2010-10-20
Орчин цагийн "Хүжийн гал"

Орон сууцнуудын орц хонгилыг цэвэрлэн, харуул манааны үүргийг хамтад нь үүрэн СӨХ-ны ажилд тусласныхаа хариуд тэндээ нэг буланд хоног төөрүүлэх булан эзэмших "хүн"-ийг орцны жижүүр гэж нэрлэнэ. Тэд ихэнхидээ амьдралд нухлуулсан, ядуу тарчиг боловч архи дарсанд толгойгоо мэдүүлчихээгүй байх ба нилээд ажилсаг хүмүүс зонхилдог бололтой.  
Миний амьдардаг орон сууцны орцонд нэгэн гэр бүл дээр өгүүлсэн жишгээр амьдардаг болов. Ирээд 3 сар ч болоогүй байгаа энэ гэрийн эзэн нь гагнуурчин хийдэг, өдөр бараг үзэгдэхгүй, эхнэр нь орцны жижүүр, өдөржин шал шавартай зууралдаж тонгочдог, бага насны 2 охинтой тухай ээж маань надад "тагнуулын мэдээлэл" хүргэсэн юм.
Ямартаа ч тэднийг ирсэнээс хойш манай орц тун чиг цэвэрхэн байх болсон ба сэтгэл дагасных уу дулаахан ч болсон юм шиг санагдаад сэтгэлд өег.
Орцны жижүүрийн хоёр охины бага нь 3 ой дөнгөж өнгөрч байгаа бололтой, том нь нэгдүгээр ангид сурдаг гэмээр харагдана. Хоёр охин умгар гэртээ багталцахгүй болоод ч тэр үү орцонд тоглож байхтай нь элбэг тааралдана.
Саяханы нэгэн орой ажлаа тараад орцруугаа орж явтал дээд давхарт жаахан охин ямар нэгэн юм үсэглэн унших сонсогдлоо.

Шатаар өгсөн дээд давхарт гарч хартал нөгөө орцны жижүүрийн хоёр охин орцонд жижигхэн сандал гаргаж ирээд суучихсан, бага нь эгчийхээ мөрийг налчихсан, том нь номоо ихэд хичээнгүй уншиж байхтай таарав. Намайг тэдэнрүү дөхөж очиход надруу огтхон ч сатаарсангүй номоо үргэлжлүүлэн үсэглэсээр... Хажуугаар нь гарах үед номоо ширтсэн чигээр хөлөө татаж надад зам тавьж өгөв. Тэдний хажуугаар өнгөрч явахад хичээнгүйлэн унших дуу сонсогдсоор хоцорлоо. Хүнд нөхцөлд хичээнгүйлэн сурч амьдралын төлөө тэмцэж буй охин сэтгэлийг минь ихэд хөдөлгөж орхив.

Энэ зургийг дарах үед дүү нь гэртээ орчихсон байлаа.

http://3apaa.blogspot.com/

Бичсэн: Telnet | цаг: 21:16 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих