2012-03-02
Д.Бямбасүрэн: Ирэх сонгуулиас их зүйл хүлээх хэрэггүй
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2012.03.02


-Саяхан МоАХ-ны хурал болж өнгөрсөн. Энэ хурлын үеэр таны хэлсэн үг нэлээд хурц, шүүмжлэлтэй байсан. Яагаад тийм ширүүхэн үг дайх болов. Ингэхэд  Ардчилсан намын үзэл баримтлал хэр зэрэг байна гэж боддог вэ?

-МоАХ-ны их хурал гэдэг бол улс төрийн бие даасан томоохон үйл явдал. МоАХ бол сонгуульд өрсөлдөхийн тулд гишүүдээ мөнгөөр тодруулаад, тэднийгээ дээш нь түлхдэг улс төрийн хүчин биш. Энэ холбоо Монголын нийгмийг өөрчлөх үйлсэд салхийг нь хагалж, тугыг нь босгосон шүү дээ. Тийм  ч учраас би энэ хурал дээр дөрвөн зүйлийг цохож хэлсэн.

1-рт Монгол оронд шударга ёс алга боллоо.
2-рт Төрийн эрх мэдэл ард түмний гараас мултарлаа.
3-рт Хууль мөрдөгдөхөө болилоо.
4-рт Байгаль орчин устаж сүйдлээ гэсэн байр суурьнаас өөрийн үзэл бодлоо хэлсэн.

     Эдгээр асуудлыг улс төрийн намууд шийдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, одоо үүсчихээд байгаа энэ бүх зөрчилтэй байдал энэ бүх намуудын бүтээл. Үүнд Ардчилсан нам ч тэр, Ардын нам нэртэй болчихоод байгаа хувьсгалт нам ч орно. Улс орны нийгэм, эдийн засаг гэдэг бол хэт цахиж, оч үсэргээд болчихдог эд биш л дээ. Төвөгтэй, ээдрээтэй, зөрчилтэй, асуудлууд ар, араасаа гарч ирнэ. Ардчилсан намд ээдрээтэй асуудлууд их олон бий. Монголд улс төрийн намууд анх үүсэхээс өмнө МАХН гэж “авангард” нам байлаа. Лениний тодорхойлсоноор ажилчин ангийг ухамсартай, тэргүүний, дайчин отряд гэдэг утгаараа. Энэ нам бол одоогийн парламентын улс төрийн хүчнээс тэс өөр. Жирийн иргэдийн амьдралаас аваад төрийн бодлогыг хүртэл тэд л хийж, гүйцэтгэнэ.

Гэхдээ шинэ улс төрийн хүчнүүд үүсээд 20 гаран жил болсон. Гэтэл нөгөөдүүл нь хуучин МАХН-тайгаа ноцолдсоор байгаад “авангард” маягийн нам болж хувирлаа. Нийгмийн байгуулал өөрчлөгдчихөд хөрөнгө мөнгөний сонирхол, албан тушаалын хэнээрхэлд идэгдээд Ардчилсан намд ч ялгаагүй, Ардын намд ч ялгаагүй, өөр бусад улс төрийн хүчнүүдэд ч ялгаагүй нам дамжсан бүлэглэл, сонирхлууд үйлчилж эхэлсэн. Өнөөгийн улс төрийн гажуудал одоо байгаа улс төрийн намуудад бүгдэд нь л хамаатай асуудал.

-Гэтэл эдгээр намууд нь хөгжлийн концепыг боловсруулаад сүрхий, сүрхий нэртэй аян өрнүүлээд яваад байна л даа. Бодит байдал дээр улс орны хөгжлийн хөтөлбөрийг нам боловсруулах ёстой юу, нийгмийн бүх байгуулал нийтээрээ боловсруулах ёстой юу?

- Ер нь хөгжлийн үзэл баримтлалын тухай асуудал их өөр. Хөгжинө гэдэг бол баяжихын нэр биш. Манай улс төрийн хүчнүүд хөгжлийн концепцыг зарласан мөртлөө дандаа баяжих тухай л яриад байна. Гэхдээ  нийт монголчуудын хүрээнд биш цөөн хэдэн бүлэглэлийн ашиг сонирхолын үүднээс баяжих тухай асуудлыг ярьж байгаа нь хамгийн эмгэнэлтэй зүйл. Баяжих гэдэг нэрээр эрт дээр үеэс өвлөж ирсэн нутаг усныхаа байгалийн баялгийг гадныханд худалдаж цөөн хэдэн хүмүүс нь ашиг хонжоо олоод гадагшаа зөөсөн баялгийн хэмжээгээр эдийн засаг өсч байна гээд ард түмнийхээ толгойг мунхруулаад сууж байна. Уг нь ийм байж болохгүй. Угтаа хөгжил гэдэг бол улс орны бүтээх чадвар, өрсөлдөх чадвартай холбоотой асуудал. Саяхан Ардын намынхан “Ард түмний хөгжил” гэж нийгмийн шинжлэх ухаанд хэзээ ч байгаагүй, байх ч ёсгүй томъёолол гаргаж ирээд, түүнийгээ тунхаглал болгоод л явж байна лээ. Ардчилсан нам ч тэр “Хүний хөгжил-2020” гэж ярьж байна. 2020 онд хөгжих болоогүй ээ. Одоо 2012 он цаана нь найман жил үлдэж байна. Уг нь хүнээ хөгжүүлнэ, улс орноо хөгжүүлнэ гэж ярьж байгаа нь сайхан ч дандаа сонгуулийн өмнөх, бэлэн мөнгөний амлалтууд болгоод байгаа нь харамсалтай байна.

-Тэгэхээр энэ намуудыг өөрч­лөхийн тулд юуг нь яаж өөрчлөх ёстой вэ?

-Нам гэдэг бүлэглэл утгаа алдаж байгааг их ярих боллоо. Ялангуяа өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд улс төрийн намуудыг тараагаад дахин бүртгэх тухай асуудлыг хөндсөн. Энэ бол маш зөв зүйтэй асуудал. Одоогийн улс төрийн намуудыг хараад байхад зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө төрд өөрсдийнхөө гар, хөлийг шургуулдаг, тэднийгээ үхэн хатан өмгөөлдөг бүлэглэл болоод хувирчихаж. Ардчилалын мөн чанарыг гажуудуулсан ямар ч үйлдэлд хариуцлага хүлээхгүй л өнгөрөөд байна шүү дээ. Хэрвээ намууд нь ийм байдалтай байх юм бол нийгэм тэр чигээрээ сүйрэлд хүрнэ. Ямар өргөн утгатай асуудал вэ гэдэг нь харагдаж байгаа биз. Хамгийн түрүүнд авангард загвараас нь гаргаад, парламентын улс төрийн хүчин болгож төлөвшүүлэх хэрэгтэй. Ялангуяа гишүүнчлэлгүй байх, үзэл баримтлалаа тодорхой болгох ёстой. Өнөөгийн улс төрийн намуудад үзэл баримтлал гэхээр юм алга. Ардын намынхан зүүний үзэл баримтлалтай гэх боловч Татварын тухай хуулийн асуудал дээр хамгийн барууны, либерал үзэл санааг гаргаж байна. Ардчилсан нам өөрсдийгөө барууны үзэл баримтлалтай гэдэг ч улс орон даяар хавтгайрсан халамжийн бодлого явууллаа шүү дээ. Хавтгайрсан халамжийн бодлого зүүний үзэл баримтлалтай намаас л гардаг зүйл. Цаашдаа үзэл баримтлалгүйгээр явж, зөвхөн төсвийн мөнгө хувааж идэхийн төлөө улс төрийн намууд явж таарахгүй.

-1990 онд тэмцээд, өлсөөд олж авсан ардчилал яг өнөөгийн байдлаар хэр зэрэг байна. Ухарсан уу, урагшилсан уу. Аль эсвэл нэг байрандаа л байгаад байна уу?

-Ардчилал хүний эрх, эрх чөлөөг төрийн дарангуйллаас хамгаалдаг. Энэ утгаараа үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан. Үүнээс харвал Монгол орон эрх чөлөөтэй, ардчилсан орон болох замаараа л явж байна. Гэхдээ замд бэрхшээлүүд тулгарч байна. Энэ бэрхшээлүүдийг бид өөрсдөө үүсгэсэн гэдгийг санах хэрэгтэй. Монгол орон цаашдаа өөх ч биш, булчирхай ч биш хэдэн бизнесийн бүлэглэлийн сонирхолд хөтлөгдөөд явах юм бол хөгжлийн ирээдүй холдсоор л байх болно. Энэ утгаараа гажуудал бий.

-Зарим хүмүүс үндсэн хууль алдаатай батлагдсан болохоор ардчилал ч гажуудаад, улс орон ч хөгжихгүй байна гэж ярьдаг?


-Үндсэн хуульд засч залруулах зүйл олон бий. Хоёр, гурван зууны турш тоталитар дэглэмтэй нөхцөлд амьдарч байсан улс орон гэнэт нэг өдөр төгс, төгөлдөр үндсэн хууль батлаад бүх юм өргөс авсан мэт болно гэж байхгүй. Гэхдээ Монгол Улсын үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаасаа нэлээд давгүй мөртлөө төрийн байгуулал, нийгмийн амьдралын харилцааг зохицуулах талаасаа дутуу дулимаг зүйлсүүд олон бий. Тухайлбал, нутгийн өөрөө удирдах ёсны тухай асуудал байна. Үүний талаар Үндсэн хуульд орсон зарчмын  заалтууд зөв. Яагаад гэвэл нутаг орны хөгжилтэй холбоотой асуудлыг тухайн нутаг, орны иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өөрөө шийднээ гэчихсэн байгаа учраас. Гэтэл одоо бол нутгийн бүх л татварын орлогыг улсын төсөвт хурааж аваад, төвлөрсөн механизмаар л бүх асуудлыг шийдээд явж байгаа шүү дээ. Энэ их эргэлзээтэй асуудал болж хувирчихаад байгаа. Дараагийн нэг асуудал нь сүүлийн үед улсын төсөв нь эдийн засгийн өсөлтөөсөө 2-3 дахин өслөө. Энэ нь үндсэн хуульд санхүүгийн засаглалын тухай зүйл, заалт тэр чигээрээ байхгүй. Энэ асуудлыг оруулаагүй учраас УИХ-ын гишүүн бүр дур, дураараа төсөв гэж нэрлэсэн нэг юм хийдэг.  Дараа нь Засгийн газар нь төсвөө хянаж чадахгүй болохоор УИХ-ыг хахуульдах мэт гишүүн бүрт 1-3 тэрбум төгрөг тарааж байдаг. Тэгээд бүр сүүлд нь төсвийн тодотгол гэж дахиад нэг өөрчлөлт хийгээд байгаа нь улс орны эдийн засагтай холбоотой будлиан эндээс гарч байна шүү дээ. Энэ мэтээс авахуулаад үндсэн хуульд өөрчлөлт оруулах зүйлсүүд бий.

-Улс төр судлаачид засаглалын хэлбэр ойлгомжгүй байгаа учраас энэ бүх гажуудал үүссэн гэж ярьдаг. Үүнтэй санал нийлэх үү?

-Манай Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгуулал нь УИХ гээд заачихсан. УИХ гэдэг бол хууль тогтоох засаглалын байгууллага. Цаана нь гүйцэтгэх засаглал гэж байна, шүүх засаглал гэж байна. Гэтэл зөвхөн УИХ-ыг төрийн дээд байгуулал гэчихсэн болохоор тардаг ч үгүй, өөрсдөдөө шүүмжлэлтэй ханддаг ч үгүй, хянадаг ч үгүй дураараа аашилдаг, гэсэн атлаа бүгдээрээ дархлаатай болчихоод байна. Энэ бүтэц цаашдаа нийгмийг ялзруулна. Хамгийн үл бүтэх зүйлсүүд энэ УИХ дээр л гарч байгаа. Жирийн иргэдээс асуусан ч үүнийг хэлээд өгнө. Засаглалтай холбоотой үндсэн хуулийн зүйл заалт дээр эргэж харах зүйл байгаа гэдэг нь үүнээс харагдаж байна л даа.

-Энэ бүх зүйлсийг хэн, хэзээ хийх бол. Одоо юу, эсвэл маргааш уу, бүр эсвэл хэзээ нэгэн цагт уу?


-Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудал нэлээд төвөгтэй л дөө. Манайхан ярьдаг. Үндсэн хуулийг хамаагүй хөндөж болохгүй, дээдлэх ёстой гэж. Энэ нь нэг талаараа зөв байх. Нөгөө талаараа үндсэн хуулийг одоогийн байдлаар нь хадгалаад байвал монголын нийгэм улам бүр мухардалд орсоор байх болно. Үндсэн хуулийг өөрчлөх гурван инстут л бий. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар. Өнгөрсөн цаг хугацааг харвал УИХ хэзээ ч үндсэн хуулийг өөрчлөхгүй. Өөрчиллөө гэхэд өөрсдийнхөө хэрээс хэтэрсэн дархлаа, эрх мэдлээсээ татгалзахгүйгээр л батална. Миний ойлголтоор үндсэн хуулийг өөрчлөх хамгийн оновчтой алхмыг ерөнхийлөгч л хийж чадна. 2013 оны сонгуулийн үр дүнгийн дараа тухайн ерөнхийлөгч иймэрхүү алхмуудыг хийгээд явах байх л гэж бодож байна.

-Хоёулаа ярианаасаа түр хазайя. Та нэгэн цагт төр түшилцэж явсан хүн. Одоогийн хавтгайрсан халамжийг юу гэж бодож байгаа вэ? Төсөв түнтийх хэрээр халамж нь төрөл бүрээр салаалаад байдаг...?


-Монголын нийгэм халамжийн талаар бодох цаг нь ирсэн. Улс орноо мөхөөе, үндэстнээ устгая гэвэл халамжийг хавтгайруулаад, цэцэглүүлээд байх л хэрэгтэй. Бүтээх чадваргүй, зөвхөн төрийн гар харж амьдардаг нийгэм бол ямар ч ирээдүйгүй. Сүүлийн 20-иод жил төр барьсан намуудтай л энэ бүгд хамаатай. Сая мөнгө амлахгүй сонгууль явуулна гээд баахан ярьсан мөртлөө дахиад л дөрвөн хүүхэдтэй ээжид орон сууц өгнө л гэнэ, алдарт эхчүүдэд мөнгө тараана гээд л яриад эхэллээ шүү дээ. Энэ бол ядуу ард түмнээрээ тоглоод саналыг нь худалдаж авах л нэг арга, хэлбэр. Өөрсдөө бүтээж чаддаггүй хүн ямар байх вэ боддоо. Ийм арчаагүй иргэнтэй болохын төлөө улс төрийн намууд уралдаж байна гэдэг бол улс орны эрх ашгийн эсрэг л явж байна гэсэн үг.

-Төрөөс улс орны хөдөлгөгч хүч болсон залуучуудад хандсан бодлогыг төлөвлөхгүй байна гэж харагддаг. Сургууль төгссөн залуучууд гудамжинд лааз өшиглөөд л явж байна шүү дээ. Үүнийг өөрчлөхийн тулд юу хийж болох вэ?

-Монгол залуусын ихэнх нь их, дээд сургуульд оржээ. Энэ бол зөв. Гэхдээ дээд боловсрол гэсэн нэрээр бизнес болон “хөгжиж” байна. Монголын их, дээд сургуулийн ихэнх нь ашиг орлого олохын төлөө анхаараад, мэдлэг олгох тал дээр анхаарахгүй байна. Үүнээс шалтгаалаад амьдрах чадвартай боловсон хүчин бэлтгэгдэж чадахгүй байна. Жишээ нь их, дээд сургууль элссэн оюутан хүн тодорхой зорилготой байх ёстой. Оюутнууд ямар нэгэн бизнес санаа гаргаад түүнийгээ чөлөөтэй өгдөг, түүн дээр нь төр бодлогоор дэмждэг байх хэрэгтэй. Сар бүр баян, ядуугүй 21 мянга тарааж байхын оронд залуучуудаа дэмжих, хэрэгтэй байгаа зээлийг нь өгөх зэрэгт анхаарвал оюутнууд амьдралаа аваад явж чадна шүү дээ.

-Оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг өгч байгаа нь зөв үү, буруу юу?


-Оюутан хүнд мөнгө хэрэгтэй. 70 мянган төгрөг бол тухайн оюутны хэрэглээнд томоохон дэмжлэг болно. Оюутан хүнийг сурч байхад нь мөнгө өгөх хэрэгтэй. Би өөрөө оюутан байсан учраас сар бүр цалин өгөх нь ямар хэрэгтэйг сайн мэднэ.

-Хоёулаа сая баахан бараан асуудлуудын тухай ярьлаа. Гэхдээ энэ бүгдийг өөрчлөх ганц л боломж бий. Тэр нь сонгууль. Энэ жилийн сонгууль ямар нэгэн будлиангүй болох боломж байна уу?

-Үнэнийг хэлэхэд 2012 оны сонгуулиас нэг их зүйлийг хүлээгээд нэмэргүй. Бизнес, улс төрийн бүлэглэлүүд наймаагаа хийгээд, аль тойрогт, хэнийг дэвшүүлэх, яаж гаргах вэ гэдэг нь үндсэндээ тохиролцчихсон байгаа. Гагцхүү энэ сонгуулиар улс төрийн хүчнийг сонгох талаар сонгогчид юу бодох вэ гэдэг нь огт өөр асуудал. 2008 оны сонгуулиар ард түмэн хангалттай хуурч, мэхлүүлсэн. Сонгуулиар амалж байсан сайн, сайхан амьдрал хараахан бий болж чадсангүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон сайхан амлалтууд биелсэнгүй. Тухайлбал, 60-70 мянган ажлын байр бий болгоно гэсэн хаана байна. Амьдрал дээр төрийн албан хаагчдын тоо 62 мянгаар нэмэгдчихээд байдаг. Ардчилалын замыг сонгосноос хойш 22 жил өнгөрлөө. Энэ хооронд дандаа л хуучин МАХН-ыг сонгоод тэд нар олонх болоод явсан. Одоо тэгвэл үүнийг болиод ардчилсан чиг баримжаатай намуудад боломж олгоод ардчилсан замнал руу тууштай ормоор санагддаг. Одоо төрд ажиллаж байгаа хүмүүс өөр намын нэрээр, эсвэл бие даагч гэсэн нэр зүүгээд ороод ирнэ. Сонгогчид үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Хэрвээ энэ хоёр зүйлийг хэрэгжүүлвэл 2012 оны сонгууль үүргээ гүйцэтгэнэ.

-Та нэг ярилцлагадаа 2012 он их зүйлийг шийдэх жил гэж хэлж байсан. 2012 он гарчихлаа. Та үүнийг яг ямар утгаар нь хэлсэн бэ, сонгуулийн жил гэдэг утгаараа юу, эсвэл бүр өөр утгаар хэлсэн үү?

-2012 он Монголын хувь заяанд их шийдвэрлэх жил болноо гэдгийг аль 1921 оноос том, хутагт хувилгаадууд хэлсэн байдаг. 2012 оны гол зангилаа нь юу гэвэл нэгдүгээрт, Монгол орон ардчилалын замаар замнах уу, хоёрдугаарт, Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал гадныханы нөлөөнд автах уу гэдгийг шийднэ. Гадны компаниуд улс төрийн бүлэглэлүүдийг лоббидох, УИХ-д өөрсдийнхөө төлөөллийг багтаачихын тулд чадах бүхнээ л хийж байгаа шүү дээ. Үүний эсрэг бид зогсч чадах ёстой.

-Үүнтэй уялдуулаад ярихад Оюутолгойн гэрээг амтай болгон л муулдаг. Уул уурхайн асуудалд бид ямар байр суурьнаас хандах ёстой вэ?

-Уул уурхайн баялаг гэдэг бол өвөрмөц зүйл. Басхүү энэ баялаг нөхөн сэргээгдэхгүй. Хэзээ нэгэн цагт алга болно. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд ялангуяа 2000-аад оны эхнээс аваад уул уурхайн баялаг лиценз нэрээр гадаадынханы гарт чамгүй хувь нь орчихлоо. Үүгээр ч улс төрийн бүлэглэлүүд тэжээгдэж, тэтгэгдэж ирсэн. Энэ асуудал дээр бид хянамгай хандахгүй бол болохгүй. Одоо бид хууль зөрчиж олгосон лицензүүдийг нэг бүрчлэн шийдэх ёстой. Бүгдийг нь шалгаж аль хуулийг яаж зөрчиж байна, гэрээ хэлэлцээрүүд нь хуулийн дагуу байна уу гэдгийг нягтлах ёстой. Тухайлахад Оюутолгойн гэрээг нөөц нь батлагдаагүй байхад ашиглалтын лиценз өгчихсөн л байгаа шүү дээ. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Хуулийг хэн зөрчсөн юм бэ, ямар нөхцөлөөр яаж хэний халаасанд авлига орчихсон юм гэдгийг тодруулах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал гэвэл бид татварын бодлогоо боловсронгуй болгох нь чухал. Жишээд дурьдахад Шведэд 100 сая кроноос давсан орлоготой компаниас тухайн орлогынх нь 70 хувийг авдаг байх жишээтэй. Монгол мөнгөөр бодох юм бол 20 тэрбум төгрөг болж байгаа юм. Гэтэл одоогийн хуулиар 25 хувь л байгаа шүү дээ.

-Уул уурхайн томоохон ордууд дээр гадаадын болоод монголын эзлэх хувийг та юу гэж боддог вэ? Одоо бол 60:40 байгаа шүү дээ?

-Ер нь янз, янз байдаг л даа. Гадныханд 100 хувь ч өгч болно.

-Яагаад?

-100 хувь өгөхдөө хэд, хэдэн нөхцөлийг харах хэрэгтэй. Нэг­дүгээрт, манайх татварын бодлогоо боловсронгуй болгох хэрэгтэй. Манайд орд газрын нөөцийн төлбөрийг 5 хувиар тогтоосон. Гэтэл Кыргызэд 18 хувь байх жишээтэй. Яагаад манайх 18 хувиар тогтоож болохгүй гэж. Энэ мэтчилэн алдаатай зүйлүүдийг засах хэрэгтэй.

Хоёрдугаарт, уул уурхайг ил тод болгох хэрэгтэй. Бүх л зүйл нь олон нийтэд нээлттэй байж гэмээнэ олон нийт түүнд итгэнэ. Оюутолгой гэхэд л юу нь мэдэгдэхгүй барилга бариад л, ажилчид нь Ханбогд суманд бөөнөөрөө л сууж байна шүү дээ. Одоо Монголын төр үүнийг ухаарах хэрэгтэй. Манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гадныхан Монголын баялагт дугаарлаж байна гээд бахархалтай нь аргагүй бичих юм. Энэ ч аргагүй л дээ. Гэхдээ уул уурхайн баялагаа гадныханд өгчихөөд өөрсдөө өрөнд баригдаж үлддэг ийм тэнэг хүмүүс төрд байгаа нөхцөлд гадныхан гүйхээс яах юм.

-Оюутолгойн гэрээ тэртээ тэргүй муу болсон. Нэг ёсондоо галт тэрэг хөдөлчихсөн гээд байгаа. Оюутолгойн гэрээг сайжруулах боломж одоо байгаа болов уу?

-Оюутолгойн гэрээг засч сайжруулах боломж бий. Өнөөдөр бид нэг зүйлийг маш зөвөөр ойлгох хэрэгтэй. Оюутолгойг эзэмшиж байгаа компани Рио Тинто. Энэ компани тогтвортой нөхцөлд итгэл хүлээж ажиллахыг хүснэ шүү дээ. Түүнээс биш хулгайч шиг бүх юм аа аваад энэ нутгаас яваад өгье гэж бодохгүй байх. Яагаад гэвэл маш том компани учраас итгэлээ алдахыг хүсэхгүй нь мэдээж. Магадгүй Фрийдланд дэлхийн олон оронд шившигтэй үйл ажиллагаа явуулж байж болох ч Рио Тинто ийм бодлого баримтлаагүй нь лав байх. Гагцхүү Рио Тинтотой ухаантай яриа хэлэлцээр хийгээд, гэрээгээ сайжруулах талаар эргэн ярилцах л ёстой.

-Монголын ирээдүй ямар байна. Африкийн ямар нэгэн улсын ирээдүй хүлээж байх вий гэсэн айдас байна. УИХ, Засгийн газраас явуулж байгаа бодлогыг харахад ийм л айдас төрөөд байна?

-УИХ-ын 76 гишүүн сүүлдээ өөрсдийгөө мангуу гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна шүү дээ. Бүр түүгээрээ бахархдаг болчихсон ч юм шиг харагдаж байна. Төр ийм байж болохгүй. Гэхдээ Монголын ирээдүйд би итгэдэг, өөдрөгөөр хардаг. Монгол бол Африк биш. Монголд боловсролтой залуус, ухаалаг иргэд олон бий. Монголчууд аливаа юманд нэг зүтгэх юм бол тухайн нөхцөл байдлыг огцом эргүүлэх чадалтай. 1911 онд Монгол Манжийн колони байсан. Тухайн үед дэлхий бидэнд итгээгүй шүү дээ. Гэсэн ч бид Хятадын хараанаас гарлаа. 1990 онд Монголд 100 мянган Зөвлөлтийн цэрэг байлаа. Гадныхан Зөвлөлтийн нэг муж гэж ярьдаг байсан. Гэхдээ бид Ардчилсан нийгмийг олж авч чадсан. Гагцхүү бид өөрсдөдөө шүүмжлэлтэй, хариуцлагатай, хандах хэрэгтэй.

-Сүүлийн асуулт. Улс орны хөгжил ард түмний гарт байна уу, эсвэл ямар нэгэн нам улс төрийн хүчний гарт байна уу?

-Улс орны хувь заяаг намд даатгах гэж оролддог, нам гэдэг нэрээр бий болсон бүлэглэлүүд бүгдийг шийдэх гэдэг нь буруу. Ер нь явж, явж улс орны хувь заяа ард түмний гарт байдаг юм. Хэрвээ ард түмнээ сонсохгүй бол тэд нэг хөдлөөд нам, улстөрийн хүчнийг унагаачихаж чадна. Үүнийг 1990 оны хувьсгал бэлхнээ харуулна.

http://politics.news.mn/

Бичсэн: Telnet | цаг: 11:17 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax