2011-11-03
ИРЭЭДҮЙДЭЭ БИД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 12)


Оюуны чадварын IQ төвийн тэргүүн, доктор, профессор Ц.Дэмбэрэл:


Өнөөдөр би та бүхэнд “Ирээдүйн ухаан” сэдэвтэй лекц хүргэх гэж байна. Энэ лекцийг Монголын ирээдүй судлал нийгэмлэгээс бэлтгэсэн юм. XIV Далай лам Данзанжамц “Өнгөрсөнтэй зууралдаж сууснаас хойч ирээдүйн зүг харж байсан нь хамаагүй дээр” гэж хэлжээ. Монголчууд бид өнгөрсөнтэй их зууралдаж байна. Чингис хаан маань “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэ” гэж нэгэнтээ бас айлджээ.

Сүүлийн хэдэн жил монголчууд бид гуниг зовлон их ярьж, хоорондоо олонтаа хэрэлдэн зодолдож байна. Мэдээллийн сувгуудаар хар бараан мэдээлэл их цацагдаж байна. Энэ юутай холбоотой вэ? Хэтийн зорилго үгүй учраас л ингэж үргэлж зовлон яриад, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байна. Холын зорилготой хүнд ингэх зав байх уу? Гэхдээ бид ирээдүйг эрж хайх аянд мордож байна. Өнөөдрийн энэ лекцийг та нарт хүргэж байгаа нь, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулан 2021 он хүртэлх хөгжлийн ерөнхий чиг баримжаа гаргасан нь монголчууд ирээдүйгээ эрж хайх аянд мордож эхэлснийг харуулж байна.

2030 оны үе гэхэд хүүхэд 3 настай сургуульд орж, одоогийн ерөнхий боловсролыг 10 орчим насандаа эзэмшээд, цаашаа их сургуульд 3 жил сураад, 13-тайдаа ажлын байранд шилжинэ. 2030-аад онд хүний дундаж наслалт харин 100 давна. Гэхдээ 30 наснаас хойш шинэ технологи эзэмших чадвараа гээнэ. Тэр үед юм их хурдан хувьсан өөрчлөгддөг болсон байна.
Ийм төлөгчлөл гарчээ. Та нар ажиглаж байгаа байх, сүүлийн жилүүдэд технологи маш хурдтай шинэчлэгдэн өөрчлөгдөж байгааг. Нэг дуучин гарч ирнэ, дуу шинээр төрнө, тэр нь нийтэд тараад л дорхноо мартагдаж байх жишээтэй. Дуугаа ч, дуучнаа ч сонирхохоо байчихаж байна. Бидний үед нэг дуучин нэг дууг 10-20 жил дуулж амьдардаг байлаа. Өөрчлөлт бараг явагддаггүй байсан учраас тэр шүү дээ. Өнөөдөр орчин үеийн шинэ технологийг залуус л сайн эзэмшиж байгаа биз. Ахмадуудад тийм чадвар муу байдаг нь хуучин технологи дээр сурчихсан, түүнээсээ салж чаддаггүйтэй холбоотой гэнэ.
Монголын боловсрол юу хийж байна вэ? Баруун зүг рүү ч явмаар, зүүн зүг рүү ч явмаар. Зүүн хойшоо ч бас явмаар. Өөрөөр хэлбэл, боловсрогч хүн дөрвөн зүг, найман зовхисын аль руу ч явмаар, тодорхойгүй, эргэлзээтэй байна. Ийм байх ёсгүй. Яг тодорхой зүг чиг зааж өгөх ёстой. Монголын боловсрол битүү хаалттай хөшигний ард байсан. Нээгээд хартал цаана нь үзэсгэлэнтэй далай, сайхан хот, бүх юм байж байсан. Үүнийг харуулахгүй, хүүхдийн нүдийг боож олон жил явлаа. Энэ буруу.
Монголын боловсрол юу хийх ёстой вэ? Хүүхэд залуусын толгойг урагш буюу ирээдүй рүү эргүүлж хандуулах ажил хийх ёстой. Энэ ажлаа одоо л эхлэх гээд гараагаа тавиад байна. Удахгүй сургуулиуд дээр ирээдүйн ухааны тухай хичээл орж эхэлнэ. Сурах бичиг нь ч бэлэн болчихсон. Төрийн бодлогоор ирээдүйн ажил мэргэжлийн хичээлийг үнэнхүү дэмжиж, сонголтын журмаар орох эрхийг нь нээгээд өгчихсөн. Одоо хот, хөдөөгийн олон сургуульд энэ хичээлийг зааж эхэллээ. Технологийн хөгжлийн ачаар багш бид танхимаасаа Увс аймгийн Өмнөговь суманд хүртэл хичээл зааж чадаж байна. Интернэт орсон аль ч газарт хэдэн км-ийн алсад байсан ч зааж болохоор болгосноороо өнөө цагийн технологийн дэвшил гавъяатай юм. Хот хөдөө, хол ойрын ялгаа байхгүй боллоо. Ингэснээр хөдөөгийн хүүхдүүд хоцрогдохгүй, харин ч түрүүлэх боломж харагдаж байна.
Ирээдүй хүнд ямар нөлөөтэй вэ? Залуу нас мөрөөдлөөр дүүрэн байдаг. Дуртайгаа мөрөөдөцгөөдөг. Гэхдээ хэлмээр зүйл бас байна. Хамаа намаагүй ажил руу хуйлран гүйх нь өөрийгөө тарамдана гэсэн үг. Гайгүй чадвартай атлаа бодит  амжилтад хүрээгүй хүн цөөн бус. Юм юм руу үсчсээр байгаад үр дүн үзэлгүй тэнхлээ барчих нь мөн л олонтаа. Олимпод түрүүлэхийн тулд олимпдоо л бэлддэг шиг зорилго, тэмүүлэл маш тодорхой байх ёстой. Бид XXI зууны иргэд. Ирээдүйн ухааны тухай заадаг сургалтыг энэ зууны сургалт гэж нэрлэж байна. Гэтэл XXI зуунд XX зууны сургалтаар яваад байж болох уу. Өнөөдөр бид мориор биш интернэтээр дэлхийг тойрч байгаа биз дээ. Манай боловсролын тогтолцоо яг үүн шиг хоцрогдоод байна. Мориор дэлхийг тойрч байсан үе мэдээж бий. Морины дөрвөн туурайн хүчээр Чингис хаан цэргүүдтэйгээ нийлж дэлхийн хагасыг байлдан дагуулсан түүхийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ бол 800 жилийн өмнөх явдал. Yүнийг одоо дагана, дуурайна гэж байхгүй ээ.
XXI зууны ирээдүйч шинэ сургалтын онцлог шинж юунд байх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Нэгдүгээр шинж нь оюунлиг. Маш оюунлиг байх ёстой. Оюун ухаан ярьдаг, хөгжүүлдэг байх ёстой. Хоёрдугаар шинж нь ирээдүйлэг. Одоогийн сургалтын агуулгад ирээдүйлэг шинж байна уу? Физикийн хичээл ороход физикийн ирээдүй гэж зааж байна уу. Түүхийн хичээлийг гэхэд л эртний, дундад зууны, орчин үеийн, шинэ үеийн гэх мэт олон янзаар задлан заадаг атлаа ирээдүйн тухай яагаад зааж тайлбарладаггүй юм бэ. Түүх орсон бол ирээдүй орох ёстой. Барууны өндөр хөгжилтэй орнуудад түүхийн хичээл 1 цаг орвол ирээдүйн хичээл 9 цаг ордог болж байна. Гэтэл Монголд яг үүний эсрэг. Ямрав дээ? Гуравдугаар шинж нь гэвэл, их өгөөжтэй байх ёстой. Хичээл заагаад дуусахад л өгөөж нь танд очиж байх ёстой. Америк, Герман, Францын боловсрол маш мэдрэмжтэй. Шинэ юм гарангуут маргааш нь хичээл дээрээ заадаг. Манайд ийм биш.  
Ирээдүйн ухаан-ирээдүйн ажил мэргэжил хичээлийн зорилго нь ирээдүй рүү чиглэсэн зөв тэмүүллийг л бий болгох юм. Хоосон мөрөөдөж тэмүүлсээр сайханд хүрнэ гэж байхгүй. Буруу замаар тэмүүлбэл буцахдаа шороо тээнэ. Зорилгогүй тэмүүлбэл уруудаж дордон боол болно. Сурагчдыг алсын зүг баримжаатай болгох, хуйлран буй энэ цаг үед холтос лугаа даган хөвөх бус загас лугаа сөрөн сэлэх боломж олгох. Энэ хамгийн чухал байна. Зөвхөн үхсэн загас л урсгал дагаж хөвдөг биз дээ. Өндөр хөгжилтэй орнуудын сургалт бүгд энэ чиглэл рүү хандсан байна. БНХАУ-д л гэхэд нэг жилийн дотор 20 гаруй ирээдүй судлалын нийгэмлэг байгуулагдлаа. Далайд хөвөгчдийн дотор луужинтай нь жаргалтай. Хөгжлийн далай гэж том далайд олон хөлөг онгоц хөвж яваа. Онгоцууд бол улсууд. Тэдний дотроос луужинтай онгоц л энэ олон чигийн дунд ирээдүйгээ зөв тодорхойлон явж чадна.
Ирээдүйн ухаан гэдэг том шинжлэх ухааны мэдлэг чадварыг оновчтой хэлбэрээр олгож, ажил мэргэжлээ сонгох, амьдралаа залж чиглүүлэхэд тус болох нь хэний төлөөх ажил вэ? Мэдээж өнөөдөр өсч өндийж байгаа хүүхэд залуус та нарын төлөөх ажил. Тэдний ирээдүйн амьдрал тавь жаран жилээр яригдахад биднийх хорь гучин жилээр хязгаарлагдана. Барууны сургуулиудад багш нар барагтай бол хичээл заахгүй. Энэ номыг уншаад ир, боловсруулаад аваад ир гэх маягаар багачуудыг өөрсдөөр нь хөгжүүлдэг. Харин багш нь туршлагаараа чиглүүлж зааж өгдөг. Багшийн гол өгөх юм нь туршлага. Түүнийгээ л дамжуулдаг. Гэтэл манайд бүгдийг мэдэж байгаа мэт баахан заавар сургаал заачихдаг. Энэ бол сургалтын технологийн горимын том алдаа, хоцрогдол.
Ирээдүйн ухаан гэдэг хичээлээр ямар ямар хүрээ, сэдвийг хамрах вэ гэсэн асуулт бас гарч ирнэ. Цаг хугацаа гэж юу болохыг хэлж өгнө. Түүх ч цаг хугацаа, ирээдүй ч цаг хугацаа. Харин тэр цаг хугацаа маань хаашаа урсаж байгаа вэ? Зөвхөн ирээдүй рүү. Тийм биз. Ирээдүй рүү яаж аялдаг юм бэ, яаж таамагладаг юм бэ гэхээр шинжлэх ухаанаар бүгдийг тооцоолдог. Тоогоор жишээлье. Ямар ч учир шалтгаан, уялдаа холбоогүйгээр тоо бодож мэдээж болохгүй. Математик гэж том шинжлэх ухаан бий. Пифагорын теорем, Арифметикийн дэвшил гэхчлэн заадаг шүү дээ. Түүн шиг ирээдүйн шинжлэх ухаан нь өөрийн арга зүйтэй юм. Боломжит ирээдүй, магадлалт ирээдүй, өөрчлөлтийн хурд гэх мэтчилэн бодож тооцоолох арга бий. Технологийн ирээдүй гэж маш том юм байна. Интернэт бий болсноор технологийн хөгжил санаанд оромгүйгээр хурдассан. Гэтэл ерөнхий боловсролын сургуульд технологийн талаар заахдаа ирээдүйг нь орхигдуулчихдаг. Эдийн засгийн ирээдүй бий. Өнөөдөр эдийн засгийн хямрал гэж ярьж байна. Эдийн засгийн ирээдүйгээ буруу таамагласнаас болж ингэж алдаж байна. Боловсролын ирээдүй, эрүүл мэндийн ирээдүй маш их өөрчлөгдөж байна. Соёл, амьдралын орчны ирээдүй, ажил мэргэжлийн ирээдүй ихээхэн өөр чигт эргэж байна. Зарим ажил мэргэжил бүр алга болно. 2020 онд ерөөсөө хэрэггүй, шаардлагагүй болох ажил мэргэжил, орлуулах ажил мэргэжил олон байна. Нягтлан бодох бүртгэлийн ажлыг л гэхэд автомат төхөөрөмжөөр хийдэг болно. Гараар мэс засал хийдэг ажил 2020 онд гэхэд үгүй болно. Ийм байхад мэс засалч болно гэж явах хэрэг байна уу. Энэ мэтчилэнгээр дэлхий хувьсан өөрчлөгдөж байна. Энэ бүгдийг хамруулан хүүхдүүддээ зааж өгөх шаардлага байгаа биз.
Хүсэл мөрөөдлөө яаж шинжих вэ? Хүсэл мөрөөдлийг зөв тогтоож авах ёстой. Тэгж байж олсон зөв чиг рүүгээ бүтээлчээр тэмүүлэх ёстой. Монгол маягаар хүсэл мөрөөдлийг шинжиж, тэндээсээ сонирхлоо олох нь монгол тэмүүлэл юм. Гэхдээ сонирхсон бүхэн рүүгээ явахгүй. Чадвараа бас шинжинэ ээ. Би хэн бэ гэдгээ, тухайн мэргэжилд тавигдах шаардлага надад байна уу үгүй юу гэдгээ олох хэрэгтэй. Тэгэхдээ үүнийг шинжлэх ухаанаар тодорхойлох шаардлагатай. Тэмүүлэх маш чухал ч онож тэмүүлэхгүй бол хүний хүч хайран болно. Хэний төлөө ажиллаж байна гэдгийг ойлгуулах, хөдөлмөрийн зах зээл яаж өөрчлөгдөж байгааг таниулснаар амьдралаа төлөвлөхөд чиглүүлэх, түүнд шаардлагатай хувийн болон мэргэжлийн бэлтгэлийг яаж хийхэв гээд олон сэдэв үүнд хамаатай.
Ирээдүйн талаар, тэмүүллийн талаар, тэр тусмаа монголчууд түүн рүү хэрхэн харах тухай мэргэд олон үг сургаал үлдээсэн байна. “Ирээдүй чинь муу бол та л өөрөө буруутай” гэжээ. Бурууг өөр газраас хайх хэрэггүй. Багшаас хайх хэрэггүй, боловсролоос хайх хэрэггүй. Яагаад гэвэл тэд хийх ажлаа байгаа нөхцөлдөө боломжоороо хийсэн. Өнөөдрийн өрсөлдөөний энэ хатуу ертөнцөд чи өөрөө л зүтгэх ёстой. Өөр зам байхгүй. Авъяасыг чинь онож шавхах салбарт л хүн амжилт гаргадаг гэнэ. Өөрөөр хэлбэл, авъяас билгээ онож шавхуулж байж л хүн тэмүүлж эхэлдэг байна. Сонирхол нь баруун хойшоо зүгт байхад амьдралын зам нь зүүн урагшаа байвал хүн хүссэн ч хүсээгүй ч зүүн урагшаа л явж байна. Нягтлан бодогч болно гэж зүтгээд байтал хүссэн ажлыг чинь автомат төхөөрөмжөөр иж бүрэн хийж, чи ажилгүй болно. Ааваа дуурайж заавал мэс заслын эмч болно гэж зүтгэвэл ирээдүйд ажилгүй л болно. Монголд одоо ч мэс засал хийдэг автомат төхөөрөмж ороод ирчихлээ. Монголчууд цөсний чулууг дурангаар авчихдаг болсон. Ийм учраас тун ухаалаг хандах шаардлага зүй ёсоор урган гарч байна. “Урагшаа харахгүй бол хоцордог”. Энэ үгийг бас нэгэн ухаантан хэлжээ. Монголчууд урагшаа харахгүй байна гэдэг тэмүүлэх зүйлгүй байна гэсэн үг. Тэмүүлэлгүй байвал өөрийгөө хүчлэхгүй, хүчлэхгүй учраас амжилт ирэхгүй. Өөрт зохиогүй ажил, дүйцээгүй мэргэжил бол насны дайсан. Их дээд сургууль төгсөгчид тэмүүлж тэмүүлж сонгоод, зүтгэж зүтгэж сураад гараад ирсэн чинь нэг хэсгийнх нь ажил бүр алга болчихсон байна. Бас нэг хэсэг нь сонирхоогүй ажлаа хийхээс аргагүйдэж байна. Жишээлбэл, намайг гараад барилд гэвэл би юу хийж чадах вэ. Ядаж бэртэж гэмтэхгүйн тулд хурдан унаж өгөх нь илүү ухаалаг явдал болно биз дээ. Чаддаг юмандаа л хүн амжилт олдог юм. Өөрөөр хэлбэл, зохисон ажилдаа. “Төрөлхийн авъяасгүй атлаа уран зургаар оролдох нь тарианы үрийг далайн давалгаанд цацахтай адил” гэсэн онч үг бас байна. Тэр тарианы үрийг газарт тариад усалж тордвол тариа болох ёстой байтал хөлгүй их далайд цацаад ямар ч үр дүнгүй замхруулчихаж байна. Монголчуудын ихэнх нь ингэж алдаж байна. Ялангуяа ЕБС-ийн сурагчдын хувьд энэ үг онцгой чухал. Тэд эдүгээ ажил мэргэжлээ сонгох босгонд тулчихаад байна.
Ирээдүйг хүмүүс янз янзаар нэрлэдэг. Сул дорой хүмүүс боломжгүй гэдэг. Сэтгэлгүй хүмүүс яаж давах юм бэ гэдэг. Харин сэтгэдэг хүмүүс туйлын зорилгоо болгодог юм даа. Ирээдүйн шинжлэх ухааныг эзэмшин мэдэж байж л туйлын зорилго тодрон харагдана. Ирээдүй рүү тэмүүлж яваа монгол хүмүүсийн тэмүүлэл юу байх вэ гэдгийг Монголын ирээдүй судлалын нийгэмлэг 3 Ш буюу Ш+Ш+Ш гэж томъёолсон.
1. Шинэ сэтгэлгээ. Шинээр сэтгэж, сэтгэлгээгээ шинэчилнэ.
2. Шинэ санаа. Энэ маш чухал. Дэлхий нийтээрээ энэ тухай Ноу-хау гэж ярьж байгаа. Шинэ санаа л гаргахгүй бол танай бизнес, сургалт хоцрогдоно, хохирно. Өрсөлдөөнд оруулах хэрэгтэй. Манайд хүүхэд олшроод, сургалтын байгууллага цөөдөөд байна. Гэхдээ цаашдаа ЕБС-ууд хүчтэй өрсөлдөөнд орно. Шинэ сэтгэлгээтэй, шинэ санаа гаргадаг сургууль руу хошуурна.
3. Шинэ ирээдүй. Үүн рүү тэмүүлье. Дээрх 3Ш бол манай оюунлаг монголчуудын тэмүүлэл байх ёстой. Бид бас 4Ө-г эрхэмлэх учиртай.

Ө+Ө+Ө+Ө=4Ө буюу Өөрчлөлтөөс Өрсөж Өөрсдөө Өөрчлөгдье. Өөр зам ерөөсөө байхгүй. Өөрөө өөрчлөгдөхгүй бол ямар ч өөрчлөлтийг шингээн хүлээн авч чадахгүй, дандаа адгийн байранд, ард явна.

Монгол Улсынхаа хөгжлийн чигийг тогтоож залах ажил ирээдүйчдийн хамгийн чухал үүрэг. Та өөрөө ирээдүйч. Тиймээс энэ ажилд та өөрөө оролц. Та өөрчлөгдөнө гэдэг нь оролцож, үүргээ биелүүлж байна гэсэн үг. Хүн бүр өөрчлөлттэй зэрэгцэн алхаж, амьдралаа өөд татчихвал Монгол орны нийгэм, амьдрал хөгжинө. Манайхан шинжлэх ухааны үзэл баримтлалыг маш бага ярьдаг. Шинжлэх ухаанч бус байдлаар сайн хүн болцгооё гэсэн ерөнхий уриа л яриад байдаг. Бүх технологи, ажил, ухаан цаанаа шинжлэх ухааны нарийн уг үндэстэй шүү дээ. Би телевиз бүтээмээр, ажиллуулмаар байна гээд л үүнийг шууд хэрэгжүүлчихэж чадахгүй. Яагаад гэвэл, цаана нь маш нарийн технологи бий, шинжлэх ухааны том том нээлтэд үндэслээд энэ ажил явагдаж байгаа. Ирээдүйн ухаанд ч бас ингэж муйхраар хандаж болохгүй. Бид тун амаргүй зам дээр зогсож байна.
Зөв тэмүүлээрэй, онож хүчээ сориорой, үүний тулд ирээдүйн ухаанд суралцаарай гэж эцэст нь хэлье.

http://www.mongoliandream.mn/
Бичсэн: Telnet | цаг: 15:19 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax