2012-01-18
ТЭР ГАРТАА ДОЛЛАР БАРЬЖ ҮЗЭЭГҮЙ
Тэр гартаа доллар барьж үзээгүй.

Гэхдээ ам.доллар гэж юу байдгийг ардчиллын буянаар ойрхоноос харсан.  Тэр гадаад орон руу зорчиж үзээгүй. Гэхдээ гадаад пас­порт  аваад гадагшаа явъя гэ­вэл  болно. Түүнийг хэн ч хо­рихгүй.  Даанч түүнд га­даа­даар хэрэн хэсэх  мөнгө байхгүй.  Тэр зах зээлийн онол мэдэхгүй.  Хөрөнгийн бирж болоод хувьцааны та­лаар мэдлэггүй.  Гэвч түүнд Тавантолгойн 536 ширхэг хувьцаа бий. Гарт нь баригдаж авдарт нь хэвтэхгүй ч хаана ч юм бэ нэг газарт байгаа  гэдгийг мэддэг. 

     Түүнд ямар  ч  өмч хөрөнгө байхгүй. Гэхдээ дарга нар зурагтаар “Иргэн бүр Оюутолгой, Тавантолгойн эзэн”  гэж  ярьдаг болохоор тэр бас Оюутолгой,  Тавантолгойн эзэн гэж өөрийгөө боддог. Тэр Оюутолгойн талаар ба­раг мэдэхгүй. Яагаад гэвэл тэр сонин уншдаггүй. Учир нь түүнд  сонин захиалах мөн­гө байхгүй.  Бусдын адил Оюу­толгойн гэрээ “но”-той болсон л гэж боддог. Гэвч сар бүр эхнэр, гурван хүүхэдтэйгээ хамт 21 мянган төгрөгөө аваад гурил, будаагаа авчихдаг.  Энэ мөнгө хаанаас яагаад ирж буйг мэдэхгүй. Мэдэхийг ч хүсдэггүй. 
      Тэр төр засагт ажиллаж байгаа хүмүүсийг авлигач гэж боддог. “Бүгдийг нь  шоронд хийж огцруулбал сайхан амьдарна” гэж ярьдаг.  Гэхдээ тэднийг яаж барьж аваад шоронд хийх вэ гэдгийг бас мэдэхгүй.  Түүний хийдэг ажил нь “Нарантуул” зах дээр лангууны булан  түрээслэн оймс зарах.  Авлигачдыг үзэн яддаг атлаа захын байцаагчид  бас жижигхэн “авлига” өг­дөг. Хүйтэн өдөр аяга аарц авч өгөх юм уу хагас кило хужаа мандарин халаасанд нь хийхээ мартахгүй.  Галгүй  хүйтэн гэрт өдөржин даарч өнжих эхнэртээ авч өгөөгүй халуун аарц захын байцаагч авгайн ходоодонд ороход тэр харамсдаггүй.  

Хоолой давах хоолноос өөр юм нэхдэггүй гурван хүүхдэдээ өгөөгүй мандарин захын байцаагчийн аманд ороход түүний өр өмөрдөггүй. Яагаад гэвэл  түрээсээ  цаг тухайд нь төлж чадахгүй хөөгдөхөд хүрнэ. Хөөгдвөл гэртээ өвчтэй хэвтэж буй эхнэр нь,   гурван хүүхэд нь  өлсөж үхэж магадгүй.  Тиймээс захын байцаагчийн гарыг хүндрүүлэх ёстой. Үүнийгээ авлига гэж  мэдэхгүй. Мэдэх ч хэрэггүй. 

Тэр ийнхүү ажин түжин амьдарч байтал ам.долларын ханш өссөнөөс болоод шатахууны үнэ нэмэгдэв.

Шатахуунаас  хамаараад юмны үнэ өсөв. Лангууны булангийн түрээс нэмэгдлээ. Талх,  мах, гурил, будааны үнэ бас өслөө.  Тэр үүнийг ойлгохгүй.  Яагаад ам.долларын үнэ өсөхөөр шатахуун үнээ нэмдэгийг мэдэхгүй.  

      Ер нь доллар гээчийн үнийг хэн нэмээд  байгааг ч мэдэхгүй. Тэр  чаддагаараа зарж буй  оймсныхоо  үнийг  нэмлээ. Гэвч оймс бол мах, гурил биш болохоор орлого нь нэмэгдсэнгүй.  Тэр  эхнэр, гурван хүүхдийнхээ хамт идэж уухаа танахаас өөр аргагүй болов.  Тэртэй тэргүй долоо хоногт гурван удаа л махтай хоол идэж байсан бол одоо ганцхан удаа л идэх хэрэгтэй болжээ. Бас талх авахаа байлаа.  Зөвхөн гурил, ногоо аваад хуурч шараад иддэг боллоо.  Бага хүүгийнх нь гутлын ул цоорсон байсан. Гэвч энэ удаа сольж чадахгүй нь. Гуталчинд очиж улан дээр нь резин наалгав. Харамсалтай нь гуталчин бас үнээ  нэмжээ. Учир нь резиний үнэ нэмэгджээ. Резинийг авчирч өгдөг жолооч тэгж хэлсэн гэнэ. 
     Эхнэрийнх  нь уудаг эмийн үнэ  бас нэмэгджээ.  Тэгэхээр цаг тухайд нь эм авч өгч чадахгүй боллоо. Одоо үхэх амархан, амьдрах хэцүү болжээ.  Зурагтаар дарга нар үнэ нэмсэн этгээдүүдийг цээрлүүллээ, торголоо гэв.  Тэглээ  гээд бага хүүд нь гутал, эхнэрт нь эм,  гэрт нь  гурил авч өгөхгүй.  Өдөржин “Нарантуул” дээр зогсоод ганц ширхэг оймс ч зарж чадалгүй гэртээ ирэх нь олшров.  Микроавтобусны үнэ нэмэгдсэн тул цаг гаруй алхсаар оронгийн бараа хардаг болов.   Халаас хоосон ирэхэд дөрвөн хүний найман нүд хоол эрэн халаас юуг нь тэмтчих боллоо. Гэтэл зурагтаар дарга нар “Манай улсын эдийн засаг үсрэнгүй хөгжиж байна” гэв. Тэр уурласангүй. Тэртэй тэргүй энэ худлаа ярьдаг зурагтыг маргааш ломбарданд тавих юм чинь гэж бодлоо. Дахиад цатгалан дарга нарын жаргалтай царайг харахгүй  амсхийнэ.  

     Тиймээ, тэр ам.доллар гартаа барьж үзээгүй. Гэхдээ ардчиллын буянаар ойрхоноос барааг нь харсан. Түүнийг хэн ч гуйлгачин гэхгүй.  Учир нь тэр сар бүр 21 мянган төгрөг авдаг. Тэр зах зээлийн онол мэдэхгүй. Хөрөнгийн бирж хувьцааны талаар ойлголтгүй ч  түүнд Тавантолгойн 536 ширхэг хувьцаа хаа нэгтээ  бий.

Түүнд өөрийн гэсэн өмч байхгүй ч тэр   Тавантолгойн хувьцаа эзэмшигч гэсэн.  Тэр ам.долларын үнийг хэн буулгаж, хэн өсгөж байгааг мэдэхгүй. Яагаад ам.доллараас болж юмны үнэ өсдөгийг ч мэдэхгүй. Гэхдээ тэр ганцхан л юм сайн мэднэ.   Төр засаг түүнийг сайхан амьдруулах үүрэгтэй гэдгийг мэддэг.

      Түүнийг эхнэр, хүүхдийнх нь хамт ямар ч төр засаг өлсгөж, бас үхүүлж болохгүй гэдгийг мэддэг. Гэхдээ тэр ганцхан үнэнийг яс махандаа шингэтэл ойлгосон. Төр үүргээ биелүүлдэггүй, төр дандаа худлаа ярьдаг гэдгийг ойлгосон. Төрийн буруутай алхмаас  болж улам бүр ядуурч байгаагаа л мэддэг. Энэ бол түүний мэддэг цорын ганц үнэн билээ. Харамсалтай нь тэр цорын ганц үнэнийг мэддэг гэдгээ ч ойлгодоггүй юм.

http://munkhbayasgalan.niitlelch.mn/
Бичсэн: Telnet | цаг: 14:11 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


goy bichjee. unen goy
Бичсэн: аниа (зочин) цаг: 13:45, 2012-03-10 | Холбоос | |


Үнэн ш дээ
Үнэндээ боловсролгүй, бага боловсролтой иргэдийн амьдрал ийм л байгаа ш дээ. Эрх мэдэлтнүүдэд боловсролтой сонгогч хэрэг ч үгүй. 10 төгрөгөнд хууртагдах, худалдагдах боловсролгүй, ард түмний өмчийг идэж байгааг нь мэддэггүй, боловсролгүй, харанхуй бүдүүлэг л сонгогч тэдэнд хэрэгтэй.
Бичсэн: Май (зочин) цаг: 17:14, 2012-03-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax