2011-09-16
Dwight Howard Interview - бүтнээр нь уншина уу!!!

Двайт Ховард: Би агуу эр хүн байхыг хүсдэг

NBA-ын супер од, тус лигийн шилдэг хамгаалагчийн шагналыг сүүлийн гурван жил дараалан хүртсэн, “Орландо Мэжик” багийн төвийн тоглогч Двайт Ховард “Newcom Group”, ‘Mobicom” корпорацийн урилгаар Монгол Улсад гурав хоногийн хугацаатай зочилсон билээ. Хэдийгээр цөөхөн хоног Монголд саатсан ч шахуу хөтөлбөрийн дагуу аль болох олон арга хэмжээнд оролцсон юм.

Монголд өнгөрүүлсэн гурван өдрийн хугацаандаа Двайт эхний өдөр нь “Be…” төвийн гадна залуустай мэндчилж, хэвлэлийн бага хуралд оролцон, “iLoft Function House”-д VIP хүлээн авалт, үдэш нь “Metropolis” night club-т Монголын залуустай нэг үдшийг хамт өнгөрүүлсэн. Харин маргааш нь асрамжийн хүүхэд, багачуудтай хамт онгоцтой танилцах аялал хийж, телевизийн ярилцлаганд оролцон, “Бөхийн өргөө”-нд болсон Монголын сагсан бөмбөгчдийн шоу тоглолтод оролцсон юм. Дэндүү энгийн, даруу хэрнээ хөгжилтэй, хүүхдийн гэмээр дүрсгүй, гэнэн зантай Ховард очсон газар бүртээ дулаан уур амьсгал бүрдүүлж байсныг дурьдахад таатай байна.

NBA-ын супер тоглогч анх удаа Монголд хөл тавьсан түүхэн үйл явдлын мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монгол Масс Медиа” групп ажиллаж, “Боловсрол суваг” телевиз, “Sport box” 24 цагийн эфиртэй спортын суваг, “Ийгл” телевиз, News.mn сайт болоод “Ардын эрх” сонин өдөр тутмын мэдээ, мэдээллийг дамжуулж байсан билээ. Двайт Ховард Монголд саатсан цөөхөн хоногийн хугацаандаа Монголын цорын ганц телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгөхөөр сонгосон нь “Боловсрол суваг” телевиз байсан юм. “Sport box” спортын сувгийн захирал Г.Идэр-Ууганы супер од Двайт Ховардтай хийсэн илэн дэлэнгүй, хөгжилтэй ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Манай студид зочилсон тань баярлалаа. Хоёулаа ярилцлагаа эхлэхээс өмнө энд цугласан үзэгчид болон Монголын ард түмэнтэй мэндчилье.

-Сайн байна уу /Монголоор хэлэв/. Би Монгол Улсад ирсэндээ маш их баяртай байна. Анх удаа танай сайхан оронд ирээд фенүүдтэйгээ уулзаж байгаадаа сэтгэл маш өндөр байна. Намайг хүлээж авсан та нарт баярлалаа. Удахгүй бүгдтэй нь уулзана гэж найдаж байна.

-Тэгэхээр Двайт, ярилцлагаа эхлэхээс өмнө таны аяллын сэтгэгдлээс хуваалцъя гэж бодож байна. Учир нь Монголд ирээд та олон нийттэй, Монголын залуус, Тэргүүн хатагтай, бизнесмэнүүд, албаны хүмүүс мөн хүүхдүүдтэй уулзаж, цагийг сайхан өнгөрүүллээ. Аяллын сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш зугаатай байлаа. Бүтэн зуны турш хийсэн аяллаас хамгийн гайхалтай нь энэ удаагийнх байх. Би үргэлж дэлхийн улс орнуудаар аялахыг хүсдэг байсан. Хүүхэд байхаасаа л дэлхийн бөмбөрцгийг эргүүлж хараад “Пөөх, тэнд очиж үзвэл гоё доо” гэж боддог байсан.

-Монголын тухай тэгж бодож байв уу?

-Тийм шүү. Тийм. Үнэхээр тэгж боддог байсан. Одоо ингээд мөрөөдлөө биелүүлж, танай оронд ирээд фенүүдтэйгээ, хүүхдүүдтэй уулзлаа. Уран нугаралт үзлээ. Бас Ерөнхий сайдтай уулзсан. Үнэхээр гайхалтай байлаа.

-Та Монголд ирснээсээ хойшхи хамгийн их сэтгэлд үлдсэн мөчийг нэрлэ гэвэл юуг хэлэх вэ?  

-Магадгүй өчигдөр тэр олон фенүүдтэй уузлсан мөч байх. Үнэхээр галзуу, солиормоор байсан. Яг юу болохыг би төсөөлж чадахгүй байсан. Үнэндээ тайзан дээр гарахад, эсвэл өмнүүр нь, хажуугаар нь өнгөрөхөд намайг хараахгүй л байх.  Тэгээд тайзан дээр гарлаа. Цугласан тэр олон хүмүүсийг харах дэндүү гайхалтай байсан. Миний сэтгэл ч их хөдөлсөн. Ер нь энэ аялал миний хувьд маш сайхан байна. Монгол Улсын бүхий л зүйл, тэр тусмаа тал газар сүндэрлэх уулс гээд л гайхалтай юм аа.

-“Be…” төвийн гадна талбайд зассан тайзан дээр гараад тэр олон хүмүүстэй уулзсан мөчийг эргээд нэг саная. Таныг бөмбөг дээр гарын үсэг зураад хүмүүс рүү шид гэх үед олон хүмүүс айж байсан байх л даа. Яагаад гэвэл тэр бөмбөгийг авсан хэн ч болов багагүй асуудалд орох байсан байх. Гэхдээ та тэнд байсан нэг эмээд бөмбөгөө өгөхөөр шийдсэн. Яагаад тийм шийдвэр гаргав?

-Талбайд цугласан залуусыг хараад би уулга алдсан. Тэгээд бөмбөгөө тэдэн рүү шидвэл “бөөн юм болно” гэж бодсон. Үймээн дэгдээхийг хүсээгүй л дээ. Тэгээд хүмүүсийн хажуу талд зогсоод над руу инээгээд, гараараа даллаж байгаа жижигхэн эмээг олж харсан. Энэ настай эмээ намайг харахаар ирсэн гэж бодохоор сэтгэл минь үнэхээр хөдөлсөн. Тэгээд л түүнд бөмбөгөө бэлэглэхээр шийдсэн юм.

-Тэнд үүссэн нөхцөл байдлыг харсан ч гэсэн энэ бол хамгийн зөв шийдвэр байсан байх. Тэр эмээгийн хувьд мартагдашгүй мөч болсон байх?

-Надад ч бас.

-Тэгэхээр та 26 насандаа амжилтын оргилд гарчээ.  

-25, 25. Би 25 настай шүү.

-Тийм ээ, арай 26 хүрээгүй байгаа юм байна. Та бол дэлхийн хэмжээний од. Хаана ч очсон манайд цугласнаас илүү олон хүн өөрийг тань угтдаг байх. Ийм нөхцөл байдалд та амархан дасчихсан уу, эсвэл тэр олон хүмүүсийг харах болгонд гайхаж, сэтгэл хөдөлдөг үү?

-Энэ бол их сэтгэл хөдөлгөм бас гайхалтай мэдрэмж л дээ. Дэлхий даяар аялж, намайг хүндэлж, сайшааж байгаа тэр олон хүмүүс миний тоглолтыг үзэж, миний амьдралын нэг хэсэг болохыг хүсч байгааг харна гэдэг гайхалтай. Тийм ч учраас надад дэлхийгээр аялж, үзэсгэлэнтэй газруудаар зочлох боломж олгосон Бурхандаа би өдөр бүр баярладаг. Би үргэлж л үүнийг хүсч байсан. Тэгэхээр олон орноор аялж, дэлхийтэй танилцана гэдэг миний хувьд хамгийн сайхан мэдрэмж. Зарим газрыг эс тооцвол би бараг л дэлхийг тойрчихлоо. Монголд ирэх нь миний заавал хийх ёстой зүйлсийн нэг байсан. Тэгээд л би ирлээ дээ.

-Сайхан хариулт байна, баярлалаа. Ярилцлагын эхэнд та амьдралын эхлэлийг бас сонирхъё гэж бодлоо. Таны эцэг, эх хоёр хоёулаа л тамирчин хүмүүс байсан. Бие хаа чинь ийм болсонд гайхах зүйл алга. Эцэг, эх тань таныг багаас нь ямар хүмүүжлээр өсгөсөн бэ?

-Тэд намайг өөрөөр минь байлгадаг байсан. Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ аль нэг чиглэл рүү түлхэхийн оронд тэдний хүсэл мөрөөдөл, тэмүүллийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байх. Миний аав, ээж спортод их ойрхон хүмүүс. Спорттой л холбоотой ямар нэгэн юм хийж байвал миний юу хийх тэдэнд хамаагүй байсан. Би бага наснаасаа сагсан бөмбөгт дурласан. Хэдийгээр хөлбөмбөг, бэйсбол тоглож үзсэн ч бүх зүйл эргээд л сагсан бөмбөг дээр буудаг байсан. Талбай дээр бөмбөг залаад гүйх нь надад сайхан байсан, бас бусад асуудлуудаас намайг холдуулж байлаа. Тэгэхээр эцэг эх минь миний хүссэнийг дэмжиж, намайг сайн хүмүүжүүлсэн. 10 нас хүрээд би аавдаа “NBA-д орно” гэж хэлэхэд аав минь надад хамгийн сайн дасгалжуулагч, хамгийн сайн хангамж гээд л зорилгодоо хүрэхэд хэрэгтэй болгоныг олж өгч, биелүүлэхийг хичээнэ гэж хэлж байсан.

-Тэр ч бүү хэл та NBA-ын драфтын №1-ээр сонгогдоно гэж хэлсэн байх аа?

-Тийм шүү. Аавдаа тэгж хэлэхээс гадна өөрөө бичиж, тэмдэглэж авч байлаа. Драфтын номер 1 болох нь миний зорилгуудын нэг байсан л даа. Аав маань ч гэсэн надад тусална гэсэн.

 -Дэлхийн хаана ч тэр хэцүү амьдралтай хүмүүс бий. Харин NBA болон тоглогчдын түүхээс дэлхий нийт, жишээлбэл, монголчууд бид Африк-Америк хүн Америкт амьдрахын зовлонг мэдэрч, мэдэж авдаг. Харин сагсан бөмбөг гэлтгүй болон аливаа спортоор хичээллэх нь тэр хэцүү амьдралаас гарах гарц нь болдог юм шиг. Та хүүхэд залуучуудад иймэрхүү мессеж өгөхийг зорьдог уу?

-Миний хэлэхийг хүсдэг зүйл гэвэл “Амьдралдаа юу хийхийг хүсч, зорьж байна. Түүнийгээ хий, чи чадна” гэдэг зүйл. Хамгийн гол нь чи өөртөө итгэж, итгэл дүүрэн байх хэрэгтэй. Яагаад гэвэл чамайг үгүйсгэх хүн олон гарч ирнэ. Намайг хэзээ ч NBA-д орж чадахгүй, дэндүү туранхай байна, өндөр биш байна, чи сайн биш гэх хүмүүс байсан. Харин би тэр хүмүүсийн бурууг батлах гэж өдөр бүр, чадах ядахаараа хичээллэж, бэлтгэл хийдэг байсан. Сургуульд явдаг байсан болохоор найзуудтайгаа кино үзэж, үдэшлэгт явахын оронд бүхий л анхаарлаа, цаг заваа сагсан бөмбөгт зориулсан даа.

-Би ийм мэдээлэл уншиж байсан юм. Ээж тань таныг төрүүлэхээс өмнө долоон хүүхдээ эндүүлсэн харамсалтай явдал тохиолдсон гэдэг. Харин та найм дахь нь бөгөөд эсэн мэнд бойжсон анхны хүүхэд нь учраас “Гайхамшгийн хүүхэд” гэж нэрлэдэг байсан гэсэн. Тийм ч учраас та үргэлж цагийг зугаатай өнгөрүүлж, амьдралын мөч бүрийг сайхан өнгөрүүлэхийг хүсдэг байх. Яагаад гэвэл талбай дээр ч, талбайн гадна ч та дандаа л инээмсэглэж, хүмүүстэй хошигнож байдаг?

-Хэн ч байсан зугаацах хэрэгтэй. Чи ганц л амьдарна. Ганц заяах амьдралаа бүрэн бүтэн байлгах ёстой. Би эндсэн найм дахь хүүхэд нь байж болох л байсан. Харин одоо ингээд амьдарч байгаадаа маш их баярладаг. Үүнийгээ ч сагсан бөмбөгөөр дамжуулж илэрхийлдэг. Амьдрах боломж олгосонд нь Бурханд баярладаг. Яагаад гэвэл би энд байх ёсгүй хүн. Тийм ч учраас сагсан бөмбөг тоглож байхдаа миний дотоод сэтгэл тайван, зугаацаад л... Хамгийн сайхан зүйл нь гэвэл би мөрөөдлөөрөө амьдарч байна. Сагсан бөмбөг тоглохыг би үргэлж хүссээр ирсэн, тэгэхээр яагаад зугаацаж болохгүй гэж.

-Сагсан бөмбөгийн талаар ярилцъя. Таны хөгжилтэй, дэггүй байдлыг Америкийн хэвлэл, мэдээллээр багагүй шүүмжилдэг. Плей-офф, финал гээд чухал үед та өөрөөрөө байгаа харагддаг. Гэхдээ Коби Брайнт, Кевин Гарнетт зэрэг зарим тоглогчид чухал царай гаргаж, тоглолт нь ч өөрчлөгддөг. Харин хэвлэл мэдээллийнхэн таныг чухал үед чухал хандсангүй гэж шүүмжилдэг. Тийм шүүмжлэлд та хэрхэн ханддаг вэ?

-Энэ бол миний амьдрал. Би сагсан бөмбөгөөр хичээллэсэн хамгийн шаргуу, хөдөлмөрч хүмүүсийн нэг. Талбай дээр ч, талбайн гадна ч тэр. Би ажилдаа маш чухал ханддаг. Гэхдээ сагсан бөмбөг тоглохын хамт цагийг сайхан өнгөрүүлж болохгүй гэж үү. Талбай дээр бүхнээ дайчилж, тэмцэхийн хажуугаар хөгжилдөн зугаацахыг хүсдэг. Миний бодлоор хэдий дуртай зүйлээ хийж байгаа ч түүнээсээ баяр хөөр, зугаа цэнгэл мэдэрч чадахгүй бол орхисон нь дээр. Намайг шаардлагатай үед тэмцээнд чухал ханддаггүй гэж шүүмжилж байгаа хүмүүс бол надтай хамт тэр талбай дээр байхгүй байна л гэсэн үг. Тийм ч учраас тэд мэдэхгүй. Миний хувьд сагсан бөмбөг хэдий чухал байлаа ч талбай дээр ярвайгаад, муухай царайлахыг хүсдэггүй. Энэ чинь бөхийн барилдаан эсвэл тулааны спорт биш шүү дээ. Энэ бол сагсан бөмбөг. Дэлхий даяар хүмүүс энэ спортыг үзэж, тоглогчдын баяр баяслыг харахыг хүсдэг. Тэд бидэнтэй хамт зугаацахыг хүсдэг. Тийм ч учраас плей-офф ч бай, улирлын тоглолт ч бай хамаагүй өөрийнхөөрөө байхыг, хөгжилтэй байхыг хүсдэг.

-Мэргэжлийн сагсан бөмбөгч байхын хамгийн хэцүү нь юу вэ?

-Заримдаа дуртай зүйлээсээ татгалзах хэрэгтэй болдог. Би кинонд явах дуртай. Заримдаа дэлгүүр хэсэхийг хүсдэг. Бас улирлын тоглолтуудын үер баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг гэр бүл, найзуудтайгаа хамт өнгөрүүлж чаддаггүй, үргэлж л аялан тоглолтоор явах хэрэг гардаг. Гэхдээ бид хамт байх аргаа олдог л доо. Жишээ нь, Зул сарын баярын үеэр би найзууд, багийн андуудтайгаа оройн хоол иддэг, бас бусдад туслахыг хичээдэг. Мөнгөө нийлүүлж байгаад хүүхдүүдэд Зул сарын бэлэг авч өгөх, Талархлын өдрөөр хоол, хүнсээр хангах гээд л... Хамт байхын хажуугаар бусдад туслах аргаа ч бас олно шүү.

-Танаас нэг аймаар асуулт асууя. Гэхдээ таны хувьд биш, бидэнд л аймаар зүйл юм даа. Таны найзууд ч хэлж байсан, хэвлэл мэдээллээр ч бичиж байсан. Таны бодлоор та ид үедээ хүрээгүй. Хаа байсан юм бэ... гэж. Одоогийнхоос илүү яаж аймаар болох юм бэ?

-Нас ахих тусам тоглолт ч гэсэн удааширна. Анх лигт ороход бүх зүйл их түргэн, хурдан өрнөдөг байлаа. Аялан тоглолтуудад дасах, өөр өөр тоглогчдын хэв маягт тохирох гээд л... Харин одоо би илүү туршлагатай, ухаалаг, тоглолтыг илүү сайн ойлгодог болсон. Би бол энэ спортын сурагч нь. Тэгэхээр бэлтгэл сургуулилтаа үргэжлүүлэх хэрэгтэй. Миний бодлоор би ид үедээ хүрсэн биш, ид үе рүү гээ дөхөж яваа байх.

-Та олон хүнд гарын үсгээ зурж өгсөн. Олон ч хүн надаас таны гарын үсгийн утгыг асууж байсан?

-Зүгээр л миний нэр шүү дээ...

-Нэг үсэг, тоотой юм шиг л харагдаад байсан л даа. Та энд зураад үзүүлэхгүй юу. Гарын үсгийг тань авах гэсэн заль биш шүү. Зүгээр л утгыг нь тайлбарлаад өгвөл...

-Би дунд сургуулийн сурагч байхаасаа л гарын үсгээ яаж зурахаа бэлддэг байсан. Ангидаа байхдаа зурж үзээд л суудаг байлаа. Эхлээд би бүтэн нэрээ бичдэг байлаа, Двайт Ховард гээд л. Их урт шүү дээ. NBA-д орсон хойноо би 5000 ширхэг зурагт хуудсан дээр хоёр цагийн дотор гарын үсэг зурах хэрэгтэй болсон.

-Хоёрхон цагийн дотор 5000 ширхэг үү?

-Тийм ээ, 5000 ширхэг. Бас манай багийнхан хааяа 500 ширхэг бөмбөг дээр зурна, Би л гэхэд 200 хос пүүз, 200 ширхэг өмсгөл гээд л, бүгдийг нь би зурах ёстой. Гэтэл би өдөржин тэнд суугаад, Двайт Ховард гэж бичээд суухгүй нь ойлгомжтой болсон. Тэгээд богинохноор бичих аргаа олсон. Үндсэндээ D үсэг, нөгөөх нь H үсэг юм л даа. Ард нь миний дугаар.

-Тэгэхээр зүгээр л DH12 гэсэн үг үү?

-Тийм ээ, DH12. Гоц гойд юм байхгүй. Хүмүүс миний гарын үсгийг харчихаад энэ чинь юу вэ л гэдэг юм. Хариуд нь би “Гарын үсэг ш дээ” гэдэг юм. Харин одоо нэг гоё үзэг худалдаанд гарсан байна лээ. Гарын үсэг зурж буй хөдөлгөөнийг дуурайдаг. Зүгээр барихад л гарын үсэг өмнөөс нь зураад өгдөг.

-Тэр балыг барьсан хэн ч болов таны гарын үсэгтэй болчихож болох нь ээ?

-Яг тийм.

-20 жилийн дараах Двайт Ховард ямар байх бол. Та өөрийн хийж бүтээсэн ямар зүйлээр дурсагдахыг хүсдэг вэ?

-Сагсан бөмбөг гэх юм уу даа. Тийм ч учраас би дэлхийн улс орнуудаар аялж, фенүүдтэйгээ уулзаж, хүүхэд залуучуудад үлгэр жишээ болохыг хүсдэг. Үүгээрээ л дурсагдахыг хүсч байна. Зүгээр нэг агуу сагсчин биш, агуу хүн, агуу эр хүн байсан гэж. Агуу сагсчин болохын төлөө би чадах бүхнээ хийх болно, гэхдээ бас агуу үлгэр жишээ хүн байхын тулд хичээнэ. Агуу, суут хүмүүс шиг л болохыг хүсч байна. Би багаасаа Мухаммад Али, Мэжик Жонсон, Майкл Жордан нарыг шүтэж, тэд нараас үлгэр жишээ авч өссөн. Энэ гурван хүн бол суут хүмүүс, тэдний нэрс хэзээ ч мартагдахгүй. Сагсчин бол зүгээр л сагсчин. Тоглоод дууссаных нь дараа хэн ч түүнийг санахгүй. Харин хойч үедээ өв үлдээж, бусдыг байлдан дагуулж, бусдад үлгэр жишээ болсон хүмүүс  агуу байдаг. Тийм ч учраас хүмүүс Майкл Жорданг мэддэг. Талбай дээр амжилт гаргасан хэдий ч тэр хувь хүн нь агуу юм. Би тэд нар шиг л болохыг хүсдэг дээ.

-Энэ дашрамд та өөрийн үүсгэн байгуулсан сангаа танилцуулахгүй юү?

-Би D12 сангаа энэ жил үүсгэн байгуулсан. Бид залуу үеийнхний боловсролын төлөө ихийг хийдэг. Мөн залуу эхчүүд, ер нь эмэгтэйчүүдийн төлөө ажиллах болно. Бас залуу эрчүүдийн төлөө, тэднийг амжилтад хүрэхэд нь туслах сургалт байна. Орландо хотод манай нэг төв бий. Тэнд бага залуудаа жирэмсэлсэн, эсвэл хүчирхийлэлд өртөж жирэмсэн болсон эхчүүд бий. Энэ төв нь тэднийг орон байраар хангаж, өөрсдөд нь болон хүүхдүүдэд боловсрол олгодог юм. Би мөн Африкт очиж, сангаараа дамжуулж эмэгтэйчүүдэд зориулсан оюутны байр барьж өгсөн. Африкт эмэгтэйчүүд сурч боловсорно гэдэг хэцүү юм билээ. Багаасаа хүчирхийлэлд өртөж, хүүхэдтэй болдог учраас тэдэнд бусдын туслалцаа маш их хэрэгтэй байдаг. Бидний эрхэм зорилго, уриа бол “Үрийг суулга, суулгасан үрээ усал, ургаж буй үрээ хар” гэсэн үг юм л даа. Энэ нь үндсэндээ юу гэсэн үг вэ гэхээр би дэлхийн орнуудаар, бас Орландо хот, Америк улсаараа ч гэсэн аялж, хүүхдүүдтэй ярилцаж, тэдэнд урам зориг хайрлаж, үлгэр жишээ үзүүлж, эргээд тэр хүүхдүүд амжилттай залуучууд болж уу, үгүй юу гэдэгт санаа тавих юм.

-Двайт, одоо би танаас маш энгийн асуултууд асуух болно. Энгийн хариулт ч танаас хүлээж байна. За ингээд эхний асуулт. Та алинд нь илүү дуртай вэ. Слэм данк эсвэл блок?

-Блок хийх. Яагаад гэвэл эсрэг баг оноо авахыг нь зогсоож байна гэсэн үг. Бас тэднийг айлгана. Үзэгчид ч дуртай.

-Тоглолт ч өөрчлөгддөг байх...

-Тэгээд л тоглолт эргэнэ дээ.

-Таны бага насны баатар тань Майкл Жордан байсан. Харин өсч томрох тусам Мэжик Жонсон болон түүний ур чадвар, биеийн хүчний хослолыг биширч эхэлсэн гэж уншсан юм байна. Хэрэв боломжтой байсан бол та хэнтэй нь хамт тоглох вэ? Майкл Жордан эсвэл Мэжик Жонсон?

-Би Мэжик Жонсон гэж хэлэх юм байна. Бид хамтдаа тогловол сайхан гар нийлэх байсан байх. Хүмүүст ч таалагдах байсан байх.

-Таны дуртай хоол?

-Дуртай хоол гэвэл пицца болон МакДоналдс. МакДоналдсын бүх хоолонд дуртай.

-Таны дуртай хөгжим эсвэл дуучин?

-Би Kanye West, Lil’ Wayne хоёрт дуртай.

-Таны дуртай кино. Бүх цаг үеийнх шүү?

-Хоёр кино бий. “Немогийн эрэлд”.

-Хүүхэлдэйн кино биз дээ?

-Тийм ээ, тэгээд “Нийгмийн дайсан”. Энэ хоёр хоёулаа миний дуртай кино.

-Та ойрд жин хасч байна уу?

-Тийм ээ, би ажил хаялт болсноос хойш нэлээд жин хассан.

-Хэрвээ та сагс бөмбөг байгаагүй бол ямар хүн болох байсан бэ?

-Бүжигчин болох байсан байх.

-Та “Супермэн” гэдэг хочиндоо дуртай юу?

-Тийм ээ, би дуртай. Манай багийнхан болон найзууд маань энэ хочны санааг гаргасан л даа. Шакилаас булаасан гэж хүмүүс дандаа ярьдаг юм. Үнэндээ бол дуунаас гаралтай. Би “Soulja Boy” гэдэг репперийн  “Crank Dat Superman” гэдэг дууг өдөр болгон сонсдог байсан. Сонсох болгондоо “Супермэн”-ий бүжгийг нь хийгээд л... Тэгээд Слэм данкийн тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр “Супермэн”-ий данкаа яг тэмцээн дээр хийсэн шиг хийсэн юм. Бэлтгэл дээр эхлээд нэг хийхэд багийнхны маань хагас нь хувцас солих өрөөнд байсан. Харсан хэд нь гүйгээд бүгдийг нь дасгалжуулагчдын хамт цуглуулж ирээд дахиад харъя гэсэн. Би хаанаас үсэрч ирээд цагариган дээрээс довтлохоо хэлсэн чинь “Үгүй байлгүй дээ, хэрвээ чи ингэж чадвал чи Слэм данкийн аварга болно, тэгээд бид нар чамайг Супермэн гэж дуудъя” гэсэн юм. Тэгээд би дахиад хийж үзүүлэхэд бүгдээрээ гайхаад, чи тэгвэл “Супэрмэн”-ий нөмөрөг өмсөөд данк хийснийхээ дараа “Супермэн”-ий бүжгээ хийвэл яадаг юм бэ гээд. Ингэж л “Супермэн” төрсөн юм даа.

-NBA-д таныг хамгийн сайн хамгаалдаг хүн хэн бэ. Таныг хамгаалж хүчрэх цөөхөн төвийн тоглогч байдаг. Таны бодлоор хамгийн сайн нь? 

-Стэн Ван Ганди... Тийм ээ, миний дасгалжуулагч. Тэр намайг хамгийн сайн хамгаалдаг.

-Маш сайн хариулт байна. Сүүлчийн асуулт. Та түрүүн хэлсэн, таны шүтдэг гурван хүн бол Майкл Жордан, Мэжик ЖОнсон, Мухаммад Али гэж. Танд тэд яг ямар үлгэр жишээ үзүүлсэн бэ?

-Майкл Жордан надад агуу байхыг заасан. Тэр зүрх сэтгэлээсээ тоглож, багийн удирдагч нь байсан. Мэжик Жонсон цагийг зугаатай, сайхан өнгөрүүлэх тухай заасан. Тэр талбай дээр үргэлж л инээдэг байсан. Үзэгчдийг тоглолтод оруулж чаддаг байсан. Харин Мухаммад Али боксын рингний гадна эрч хүчтэй, хэвлэлийн бага хурал, бэлтэлийн үеэр дандаа л бусадтай хөгжилддөг нэгэн байсан. Хэдийгээр маш хөдөлмөрч агуу боксчин ч гэсэн зугаатай хүн байсан. Тэр бас бусдад үлгэр жишээ үзүүлдэг, хүмүүс түүн шиг болохыг хүсдэг, түүн шиг “эрвээхэй шиг нисч, зөгий шиг хатгахыг” хүсдэг байсан. Эдгээр гурван хүн гурвуулаа л миний анхаарлыг өөр өөр байдлаар татсан. Тэр ч утгаараа тэдний өөр өөр зан чанар надад байгаа гэж боддог.

-Баярлалаа, Дуайт. Бидний урилгыг хүлээн авч, Монголын ард түмэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан танд маш их баярлалаа. Хэрвээ ирэх жил Бүх оддын тоглолт болбол маш олон монголчууд таны төлөө саналаа өгнө гэдэгт  итгэлтэй байна. Энэ амжилтын замаа цааш үргэлжлүүлэхэд тань олон монголчууд баяртай байх болно. Танд сайн сайхан бүгдийг хүсье. Харин хамгийн сүүлчийн асуулт гэвэл хүн бүр л хариултыг нь мэдэхийг хүсч байгаа зүйл юм. Монголд дахин ирнэ гэж амлаж чадах уу, эсвэл бүр Монголоор хийх аяллаа уламжлал болгож болох уу?

-Тийм ээ, би энд жил бүр ирэхдээ дуртай байх болно. Маш сайхан санаа гэж бодож байна. Танай ард түмэн гайхалтай юм. Би бас багийн нөхдөө энд авчрах талаар бодож байлаа. Энд ирснээсээ хойш би олон найзтайгаа ярьсан. Тэгээд энд бүгдээрээ ирээд сагсан бөмбөгийн сургалт хийдэг ч юм уу, бас сургуулиудаар зочилж, боловсролын тухай яриад л, мөн мэдээж энд цагийг зугаатай өнгөрүүлэх талаар ярилцсан. Үнэхээр сайхан байх болно. Би дуртайяа эргэж ирэх болно. Монголын талтайгаа бас ярилцъя. Бас фенүүд маань надтай Твиттерээр байнга холбоотой байж болно. Монголоос Флоридагийн хооронд хүссэн үедээ надтай ярилцаарай. Би дуртайяа эргэж ирэх болно. Магадгүй багийнхан маань ч гэсэн ирэх байх. Тэгэхээр монголчууд аа, би эргэн ирж, долоо хоногийг сайхан өнгөрүүлнэ ээ.

-Танд сүүлчийн мөчийг үлдээе. Камер руу хараад Монголын ард түмэнд сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?

-Та бүхэн бүгд сайн байцгаана уу? Энд байгаадаа баяртай байна, миний хувьд гайхалтай зугаатай мөчүүд байлаа. Танай фенүүд бүгдээрээ гайхалтай юм. Хэрэв цаг зав байсан бол бүгдэнд чинь гарын үсгээ зурмаар байлаа. Гэвч тэгэхээр бол би эндээс явж чадахгүй шүү дээ. Явахыг хүсэхгүй байгаа ч би удахгүй бэлтгэлдээ гарах хэрэгтэй. Сайхан орондоо хүлээж авсанд маш их баярлалаа. Гайхалтай байлаа. Танай ард түмэн агуу, өглөгч сайхан юм. Хөдөө тал, уулс нь үзэсгэлэнтэй юм. Ирэх жил дахин ирэхээ тэсч ядан хүлээж байна. Би та нарт хайртай.. ялангуяа танай бүсгүйчүүд... Урт үстэй, үзэсгэлэнтэй...  За, тэр ч яахав, намайг ийм дотно хүлээж авсанд баярлалаа, дараа удахгүй уулзана аа.

Ярилцсан Г.Идэр-Ууган

http://www.facebook.com/note.php?created&¬e_id=174781112600134
Бичсэн: Telnet | цаг: 10:42 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


like
like
Бичсэн: Зочин цаг: 23:40, 2011-11-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax