Fri-26-Aug-2011
Бид бүгдээрээ сансрын нисгэгчид

Түүхийн тухай хамгийн анхны төсөөлөл ҮҮСЭЛ-ээс эхлэлтэй. Яагаад хамгийн жижиг эс хөгжлийн шатыг дамжиж сээр нуруутан, хөхтөн амьтад, бас оюун ухаант ХҮН болж амьдрал гэдэг зүйлийг бий болгодог юм. Бидний хөгжлийн замын ирээдүй хаана очиж төгсгөл болохыг хаанаас анх үүссэн эхлэлийн цэгээс олж харж болох юм. Гэтэл эхлэлийн цэг төгсгөлгүй хэвээр үргэлжилсээр хүн төрөлтний цуглуулсан мэдлэг, мэдээллийг улам л ээдрээ бэрхшээлтэй, бас хязгааргүй болгож байна.

1990 онд 10 м диаметр бүхий тольтой “Хуббле” Сансрын дуран авайг тойрог замд оруулснаар хүн төрөлхтөн өмнө нь олж үзээгүй маш олон дүрс илгээж байгаа билээ. Хубблейн тусламжтайгаар од гариг хэрхэн бий болдог, бусад гаригуудад дагуул байдаг уу, Огторгуй ертөнцийн хэмжээ хэр том бэ гэх мэт олон асуултын хариуг олж авч байгаа ч цааш харах, мэдэх хүсэл шуналыг улам л их төрүүлж байна. Бид өөрсдөө сансарын нисэгчид, эх дэлхий маань бидний сансарын хөлөг болохыг ойлгодог мөртлөө эх дэлхийгээ ухаж түнхэж, хорт хийгээр бохирдуулан тэнцвэрийг нь алдагдуулж байгааг ойлгох хүмүүс цөөн байгаа нь харамсалтай.

            Ертөнц бол зах хязгааргүй гэж хэлж болохуйц асар том лаборатор юм. Харамсалтайн хүн төрөлхтөн Нарны аймгаас гадна оршиж буй од гаригт хараахан хүрэх боломжгүй учраас бид тэднийг судлахын тулд илгээж буй мэдээллийн багц буюу тэдний гэрлийг ашигладаг. Бидний сансар гэж нэрлэдэг зүйл маань үнэндээ ямар нэг “хоосон зай” биш юм. Оддын хооронд их бага хэмжээний хий, тоосонцортой байдаг. Эдгээр хий, тоосонцрын маш нягт оршин байдаг хэсгийг “мананцар” гэж нэрлэдэг. Энэ нь нэг ёсны хий, тоосноос тогтсон үүл юм. Мананцрын хамгийн сайн жишээ гэвэл Анчны ордны одод дунд оршдог, энгийн нүдээр ч харж болох Орионы мананцар юм. 1993 онд Хуббле-ийг энэ мананцрын зүг чиглүүлсэн бөгөөд анх харахад тод биетүүдээр дүүрэн харагдаж байв. Дараа нь эдгээр биет бол шинээр “төрсөн” одод болохыг тогтоосон байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр оддын зарим нь хий, тоосноос тогтсон нэгэн орбитал хавтгайд байжээ. Эдгээр хавтгай нь 1755 онд одон оронч Иммануэль Кантын дэвшүүлсэн таамаглалыг баталсан юм. Энэ таамаглалаас үзэхэд эргэлдэж буй тоос, хий нь төвдөө бөөгнөрснөөр од бий болдог байна. Үлдсэн бодис нь одыг тойрон эргэлдэж байдаг. Хэсэг хугацааны дараа бөөгнөрч гариг үүснэ. Энэхүү одод дөнгөж бий болсон тул гаригийн систем хараахан тогтоогүй боловч ихэнх нь өөрийн гариг, дагуулаа яваандаа үүсгэх ажээ. Бид оддын энэ үйлдвэрлэлийг ажиглан манай Нарны аймаг хэрхэн үүссэн талаар мэдэж авч болно. Нар ч гэсэн нэг од юм. Манай нарны аймаг Тэнгэрийн заадас галактикт оршдог. Лагүүн болон Бүргэдийн мананцар нь ч бас оддын үүслийн талаар мэдэж авах өөр нэг сонирхолтой жишээ юм.

Огторгуйн зах хязгаар: Хуббле бидний өмнө нь харж байгаагүй холыг олж үздэг дуран авай юм. Түүний илгээсэн зурагт хэдэн тэрбум одтой огторгуйн хэдэн зуун галактик харагдаж байна. Эдгээр галактикууд нь биднээс хэдэн тэрбум гэрлийн жилийн зайтай оршдог бөгөөд орон зай, цаг хугацааны харьцангуй ойлголтыг бидэнд өгдөг юм.

       

Гариган мананцрууд: Үнэн хэрэгтээ эдгээр мананцар нь гаригтай ямар ч холбоогүй юм. Хэлбэр дүрс нь гаригтай адилхан болохоор ингэж нэрлэжээ. Нас нь гүйцсэн одод цаг нь болоход дэлбэрдэг. Том хэмжээтэй одод супернова хэлбэрээр дэлбэрнэ. Ингэхдээ маш их энерги гадагшлуулж, цөмийн гаднах бүх давхарга нь сансарт цацагдана. Бага хэмжээний оддын дэлбэрэлт арай бага болдог бөгөөд мөн л гаднах давхрагаа сансарт цацдаг. Дэлбэрэлтийн хэмжээ нь супернова шиг хүчтэй биш, бага байдаг тул цацагдсан бодисууд нь ихэнхдээ эмх цэгцтэй, тойрог хэлбэрээр тэлнэ. Мөхсөн одноос үлдсэн хэсэг энэхүү мананцрын төвд үлддэг. Зарим гариган мананцрууд тэгш хэм бүхий бүтэц үүсгэдэг. Эдгээрээс хамгийн сонирхолтой жишээ нь “Элсэн цаг” мананцар юм.

Мушгирсан галактик: М100 нэртэй энэ галактик манай Тэнгэрийн заадас (Сүүн зам) галактиктай төстэй. Бид өөрсдөө дотор нь байдаг тул өөрийн галактикаа ингэж бүхлээр нь харах боломжгүй. Иймээс бусад галактикийн ажиглан бүтцийг нь мэдэж авдаг. Манай Тэнгэрийн заадас галактикийг бусад галактиктай харьцуулахад нэг их томд тооцогдохгүй ч мөн л олон тэрбум одтой.

Мөргөлдөж буй галактикууд: Антенн (Эвэр) галактикийг харагдах байдлаар ингэж нэрлэдэг. Энэ зурагт бие биетэйгээ мөргөлдөж буй 2 галактик байна. Галактикууд хоорондоо мөргөлдөхөд доторх одод нь хоорондоо мөргөлдөх нь нь бараг боломжгүй. Учир нь хоорондох зай нь маш хол юм. Харин мөргөлдсөний дараа гариг хоорондын таталцлаас болоод галактикуудын хэлбэр дүрс тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг.  

         

Оддын бөөгнөрөл: М80 нь Тэнгэрийн заадас галактикийн одоогоор мэдэгдэж байгаа 147 оддын бөөгнөрлийн нэг юм. Оддын бөөгнөрөл нь галактикийн дотор байрладаггүй. Харин дотроо хэдэн мянган одод агуулсан эдгээр бөөгнөрөл нь галактикийн дагуул мэт тойрон эргэлдэж байдаг.

Одод бидний л адил төрж, үхдэг. Бидний амьдралын эх булаг болсон Нар болон түүний аймгийн гаригууд нь өмнө нь байж байгаад сөнөсөн ододтой ижил бүтэцтэй байдаг. Тиймээс бид тэрхүү оддын үр сад билээ. Бидний амьдарч буй энэ орчлон ертөнц ойролцоогоор 15 тэрбум жилийн өмнө Их Дэлбэрэлтийн дараа бий болсон юм. Түүний дараа хэдэн тэрбум жилийн турш орчлон ертөнц энэ дэлбэрэлтээс үүссэн устөрөгч, гелийн хийгээр дүүрэн байлаа. Дараа нь энэ хийн мананцар дотор тогтворгүй байдал бий болж мананцрууд бөөгнөрч эхэлжээ. Бөөгнөрсөн үүлнүүд анхны оддыг бий болгосон юм.

Тэгвэл одод, гариг эрхэс, дагуулууд хэрхэн бие биеэсээ тасран одолгүй нэг дор байна вэ? Эдгээрийг байгаль дээрх олон үндсэн хүчний нэг болох гравитацийн хүч барьж байдаг. Масстай ямар нэг биет нөгөөгөө өөр рүүгээ татахыг гравитацийн хүч гэдэг. Өөрөөр хэлбэл Нар Сар, Эх Дэлхий маань нэг нэг рүүгээ гравитацийн хүчээр татагддаг байна. Биднийг болон газрын гадарга дээрх бүхнийг мөн л татах хүч буюу гравитацийн хүч тогтоон барьдаг. Оддыг аварга том хийн үүл бий болгосон гэж бид хэлсэн. Энэ нь мөн л дээрх хүчний үйлчлэлээр явагддаг. Мананцрын доторх хий тодорхой нэг хэсэгт бөөгнөрч нягтарна. Үүний хажуугаар гравитацийн хүч ч ихэсдэг тул эргэн тойрныхоо биетийг өөр рүүгээ татаж эхэлдэг. Биет яваандаа илүү томрох бөгөөд масс ихсэх тусам эргэн тойрныхоо биетийг илүү их татаж эхэлнэ. Одны анхдагч масс ийм байдлаар үүсдэг. Эхлээд хүйтэн байсан мананцар, нягтраад халдаг. Анхдагч одны цөм хангалттай томроход халуун нь ойролцоогоор сая хэмд хүрнэ. Энэ үед устөрөгчийн атомын цөм холилдож гелийн атомын цөмүүснэ. Устөрөгч гелид шилжихийг цөмийн термо (халуун) урвал гэдэг. Энэ урвалаас болж их хэмжээний дулаан ялгарна. Энэ энергийн улмаас одод гялалздаг юм. Одны устөрөгч багасахад гелигээс тогтсон цөм бий болно. Уг цөм дулаан болон даралтын тусламжтайгаар өөр олон урвалыг явуулдаг. Гели эхлээд нүүрстөрөгч болно. Дараа нь неон, устөрөгч, цахиур, төмрийг үүсгэнэ. Нэг одонд төмрөөс хүнд элемент бий болдоггүй. Учир нь эдгээр элементийг үүсгэх дулаан одонд бий болж чаддаггүй. Харин хүнд элементүүд маш өндөр энерги ялгаруулдаг супернова дэлбэрэлтийн үеэр үүсдэг.

Анчны одны орд дахь Орионы мананцрыг “од үйлдвэрлэгч” гэж болно. Хуббле сансрын дуран авайгаар ойролцоогоор 150 шинээр үүсч буй оддыг олж нээжээ.Image

Нар: Нар бол од юм. Нар болон түүнийг тойрон эргэх гаригууд ч мөн мананцрын бөөгнөрөлөөс үүссэн. Гэвч энэ мананцар нь Их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй юм. Тэднээс өөр олон элемент байсан юм. Тэгвэл мананцрын хүнд элемент хаанаас гараад ирэв? (Огторгуй судлаачид, устөрөгч ба гелигээс бусад элементийг хүнд элемент гэдэг.) Энэ их сонин түүхтэй. Хүнд элементүүд нь Их дэлбэрэлтээс хойш Нар бий болж эхлэх хүртэлх ойролцоогоор 10 тэрбум жилийн туршид хамгийн анхны оддод үүсчээ. Дараа нь эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. (Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд 2%-д ч хүрэхээргүй бага байлаа.) Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гариг, дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг. Манай нарны аймаг ч бас гариг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай гариг, өмнө үүсээд сөнөсөн одуудаас үүссэн юм.

Гаригууд: Манай Нарны аймаг есөн гаригтай. Эдгээрийг хөрстэй болон хийн гэж хоёр бүлэгт хуваадаг. Хөрстэй гаригт Буд, Сугар, Дэлхий ван, Дэлхий, багтдаг. Эдгээр гаригууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гариг гэдэг. Хийн гариг болох Бархасвадь, Санчир, Далай ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг.

Хөрст гаригууд яаж үүссэн бэ? Тэднийг нарны аймгийг бий болгосон мананцрын тоосонцроос үүссэн гэж хэлж болно. Нарны аймаг анх бий болж байхад эдгээр тоосонцрууд нэг дор бөөгнөрч кондрул гэдэг солирыг үүсгэнэ. Тэр үед 2000 хэмийн халуун байжээ. Тэгээд хэдэн сая жилийн өмнө кондрулууд болон мананцар дахь тоосонцор нэг дор бөөгнөрч кондрит гэдэг солирыг үүсгэнэ. Одоогийн солируудыг тэр үед үүссэн кондрит гэж үздэг. Тэд нарны аймаг анх үүсэхээс эхлээд устаж алга бололгүй өнөөг хүрчээ. Тиймээс газарт унадаг солирууд орчлон ертөнцийн өнгөрсөн үеийн тухай бидэнд хэлж байдаг. Нарыг тойрон эргэлдэж буй биет (нэг хэсэг кондрит мэт), Наран дээр унадаггүй, эсвэл сансарт нисэн оддоггүй. Харин замд нь таарах хэсэгхэн хий энэ биетийн хурдыг хасч, Наранд тэгш бус хэмийн тойрог замаар ойртоход нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл биетийн тойрог зам наранд улам ойртсоор байдаг. Нар луу ойртон буй кондритууд улам ойртсоор, нэг дор бөөгнөрч томордог. Диаметр нь ойролцоогоор 1км орчим болоход хий үрэлцэх чадвараа алддаг. Энэ үед уг хий ч их хэмжээгээр хорогдсон байдаг. Тэгээд тухайн биет тодорхой хэмжээний тогтмол тойрог замдаа үлдэнэ. Ийм байдалд хүрсэн сансрын биетийг “гариганцар” гэж нэрлэдэг.

Шинээр бий болж буй гаригийн системүүдэд ийм гариганцрууд их байдаг. Эдний нягт нь бие биеэсээ үл ялиг өөр. Иймээс тойрог замаар өөр хурдтай эргэнэ. Бие биетэйгээ ойрхон байгаа биетүүд ойролцоо хурдтай эргэдэг бөгөөд нэг нэгнээ татдаг. Татах хүч тойрог замд нь нөлөөлснөөр хоорондоо мөргөлдөнө. Хэрэв уг мөргөлдөөн удаан явагдвал хоёр цөм нь нийлж, нэг том гариг үүсгэн, цаашдаа томордог. Хэрэв мөргөлдөөн нь хурдан болвол хоёулаа сөнөдөг.

Эрдэмтэд нэг гаригийн систем буюу гаригууд үүсэхэд хэр их хугацаа ордгийг судалж байна. Уг тооцооны дагуу гариг үүсэх явц явагдсаны дараа ойролцоогоор 20 мянган жил өнгөрөөд Сарны хэмжээтэй хэдэн зуун биет бий болдог. Харин гариг болохын тулд 10 сая орчим жил хэрэгтэй. Үлдсэн гариганцрууд дараагийн 10 сая жилийн дотор эхэлж үүссэн гаригуудад уусдаг. Буд, Сугар, Дэлхий, Ангараг, гаригууд ийм маягаар үүсчээ. Бархасвадь, Санчир, Далай ван, Тэнгэрийн ван зэрэг хийн гаригуудын үүссэн хэлбэр эхэндээ дээрх гаригуудтай ижил эхэлсэн ч дараа нь үл ялиг өөр маягаар үргэлжилнэ. Нарыг үүсгэсэн мананцрын гадаргуу нь дотоод давхаргаасаа илүү хүйтэн байдаг тул ус болон бусад хий мөс хэвээр оршин байдаг. Иймд энэ хэсэг дэх мөсний хэмжээ нь дотоод давхаргаа бодвол 10 дахин их байдаг. Хийн молекулууд ихээр агуулагдаж байдаг тул энд үүсэх гаригийн найрлага хөрст гаригийнхаас өөр байх нь ойлгомжтой. Бархасвадь, Санчир гариг нь их хэмжээний устөрөгч, гелигээс тогтдог. Бага хэмжээний хатуу төлөвт буй хий, чулуу, металл агуулж байдаг. Харин Тэнгэрийн ван, Далай ван гаригууд нь ихэнхдээ хатуу төлөвт буй хий буюу ус, амонийн хүчил, метанаас тогтдог. Гадна давхаргад нь устөрөгч, гели агуулагддаг. Цөм нь Бархасвадь, Санчир гаригийнх шиг чулуу, төмрөөс тогтоно.

Санчир: НАСА, Хуббле сансрын дуран авайг хөөргөсний 8 дахь жилд нь Санчир гаригийн зургийг авчээ. Энэ зургийг бидний олж үздэггүй гэрлийн долгион болох хэт улаан долгионоор авсан байна. Ингэхэд гаригийн мананцрын бүтэц илүү тодорхой харагдаж байв. Хөх өнгө нь эх мананцрын давхарга дахь тунгалаг агаар мандал, ногоон болон шар өнгө нь мананцрын нимгэн давхарга, улбар шар нь мананцрын өтгөн хэсгийг харуулж байна.

Бархасвадь дахь шуурга: Анх 17-р зууны үед одон орончид Бархасвадийг дуран авайгаар ажиглаж эхэлсэн байна. Гаригийн улаан толбыг тэр үед олжээ. Том Улаан Толбо гэж нэрлэдэг энэхүү улаан толбо нь бараг 300-аад жилийн дараа ч байсаар байна. Цагт 430 км хурдтай шуурганаас болж ингэж харагддаг байна. Том Улаан Толбо нь Нарны аймаг дахь хамгийн том шуурга юм. Түүнийг диаметр Ойролцоогоор 25000км юм. Өөрөөр хэлбэл энэ шуурганы диаметр нь Дэлхийн диаметрээс 2 дахин том юм.

Сугар: Эртний Грекийн домогт гардаг гоо сайхны охин тэнгэр Венерагийн нэрээр гаригийг нэрлэжээ. Нар, Сарны дараа тэнгэрт хамгийн сайхан тод харагддаг тул энэ нэр нь ч тун зохижээ. Судалгаанаас үзэхэд Сугар гаригийн өтгөн манан доорх гадарга нь 4500С-ийн халуунтай байдаг гэнэ.

Ангараг: Дэлхийгээс, илүү тодруулан хэлбэл Дэлхийн тойрог замаас хамгийн сайн авсан Ангараг гаригийн зураг. 1997 онд Ангараг гариг Дэлхийд хамгийн ойрхон ирэх үед энэ зургийг авчээ. Ангарагийн дээд хэсэгт харагдаж буй цагаан хэсэг бол гаригийн Хойд туйл юм. Гэхдээ Дэлхийн туйлууд шиг уснаас биш харин ихэнх нь хөлдсөн нүүрсхүчлийн хийнээс тогтдог юм байна.

Дагуулууд: Эрдэмтэд гаригуудын дагуул үүсэх явцыг дараах байдлаар тайлбарладаг: Аварга том гаригууд анх нягтрахдаа маш халуун байдаг. Иймээс одоогийн хэмжээтэй нь харьцуулахад илүү том байдаг байсан. Гариг үүсэх явцын төгсгөлд гаригийг бий болгосон хий, тоосонцруудын үлдэгдэл гаригийг тойрон эргэлдсээр байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд хийн ихэнх хэсгийг гариг залгиж эсвэл сансарт таран замхардаг. Үлдсэн хий, тоос нь нэг дор цугларч дагуулуудыг бий болгоно.  Дагуулуудын ихэнх нь дээр өгүүлсэн маягаар бий болсон гэж үздэг ч зарим нь гариг бий болсны дараа гаднаас нэгдсэн нь ч бий. Энэ дагуулуудын тойрог зам нь маш нягт элипс хэлбэртэй бөгөөд бусад дагуултай харьцуулахад өөр байдаг. Үүнд Поебе, Тритон болон хэд хэдэн бяцхан дагуулууд багтдаг. Ангараг гаригийн дагуул Побос, Деймосыг гариг үүссэний дараа нэгдсэн гэж үздэг.

Дэлхийн дагуул Сарны бий болсон түүх нь ч маш сонирхолтой. Маш олон таамаглал байдгийн хамгийн их өргөн дэлгэрсэн нь Дэлхийтэй мөргөлдсөн нэгэн гаригаас тасарч үлдсэн гэдэг таамаглал юм. Уг мөргөлдөөний улмаас Дэлхийгээс нэлээд том хэсэг тасарч сансарт цацагдсан нь мэдээж. Дараа нь цацагдсан бодисын нэг хэсэг нь Дэлхий дээр дахин унасан бол нөгөө хэсэг нь сансар луу таран явжээ. Тойрог замд үлдсэн хэсгүүд хоорондоо нэгдэж Сарыг үүсгэжээ. Хөрст гаригуудын дагуулууд бүгдээрээ (Сар, Побос, Деймос) нэг бол гариг бий болсны дараа нэгдсэн эсвэл мөргөлдсөнөөс болж үүссэн байна. Энэ нь аварга том хийн гаригуудын эргэн тойронд л дагуул үүсдэг гэсэн таамаглалыг нотолж байгаа юм.

Солирууд: Солирууд хөрст болон хийн гаригуудын хоорондох Солирын бүсэд оршдог. Энэ бүсэд гариг болж нэгдэхүйц том хэмжээний сансрын биет байдаггүй. Эдний нийт масс нь Сарныхаас ч бага юм. Нарны аймгийн гаригуудын хоорондох зайг авч үзвэл Нарнаас холдох тусам тодорхой дараалалтай байгааг ажиглаж болно. Гариг бүрийн тойрог зам нь өмнөхөөсөө 75%-иар илүү өргөн байдаг. Үүнээс харахад Солирын бүсийн оронд мөн гариг байх ёстой мэт. Гэхдээ тодорхой баталгаа байхгүй. Харин зарим нэг гариг судлаач эрдэмтэдийн үзэж байгаагаар урьд нь энд нэг гариг үүсч байгаад Бархасвадь гаригийн хүчтэй татах хүчинд автан хэдэн хэсэг болж таржээ. Мөн энд гариганцрууд нэг дор бөөгнөрөөгүй тул ямар нэг гариг үүсээгүй гэж үздэг.

Үлэг гүрвэлийг газрын хөрснөөс арчсан гэж төсөөлж байснаас хоёр дахин том хэмжээтэй аварга том солир хэдэн тэрбум жилийн өмнө Дэлхийд унасан үл мөрийг оллоо гэж эрдэмтэд мэдээлэлээ. Science сэтгүүлд мэдээлснээр тухайн чулуулгийн хуримтлалыг Өмнөд Африк болон Австралаас олоод байгаа юм байна. Хорин километрийн диаметр бүхий одонцор дэлхийг мөргөхийн хамтаар тийм хэмжээний хүч километрийн өндөртэй давалгааг далайн ёроолоос цалгих нөхцлийг бий болгосон байх боломжтой. Люзиана муж улсын Калифорни дахь Stanford их сургуулийн судлаачид ийм сүйрэл 3.4 тэрбум жилийн өмнө буюу эх газар бүрэлдэн тогтохоос өмнө зөвхөн бактерууд амьдарч байх үед явагдсан гэж хэлсэн. Энэхүү агуй том солир нь яг хаана унасныг мэдээгүй байгаа бөгөөд эрдэмтэд түүний үүсгэсэн тогооны ул мөрийг хараахан олж тогтоогоогүй байна. Тайланд өгүүлснээр эдгээр чулуулаг нь Ангараг болон Бархасбадийн хоорондын тойрог замаас ирсэн одонцор байх боломжтой. Судлаач Gary Byerl-ийн хэлснээр энэхүү объект нь барагцаагаар 50 км-ийн өргөнтэй солирын борооны нэг хэсэг гэнэ. Эдгээр бөмбөгдөлт нь ихээхэн том байсан бөгөөд Дэлхий дээрх хувьсалын явцыг бүрэн өөрчилсөн гэж нэмж хэлсэн байна. Тайланд яг ямар өөрчлөлт мөргөлдөлтөөр бий болсныг дурьдаагүй. Үлэг гүрвэлүүдийг үгүй болгосон үйл явц агуу байх ёсгүй гэж үү гэж дэд зохиогч Donald Lowe хэлжээ. Харин энэ нь үүнээс даруй 2 дахин том юм. Тэрээр хэлэхдээ энэ нь санаанд багтамгүй асар том далайн давалгааг бий болгон мөргөлтийн голомтоос эхлэн тархаж далайг хөндлөн туулж жижиг хэмжээний эх газруудыг хоромын дотор далайн ёроол болгон хувиргасан байна гэжээ. Геологичид энэхүү солирын ул мөрийг Өмнөд Африкийн Barberton-ний ногоон чулуу болон Баруун Австралийн Pilbara блокоос олж илрүүлсэн байна. Энэ чулуулгийг агуулж буй хэсгүүд нь гурван тэрбум жилийн өмнө бий болсон бөгөөд цаг хугацааны мэдээлэлээр бол нарны систем бүрэлдэж эхэлсэн үе рүү буцаан аваачиж байгаа юм.

Сүүлт од: “Нарны аймаг хаана төгсдөг вэ?” гэж асуухад ихэвчлэн “Дэлхий вангийн тойрог замд” гэж хариулдаг. Гэвч Нарны аймгийн хил хязгаар эндээс ч цааш үргэлжилдгийг бид мэднэ. 50 жилийн өмнө Кеннет Эдгеворт болон Жерард Кюпер нар Дэлхий вангийн цаахан талд гариг үүссэний дараа үлдсэн бодисоос тогтсон нэгэн бүс байж болохыг тус тусдаа урьдчилан тооцжээ. Сүүлийн жилүүдэд хийсэн ажиглалтаар үүнийг баталсан юм. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаа ч үүнийг байталж байгаа. Энэ бүсэд тус бүр нь 1км буюу үүнээс илүү диаметртэй, 200 сая сансрын биет байгааг тооцоолон гаргажээ. Кюперийн бүс гэж нэрлэсэн энэ бүсэд Дэлхий ван, түүний дагуул Чарон ч ордог. Мөн Далай вангийн дагуул Тритон ч энэ бүсийн гишүүн юм. Эдгээр дагуулууд уг бүсийн хамгийн том хэмжээтэй нь ажээ.

Сүүлт одууд тойрог замаасаа гарч Нарны аймаг руу чиглэх нь уг сүүлт одод хоорондоо мөргөлдөн тогтворгүй байдал үүсгэснээс болдог. Богино хугацааны сүүлт одууд (ойролцоогоор 100 жилд нэг удаа) ихэнхдээ Кюперийн бүсээс ирдэг. Харин урт хугацааны давтамжтай ирдэг сүүлт одууд өөр бүсээс ирдэг гэж таамаглаж байна. 1950 онд одон орон судлаач Жан Хендрик Оорт энэ талаар нэгэн таамаглал дэвшүүлжээ. Түүний таамаглалын дагуу эдгээр сүүлт одууд Нарны системийг бүхэлд нь бүрхсэн нэг бүсээс ирдэг ажээ. Оортын үүл гэж нэрлэсэн энэ бүс бидэнд харагддагүй боловч урт хугацааны давтамжтай ирдэг сүүлт одууд энэ бүсийн талаар мэдээлэл авчирдаг.

Оортын үүл бий болсон явцыг дараах маягаар тайлбарладаг. Бархасвадь зэрэг аварга том гаригууд дэргэдүүр нь өнгөрөхийг завдсан гариганцруудыг хүч султай тойрог замд оруулан тогтоон барьдаг. Заримдаа эдгээр биетүүд Нарны татах хүчнээс мултран сансар руу ахиж эргэж ирэхгүйгээр оддог. Харин ихэнх нь Нарны татах хүчнээс салж чадалгүй хүч султай тойрог замаар тойрон эргэлдсээр байдаг. Нарнаас хол байдаг мөн, хурд багатай тул ихэнхдээ Оортын үүлэнд байрлацгаана. Оортын үүлийг тойруулан тойрог зурахад гадиус буюу Нар хүртэлх урт нь нэг гэрлийн жил байдаг. Үүнээс цааш Нарны аймгийн хил төгсч, оддын орчин эхэлдэг гэж хэлж болно.

http://serdaram.origo.mn/
Бичсэн: Telnet | цаг: 04:20 PM | Мэдлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant