний хооронд юу ч байдаггүй. Тэгэхээр яаж надад тэр сайхан хайр мэдрэгдэх вэ дээ. Эцсийн эцэст хайр гэдэг царай дагаж ирдэггүй юм биш үү дээ. Ээ, чааваас гэж . . .”

          Би гэртээ ганцаараа байгаа болохоор цурхиран уйллаа. Гэрт хүйт даан зэвхийрч, миний уйлах гиншээн өрөө өрөөгөөр дамжин гингэнэж, таг нь онгорхой хайрцагнаас миний зүүлт сэлт намайг шоолон даажигнах мэт гялтганана. Намайг доромжилсон тэдгээр зүйлсийг би чадлынхаа хэрээр цацаж хаялаа. Бэлэг нэртэй тэдгээр зүйлсийн дунд сэтгэлийн бэлэг ганц ч байгаагүй юм. Тэр бол зүгээр л унтаж хоносон, давшлан дайрч тачаал юугаа тайлсны төлбөрүүд байлаа. Хамгийн сүүлчийн төлбөр болох гоёлын даашинзыг өөрийн биенээсээ салгахын тулд урж тасдаж, улангасан зулгааж эхэллээ. Даан ч тэр болгоныг миний турьхан гар эс дийлнэ. Яг миний амьдралыг баглаж авсан харанхуй хувь заяа шиг энэ даашинз миний биеийг хүлж авчихаад салж өгөхгүй зууралдсаар байгаа нь бүр ч хорсолтой. Тэгэх тусам би улам бүр улайран хоёр гартаа тааралдсан болгоноо үгтээн зулгааж, тарааж, цацаж, хааш нь ч хамаагүй шидэлж, хамаг чадлаараа хашгирч байлаа.

          Миний хашгиралтанд хавчиг өрөөний минь цонх харшин ёолж байсан байх. Нэг мэдэхэд үс нь сэгсийж, нулимсандаа халтардсан нүүртэй, аль хэдийн нүцгэрсэн сүг шиг дүрснүүд толины хагархайгаар хувилан харагдаж байв. Магадгүй би унтаж хэвтсэн залуусынхаа тоогоор харагдаж байсан ч болох юм. Энд тэндээ шалбарч урагдсан гоо сайхан биеэ харж би анх удаа л “Бурхан минь чи надад юу гээчийг өгчих нь энэ вэ?” үнэн голоосоо харамсан гомдов. Миний хувь заяа хэдийгээр миний л ухаангүйгээс болсон гэдгийг мэдэж байсан ч, аав ээжээс надад заяасан энэ гоо сайхнаас болсон мэт санагдаж, надад ангийнхаа тэр охиных шиг өөр бие заяасан бол хайр гэрэлтсэн өөр нүд намайг ширтэх байсан юм шиг бодогдож байв. Энэ бол орчлонд ганцаардсан, аргаа барсан эм хүний арчаагүй бодол байлаа.
          Би гэж үзээрийн амьтан салгалж чичигнэсээр шилний хагархай дээр гишгэчихгүйн тулд догонцон явсаар хөсөр шидсэн цүнхээ авч, тамхи гарган асаалаа. Дотор уужирч сайхан болж байх шиг. Хамаг бие салгалахаа больж, тайвширч байгаа бололтой.
Сая энд юу ч болоогүй юм шиг өрөөнд нам гүмхэн. Толины хагархайд өөрийгөө харвал биеэ сул хаян сулбайж суугаагаа сая анзааран нуруугаа цэхлэн биеэ чангалаад, нүцгэн ч гэсэн сүмбэ шиг хоёр хөлөө солбин ачлаа. Өөрийнхөө байж байгааг дахин харж, шоолох сэтгэл төрөн жуумалзан инээв. Тэгснээ би “За одоо нэг хэсэгтээ гайгүй биз” гэж бодоод санаа алдлаа. Тиймээ, би одоо бараг нэг жилдээ дажгүй. Шалан дээр хөглөрөх ундуй сундуй юмнуудаас үнэт эдлэлүүдээ түүж, уранхай даашинзыг авч цааш нь шидэх зуураа
“Энэ даашинз үнэхээр гоё зохиж байсан юмсан. За яахав. Өнөө маргаашдаа амраад нөгөөдрөөс Долгионтой уулзахад дахиад нэгийг авхуулчихаж дөнгөх байлгүй дээ” гэж бодлоо . . .

http://chamtaihamt.miniih.com/

Бичсэн: Telnet | цаг: 15:10 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax