2009-10-26
Охин минь аавыгаа уучил
Залуу насны минь чимээгүй аархал, захирангуй бас тэгээд хөндий үгсийг минь тэвчиж ирсэн жаахан охин минь аавыгаа уучил.
Жижигхэн тэр гарын чинь нарийхан судсаар миний цус гүйдэг гэдэгт эргэлзэхдээ үгийн хатуугаар чамайг би хэмлэж, өмнө хойгуур минь гарахад чинь хүртэл өөнтөглөн олон ч удаа гоочилсонсон. Харин үр минь чи тэр бүхэнд жаахан бие, балчир ухааны хаанаас нь гарав гэмээр тэвчээрээр хүлцэн, үг унагалгүй зогсдогсон. Тэгэвч би чамайгаа гээд хайрлахгүй, бүр ч холдож хөндийрөөд, хавийн хүмүүстэй хамт чамайг шоолон элдэв хоч өгчхөөд түүндээ баясан инээж суусан даа.
Үнэндээ аав нь чамайгаа нэг удаа ч болов нэрээр чинь дуудаж, зөөлөн харж байгаагүй, нэрээр чинь дуудсан байлаа ч тэр нь тун цөөхөн гэхдээ харц минь нөгөө л хүйтэн хөндий байсан биз.
Хүйтэн сэтгэлийн хатуу үгсийг минь тэвчихээ байхдаа ээж чинь чамайг өмөөрч надтай хэрэлдэн, нулимс дуслуулсаар " Төрсөн эцэгтээ адлагдаж амьд явахаар үхсэн нь дээр " гэж хэдэнтээ хэлэвч охин минь чи чимээгүй уйлахаас өөрөөр, хэдэрлэн хашигчиж, болчимгүй алхам нэг удаа ч хийж байгаагүй аугаа тэвчээртэн. Чимээгүй байх тэвчээрт занд чинь хорсохдоо " нүднээс минь далдруул " гэж хараан зүхсэн дэндүү их нүгэлтэн дээ би.
Үг дуугарах болгонд чинь өөнтөглөн зандарч, элдэвлэн шоолох бүрдээ баясан сууснаас хожимын өдөр ингэтлээ ихээр харуусана чинээ огт санасангүй.
Ах, эгч хоёрын чинь найзууд өдрийн хэд гэрээр ирж, шуугилдан байхад өөдөсxөн чиний минь найзууд ганц ч удаа ирж байгаагүй, найз нөхөдгүй л гэж чамайг дорд үзэж байснаас, надаас болж ирдэггүй гэж нэг удаа ч болов тунгаан би бодоогүй.
Аав нь санаж байнаа, оройн хоол идэж суухад эгч чинь найзуудаа ярьж сайрхаад л харин чи чимээгүй л суух, юу хатгасныг бүү мэд " чи ч ер нь олиггүй хүн дээ, найз нөхөд ч байхгүй, энэ гэрт чиний л найз гээд орж ирэх хүн алга " гэхэд нүд дүүрэн нулимс хуралдуулж намайг хараад " Аав нь түүнийг нэрээр нь биш хочоор нь дууддаг гэж хүүхдүүд ярихыг дахин би сонсмооргүй байна ааваа " гэж хэлэхдээ хоолой чинь чичирч, нүд дүүрсэн нулимсаа урсгахгүй гэхдээ арчаад эргэсэн тэр дүрийг чинь мартдаггүй юм. Тэгэхэд чи минь ердөө л арвангуравхан настай байсан, ийм жааханд чинь тийм үгийг хэлж, хашир суутал нь би чамайг гоочилсон...
Арван жил нэг л сургуульд сурахад чинь ганц удаа ч болов хуралд чинь очиж суугаагүй. Аав нар л очих ёстой хуралд ээжийгээ дагуулаад гарахад чинь, сонин гарчиглаж эсвэл зурагт хараад л би хоцордог, гэхдээ мууд дурлах атаатан шиг араас чинь харахаар цонхон дээрээ хэрэг болгон очно. Ээжийнхээ араас урамгүйхэн алхахдаа, аавыгаа ирээгүй шалтгааныг юу гэж тайлбарлахаа бодож л явсан байх даа чи минь.
Айлын бага хүүхэд эрх дураараа л байдаг гэх харин охин минь чи хайр биш хорсол дунд  хүйтэн сэтгэлийг минь тэвчин, хүлцэнгүй байсаар нас биед хүрсэн. Эвийлж би чамайг нэг удаа ч хайрлаагүй, жилд ганц удаа л чамд би хошуу хүргэн ойртдог байсан, тэр нь цагаан сарын шинийн нэгэн. Тохойг минь түшин үнсүүлэхдээ охин минь чичирдэг байсан, тийм болтол чинь чамайг би өөрөөсөө хөндий байлгаж. Харин одоо чи биш би чичирдэг болсон.
Өөрөөс минь салаалсан гурван амины хоёрыг нь би хайраар дутаагаагүй ч ганц чамайг л би хайраар дутааж, тарчиг өсгөсөн. Том дарга гэх сэнтийд дөрлөгдөж гадаад дотоод бишгүй явахдаа өчүүхэн жоохныг чамд авчхаад өдий төдийг ах, эгч хоёрт чинь л авчирдаг байсан. Гэхдээ чи өөрийнхдөө сэтгэл ханаад өчнөөн жил түүгээрээ гоёвч, яг л шинээрээ мэт цэмцийлгэн байхад чинь овоо шүү гэж нэг удаа ч болов чамайг би үнэлж суусангүй.
Хааяа нэг эгчид чинь хатуу үг хэлэхэд уйлан гомдоод хаалга саван гарч одно, харин чи багаасаа үйлт сэтгэлийн хар үгсийг минь тэвчиж, хажуугаас минь холдохгүй " Ааваа " гэж аядуухан дуудсаар өнөө хүртэл дэргэд минь байгаа.
Өвдөөд хэвтэхэд дэргэдээс холдохгүй өдөржин сахиж, толгойг минь түшээд хоол халбагадан өгөхөд чинь өөрийгөө би мянгантай зүхэж, өмнө чинь би босолгүй сөхөрсөн үр минь. Анхны цалингаа авчихаад аавдаа бэлэг бариад ирэхэд чинь гаднаа би инээвч дотроо би уйлж суусан юм охин минь.
Чамаас би үнэтэй бэлэг, үнэн сэтгэлийн ачлал хүртэх эрхгүй арчаагүй эцэг. Гэтэл охин минь чи эдийн сайн, үгийн сайхныг аавдаа гээд л барьж гүйсээр, магад түүгээр чинь бурхан намайг яллаж, харалган явсан үеийн минь шийтгэл болгон зүрх зүсдэг байх.
Залуу бас дарга гэдэгтээ аархаж хүн биш ороолон болсон үед минь надаас тасарч амь болоод муу үг бүрийг минь тэвчиж, балчир ухаандаа амьдралыг там болгон бодолгүй ухаалаг бүсгүй болон өссөн чамаараа би бахархдаг.
Уг нь бол тийм их хайраар бөөцийлж өсгөсөн ах, эгч хоёр чинь аавыг чинь асарч харин чи минь өөрийн жаргалыг хөөж алсад одох учиртай. Гэвч чи минь нөгөө л аядуу аалиараа зөөлөн дуугарч, аавыгаа тэтгэн сууна.
Хайр нь дотроо хал нь гаднаа гээд л хүмүүс ярих чин үнэндээ чамайг жаахан байхад миний дотор хайр байгаагүй ээ, харин одоо бол миний сэтгэлээс хайр ундарч, харц минь ч хайраар чамайг хардаг. Хүйтэн сэтгэлийг минь бүлээн болгож, хайр үрслүүлж чадсан олон жилийн тэвчээр, зөөлөн дуу, аргадах сэтгэлд чинь аав нь сөхрөн мөргөе!!!
Айл гэрт нэг бурхан, нэг чөтгөр байдаг нь үнэн л бол бурхан нь чи, чөтгөр нь би байжээ.
Нүднээс минь далд ор гэж хараан загнаж суусан үр чамаараа, хөлөө хучуулж, бүгээн цай зөөлгөнө чинээ саналгүй, даанч тэнэг явж. Нас минь нэмэгдэж өтлөхийн цагтаа, өнгөрүүлсэн амьдралаа улам илүүтэй бодоход үр чинийхээ өмнө, төлж барамгүй нүгэл хийж явснаа ойлгон, харуусаж сууна.
Охин минь аавыгаа уучлаарай, хар дарсан зүүд шиг бага насаа дурсах дургүйг чинь мэднэ, гэвч аав нь олон жил сэтгэлдээ хурааж явсан гэмшилээ уудлан гаргахгүй байж чадсангүй, тэвчээр минь энэ хүртэл л тэвчсэн, үүнээс цааш чадахгүй нь.
Хайрлаагүй өнгөрүүлсэн жил болгоны тоогоор өмнө чинь бөхийе үр минь, харгис сэтгэлийг минь зөөллөсөн аугаа тэвчээрийн чинь өмнө сөхрөе!!!
Гомдоллож чи хэзээ ч үг унагаагүй ч гэлээ аавыгаа гээд ээжээсээ илүү хайрладаг хайр чинь намайг тарчилган шийтгэдэг, ийм л шийтгэлийг амсах гэж нялх багаас чинь адлаж өсгөө юм болов уу. Арчаагүй дорой явсан аавыгаа хэдийн уучилсан гэдгийг чинь мэднээ, харин өөрөө өөрийгөө л уучилж үл чадна би.
Өнөөдрийг хүртэл хэлж үзээгүй үгээ амжиж одоо л хэлье " Аав нь чамд маш их хайртай "....
Эцэг шиг эцэг байж чадаагүй атлаа эцэг шиг эцэг байсан мянган мянган аавуудад хүрэх тийм эрхэм их ачлалыг эдэлж яваа нэгэн эцгийн харуусал гомдлыг чадан ядан ийнхүү бичлээ.
Тэвчээрийн сэтгэлээр ааваасаа аавыгаа төрүүлж, айл гэрийг нэгтгэн, хайрыг ундрааж чадсан Маралмаадаа аз жаргалын дээдийг хүсье!!!

/Хуулбар/
Бичсэн: Telnet | цаг: 10:12 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


yasan aimaar yum be yahaaraa huurhun ohinoo ad uzdeg baisan bainaa
Бичсэн: Зочин цаг: 15:36, 2009-10-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax