2012-01-24
Dream Big
Хүсэл, Мөрөөдөл, Зорилго....эдгээр үгний ялгаа юунд байдаг вэ? Ерөнхийдөө бол томоохон нэг зүйлийг зааж байгаа байх. Харин хамгийн гол ялгаа нь тухайн зүйлийг тэр хэн хэр их хүсэж, хэр чухалчилж байгаагаараа, нэг үгээр бол хэмжээгээрэй ялгаатай байх бол уу? Хамгийм томоосоо жагсаавал Мөрөөдөл, Хүсэл Зорилго гэсэн байдлаар хэлж болох юм. Мэдээж хүн бүр өөрөөр л ойлгодог байх л даа. Хүн хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг маш чухал хэрэгтэй зүйл гэж боддог. Гэвч үнэхээр бодитойгоор хүсэл мөрөөдөлтэй байгаад түүнийхөө төлөө хичээж байгаа залуучууд их цөөхөн байх. Хамгийн аймшигтай нь би амралтаараа монголд очоод 10н жилийн сургулийн ахлах ангийн хүүхдүүдээс чиний зорилго мөрөөдөл одоо хүртэл юуны төлөө юу хийснийг нь асуухад хариулах хүн маш цөөхөн байсан даа... За ингээд Хүсэл Мөрөөдөл хүнд ямар хэрэгтэй, бас юу болох тухай өөрийн жаахан бодлыг хуваалцая...



Намайг ахлах сургуульд сурж байхад маань манай ангийн багш маш их ааштай, ууртай, хатуу, ер нь л нэг  тийм багш байсан. Мэдээж би багшдаа жаахан дургүй байлаа. Нэг өдөр багш маань юу болсон юм гэмээр намайг дуудаад "За 2-уулаа гарч хоол идье" гэх юм. Би ч нилээд гайхаад за гээд л машинд нь суулаа. Тэгээд сургуулиас маань нилээд хол бараг 30-аад минут яван байж нэг Сүшигийн ресторанд ирлээ. Замдаа багш маань надаас Монголын тухай, монгол хүүхдүүдийн тухай олон зүйлүүдийг асууж байлаа. Би ч хариулаад л яваад байлаа. Тэгээд өнөөх том ресторанд ороод сууж байтал багш маань "Чиний хүсэл мөрөөдөл юу вэ? Тэрнийхээ төлөө юу хийсэн бэ? Бас одоо юу хиймээр байна?" гэж нилээд нухацтай царай гарган асуулаа. Тухайн үед надад мэдээж мөрөөдөл хүсэл зорилго байсан л даа. Учир нь би хэтэрхий мөрөөдөмтгий хүүхэд байсан л даа. Магадгүй одоо ч гэсэн тийм хэвээрээ байх...хэхэ Гэхдээ тэр үед би багшдаа нэг их сайн ойлгуулж чадаагүй байх л даа. Тэгээд яг энэ миний мөрөөдөл гээд түүнийгээ бодоод хийсэн юм нэг л санаанд орохгүй байсан юм. Багш маань нилээд удаан дуугүй сууж миний утгагүй яриаг сонсоод л байлаа... Сүүлдээ би ч бүр юу хэлэхээ мэдэхгүй сандраад дуугүй болчихлоо. Гэтэл багш маань надад эмээгийнхээ ярьж өгсөн зүйлийг ярьж өгье гэж байх юм. Би за ч гэж хэлж чадахгүй дуугүй доошоо хараад л суулаа.. Одоо ярьсан тэр яриаг нь би та нарт хүргэе. Уншихаасаа өмнө та өөрөөсөө "Миний хүсэл мөрөөдөл юу вэ? Тэрнийхээ төлөө юу хийсэн бэ? Бас одоо юу хиймээр, хийж байна?" гэж асуугаад бодоод үзээрэй. Дараа нь уншаад дахиад нэг бодоод үзээрэй магадгүй таны бодсон зүйл жаахан ч гэсэн өөрчлөгдөж болох юм. За ингээд багшийн маань эмээ багшид маань, тэгээд багш маань надад ярисан тэр яриаг та нартаа хүргэе....

Нохой бөөсийг Японоор Номи (ノミ) гэдэг. Энэ хорхой, шавьж, амьтан юу ч юм дээ өөрийнхөө биеийг хүчтэй нь харьцуулвал дэлхий дээр хамгийн өндөр үсэрч чаддаг амьтан юм гэнэ. Том жижгээрээ ойролцоогоор 1- 2 мм радиустай бөмбөлөгтэй адил хэмжээтэй энэ амьтан 1.5 м-ээс өндөр үсэрч чаддаг гэнэ. Энэ амьтныг бариад лонхонд хийгээд таглавал лонхноосоо гарахын тулд маш олон удаа, бүр маш олон удаа үсэрч лонхны бөглөөг мөргөөд буцаад л буудаг. Тэгээд дахиад шантрахгүй үсрээд л байдаг гэнэ. Ингэсээр маш олон үсэрч гарах гэж оролдсоны эцэст нөгөөх лонхны бөглөөгөө мөргөхөө больж яг тэр бөглөөнийхөө доохон талд 5 мм хүрэхгүй зайд очоод л буцаад буудаг болчихдог юм гэнэ. Түүний дараа лонхны бөглөөг нь авсан ч гэсэн нөгөө нохой бөөс (ノミ) маань үсэрч гардаггүй нөгөө л бөглөөнөөс дооших байрлалдаа үсэрсээр л байдаг юм гэнэ. Уг нь бол түүнд маш их хүч, тэндээс гарах бүрэн боломж байгаа. Гэтэл тэр тэндээ л үсэрсээр байдаг гэж багш маань ярьлаа. Би ч чив чимээгүй сонсоод л сууж байлаа. Тэгээд багш маань жаахан дуугүй сууж байснаа "за эндээс сургууль руу 2- 3 цаг алхаж очих байх алхаад ирээрэй... Замдаа миний яриаг өөрийхөө мөрөөдөлтэй хамт сайн бодоод алхаарай гэж хэлээд тоцоог маань хийчихээд юу ч болоогүй юм шиг инээгээд гараад явчихлаа. Би юу болоод байгаагаа ч сайн ойлгохгүй хэсэг ганцаараа сууж байгаад гараад сургуулийн зүг алхаж эхэлсэн дээ. Тэгээд өөрийн эрхгүй багшийнхаа яриа бас өөрийн мөрөөдөл хүсэл зорилгыг бодож эхэлсэн цаг ч байна эхнээс нь сайхан  бодоод алхлаа. Маш их зүйлийг бодож ойлгож бас мэдсэн. Нэг л мэдэхэд сургууль дээрээ ирсэн байлаа. Гэтэл багш маань сургуулийн хаалган дээр зогсож байлаа. Надтай харц тулгармагцаа "За бодсон уу?" гэх юм. Би хариулах гэтэл багш маань "битгий хэл !! чи өөрөө л бодож мэдэж байхад болно" гэж хэлээд инээгээд л яваад өгсөн дөө.

Та бас энэ яриаг уншаад дараа нь өөрийн мөрөөдөлтэйгөө хамт бодоод үзээрэй танд нэгийг бодогдуулах байх.

1. Хүн өөртөө байж болох хамгийн том мөрөөдөлтэй байх ёстой !!!
Хэдий чинээ том гайхалтай мөрөөдөлтэй байна хүн түүндээ хүрэхийн төлөө төдий чинээ их зүйлийг хийж бүтээхийг хичээдэг. Тэгээд тэр том мөрөөдөлдөө хүрэхгүй ч гэсэн түүндээ нилээд ойртсон том зүйлд өөрөө ч мэдэлгүй хүрсэн байдаг аж. Учир нь том мөрөөдлийн төлөө та маш олон том юмийг хийж чадсан байдаг. Тийм ч болохоор тэр том мөрөөдөлдөө хүрэхгүй байсан ч та түүндээ нилээд ойр бас нэгэн том зүйл өөрөө ч мэдэлгүй хүрсэн байх болно. Хүнд маш агуу хүч байдаг. Хүн юуг ч хийж чадна. Харин өөрийнхөө тэр хүчинд итгэх хэрэгтэй. Хэрвээ та дээрх багшийн маань ярианд гарсан нохой бөөс шиг олон хичээж байгаад дараа нь өөрийн хүчинд итгэхээ больж, өөрийгөө чөлөөлж чаддахгүй болох юм бол тэгээд л таны мөрөөдөл хүсэл зорилго талаар болно гэсэн үг. Хүний сэтгэл, нохой бөөсний чанартай !!! Маш том агуу их хүчтэй, гэвч олон оролдоод болохгүй бол шантраад тэр хүчээ гаргахаа больдог. Тиймээс хүн та хэзээ ч бууж өгч бас шантар ч болохгүй !!!

Нөгөөтэйгүүр хэрвээ та жижиг мөрөөдөлтэй байвал яах вэ? Мэдээж болохгүй зүйл байхгүй л дээ. Мөрөөдөл л бол мөрөөдөл шүү дээ. Гэхдээ бодитоор бодоод үзвэл та жижиг мөрөөдөлтэй бол түүний төлөө жижиг л зүйлүүдийн төлөө хөлс хүч цаг заваа зарцуулна. Тэгээд мэдээж танд бэрхшээл гарна. Энэ үед та мөрөөдөлдөө хүрэхээргүй боллоо гэж бодвол та тэр жижиг мөрөөдлөөсөө илүү жижиг зүйлд л хүрсэн байх болно. Харин үүний оронд том юм мөрөөдөөд бүтэхгүй бол том мөрөөдөлтэйгөө их ойрхон жижиг мөрөөдлөөс хамаагүй дээгүүр тийм зүйлд та хүрэх нь тодорхой. Тиймээс аль болох мөрөөдөл том байх тусмаа сайн байх. ...хэхэ

2. Мөрөөдлөө хүслүүдэд, Хүслүүдээ зорилгуудад, Зорилгуудаа жил жилээр нь, тэрийгээ сараар нь, дахиад тэрийгээ өдрөөр нь, тэгээд тэндээсээ яг одоо танд юу хэрэгтэй, та юу хийх ёстойг бодож, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл яг одооноос таны мөрөөдөлдөө хүрэхэд нэн түрүүнд  хийх зүйлийн төлөвлөгөөг бүдүүвчилж гаргах хэрэгтэй. Заавал нарийн гаргана гэдэг бол нилээд хэцүү. Тийм болохоор ерөнхий л байхад болно. Харин хамгийн гол нь та 7*7 хоногоор нь, эсвэл сараар нь ч юм уу яг бодитой нэг зорилго тавиад тэрэндээ хүрэхээр хичээх, тэгээд хүрсэн бол дараагийхаа зорилгийг тавих...энэ мэтээр та өөрийн жинхэнэ том мөрөөдөлөө маш олон зорилгод хуваагаад 1х1-ээр нь сар сараар нь биелүүлж байхад хэзээ нэгэн цагт таны мөрөөдөл биелэх нь гарцаагүй. Хамгийн гол нь хэзээ ч шантарч болохгүй нэг зорилгоо биелүүлж чадаагүй бол дахиад үз, дахиад болохгүй бол өөр зорилго тавиад үз. Энэ мэтээр үзэхэд аль нэг нь болж л таараа.... Хамгийн гол нь хэзээ ч шантарч болохгүй, бас өөртөө үнэн ч байж хичээх хэрэгтэй. Өөрийгөө хуурах хамгийн тэнэг асуудал гэж би боддог.

Зүгээр л нэг жишээ сонирхоё !!

Бат НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болмоор байна гэж мөрөөдье. Тэгвэл НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болохын тулд эхлээд НҮБ-д ажилд орох хэрэгтэй. НҮБ-д ажилд орохын тулд дэлхийд зөвшөөрөгдөх маш өндөр боловсрол эзэмших хэрэгтэй. Ийм боловсрол эзэмшихийн тулд дэлхийд нэртэй том, улс гүрэнд дэлхийд алдартай том сургуульд элсэн суралцах хэрэгтэй болох байх. Тийм сургуульд орохын тулд мэдээж нилээд сайн англи хэлний мэдлэг хэрэгтэй болох байх. За тэгвэл англи хэлийг маш сайн суръя. Англи хэлийг сурахын тулд тодорхой ном сурах бичигүүдийг судлая. За нэг номыг 2-3 сар сайн нухая. Тэгвэл 7 хоногт 80 хуудас хийе. Тэгвэл өдөрт 30 дасгал ажиллая. Эндээс 1 өдөрт 2-3н цаг зарцуулъя. Харин яг одоо судлах номоо бэлдэе.... мэдээж бусад хичээлүүд, бас зарим нэг амралт, зугаа хэрэгтэй тул тэрийгээ бас сайн бодолцоё.

........гэх мэтээр маш том мөрөөдлөөс маш олон жижиг зорилго болгон хуваагаад хичээх нь хамгийн үр дүнтэй бас өгөөжтэй байх нь тодорхой. Том юм хүсээд гэнэт том зүйл хийнэ гэж байхгүй. Батын хувьд дээрх байдлаар шантрахгүйгээр мөн өөртөө үнэн ч байх чадвал ягаад НҮБ-н ерөнхий нарийн бичгийн дарга болж болохгүй гэж. За үнэхээр болж чадахгүй бол мэдээж урьд нь маш их зүйл хийсэн учираас НҮБ-д удирдах ажил хийдэг ч юм уу ямарч л байсан нилээд өндөр зүйлд хүрсэн байх байх.

За ингээд эцэсд нь нэгтгээд дүгнэж хэлэхэд хүнд мөрөөдөл байхгүй бол амьдрал ямар ч утгагүй байх болов уу гэж бодож байна. Тэр дундаа маш том мөрөөдөлтэй байж түүндээ хүрэхийн тулд одоо хийж болох, хийж чадах зүйл юу байна тэрнээсээ л эхлээд хичээвэл болохгүй, бүтэхгүй зүйл үгүй ?!...

Хамгийн гол юу ч байсан хамаагүй өөрийн гэсэн мөрөөдөлтэй байж түүний төлөө том бишээ зүгээр л яг одоо би тэр мөрөөдлийнхөө төлөө юу хийж болох бэ гэдгээ  бодоод түүндээ шантрахгүй хичээж, өөртөө үнэнч л байх хэрэгтэй байх. Яг одоо юу хийх хэрэгтэйгээ бодоод тэрийгээ хэрэгжүүлэхэд тийм ч их хүч хөдөлмөр шаардаад байхгүй л байх. Мэдээж цаагуураа бол та өөрийхөө мөрөөдлийн төлөө нэг алхам алхчихлаа гэсэн үг.

За тэгээд томоос том мөрөөдөөд түүнийхээ төлөө урагшаа найзуудаа !!!

http://www.cosmosbirds.org/
Бичсэн: Telnet | цаг: 16:18 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax