2011-09-27
CV-г дагалдах зурвасыг хэрхэн бичих вэ?
Ажил олгогчийн анхаарал төвлөрөх хэдхэн секунд: нэг, хоёр, гурав... Энэхэн хугацаанд л таны энэ зурвас болон CV- г анхааралтай унших үгүй нь шийдэгддэг. Таны материал бүхий электрон шууданг нээхэд ажил олгогчийн нүдэнд хамгийн түрүүнд тусдаг зүйл бол таны дагалдах зурвас, тэгэхээр энэ захиагаа эхнээс нь л зөв бичээгүй бол та эхний хэдэн секундэд л ялагдана гэсэн үг: таны CV – г нээж харах нь битгий хэл энэ богинохон захиаг чинь ч дуустал нь уншихгүй устгах магадлал өндөр!


Ихэнхи хүмүүс CV- гээ дангаар нь шахуу явуулсан байдаг, сайн л бол “би тийм хүн, тийм материал явууллаа” гэхээс цаашгүй дагалдах зурвастайгаар. Энэ бол тун буруу гэдгийг баттай хэлэх байна. Дагалдах захиагаа та CV – гээ жаахан дэлгэрүүлэх-тайлбарлах байдлаар, мөн хамгийн гол нь тус компанид ажиллахыг хүсч байгаа шалтгаанаа дурьдах ёстой, зүгээр ч нэг биш, сэтгэлийн хөдөлгөөн энэ тэрээ нэмж байгаад ажил олгогчийн зүрх сэтгэлд хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй юм. Мөн, өөрийнхөө тухай эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд захиагаа бичихдээ дараахь хэдэн зүйлийг бодож бичээрэй:

1. Захианы чинь гарчигнаас ажил горилж буй нь шууд харагдах ёстой. Дараа нь ямар орон тооны тухай ярьж байгаагаа, орон тоо нээлттэй байгаа тухай хаанаас мэдсэнээ бичнэ.

2.Дагалдах захиа гэдэг бол өөрийн чинь намтар биш! Амьдрал, түүх намтраа бичих хэрэггүй. Ажил олгогчийн шаардлагад та хэр нийцэж байгаа вэ, тэр тал руу л гол утга нь чиглэсэн байх учиртай. “Би”, “Миний”, “Намайг” гэх үгсийг бага шиг хэрэглээрэй, харьцаагаа дөнгөж эхлэх гэж байж “би, би” гээд байх нь зохимжгүй.

3.Нөгөөтэйгүүр, хэтэрхий аяархнаар “би” гэх нь бас буруу. Ихэнхи хүмүүс гуйсан маягаар бичдэг “тэгэж өгнө үү?”, “тэгэхийг зөвшөөрнө үү” гэх зэргээр. Энэ нь таны өөртөө итгэлгүй, сул дорой, мэргэжилдээ гоц биш нэгэн гэж л харуулахаас гадна бусдаас огт ялгаруулж харагдуулахгүй гэсэн үг. Гуйсан, долгиносон өнгө аястай захиа ажил олгогчийн сонирхолыг нэг их төрүүлдэггүй. Тэгэхээр, “Танайд байгаа тийм орон тоонд горилж байгаа тул миний CV – г судлаад танайд ажиллах боломж олгож өгнө үү” гэхийн оронд “Танайд ажлын өндөр үр дүн үзүүлж чадах худалдааны төлөөлөгч хэрэгтэй байгаа юм байна. Энэ нь миний зорилгод яг тохирч байна: би энэ салбарт гурван жил ажиллаж чамгүй туршлага хуримтлуулсан учраас үүнийгээ ашиглан танай борлуулалтыг нэмэгдүүлж ажлын амжилт, карьераа өсгөх сайхан боломж гэж харж байна” гэх маягаар бичвэл дээр.

4.Дагалдах зурвас гэдэг бол таны реклам. Энэ цөөн үг бүхий зурвас хөдөлмөрийн зах зээл дээр таныг мэргэжилтэн гэдэг утгаар чинь “борлуулах” зорилготой реклам. Тэгэхээр, яагаад чухам таныг ярилцлаганд урьж таны мэргэжлийн ур чадвартай нарийвчлан танилцах ёстой вэ гэдэг гол шалтгаануудыг дурьдаад өгөхөд буруутахгүй. Өөрийнхөө хүрсэн гол амжилтуудаасаа дурьдаад, тухайн орон тоонд тохирно гэдгээ баталсан хоёр гурван “зүйл анги” биччихвэл маш сайн. Жишээ нь, “харьцааны өндөр чадвартай” гэхийн оронд “Олон удаа олны өмнө гарч үг хэлж байсан... томоохон үйлчлүүлэгч нартай хэлэлцээр хийх арвин туршлагатай” гэж бичсэн нь дээр. Өөрөөр хэлбэл, “харилцааны соёлтой, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвар сайтай” гэх мэтийн улиг болсон загвар хэллэгүүдээс аль болох татгалзах хэрэгтэй: нэгдүгээрт, итгэхгүй, хоёрдугаарт – бүгд л тэгэж бичдэг учраас та бусдаас ялгарахгүй!

5.Олон юм нурших хэрэггүй. А4, 12 –ын хэмжээгээр бичихэд тал хуудсаас илүүгүй байх хэрэгтэй, урт захиа шууд л хогийн сав руу чулуудагдана: уншихаас төвөгшөөнө, хоёрт, профессионал биш хүн байна гэдэг нь шууд харагдах тул уншаад ч хэрэггүй гэж үзнэ. За ингээд бичсэн зүйл чинь тал хуудаснаас илүү гарчихаад байна уу? Чухал бус мэдээлэл оруулсан байна гэсэн үг! Унш, 1,2,3... унших тоолондоо тийм ч чухал биш зүйлийг хасаад бай. Зөвхөн, ажил олгогчид чухал мэдээллийг л үлдээ. Ажил олгогч үүнийг чинь үнэлнэ, бүү эргэлз: голыг нь оноод, эрэмблээд тавьчихаж чаддаг хүн хаана ч хэрэгтэй!

6.Ямар орон тоонд горилж байгаагаа дурьдахаа мартав! Таны захиаг унших хүний нөөцийн ажилтан хэд хэдэн орон тоонд горилж байгаа зуу зуун хүний CV болон захианд дарагдчихсан сууж байгаа гэдгийг бодож үзээрэй.

7.Таны ирээдүй – таны гарт гэдэгтэй адил, үйл явдлын цаашдын хөврөлийн санаачлагыг аль болох өөртөө авахыг хичээвэл зохино. “... хариу хүлээж байна... утасдана уу...” гэх мэтээр бичсэнээс “...гарч болох асуултуудад хариулах зорилгоор хэд хоногоос би холбоо барих болно...” гэж бичвэл дээр. Гэхдээ, өөрийнхөө нэр ус, утсыг захианыхаа төгсгөлд заавал бичих нь мэдээж.

8. Захиагаа найруулж дууссан бол одоо сайтар хянах техникийн ажиллагаа л үлдлээ. Маш анхааралтайгаар үг үсгийн алдаагаа хянаж засаарай, дүрмийн алдаагүй захиа явуулах – таныг тодорхойлох маш чухал зүйл!

Жишээ 1:

Чингисийн өргөн чөлөө, 15

“.... ХХК”

Хүний нөөцийн хэлтэст

www...... сайтаас /сониноос/ залуу боловсон хүчин сонгон шалгаруулж байгаа тухай мэдсэн юм. Танай компаний тухай олон сайхан зүйл сонссон ба өөрийгөө танай шаардлагад бүрэн нийцэж байгаа гэж үзэж байгаа тул CV- гээ илгээж байна.

МУИС – д сурч байхдаа маркетинг, санхүүгийн талаар олж авсан мэдлэгээ танай компанид амжилттай хэрэгжүүлж чадна гэж үзэж байна. 2010 онд “... ХХК”-д зуны дадлага хийхдээ хүнтэй ажиллах үндсэн аргачилалуудыг сайн эзэмшсэн: сонголт, сургалт, боловсон хүчний бичиг баримтын боловсруулалт.

Би компьютер дээр чөлөөтэй ажилладаг, англи хэлээр чөлөөтэй ярьж бичдэг, жолооны үнэмлэхтэй.

Оюутан солилцооны хөтөлбөрөөр Японд нэг жил сурсан минь олон улсын хамтарсан компанид ажиллах хүслийг маань улам бадрааж өгсөн юм. Миний CV-г үзэж хэлэлцэж байгаад тань гүн талархал илэрхийлж байна. Та бүхний асуултанд дуртайяа хариулах болно.

Хүндэтгэсэн,

Д. Дорж

Хавсралт:

CV /анкет/

Дээрх захиа тийм ч төгс бус байна. Учир нь, яагаад энэ ажилд санаархаж байгаа нь тодорхой биш байна. Мөн энэ захиаг бичсэн хүн боловсорсон сайн, туршлагатай мэргэжилтэн гэдэг нь ч харагдахгүй байна.

Тухайн компанид орж ажиллаж компаний хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулах талаар бодож сэдсэн зүйл алга гэх мэт энэ дагалдах зурвасд олон дутагдал байгаа биз?

Харин доорхи байдлаар бичвэл ажилд орох “шанс” эрс өснө:

....... танай компанид сургалтын хэлтсийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт хийж байгааг мэдлээ.

Боловсон хүчнээ дотроо сургах замаар борлуулалтынхаа түвшинг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын хэлтэс шинээр байгуулж байгаа бөгөөд энэ ажлыг үр өгөөжтэйгөөр гардан зохион байгуулах хүн хэрэгтэй байгаа юм байна гэж ойлголоо.

Танай компаний тухай нэлээн мэдээлэл цуглуулж судласны эцэст, компаний онцлогтой уялдсан, боловсон хүчний сургалт, хөгжлийн систем – дотоод сургалтын хэлтсийг байгуулж чадна гэж хариуцлагатайгаар хэлэх байна.

Уулзах үедээ миний хийх гэж байгаа ажлын үр дүн компанид ямар ашиг өгөх тухай тодорхой ярилцахад бэлэн байна. Миний боловсрол, чадвар, туршлагын тухай товч мэдээллийг хавсралтаар илгээсэн CV- гээс үзнэ үү.

Хүндэтгэсэн,

Д. Дорж, утасны дугаар 12345678

Энэ зурвасаас, Дорж гэдэг хүн компанийг сонирхон судалж өөрийн төслийг боловсруулсан байгаа нь харагдаж байгаа тул энэ хүнийг ярилцлагад урих нь дамжиггүй, тийм биз? Харин, үнэхээр, ярилцлаганд очоод ярих юмтай байх хэрэгтэй нь мэдээж.

Бэлтгэсэн Ё. Одончимэг

http://zaluu.com/
Бичсэн: Telnet | цаг: 13:42 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Баярлалаа, үнэхээр бодууштай зүйл байна. Өмнө нь огт бодож байсангүй. Дахин баярлалаа
Бичсэн: Зочин цаг: 21:07, 2016-08-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax