2010-04-05
Ертөнцийн гурав

Бага байхдаа “Ертөнцийн гурав”-ыг цээжлэж байсан ч саяхныг хүртэл нэг их анзаарсангүй. Гэсэн үнэхээр хамгийн гайхалтай тэгээд хамгийн сонирхолтой зүйл байна шүү.
Үндэстэн бүрд өөрсдийн гоозүйн сургаал гэж байдаг. Тэгэхээр “Ертөнцийн гурав” бүхэлдээ манай монголчуудын гоозүйн нарийн сургаал гэж болох.

Мөн та “Ертөнцийн гурав”-ыг бүрэн уншиж үзээгүй бол та заавал уншиж үзэх хэрэгтэй. Манай ард түмний сэтгэлзүй, ёс заншил, гоо сайхны сэтгэлээ гээд тэр чигтээ бүхэл бүтэн агуу философи агуулсан бүтээл юм. Хорвоо дэлхий, хүмүүний амьдралын аливаа зүйлсийг таниулан, сургамжилж өгүүлэхдээ бүхэл бүтэн ертөнцийг гуравхан үгэнд багтаан оновчтой тодорхойлон гаргаж чадсан нь гайхамшиг. Монгол үндэстэн ямар агуу соёлтой, ухаалаг ард түмэн байсны хамгийн товч тодорхойлолт болох юм.
Ингээд “Ертөнцийн гурав” -ыг уншиж үзэцгээе.
АРИУН
Ургаж байгаа арц нэг ариун
Уугиж байгаа хүж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун

Эх хүний сэтгэл нэг ариун
Эх орончийн зүтгэл нэг ариун
Энх тайвны үйлс нэг ариун

БАГА
Өвс ургасан нуур бага
Эрээгүй эхнэр бага
Ахлагчгүй албат бага

БАРААН
Малгүй айлын хот нэг бараан
Өнчин хүний элэг нэг бараан
Эрдэмгүй хүний тархи нэг бараан

БАРДАГ
Зуудаг нохой шүдээ бардаг
Зусарч хүн үнээ бардаг
3уйрган хүн зулгаа бардаг

БАРДАМ
Хад сайтын үнэг бардам
Хадам сайтын хүргэн бардам
Ноён сайтын албат бардам
Нохой сайтын хот бардам

БАЯН
Эрдэм ном дээд баян
Үр хүүхэд дунд баян
Эд хөрөнгө адаг баян

Газар усаар баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян

Эрдэмтэй хүн нэг баян
Өргүй хүн нэг баян
Хүүхэдтэй хүн нэг баян

Дэлхий өвсөөр баян
Далай загасаар баян
Дээдэс (огторгуй) одоор баян

Далай лам жанчаар баян
Дайтуу хот зоосоор баян
Хөх тэнгэр одоор баян
Хөрст дэлхий үндсээр баян

БЭЭРЭГ
Үүрээ засдаггүй шувуу бээрэг
Өвлөө мартсан аж ахуй бээрэг
Өтөг бууцгүй мал бээрэг

БЭРХ
Замгүй давааг давахад бэрх
Зангилсан үгийг тайлахад бэрх
Зааны соёог залахад бэрх

Чулуун дээр ногоо ургуулахад нэг бэрх
Усан дээр гал түлэх нэг бэрх
Үхрийн эвэр дээр цас тогтох нэг бэрх

БУГ
Харамч эм гэрийн буг
Хавтгай түлээ галын буг
Хагсан ховоо худгийн буг

БОЛГООМЖИТ
Голио үөр ирэхийг болгоомжлон өндөрт гарч зогсоно
Тогоруу дэлхий цөмөрхийг болгоомжлон сэм сэм алхална
Мэлхий тэнгэр унахыг болгоомжлон дээшээ харж хэвтэнэ

ДАВХРАГАТАЙ
Өндөр тэнгэр үүлэн давхрагатай
Өвсөн дэлхий цасан давхрагатай
Өргөн далай мөсөн давхрагатай

ДОГШИН
Өндөр дээрээс унасан чулуу нэг догшин
Эмээлээ туйлсан морь нэг догшин
Эхнэрээ голсон хархүү нэг догшин
Эрэг уруу буусан ус нэг догшин

ДӨТ
Сарны гэрэлд нар дөт
Насны туршид хань дөт
Ноёны хэрэгт боол дөт

ДУНД
Сал, онгоцноос салбал далайн дунд
Саадаг нумнаас салбал дайсны дунд
Сайн мориноос салбал талын дунд

ДУТУУ
Уул бүслүүргүй нэг дутуу
Далай таглаагүй нэг дутуу
Тэнгэр баганагүй нэг дутуу

ГАЙХАМШИГ
Yйлэнд уран гайхамшиг
Yгэнд цэцэн гайхамшиг
Дайнд баатар гайхамшиг
Далайд усч гайхамшиг
Номд мэргэн гайхамшиг
Нойронд сэргэг гайхамшиг

ГАДНА
Харьд очдогоороо хүүхэн гадна
Хал үздэгээрээ гар гална
Хар нүднээс хөмсөг гадна

ГАЛЗУУ
Өвсөнд орсон түймэр нэг галзуу
Эмээлээ хөглүүлсэн морь нэг галзуу
Эргээ хальсан ус нэг галзуу

ГАШУУН
Нуурын давс нэг гашуун
Уулын сармис нэг гашуун
Далайн ус нэг гашуун

ГЭМШИЛ
Нумгүй явбал ан дээр гэмшил
Номгүй лам хурал дээр гэмшил
Үйлгүй хүүхэн өгсөн газарт гэмшил

ГҮН
Их далайн ёроол гүн
Эрдэмтэй хүний санаа гүн
Энх төрийн бодлого гүн

ЗОВДОГ
Үхэр туусан хүн хүрэн хүртлээ зовдог
Үр муут хүн үхэн үхтэлээ зовдог
Үндэс муут мод унан унатлаа зовдог

ИХ (ЭХ)
Амьтны их-загас
Идээний их-цай
Эдийн их-хадаг
Гэрийн их-урц

ИХТЭЙ
Гахай -идэш ихтэй
Могой -уур ихтэй
Тахиа -тачаал ихтэй

МУРУЙ
Урсгал ус нэг муруй
Ургаа мод нэг муруй
Урт зам нэг муруй

НОГООН
Усанд замаг ногоон
Хаданд хаг (хөгц) ногоон
Дэлхийд ногоо ногоон

Хад нь хар ч хагд нь ногоон
Элэг нь хар ч цөс нь ногоон
Ус нь хар ч замаг нь ногоон

Хаданд хөгц ногоон
Шүрэнд номин ногоон
Усанд замаг ногоон

Тагт ургасан арц ногоон
Тайгад ургасан хуш ногоон
Талд ургасан зээргэнэ ногоон

Ургаж байдаг ногоо ногоон
Усанд байдаг замаг ногоон
Гэзгэнд байдаг оюун ногоон
Гэдсэнд байдаг цөс ногоон

ОЛДДОГГҮЙ
Хаднаас хальж үхсэн хаг шаазгайн мах нэг олддоггүй
Модноос унаж үхсэн морин шоргоолжны мах нэг олддоггүй
Хийдэд суугаад турж үхсэн гэлэнгийн мах нэг олддоггүй

ОЛОН
Худалч хүний нээрээ нь олон
Хуурамч хүний хөөрхий нь олон
Хуудуу хүний за нь олон

Залхуу хүнд шалтаг олон
Залгаж хэрэглэхэд үг олон
Залуу бэрд хань олон

Эцсэн моринд ташуур олон
Ядарсан эрд ноён олон
Өдрийн хоолонд эзэн олон
Өнчин хүнд ноён олон

Сайн хүнд тал олон
Муу хүнд ял олон
Сайн явахад садан олон
Саар явахад дайсан олон

ӨМХИЙ
Үхэр шарын хамар өмхий
Үлээсэн гүзээний дотор өмхий
Үхсэн малын хүүр өмхий

ӨШӨӨТЭЙ
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
Улай татсан газарт үхэр өшөөтэй

САЙХАН
Зөөж буухад зүлэг сайхан
Зөвлөж ярьхад аав сайхан
Эргэж буухад ээж сайхан
Эргүүлэн мөлжихөд хүзүү сайхан

Жигдэрсэн оддын дунд сар сайхан
Жигүүртэн шувуудын дунд тогос сайхан
Зэрэглэж ургасан моддын дунд галиварваасан сайхан

Арван тавны сар сайхан
Атар газрын цэцэг сайхан
Аав ээжийн сургаал сайхан

Аваагүй байхад авгай сайхан
Алаагүй байхад үнэг сайхан
Амсаагүй байхад архи сайхан
Унаагүй байхад морь сайхан

САЙН
Далайд усч-сайн
Нойронд сэргэг-сайн
Номонд мэргэн-сайн

ТАНСАГ
Агаарт байдгаас сар тансаг
Дэлхийд байдгаас цэцэг тансаг
Араатанд байдгаас арслан тансаг

МАГТАНА
Эрхэм тэнэг морио магтана
Дунд тэнэг эхнэрээ магтана
Адгийн тэнэг биөэ магтана

ТОМ
Оосор бүчгүйгээс орчлон том
Оёор оломгүйгээс далай том
Орой хязгааргүйгээс огторгуй том

ТҮЛХҮҮР
Эрдмийн түлхүүр багш
Амьдралын түлхүүр агаар
Ажиллахын түлхүүр ухаан (арга)

ТУС
Төрөхөд халамжлахьн тус
Өсөхөд сувилахын тус
Үхэхэд яс барихын тус

ҮГҮЙ
Элэг бүтэн хүн үгүй
Мөчир бүтэн мод үгүй
Үс бүтэн толгой үгүй

Худгийн ёроолд загас үгүй
Хууч үгэнд худал үгүй
Хөндий тэнгэрт шат үгүй

ҮНЭГҮЙ
Хуралд номгүй банди үнэгүй
Хуриманд хувцасгүй хүүхэн үнэгүй
Худалдаанд шүдгүй тэмээ үнэгүй

ҮНЭН
Төрсний эцэст үхэх үнэн
Хураасны эцэст үгүйрэх үнэн
Хурсны эцэст тарах үнэн

УЛААН
Жавартай тэнгэрийн хаяа улаан
Жаргалтай хатны хацар улаан
Жартгай хүний нүд улаан

Тэнзэн малгайны залаа улаан
Тэргүүн тайжийн жинс улаан
Жаран сайдын залаа улаан
Зуудаг нохойн ам улаан
Зуудаг буурын шил улаан
Алсан малын цус улаан
Алаач хүний ганзага улаан
Хадтай газрын үнэг улаан
Модтой газрын зодог улаан

Жалганд ургасан сухай нэг улаан
Жаварт гүйсэн үнэг нэг улаан
Зуудаг нохойн жавж нэг улаан

УРТ
Худалч хүний хэл нь урт
Хулгайч хүний гар нь урт

ХАЧИН
Алгандаа хөхтэй арслан нэг хачин
Амаа байтал шилээрээ дугардаг голио нэг хачин
Амрагын дээд аав, ээж хоёр золгодоггүй нэг хачин

Мэлхийн мээм (хөх) нүдэндээ байдаг нэг хачин
Аалзны мээм нуруундаа байдаг нэг хачин
Зааны мээм тавгандаа байдаг нэг хачин

Могой амаараа өндөглөдөг нь нэг хачин
Нохой босоогоороо суугаа нь өндөр нэг хачин
Заан тавгандаа мээмтэй нь нэг хачин

ХАГАС
Унтах гэдэг үхэхийн хагас
Унгах гэдэг бол баахын хагас
Уурлах гэдэг галзуурахын хагас

ХАЙРАН
Учир мэдэхгүй хүнд үг хайран
Үнэр мэдэхгүй хүнд зандан хайран
Үзээд мэдэхгүй хүнд эд хайран

ХАР
Цасанд мөр хар
Цаасанд бичиг хар
Зарганд үг хар

Дэнгүй байшин нэг хар
Дэвүүргүй будаа нэг хар
Сүүгүй цай нэг хар
Сүжиггүй санаа нэг хар

Тостойгоос тогоо хар
Билэгтэйгээс бэх хар
Амттайгаас архи хар

Айраг цагаанаас гарч байвч архи нэг хар
Арчиж зүлгэж байвч тогоо нэг хар
Алт мөнгөөр чимж байвч ус нэг хар

Өөх тосоор чимэвч тогоо хар
Од мичдээр чимэвч шөнө хар
Алт мөнгөөр чимэвч ус хар

Айраг нь цагаан боловч архи нь хар
Цас нь цагаан боловч ус нь хар
Цаас нь цагаан боловч бичиг нь хар

Ачтай тустай боловч номын үсэг хар
Ангаа цангаа тайлавч ус хар
Арван тавны боловч шөнө хар

ХАРАМЧ
Өндгөө дарсан бүргэд нэг харамч
Өөх зуусан үнэг нэг харамч
Өөдтэй яваа лам нэг харамч

ХАРАНХУЙ
Номгүй бандийн цээж харанхуй
Хоньгүй айлын хот харанхуй
Хойшоо харсан нүх харанхуй

Эрдэмгүй хүн харанхуй
Саргүй шөнө харанхуй
Хоньгүй хот харанхуй

Үүрийн харанхуй
Үдшийн харанхуй
Үхэхийн харанхуй

ХАРШ
Шивнээ үг нөхөрт харш
Шиврээ бороо дээлд харш
Их санаа биөнд харш
Эсгий хавтага ташаанд харш

Наадам үг намд харш
Навтгар нохой хормойд харш
Нарны гэрэл толинд харш

Их мөнгө аминд харш
Их хөрөнгө эзэндээ харш
Өндөр хашаа малд харш

ХЭЛТГИЙ
Эрхтний зүйлээс чих нэг хэлтгий
Эдийн зүйлээс домбо нэг хэлтгий
Эрдэнийн зүйлээс дун нэг хэлтгий

ХЭНЗ
Оройтож цацсан тариа хэнз
Өтөлсөн хойно тэжээсэн хүүхэд хэнз
Хадсан өвснөөс ургасан ногоо хэнз

ХЭЦҮҮ
Үөрлэн шуугих нь ус хэцүү
Дүрэлзэн асах нь түймэр хэцүү
Эрчлэн хийсэх нь салхи хэцүү

Эвдэхэд тэнгэр хэцүү
Элдэхэд арьс хэцүү
Тоолоход од хэцүү
Туулахад тал хэцүү
Туухад гахай хэцүү

ХЭВРЭГ
Эгнэгт батгүйн тул энэ нас хэврэг
Үүрд ханилахгүйн тул амраг садан хэврэг
Эцэстээ барагдахын тул эд хөрөнгө хэврэг

ХИНШҮҮ
Нурамны хиншүү-хар хиншүү
Махны хиншүү-улаан хиншүү
Сүүний хиншүү-цагаан хиншүү

ХӨХ
Уудам дэлхийн тэнгэр нэг хөх
Унтрах галын дөл нэг хөх
Урсах голын ус нэг хөх

ХӨНДИЙ
Үлээхэд гүзээ хөндий
Үргэхэд мал хөндий
Өмсөхөд хөвөн хөндий

ХӨНГӨН
Урсахад ус хөнгөн
Хийсэхэд өд хөнгөн
Өргөхөд өвс хөнгөн

Авгайгүй тавнан нэг хөнгөн
Аягагүй алчуур нэг хөнгөн

ХӨӨРХИЙ
Үхтэлээ зодуулсан боол нэг хөөрхий
Өлсөж уйлсан хүүхэд нэг хөөрхий
Өнчин хоцорсон ботго нэг хөөрхий

ХӨӨРХӨН
Бой нь арилсан хүүхэд хөөрхөн
Боривоо нээсэн гөлөг хөөрхөн
Босож тэнцэж байгаа унага хөөрхөн

Дээшээ дэрвэж байгаа хүүхэд нэг хөөрхөн
Боривноосоо боссон гөлөг нэг хөөрхөн
Махаа гүйцсэн унага нэг хөөрхөн

Балчир хүүхэд нэг хөөрхөн
Бариагүй унага нэг хөөрхөн
Борви нь тэнийгээгүй гөлөг нэг хөөрхөн

Баярлаж дэгдсэн унага хөөрхөн
Баацганаж гүйсэн хүүхэд хөөрхөн
Бараан дээр гарсан ишиг хөөрхөн

ХОЛ
Эцсэн моринд газар хол
Эв муутад нөхөр хол
Өлссөн хүнд өдөр хол

Үхэртэй хүнд газар хол
Үхсэн хүнд дэр хол
Үгүйрсэн хүнд юм хол

Хашин моринд газар хол
Харамч хүнд хань хол
Үхсэн хүнд нар хол

ХООСОН
Барьж тавьж байвч зүүд хоосон
Барайж ирийж байвч зэрэглээ хоосон
Бахирч цахирч байвч цуурай хоосон

Хөдлөх харагдах боловч зэрэглээ хоосон
Хөөрөх ярих боловч цуурай хоосон
Хөнөөх тэмцэх боловч зүүд хоосон

ХҮНД
Тулаад өргөхөд чулуу хүнд
Тухлаад ирсэн ураг хүнд
Таньж суусан янаг хүнд

ХУДАЛ
Тэхийн эвэр тэнгэрт хүрнэ гэдэг нэг худал
Тэмээн сүүл газарт хүрнэ гэдэг нэг худал
Тэнэг хүн ноён сууна гэдэг нэг худал

Нэхий чирэх өвсгүй гэдэг нэг худал
Шувуу суух хадгүй гэдэг нэг худал
Хялгас багтах нүхгүй гэдэг нэг худал

ХУРДАН
Салхитай тэнгэрийн үүл (нэг) хурдан
Саруул ухаантын санах (нэг) хурдан
Сайн морины давхих (нэг) хурдан

Зээ гэхэд морь хурдан
Зэрэгцээд очиход зээр хурдан
Туу гэхэд нохой хурдан
Тулаад очиход туулай хурдан

Харавсан сум нэг хурдан
Харсан нүд нэг хурдан
Санасан санаа нэг хурдан

Хүлэг морины хөл нэг хурдан
Хурц хүний санаа нэг хурдан
Хөшүүн нумны сум нэг хурдан

ХУРЦ
Үхэх хүний нүд хурц
Үгүйрэх хүний шүд хурц
Үүлэн чөлөөний нар хурц

Гөлгөн нохойн шүд хурц
Зуны бугын эвэр хурц
Үхэх хүний нүд хурц


ЦАГААН

Өсөхөд шүд нэг цагаан
Өтлөхөд үс нэг цагаан
Үхсэн хойно яс нэг цагаан

Эрднийн зүйлээс дун нэг цагаан
Эвэртний зүйлээс гөрөөс нэг цагаан

Энтэй зүйлээс эсгий нэг цагаан
Эвдэрдэг зүйлээс яс нэг цагаан

ЦЭГЦ
Сая буусан бэр нэг цэгц
Нуурт суусан нугас нэг цэгц
Хүлэг морины дэл нэг цэгц

ЦЭМЦГЭР
Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр
Үнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Үсээ самнасан авгай нэг цэмцгэр

Үнсээ гаргасан тулга цэмцгэр
Үсээ самнасан авгай цэмцгэр
Үүдээ сөхсөн гэр цэмцгэр

ЦЭНХЭР
Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр
Хонхорт байгаа ус нэг цэнхэр
Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр

ЦООХОР
Өндөг харагчийн нүүр цоохор
Өвөл цагийн уул цоохор
Үлдээж уншигчийн мэдлэг цоохор

ЦООРХОЙ
Орох тэнгэрийн орой цоорхой
Орсон буурын шил ноорхой
Ой болоогүй хүүхдийн зулай цоорхой
Охин хүний чих цоорхой

Ороолон шулмасын толгой цоорхой
Олгонуудын хүүхдийн зулай цоорхой

ЧИМЭГ
Сайхан хүүхэн гэрийн чимэг
Сайн морь эрийн чимэг
Сагсгар мод уулын чимэг

Тэмээ говийн чимэг
Тэрэг хотын чимэг
Сахал эрийн чимэг

ШАР
Эрдэнэд алт нэг шар
Эдэнд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар

Огторгуйн дунд шар шар
Олны дунд хувраг шар

Шаагиж хурдаг шашин нэг шар
Шаралж харагддаг алт нэг шар
Огторгуйд байдаг нар нэг шар
Орчлонд байдаг дэлхий нэг шар

ШАРАВГАНУУР
Хоол горьдсон хав шаравгануур
Хов горьдсон хутгагч шаравгануур
Хувь горьдсон бялдууч шаравгануур

ШИРҮҮН
Төрд элч ширүүн
Төмөрт хуурай ширүүн
Төхөмд зараа ширүүн

Замаар явсан зараа ширүүн
Зарилгаар явсан элч ширүүн

Төрлөө мэддэггүй нохой ширүүн
Төмөрт явдаг хуурай ширүүн

Хөгширсөн үхрийн хэл нэг ширүүн
Хаднаас гарсан хайрга нэг ширүүн
Хааны тогтоосон хууль нэг ширүүн

ШИВШИГ
Аманцар морь авын шившиг
Аальгүй авгай гэрийн шившиг
Хэрүүлч хүн хээрийн шившиг

Муу эмээл морины шившиг
Муу эм гэрийн шившиг
Муу нохой хотны шившиг

ЯНАГ
Баян хүнд худалдаачин янаг
Бааран хүнд нохой янаг
Ховч хүнд ноён янаг

ЯНШАА
Хасаг тэрэг замын яншаа
Хатсан ховоо худгийн яншаа
Хөгшин нохой хотны яншаа

Хөдлөхгүй төхник хашааны яншаа
Хүмүүжилгүй хүн хөгжлийн яншаа
Хүнд сурталтан нийгмийн яншаа

http://www.bugdeeree.mn/-c

Бичсэн: Telnet | цаг: 14:39 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


heheheheheh yun goyiin hehehehehe Partyman Partyman Partyman Partyman Partyman Partyman Partyman Partyman
Бичсэн: huslen цаг: 22:29, 2010-04-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax