Tue-10-Nov-2009
ТИТЭМ ҮГ - Шунахай зан бол бүх муу муухайн үндэс

Үүний урьд муу муухайгаас салах тухай ярьсан. Тэр сэдвээ цааш нь үргэлжлүүлье. “Шунахай зан бол бүх муу муухайн үндэс”. Шунахай зан орчлонгийн хэчнээн ч олон гайгүй сайн хүнийг гай таригч ороолон болгон хувиргав даа. Хомхой сэтгэл зам мөрөөрөө гэлдэрч явсан хэчнээн ч олон гэм зэмгүй хүний зам мөрийг нь алдуулж гэмтэн буруутан болгов доо.

Шуналын дон шүглэсэн хүн ариун гэгээн бүхнээ хог дээр хаяж, буяндаа бузар хийн, бурхандаа нүгэл үйлдэгч болон төрөл арилжина. “Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болж олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан. Ялангуяа шунал атаатай хослохдоо хадыг хагалах хорыг гаргадаг” хэмээн Монголын бичгийн их хүн сэрэмжлүүлэн захисан. Эд агуурс, идэж уух хомс болоод гачигдах мухардахдаа муу нүгэлт үйлсийг үйлдэж, зовлонт үр боловсорч, хомхой сувдаг зан хүнийг эзэмддэг тухай судар бичгүүдэд сургамжлан сэрэмжлүүлсэн нь олон.

Гачигдаж дутагдахын зовлон гаслам хэцүү. Хүн өөрөө л хичээл зүтгэл гаргаж чадвал үүрдийн биш, зуурдын энэ зовлонг эр зориг, эрч хүчээрээ даван туулж, ард нь гарч дийлнэ. Хэдий чинээ гачигдаж, хэчнээн дутагдаж байвч шунахай зан, хомхой сэтгэлд оосорлуулахгүй байхыг хичээх нь хүнээрээ үлдэх сайхан боломж. Үргэлж дутагдаж, байнга гачигдаж байсан зарим хүний азын тэнгэр гийж, уг зовлонгоо гэтлэнгүүт дахин ийм зовлонгийн далайд үйгдэхгүй юм сан гэсэндээ ханаж цадахаа мэдэхээ больж, ухаанд нь ухна ишиг үхнэ. Ийм хүмүүсийг сайн хүн гэх аргагүй. Зарим нь азын тэнгэр гийснийг бурхны хишиг хэмээн хүлээн авч, шуналын тулам болчихолгүй өөрт олдсоныгоо өргөн түмэнтэйгээ хуваан хүртэж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, ухаан сууж, улам дэвжинэ.

Ийм хүмүүсийг сайн хүн гэхээс аргагүй. Уургандаа цадаагүй хурга төлгөндөө майлна гэж малчин удамт өвөг дээдсийн хэлж ярьж ирсэн онч үг зүгээр ч нэг дан ганц хурга, төлөгний майлааны тухай хэллэг биш, өлөн зэлмүүн, дутуу гуцуу байсан хүнд хомхой сувдгийн нян халдварлаж улмаар нүд ханаж, сэтгэл цаддаггүй болдог тухай давхар гүн утгат ардын сургаал билээ. “Хомхой сэтгэл бол том хорлон. Хомхой сэтгэлтэй хүн шударга, зарчимч, эр зоригтой ч байдаггүй, өөрийн үүрэгт үнэнчээр хандаж чаддаггүй. Бага наснаасаа сэтгэл харамгүй амьдарч сурах хэрэгтэй” гэж нэрт сурган хүмүүжүүлэгч хэлсэн байна.

Хон хэрээнд ойр байсан хун галууны зан эвдэрнэ гэх үг бий. Шунахай хүний ойр байгаа сувдаг сэтгэлгүй байсан хүн ч шуналын дэвд идэгдэн, сувдгийн бузарт хорлогдож, зан нь эвдэрч замаа алдах осолтой. Ханаж цадахаа мэдэхгүй, хахаж цацах нь холгүй сувдаг хүн хол ойрынхондоо хорт нөлөөг цацна. Энэ нөхөр идэж завшиж болоод байхад би юунд дутахав гэдэг хорон нөлөө мөр, суудал зэрэгцэн сууж босч байгаа хүнд хүссэн хүсээгүй тусна. Шунаж хорхойссон нэгнийх нь амьдрал суга дээшилж, шударга шулуун нөгөөгийнх нь амьдрал шувт доошлоод байвал шударга ёсны тухай яриа хаданд хашгирсан цуурай төдий хоосон. Шуналт сэтгэлээс болж шударга ёс алдагдана. Шунал бол шударга ёсны дайсан билээ. Шунахай сэтгэлийн хор салхиар тархан халдварлах муу зүгийн, муу чанарын, муу нөлөөтэй.
 
Шунахай, хомхой занг хязгаарлаж хазаарлаж байхгүй бол амьдралын тань цаашдын замнал эндэгдлээр эхэлж, эмгэнэлээр дуусна. “Агуу их эмгэнэл нь ямагт хязгаарлагдашгүй хомхой сэтгэлийн үр дүн байдаг”. Энэ бол суут хүний хэлсэн сургамж үг. Шунахай сэтгэлт хүн өөрөө өөртөө дайсагнана. Хүнд өөрөөс нь илүү муу дайсан байхгүй. Яагаад гэвэл түүний бараг бүх гай зовлон, бүх аюул занал гагцхүү өөрийнх нь хэтэрсэн шунахайрлаас үүсэн гарч хүзүүгээр нь оосорлоно. Шунахай зан цусанд нь халдварласан бол хүн барагтай өөрийгөө татан авч дийлдэггүй. Нүхнийхээ гүн рүү шургах мэрэгч шиг улам цааш зүтгэнэ. Цус сорсон хачиг шиг улам бүр наалдан, улам томорсоор хувалз болон бэлхийнэ. Шунахайрал хэтэрвэл бирд мэт тарчлана. “Дуусахгүй шуналдаа хөтлүүлсэн бирд дундрахгүй тэр зовлонгоосоо гадна үүрдийн өлсгөлөн, ангах, айх, ядрах үлэмж барагдашгүй шаналал эдэлнэ. Тогоон чинээ гэдэстэй ч гэсэн тоос ч орохгүй нарийн хоолойтой, идэш уушны үртэс олсон ч идэж, залгиж чадахгүй зовно” гэж шунал нь хэтрэн бирд мэт бологсдыг шууд үгээр дүрслэн бурхны номонд өгүүлжээ. Шуналын бузарт хорлогдогсод идэж цусалж ханахгүй ховдог, бусдад үзүүлэх хорт нөлөө нь хэмжих аргагүй их. Зүйрлэн хэлбэл, шунахай сувдаг сэтгэлтний хор нь могойтой адил, ховдог нь чонотой адил. Шуналын бузар бие хийгээд сэтгэлд чинь халдварлан шингэчихвий гэж залуу хүн бүр болгоомжлон сэргийлж байх учиртай.

Мөнгөнд дургүй хүн энэ хорвоод байхгүй байлгүй. Мөнгөөр бүх асуудлыг шийдэх боломжгүй ч мөнгө олон зүйлийг шийдэхэд тусална. Мөнгө ямар ч хүнийг нөлөөтэй, хүчтэй байр суурьтай, эрх чөлөөтэй болгоно. Санхүүгийн тусгаар тогтнолгүй хүн ямагт хэн нэгнээс хараат байхад хүрнэ. Мөнгө хүнд эрх чөлөөг авчирна. Гэхдээ мөнгөний төлөө нүдээ ухаад өгөх нь холгүй сувдаглах нь байж боломгүй үйлдэл. “Мөнгөний шунал хэрэв ханахгүй бол улам бүр гаардаг. Яагаад гэвэл, хүсэл хэдий чинээ их болно, төдий чинээ их хэрэгцээг төрүүлдэг” гэж эртний нэгэн гүн ухаантан айлджээ. Нэн эрт хэлэгдсэн үг боловч өнөө цагийг тольдон харж байгаа мэт. Мөнгөний шуналыг хазаарлан тогтоож байхгүй бол улам гаарч, эцэс мухар нь эс харагдах холын холд аваачдаг ажээ. Шуналын зам төсөөлөхийн аргагүй хүнд хүчир, хатуу ширүүн, муу заяанд хөтлөн хүргэнэ. Шуналын үндсийг дахин бүү усал. Үндэс нь хатаж байж шунал дарагдана.

Мөнгөөр бүхнийг бүтээж, мөнгөөр бүгдийг худалдан авч болно гэж үздэг, боддог, хийхийг эрмэлздэг хүн мэр сэр бий. “Мөнгөөр бүхнийг хийж болно гэж үздэг хүмүүс өөрсдөө мөнгөний төлөө бүхнийг хийж чадна”. Бүхнийг хийж чадна гэдэг дотор хуурах мэхлэх, худал ярих, хулхидах хулгайлах, худалдах худалдагдах, урвах шарвах, идэх цөлмөх, хахуульдах авилгадах, тонох дээрэмдэх, алах талах бүгд багтана гэж төсөөлөхөөр нүд харанхуйлж, дотор арзайм. Мөнгөний төлөө бүхнийг хийнэ гэдэг арай дэндүү аюултай бөгөөд увайгүй. Ийм хүмүүсийн буруу үйлдэл, муу заяаны дааж давшгүй зовлонд хүргэх гэм нүглийн хүч өдөр бүр, цаг тутам өсөн нэмэгдсээр байх нь харамсаж халагламаар.

Эрх мэдлийг шуналын хүүдий болгон ашиглагч хамгаас хортой, бүхнээс аюултай. Алба тушаал, эрх мэдэлд шунан дурлагч эд хөрөнгө, мөнгө төгрөгт яг ижил шунан сувдаглана. Ёс бусаар эрх мэдэл олсон бол ёс бусаар сандал суудлаа ашиглах нь эргэлзээгүй. Өгөө авааны зарчмаар тушаал ахисан хүн өгөө авааны зарчмаар эрх мэдлээ ашиглана. Эрх мэдэл дагасан шунал хуурай өвсөнд ассан талын түймэр мэт замдаа тохиолдсон бүхнийг хуйхлан цөлмөнө. Эрх мэдэлтэн болгон шуналтан биш. Эрх мэдлийг их ч бага ч хэмжээгээр шунахайн сэдэлтээр ашиглах нь буруу зүгийн, бузар үйлдэл. Эрх мэдлээ шунахай сэтгэлийнхээ зэвсэг болгон ашиглагч бусдаас осолтой, хамгаас хөнөөлтэй. Эрх мэдэл дагасан шуналын тахал нэн аймшигтай. Нийтэд тун хурдтай тархахын хамт нийгмийг тэр аяар нь хоослон цөлмөж ч мэднэ. Шунахайчууд эрх мэдлийг эд баялаг, хөрөнгө мөнгө болгон хувиргах ид шидэт үйлдвэрлэлээ тасралтгүй эрхэлж, олз ашгаа сувдаглан сорж сууна. Тийм болохоор л тэд язартлаа таргалан хагартлаа баяжин жаргалдаа ташуурч, хүн ард нь өлөн зэлмүүн, ядуу тарчиг зовлондоо талхигдана. Энэ бол байгалийн гамшгаас илүү хор хөнөөлтэй нийгмийн гамшиг.

Зөвийг дагаж, буруугаас зайлж, зөвхөн сайныг дадал болгож явах нь залуу хүний хичээн эрмэлзэх, хүсч тэмүүлэх зөв зам мөр билээ. Бусдаас авах завшихад шунах биш, бусдад өгч туслах өгөөмөр сэтгэлтэн бай. Авах өгөхийн тухайд хүүхэд залуусын сэтгэл зүрх эрүүл саруул хөрсөнд цэв цэврээр цэцэглэх учиртай. Өөрт илүүдсэн зүйлээ бусдад өгч байгаа хүн өглөгийн эзний сэтгэлтэн биш, зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлээсээ өгч байгаа хүн жинхэнэ өглөгч байдаг юм. “Бусад хүмүүсийн эд баялагт атаархахын хэрэггүй. Тэд түүнийг бидний халаастай дүйцэхээргүй их үнээр олж авсан. Өөрөөр хэлбэл, түүний төлөө амар тайван байдлаа, эрүүл мэндээ, нэр төрөө, хүн чанараа бүгдийг золиослосон хэрэг”. Шударгаар олсон хоол амттай. Шуналаар баяждаггүй, сувдгаар таргалдаггүй. Шунал ихэдвэл шулам болно гэж сургамжлан захисан өвөг дээдсийн сургаал захиасыг ухан ойлгож, ёсчлон дагая.

/Хуулбар/

Бичсэн: Telnet | цаг: 12:30 PM | Титэм үг-Мэргэн үг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant