2011-10-27
ТАЙЛЖ УХААРАХ МОНГОЛ МИНЬ

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 8 )


MУГЖ, дуучин С.ЖАВХЛАН:


Би цаг хугацаатай уралдан өөрийн гэсэн түүхээ үлдээхээр зүтгэж яваа жирийн нэгэн залуу гэж өөрийгөө дүгнэдэг. Тиймээс өнөөдөр уран бүтээлчийн хувиар биш, Монгол Улсын жирийн нэгэн иргэний хувиар санал бодлоо хуваалцах гэж байна. Хүмүүс ярьдаг даа.Эх орон бол хилийн баганаас эхэлнэ, манай гэрийн бууринаас эхэлнэ, манай хорооллын гудамжнаас эхэлнэ гэж. Байгаа орчноороо бахархан ярьж байгаа ийм монгол хүмүүсийг би хүндэлдэг. Миний хувьд эх орон хаанаас эхэлдэг вэ гэхээр, дэргэд минь байгаа монгол хүнээс. Таны, миний, бидний хувьд өнгөрүүлсэн цаг хугацааны л зөрүү бийгээс биш судсаар гүйж байгаа монгол цусанд маань ялгаа байхгүй. Иймээс эх оронч хүн гэвэл нэг гэлгүй монгол хүнээ хайрлаж байгаа хүнийг хэлнэ гэж би ойлгодог. Би эх оронч хүн, би монгол хүн гээд цээжээ хоосон дэлдэхийн нэр огтхон ч биш юм. Ийм маягаар агсан согтуу тавьж яваа хүмүүсийг бид мэр сэр харж сонсож л явна. Дахин хэлэхэд, монгол эх оронч хүн гэж монгол хүнээ хайрладаг хүнийг нэрлэнэ. Нэг нэгнээ хүндэлдэг, бас уучилж чаддаг байхыг хэлнэ. Эхийн хэвлийгээс унасан нялх хүүхэд ямар ч толбогүй дэвтэр шиг байдаг гэдэг. Тэгвэл энэ дэвтэр дээр хүн өөрийгөө бичнэ. Хүнд муу санадаг, олиггүй юм хийж яваа хүн дэвтэр дээрээ олиггүйг л бичнэ. С.Жавхлан гэж хүний дэвтэр дээр муухай юм биччихгүй юмсан, муухай түүх үлдээчихгүй юмсан, хожим амьдралаа эргээд бодоход харамсахаар үйл хийчихгүй юмсан, өөрөөр хэлбэл дэвтэртээ толбо үлдээчихгүй юмсан гэсэн бодлыг би сэтгэлдээ байнга тээж явдаг.
Биднийг хүлээдэггүй ганцхан зүйл бий. Энэ бол цаг хугацаа. Найзаа хүлээхэд найз чинь ирдэг, харин цаг хугацаа эргэж ирэхгүйгээр өнгөрч л байдаг. Бид азтай. Яг одоо цаг дээр амьдарч байгаагаараа гайхамшигтай. Чингис, Сүхбаатар, эсвэл Амарсанаа, Чингүнжав, Занабазар, Галданбошгот гээд бидний бишрэн хүндэлдэг түүхэн хүмүүс өөрийн аж төрж байсан “яг одоо” цаг хугацаан дээрээ давтагдашгүй түүх үлдээгээд, бидний өвөг дээдэс болон үлдчихэж. Тэд одоо цаг биш өнгөрсөн цаг болчихож. Харин бид одоо цаг дээр байгаагийнхаа хувьд яах ёстой вэ? Сайхан өвөг дээдсийнхээ түүхийг амилуулж бүтээх ёстой. Би ингэж л боддог. Монголынхоо төлөө гэсэн тэр хүмүүсийн зүрх зориг ямар байсан юм, монгол хүмүүсээ яаж хайрлаж байсан юм...
Монголчуудаа төдийгүй дэлхий ертөнцийг бидний өвөг дээдэс хайрлаад явж байсан байна. Нэг л газар шороон дээр амьдарч байгаа учраас дэлхийнхэн нэг л гэр бүл юм байна, тиймээс дэм дэмэндээ амьдарцгаая гэсэн асар том, бүр огторгуй ертөнцөөс хальсан оюун ухаантай амьдарч байжээ, бидний өвөг дээдэс. Ийм дээд оюунтай манай өвөг дээдэст хэнбуйгай ч ирж даган баясдаг байснаас тэд хэнийг ч дагалдан баясдаг байгаагүй юм байна. Би үүгээр омогшиж бахархдаг. Бид одоо цагаас ирээдүй рүү явж байна. Нэгэн  цагт бид Чингис хаан шиг, Галданбошгот шиг, эсвэл Сүхбаатар жанжин шиг өвөг дээдэс болно. Тиймээс одоо цагаас ирээдүй рүү явж байгаа, түүхийг бүтээж байгаа энэ хугацаандаа сайхан түүх бүтээгээд буцах ёстой. Ертөнцөд яах гэж ирсэн бэ, үүний л төлөө байх. Нэн ялангуяа тэнгэр заяатай төрдөг монгол хүмүүсийн хувьд сайхан түүх бичиж үлдээх учиртай.
Яагаад улаан залаатай, хөх толботой монголчууд вэ гэдгийг чадлынхаа хэрээр тайлбарлая. Газар зүйн хичээлээр үздэг дээ, Бермудын гурвалжин гэж сонин тогтцын тухай. Дэлхий ертөнц ямар нэг юман дээр тогтоно оо доо, бид газар дээр гишгэж тогтож байгаа шиг. Дэлхий ертөнцийг тогтоож байгаа тэр зүйл нь огторгуй. Дэлхийн гаднах агаар мандал буюу ертөнцийг тогтоон барьдаг үүнийг манай өвгөд “огт ор үгүй ертөнц” гэдэг байж. Энд энергийн маш том тулгуурууд нарны аймгийг сүлжин явж байдаг байна. Манай гарагийг тогтоож байгаа энэ энерги Бермудын гурвалжингаар гардаг. Тэнд маш том соронзон орон үүсч, тийшээ орсон хөлөг онгоц, үзэг бал юу ч байсан огт ор үгүй хоосон болчихдог байна. Энергийн тэр том суваг дэлхий рүү Атлантын далайгаар орж, манай Монголын газар нутгаар гадагшилдаг юм байна. Монголын газар нутгаар гардаг учраас манай нутаг энергийн хүчтэй хуримтлалтай орон болж таарч байгаа юм. Энергийн хамгийн том, гүн төвлөрөл хөх өнгөөр илэрхийлэгддэг гэнэ. Ингэж энергийн орон, эрч хүчний орон, оюун санааны орон учраас “та нар тэнгэр заяатай юм шүү” гэж монгол хүн хөх толботой төрдөг юм байна. Бидний ургаж, төрж өссөн газар шороо ийм учиртай ажээ. Хэр баргийн хүн энэ тэнгэр заяаг авч төрдөггүй. Урагшаа 600-1000 км явахад хэдэн сая живаагаараа хүн амьдарч байна. Хойшоо харахад Оросод тавь жаран саяараа хүн амьдарч байна. Гэтэл тэнгэр заяатай энэ нутаг дээр тэнгэр заяатай хэдхэн хүн амьдарч байна. Учир нь баргийн хүн энэ нутаг дээр төрөх заяаг олдоггүй аж. Хөх нуруутай, хөх толботой болж төрөх хувь заяа энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн цөөхөн хэдэд нь л олддог юм шүү дээ.
Уг нь монголчууд хөх нуруутай байсан юм гэсэн үг. Үнэн амьдарч, энерги, эрчим хүчийг хуримтлуулж чаддаг байсан учраас тийм байж. Тиймээс монгол хүн оюуны хүчтэй, хурдтай, бядтай байж. Гэтэл одоо хөх толботой л хоцорч. Цаашдаа хөх цэгтэй болох уу, эргээд хөх нуруутай болох уу гэдэг бидний хэрхэн амьдарснаас шалтгаална. Тэнгэр заяатай, улаан залаатай монголчууд гэж яагаад биднийг нэрлэсэн юм гэдэг цаанаа бас л учиртай. Гал асаагаад үзээрэй. Гал хамгийн дотор талдаа шаргалтаж асдаг. Шаргалын гадна талаар улаан дөл, улааны дээд талд харин хөх дөл гардаг. Тэгээд бид хөх толботой, улаан залаатай тэнгэр заяатай үндэстэн гэгддэг. Галын цэнхэр дөл шиг цэвэр ариун амьдарч чадвал тэнгэр заяат түмний зорьсон бүх хэрэг бүтнэ гэж түүх сударт бичсэн байдаг шүү дээ.
Бидний өвөг дээдэс тэнгэр заяатай энэ газар шороон дээрээ маш сайхан түүх бүтээсэн. Гэхдээ биднийг дурсаж яваарай гэж хөшөө дурсгал босгоогүй, орд харш бүтээгээгүй. Тэд дээд язгуурт ухаантай байсан учраас хүнийг хайрлаад зогсохгүй байгаль дэлхийгээ байгаагаар нь хайрлаж чаддаг учраас тэр юм. Ийм сайхан иргэншил, нийгмийг цогцлоон байгуулж явсан өвөг дээдэстэй хүмүүс учраас бид өвөг дээдсийнхээ ухааныг, үнэн явсан түүхийг өнөөдрийн одоо цагаас ирээдүй рүү бичиж үлдээх хариуцлагатай юм. Ингэхгүй бол монгол хүн болж төрсний хэрэг төдийлөн сайн харагдахгүй. Хүнийг эрхэмлэн хүндэтгэдэг, үнэнээр амьдардаг, байгалиа хайрладаг ухааныг бид өвлөн дамжуулах ёстой. Монгол малчин айл хаваржаанаасаа зуслан, намаржаа, өвөлжөөнийхөө дараа эргээд нүүж ирэхэд газар нь ямар ч сэвгүй цэвэрхэн болж, байгалийн анхны төрхөндөө орчихсон байдаг. Ингэж дэлхий ертөнцөө хайрлаж чаддаг байсан учраас бидний оюун санаа, тэгш ухаан тэнгэрт тэтгэгдэж иржээ.
Бид энэ сайхан газар дээр цэцэглэсэн мод. Хүүхэд залуус бол энд цэцэглэсэн сайхан ой төгөл. Ийм сайхан газарт ургасан учраас бид модоо цэцэглүүлэх ёстой. Үүний тулд дотроо байгаа олон авууштай сайхан чанараа нээж илрүүлэх хэрэгтэй. Чиний модны нэг мөчир нь сурлагадаа сайн чанар байж болно. Харин нөгөө нэг мөчир нь амархан гомддог, уурладаг байж бас болох юм. Энэ мөчир төдийлөн сайн ургахгүй байж магадгүй. Үүнийг эд баялагт шунасан сэтгэлээр, эсвэл атаач зангаар ургуулахгүй. Тэгвэл энэ модыг яаж услах вэ? Бидэнд ардын маань зааж сургасаар ирсэн үнэн амьдралаар, зөв шударга сэтгэлээр услагдана. Би ч ялгаагүй модоо цэцэглүүлэх гэж л зүтгэж яваа жирийн нэгэн монгол залуу. Миний нэг мөчир бий. Самандын Жавхлан дуулдаг гэдэг мөчир. Гэтэл надад хэдэн зуу, мянган мөчир байгаа. Энэ яваа насандаа тэр мөчрүүдээсээ чадлынхаа хэрээр хэдийг нь цэцэглүүлчих юмсан гэж цаг хугацааг алдахгүйг хичээж яваа монгол хүний нэг, би.
Ирсэн болгон буцдаг жамыг өөрчилж чадахгүйгээс хойш энэ хооронд л бид цаг хожих ёстой. Энэ хооронд түүх бүтээх ёстой. Харамсалтай хэрнээ үнэнийг өгүүлсэн жишээ хэлье. Миний аав хорвоогоос буцахаасаа өмнөхөн намайг дуудаад ингэж хэлсэн юм. “За хүү минь, чамд би эд баялаг үлдээсэнгүй. Нэр алдар ч үлдээсэнгүй. Өвөө чинь, өвөөгийн чинь өвөө ч тэр, өвөг дээдэс чинь нэг л зүйлийг дамнуулж захидаг байсан. Тэр нь юу гэхээр, үнэнээр амьдарч, хайраар жигүүрлэж яваарай, олонтой яваарай гэсэн захиас юм шүү”. Ингэж хэлээд цагийн дараа одооч болсон. Эргээд бодлоо, ухаж ойлгож нэг л чадахгүй байлаа. Гэхдээ бодоод л яваад байдаг байлаа. Сургуульд сураад, дуулаад явж байхдаа би “дуу бол миний нэг л мөчир юм байна, мөнгө олох, алдартай болохоос илүү олонтойгоо явах нь үнэн амьдрал юм байна” гэдгийг ойлгож эхэлсэн. Олон хүнийг ойлгож, тэр хүмүүсийн бодож явааг мэдэрч ухаарч амьдрах учиртай юм байна, энэ л үнэн түүх юм байна шүү дээ гэж ухаарсан. Өнөөдрийг хүртэл энэ чиг шугамаа алдахгүйг хичээж явна. Миний багахан бүтээлийг сонсож, сайныг бодож тэмүүлж, сайхан түүх бүтээх гэж хичээж явдаг хүн гэж харж дүгнэдэгт би үнэхээр их баярладаг. Байшинг гурав ч юм уу давхраас нь шууд барьж болдоггүйтэй адил намайг багахан амжилтанд хүрсэн гэж дүгнэх бол үндэс нь, буурь нь олонтойгоо яв, эд агуурс мэтэд шунаглахгүй яв, хүнийг аль болох ойлгохыг хичээж яв гэж намайг ухаажуулан хүмүүжүүлсэн монгол ухаан гэж би хэлнэ.
Хайрын тухай бодлоо бас хуваалцъя. Хайр тун нь багадахаар шохоорхол, харин ихдэхээрээ хардалт болдог. Эргэн тойрондоо байгаа хүмүүсээ та нар анзаарч ажигладаг л байх. Би ч бас тэгдэг. Өнөөдөр манай нийгмийнхэн тун нь таарсан хайраар бие биенээ хайрлахгүй байгаа юм биш байгаа даа гэж хааяа бодогддог. Бие биенээ харддаг, хянаж танддаг, эрж судалдаг зан их элбэг байна. Энэ ийм цүнх авчихаж, тэр тийм машин авчихаж, за гайгүй дээ, би ч бас түүнийг авахдаа л авна гэх жишээтэй. Үүний оронд “Найз минь болоо доо, миний найз өөдөлж баярлаж явбал надад бас баярлах цаг ирнэ” гэж сэтгэл хангалуун бодвол энэ тун нь таарсан хайр болов уу. 10 литрийн битонд 40 литр тараг орохгүй биз дээ. Үүнтэй адил хайрын тунг тааруулж явах нь монгол хүн бүрийн үүрэг юм шиг надад санагддаг юм.
Талцах, талцуулах, хооронд нь ялгаж зааглах байдал их байна. Нутгархах нь ч байна. Сурагчид та бүхэн өөр сургуулийн үеийн найзаа энэ над шиг сурах гэж зүтгэж яваа монгол хүн гэж харж байгаарай. Бидний хэн маань ч ялгаагүй дэлхийн цээжин дэх хөх Монголын уудам тал нутгийн дотор, нэг тэнгэрийн дор төрсөн хүүхдүүд шүү дээ. Дөрөвдүгээр сургууль, аравдугаар сургуульд сурч байгаа нь, хөдөөд хотод амьдарч байгаа нь, Увс, Дорнодод төрсөн нь талцах шалтгаан биш. Хүнийг хүн гэдэг утгаар нь л харах учиртай. Хүн утгаараа бол хэн ч ялгаагүй, бүгд ижил заяамал чанартай. Аав ээжээс төрсөн, сайн сайхан руу тэмүүлдэг гэх мэт. Хөдөөний ч, хотын ч хэний маань ч цусаар монгол цус л гүйж байгаа. Чадлынхаа хэрээр сайн сайхан руу тэмүүлээд л амьдарч байгаа. Иймээс бид биенээ ялгаварлаж талцалгүй, бид монгол ахан дүүс гэдэг утгаар харж хайрлаж яваасай гэж хэлмээр байна.
Найз, анд. Найз гэдэг үгийг утгаар нь авч үзье л дээ. Найр тавих, айзам нийлэх гэсэн утга бууж байгаа биз. Нөгөө л сайхан түүх, ардын ухаан гараад ирж байна. Айзам нийлээд хамтдаа түүхээ бичих ёстой. Сугадалцаад алхахаас илүү нэгнийхээ бодол оюуныг харилцан ойлгож, нөхөж яваа хүмүүс бол найзууд. Миний эргэн тойронд маш олон хүн яг энэ он цагт хөг айзам нийлэн дуулж байна, тэд миний найз нар. Нөхөр гэж бас сайхан үг байна. Өр зүрхээ нөх гэж ойлгомоор. Өр зүрхээ нөхөлцөж чадахыг нөхөрлөл буюу анд найз гэх болов уу. Чи надаас дэвтрээ харамлалаа, миний найз биш гэж болохгүй. Хуулах гээд дэвтрийг чинь гуйхад өр зүрхний найз чамд түүнийг өгөхгүй. Харамласнаараа чамайг үнэн амьдрахад ирлэж байгаа ч юм бил үү.
Мөрөөдлийг хүмүүс янз янзаар ойлгодог байх. Олон сая төгрөг гэнэт олдоосой гэх мэт ч байж болох юм. Эндээс улбаалаад мөрөөдөл гэдэг үгийг бас тайлбарламаар санагдлаа. Энэ үгийг салгаад бичээд үзээрэй. Мөрөө үлдээгээд өөдөл. Зорилго, зориод ойлго. Ийм үгсийг ухаант өвгөд маань яах гэж бидэнд үлдээсэн юм бол. Ямар утга цаана нь агуулагдаж байгаа юм бол. Монгол бичгээрээ бичихэд энэ утга тод харагдана. Яагаад монголчууд босоо монгол бичигтэй байсан юм. Хурдан монгол бичиг гэдэг шүү дээ. Монголчууд хурдаараа гайхагддаг байсан. Бичигтээ хүртэл хурдыг шингээсэн байгаа биз. Тайлбал юм бүхэн утга учиртай. Модоо цэцэглүүлэхийн тулд үндсээ тордож, өвөг дээдсийнхээ хэрэглэж явсан бичгийг хэрэглэж, судалж дээдэлье л дээ. Ордог хаалганыхаа тотгон дээр, орой дээрээ залъя л даа. Яагаад болохгүй гэж. Хийморь өөдөө бадрах ч юм бил үү. Тавдугаар сургууль тотгон дээрээ хурдан, босоо монгол бичгээрээ хаягаа тавья гэж санаачлахад болохгүй юмгүй. Энэ маягаар өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж яагаад болохгүй гэж. Оюутан байхад С.Хайдав багш дүнг монгол бичгээр тавьдаг байлаа. Тэр хүн орос Хайдав, ой хангайн Хайдав гэж хүртэл хочлогддог ч хэзээ ямагт босоо бичгээрээ бичдэг, өвөг дээдсийнхээ нандин ухааныг хадгалж явдаг хүн. Гэтэл бидэн дундаас үндсэн бичгээрээ уншиж чадахгүй оюутан цөөнгүй л байсан. Тэр хүний заяа буян хурдан монгол бичгээ дээдэлснээр түшиж батжиж явдаг юм болов уу гэж би бахархдаг. Үндсээ цэцэглүүлдэг учраас ард түмний хайр хишиг багшид минь ирдэг байх. Үндсээ дээдэлдэг, үндсээ цэцэглүүлж чаддаг ийм хүн олон болоосой. Тэдэн дунд би ч бас алхаж явах юмсан. Та ч бас алхаж яваасай.
Бас нэг үг, миний амьдралтай амин холбоотой үг. Дуурсаж, урлаж, ухаарахуй буюу дуулах. Цээжнээсээ, дотроосоо эрч хүчээ гарган дуурсаж, түүн дээрээ ухаан бодлоо цэгцлэн дууныхаа өнгө дүрийг урлаж, бусдын бодол ухааныг мэдэрч ойлгон уярч ухаардаг. Би ч мөн л энэ зарчмаар дуугаа дуулж, ухаажиж явна даа. Сур гэж үг байна. Судалж, урлаж, ухаар. Монгол үг бүхэн учиртай. Цай гэж байна. Сүүг дангаар нь хөөрүүлбэл сүү л байна, сүү ус хоёрыг нийлүүлбэл хярам болчихно. Сүү, ус, идээ давсны тавыг нь тааруулж байж л цай болно. Амьдрал ч ялгаагүй. Өөрийнхөө тавыг хэр таарч байгааг бодож ухаарч явах хэрэгтэй юм болов уу. Бүх жор нь таарч байж л амттай амьдрал болно. Болохгүйг нь уучилж, болж байгааг нь дэвжээн дэлгэрүүлж, хамтдаа дэм дэмэндээ өөдөлж амьдарцгаая гэсэн үгээр яриагаа өндөрлөе.
Бичсэн: Telnet | цаг: 15:24 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax