2011-05-11
Төрийн бус байгууллагын дүрэм боловсруулах удирдамж

Төрийн бус байгууллагын дүрэм боловсруулах удирдамж

 

Дүрэм нь байгууллагын үйл ажиллагааны чиглэл, удирдлага, зохион

байгуулалтыг тодорхойлж нийгэмд эзлэх байр суурийг баталгаажуулдаг. Ардчилсан удирдлагын зарчимд суурилсан дүрэм байгууллагын ариун нандин байх үндэс суурь болдог.

Дүрмийг хоёрдмол утга санаагүй, ойлгомжтой хийхийг судлаачид зөвлөдөг. Мөн хэт ерөнхий болон хэт тоочихыг үл сайшаадаг. Хэт ерөнхий дүрэм нь хүн бүхэнд дураараа шийдэх боломжийг нээдэг бол хэт тоочих нь үйл ажиллагааг дүрмээс хэт хараат болгодог. Иймээс дүрэм нь гольдрогийн хөтөч байж байгууллага гадаад орчинд зохицон, уян хатан өөрчлөлт хийх боломжийг удирдлагад олгосон байвал зохино.

Дүрмийг нэг удаа батлаад орхичих бус байнгын өөрчилж баяжуулж байх ёстой.

Дүрмийн агуулга

Танилцуулга

Зарим байгууллага танилцуулах хэсэгт дүрмийн зорилго ба агуулгыг дурдсан байдаг. Танилцуулах хэсэгт байх дараагийн зүйл бол төрийн бус байгууллагын албан ба товчилсон нэр, бэлгэдэл (лого) орно. Зарим байгууллага бэлгэдлийн загвар, илэрхийллийг тоочсон байдаг.

Байршил

ТББ-ын бүртгэгдсэн ажлын байрны ба шуудангийн хаягийг бичнэ.

Хуулийн үндэслэл

Тус байгууллага нь Монгол улсын ямар хуулиудыг үндэслэн байгуулагдаж байгаа болон ямар хуулиудыг (мөн дүрмийг оролцуулан) удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулахыг дурдана. Хэрэв тухайн байгууллага олон улсын ба бүсийн

байгууллагын гишүүнчлэлтэй бол олон улсын байгууллагын дүрмийг даган мөрдөх эсэхийг заана.

Хуулийн этгээдийн эрх

Байгууллага хуулийн этгээдийн эрх эдэлж, хариуцлага хүлээх болон өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх, банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байх зэргийг зааж өгнө.

Байгууллагын оршин тогтнох хугацаа

Байгууллагын үйл ажиллагаа эхлэх ба дуусгавар болох хугацааг заана. Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар үүсгэн байгуулагдсанд тооцдог байна.

Шинээр байгуулагдаж байгаа ТББ ихэнхи тохиолдолд цөөн хүний бүрэлдэхүүнтэй, санхүүгийн эх үүсвэргүй байдаг тул хөл дээрээ босч олон түмэнд танигдаж санхүүжилт олтлоо ХЗЯ–нд заавал бүртгүүлэх албагүй. Тиймээс байгууллага байгуулагдсаныг үүсгэн санаачлагчдын хурлаар баталж шийдвэр гарснаар тооцож болно.

 

Төрийн бус байгууллагын тухай хуулиар ТББ дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд заасан бусад үндэслэлээр татан буугдаж болно хэмээн заасан байдаг. Ихэнхи ТББ-ын үйл ажиллагаа байнгын үргэлжлэх бөгөөд цөөн тооны байгууллага тодорхой хугацаанд ажиллаад тавьсан зорилгодоо хүрмэгц үйл ажиллагаагаа дуусгавар болгож байгууллагаа татан буулгадаг. Иймээс татан буугдах үндэслэлүүдийг дүрэмдээ дурдана.

Үйл ажиллагааны чиглэл

Тухайн байгууллагын явуулах үйл ажиллагааны чиглэл болон хэлбэрийг заана.

Нийгэмд эсвэл гишүүдийн алинд үйлчилдэг болохыг заана.

Зорилго ба зарчмууд

Байгууллагын алсын хараа ба эрхэм зорилго, зарчмуудыг тодорхойлж оруулна. Энэхүү хэсэг нь байгууллагын үзэл баримтлалыг тодорхойлсон хэсэг юм. Үзэл баримтлалыг дүрэмд оруулж өгснөөр албан ёсоор баталгаажуулан сахин мөрдөж эхэлдэг.

Байгууллагын бүтэц, албан тушаалтны тодорхойлолт

Энэхүү хэсэг нь байгууллагын дотоод бүтцийг бусдад танилцуулж мэдээлэл өгнө.

Үүнд:

1. Байгууллагын бүтцийг тодорхойлж бүтцийн бүдүүвчийг хавсаргана.

2. Байгууллагын албан тушаалтныг тодорхойлно. Тухайлбал:

• Тэргүүн (ерөнхийлөгч зэрэг өөр нэртэй ч байж болно).

• Удирдах зөвлөлийн дарга

• Удирдах зөвлөлийн гишүүн

• Гүйцэтгэх захирал

• Байгууллагын гишүүн тус бүрийг хэн болохыг тодорхойлно.

Гишүүнчлэлтэй ТББ

Гишүүнчлэлийн төрөл

Байгууллага гишүүнчлэлтэй байхыг зааж төрлийг тодорхойлно. Тухайлбал: Хүндэт гишүүн, дэмжигч гишүүн, жирийн гишүүн гэж хэн болох, ямар давуу талыг эдлэхийн заана.

Гишүүнд тавих шаардлага

Гишүүнээр элсэхийн тулд ямар шаардлага, болзол хангахыг заана. Гишүүн нь байгууллагын үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг тусгана. Мөн байгууллагын онцлогоос хамаарах шаардлагыг дурдана.Тухайлбал: Хүүхдийн, залуучуудын, ахмадын байгууллага гишүүний насны хязгаарыг заасан байдаг.

Гишүүнээр элсэх журам

Шинэ гишүүн элсэх журмыг тусгана. Шинээр элсэхэд хэнд хандах, хүсэлтээ хэрхэн гаргах болон шийдвэрлэх хугацааг зааж өгнө.

Гишүүний эрх ба үүрэг

Гишүүн болсноор ямар давуу эрхийг эдлэх болон үүрэг, хариуцлага үүрэхийг заана.

Гишүүний татвар

Гишүүний татварын хэмжээ, ямар хэлбэрээр хэзээ төлөхийг тусгана. Ихэнхи байгууллага татварын хэмжээг дүрмэндээ шууд бичихийг сайшаадаггүй. Удирдах зөвлөлд уян хатан тогтоох эрхийг олгодог байна.

Байгууллагын үйл ажиллагаанд оролцох тухай

Гишүүд байгууллагын удирдах ба өдөр тутмын үйл ажиллагаанд ямар хэлбэрээр оролцож болохыг тусгана.

Гишүүнчлэлээс сайн дураар татгалзах

Гишүүнээсээ сайн дураар татгалзахыг хүсвэл хэнд ямар, замаар хандах, шийдвэрлэх арга зам болон хугацааг заана. Гишүүнчлэлээс сайн дураар татгалзах үйл явц хялбар байвал зохино.

Гишүүнчлэлээс чөлөөлөх

Ямар тохиолдолд гишүүнчлэлээс чөлөөлөгдөх ба хэн энэ шийдвэрийг гаргах болон дахин гишүүнчлэлээ сэргээх боломж, арга замуудыг тусгана. Тухайлбал: Татвараа удаан хугацаанд төлөөгүй, байгууллагын нэр хүндийг унагасан үйл ажиллагаа явуулах, сонирхлын зөрчилд автах зэрэг олон шалтгаанаар байгууллага гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргадаг. Жишээ нь хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын гишүүн өөрөө хүүхдээ хүчирхийлж эрхийг нь зөрчсөн байвал гишүүнчлэлээс чөлөөлөх шалтгаан болно. Учир нь байгууллагынхаа үнэт зүйлийг зөрчсөн тэвчишгүй үйлдэл хийжээ.

Гишүүнчлэлээс чөлөөлөхийн өмнө сануулга өгөх болон дахин сэргээх боломжийг

дүрэмд тусгавал бүр сайн.

Тэргүүн (ерөнхийлөгч)

Гишүүнчлэлтэй байгууллага тэргүүнтэй байх нь нийтлэг. Тэргүүнийг гишүүдийн хурлаас сонгоно. Тэргүүнд нэр дэвших болон сонгох журам, сонгуульт хугацааг дүрмэндээ тодорхой тусгах хэрэгтэй.

Тэргүүний _________эрх мэдэл, үүрэг хариуцлага

Тэргүүний эрх мэдлийн хэмжээ, үүргийг дурдана. Тухайлбал: Тэргүүн нь байгууллагыг гадаад дотоодод төлөөлөх, гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах, удирдах зөвлөлийн даргын албыг хаших гэх мэт. Ихэнхи байгууллагад тэргүүн

удирдах зөвлөлийн даргыг давхар хашдаг. ТББ-ын тэргүүн гүйцэтгэх аппаратыг удирдаж цалинтай ажиллах ёсгүйг анхаарна уу.

Гишүүдийн хурал (Нэгдсэн хурал, дээд чуулган)

Гишүүдийн хурлын бүрэн эрх

Гишүүдийн хурлын бүрэн эрхийг заана. Гишүүнчлэлтэй байгууллагын хувьд хурал эрх барих дээд байгууллага болдог.

Хурлаар байгууллагын хөгжлийн бодлого, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон байгуулах, байгууллагын зорилго, үзэл баримтлал, урт хугацааны төлөвлөгөөг батлаж байгууллагын тайланг сонсож хэлэлцүүлэх нь нийтлэг байдаг. Мөн тэргүүнийг сонгох болон чөлөөлж, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, байгууллагыг татан буулгах, өөрчлөн байгуулах эрхийг эдэлдэг.

Хурлыг зарлан хуралдуулах ба хурал хоорондын хугацаа

Ээлжит ба ээлжит бус хурлын ялгааг гаргаж хэдий хугацаанд хуралдах ба хэн зарлан хуралдуулах эрхтэйг заадаг.

Хурлын төлөөлөгчид

Хуралд хэн оролцох эрхтэй болон хэрхэн сонгогдохийг журамлана.

Шийдвэр гаргах журам

Хурлаар шийдвэр гаргах журам бол дүрмийн хамгийн чухал зохицуулах ёстой хэсэг юм. Аль болохоор ардчилсан, шударга ёсыг удирдлага болгон зохицуулах нь гишүүдийн таашаалд нийцдэг. Гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг хэн (ажлын алба) боловсруулахыг журамлана. Мөн хэлэлцэх асуудалд гишүүдийн саналыг урьдчилан тусгах арга замыг оруулах хэрэгтэй. Санал хурааж шийдэх зарчмыг тусгана. Тухайлбал: Гишүүдийн олонхийн, ердийн олонхийн, дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэнэ гэх мэт. Санал тэнцсэн тохиолдолд хурлын дарга эцсийн шийдвэрийг гаргах эрхийг эдлэхийг тусгадаг. Мөн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй гарах болон хурлын дарга гарын үсэг зурснаар баталгаажихыг олон байгууллага дүрмэндээ заасан байдаг. Хэлэлцэх асуудалд төлөвлөгдөөгүй асуудал оруулж хурлын дэг эвдэхгүй байхыг дүрмэнд тусгаж хурлын сахилга батыг дээшлүүлдэг туршлага бий.

Ирц

Гишүүдийн хурлыг хүчинтэйд тооцох ирцийг заана.

Хяналтын зөвлөл

Гишүүнчлэлтэй байгууллагын хувьд хяналтын зөвлөлөө гишүүдийнхээ хурлаас байгуулах нь нийтлэг. Хяналтын зөвлөл нь байгууллагын санхүүгийн зарцуулалтад хяналт тавих гол үүрэгтэй. Мөн бусад нэмэлт үүргийг дүрэмд тусгаж болно.

Удирдах зөвлөл

Удирдах зөвлөлийн эрх хэмжээ

Удирдах зөвлөл бол ТББ-ын сонгуульт удирдлага юм. ТББ-ын тухай хуулиар гишүүнчлэлтэй ТББ-ын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна гэж тодорхойлжээ. Амьдрал дээр гишүүнчлэлтэй ТББ-уудын ихэнхи нь байгууллагын эрх барих дээд эрхийг гишүүдийн хуралд эдлүүлж харин удирдах зөвлөлдөө гишүүдийн хурал хооронд эрх барих эрхийг шилжүүлсэн байдаг.

Гишүүнчлэлтэй байгууллага удирдах зөвлөлд эрх мэдлийн төлөөлөл шилжүүлж байгаа нь нэгдүгээрт, эрх мэдлийг хуваарилж хоёрдугаарт, асуудлыг хурдан шийдвэрлэх, уян хатан, цомхон механизмыг бүрдүүлж байгаа хэрэг юм. Удирдах зөвлөлийн гишүүдийн тооны дээд ба доод хязгаарыг дүрэмд тусгах нь амьдралд уян хатнаар тоогоо өөрчлөх боломжийг олгодог. Гишүүнчлэлтэй ТББ-ын удирдах зөвлөлийг гишүүдийн хурлаас сонгон бүрдүүлдэг

 

Харин гишүүнчлэлгүй ТББ-ын хувьд удирдах зөвлөл бол эрх барих дээд байгууллага юм. Гишүүнчлэлгүй ТББ-ын удирдах зөвлөлийг байгууллагын үүсгэн санаачлагчид анхлан бүрдүүлдэг.

Удирдах зөвлөлийн тоо ба бүрэлдэхүүн

Төрийн бус байгууллагын тухай хуулинд зааснаар удирдах зөвлөлийн гишүүний тоо таваас доошгүй байна хэмээн доод хязгаараа зааж болно. Ингэснээр удирдах зөвлөлийн гишүүдийнхээ тоог байгууллагын үйл ажиллагааныхаа хүрээнээс хамааран хэзээ ч нэмэгдүүлж болох ба энэ тухай дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлаггүй. Эсвэл удирдах зөвлөлийн гишүүдийн дээд, доод хязгаарыг зааж илүү тодотгож болно. Тухайлбал: 7-15 гишүүний хооронд хэлбэлзэнэ гэх мэт.

Зарим байгууллага удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний төлөөллийг заасан байдаг. Тухайлбал: Төрийн ба бизнесийн байгууллага, үйлчлүүлэгч, санхүүжүүлэгчийн төлөөллөөс удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байхаар тусгадаг. Энэ тохиолдолд эдгээр төлөөлөл бүх гишүүдийн хэдэн хувь хүртэл байхыг заавал илүү үр дүнтэй байх талтай. Үлдсэн хувьд нь удирдах зөвлөл өөрсдийнхөө сонголтыг хийж болно.

Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл

Дүрэмд удирдах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлийг тусгаж өгснөөр гүйцэтгэх албаны ажлаас ялган салгадаг. Ийм заагаа гаргаж чадаагүй байгууллагын удирдах зөвлөл хийх ажлаа бүрэн мэдэхгүй байх эсвэл гүйцэтгэх захиргааныхаа ажилд хөндлөнгөөс хутгалдах зохисгүй байдал харагддаг.

Төрийн бус байгууллагын хуульд зааснаар удирдах зөвлөл дараахи бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах

2. ТББ-г өөрчлөн байгуулах, татан буулгах

3. Байгууллагын жилийн төсөв батлах

4. Гүйуэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх

5. ТББ-ын эрх хэмжээг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох

6. ТББ-ын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах

7. Дүрэмд заасан бусад бүрэн эрх

Орчин үеийн удирдах зөвлөлийн үүрэг бол байгууллагын бодлогыг боловсруулах, бодлогоор удирдах асуудал тул энэхүү үүргийг суулгаж өгөхөд илүү анхаарах хэрэгтэй. Мөн хөрөнгө босгох үйл ажиллагаа тэдний удирдан ажилах гол ажлын нэг юм.

Удирдах зөвлөлийн даргыг сонгох ба чөлөөлөх

Удирдах зөвлөлийн даргыг хэрхэн сонгогдох болон бүрэн эрхийн хугацааг дүрэмд заадаг. Гишүүнчлэлтэй байгууллагын хувьд удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн хурлаас сонгогдсон байгууллагын тэргүүн гүйцэтгэх нь нийтлэг. Харин гишүүнчлэлгүй ТББ-ын хувьд удирдах зөвлөлийн дарга гишүүдээсээ сонгогддог. Удирдах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 2-3 жилээр байж нэгээс илүүгүй удаа улиран сонгуулахгүй байх нь зүйтэй юм. Учир нь ТББ-ыг нэг хүний хараат байдалд оруулахгүй болон удирдлагын нэгэн хэв шинжээс ангид байхын тулд удирдлагыг сольж байх хэрэгтэй болдог. Ингэснээр дараагийн манлайлагчдыг төрүүлэх боломжийг ч бий болгоно.

 

Зарим байгууллагуудын удирдах зөвлөл дэд даргатай байдаг. Дэд дарга нь даргыг эзгүй тохиолдолд орлох, даргад туслах үүрэгтэйгээс гадна ирээдүйн удирдах зөвлөлийн даргаар бэлтгэгдэж байгаа хүн юм. Ингэж удирдлагын залгамж холбоогоо хангах нь байгууллагын хөгжлийн үндэс болно.

Удирдах зөвлөлийн даргын бүрэн эрх ба хариуцлага

Удирдах зөвлөлийн даргын эрх, мэдэл, үүргийг дүрэмд тодорхой суулгах нь их тустай харагддаг. Ингэснээр дарга удирдах зөвлөлөө чадварлаг удирдаж үр дүнтэй ажиллана. Удирдах зөвлөлийн даргын үүрэгт удирдах зөвлөлийн хороодыг байгуулж ахлагчдыг томилох, удирдах зөвлөлийн хурлыг даргалж санал тэнцсэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргах, удирдах зөвлөл ба гүйцэтгэх захиргааны хоорондын ажлын уялдааг хангах, удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийг манлайлах зэрэг орно.

Орчин үед удирдах зөвлөлийн дарга ба гүйцэтгэх захирлын хамтын манлайллыг чухалчлах боллоо. Удирдах зөвлөлийн даргын үүрэгт гүйцэтгэх захиралтай хамгийн ойр, хамтран ажиллаж, харилцан туслалцахыг үүрэг болгон оруулах нь зүйтэй юм.

Удирдах зөвлөлийн гишүүнд тавих шаардлага

Удирдах зөвлөлийн гишүүн нь байгууллагын үйл ажиллагааны талаар мэдлэгтэй, удирдах зөвлөлд ажиллах чадвар, туршлагатай, түншлэгч байгууллага болон үйлчлүүлэгчдийг төлөөлсөн, сайн дураар ажиллах дур сонирхол, цаг завтай байхыг тусгахыг илүү анхаарна уу. Хамгийн чухал нь байгууллагын үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч үзэл бодлоороо нэгдсэн байх нь чухал. ТББ-ын нэг алдаа бол удирдах зөвлөлөө дандаа дарга нараас бүрдүүлдэг. Энэ хүмүүс хуралдаа ирэх цаг завгүй байдгаас удирдах зөвлөлийн ажил унадаг.

Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа

Гишүүний бүрэн эрхийн хугацааг заана. Нэг гишүүн хэдэн удаа сонгогдож болохыг журамлана. Гишүүн нь 2-3 жилээр сонгогдож хоёроос илүүгүй удаа улиран сонгуулах эрхтэй байвал тохиромжтой.

Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох ба чөлөөлөх журам

Удирдах зөвлөлийн гишүүнийг хэрхэн, хэн нэр дэвшүүлэх, ямар үйлдлийн төлөө хариуцлага хүлээлгэх болон чөлөөлөхийг заана. Гишүүнчлэлгүй байгууллагын хувьд удирдах зөвлөл өөрөө өөрийгөө нөхөн сонгож байдаг. Бусад орны ТББ-ын туршлагаас үзэхэд удирдах зөвлөлийн сонгуулийн хороо энэ үүргийг хүлээж шинэ гишүүнийг судлаж удирдах зөвлөлд танилцуулдаг байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гишүүн сонгогддог жишигтэй. Гишүүн хүсвэл сайн дураараараа гарах боломж үргэлж нээлттэй, хялбар байх нь зөв юм. Дүрэмд гишүүнээс чөлөөлөх үндэслэлийг мөн заадаг. Үүнд: Байгууллагын үзэл баримтлалыг удаа дараа зөрчсөн, сонирхлын зөрчилд автсан, хурлаа олон удаа тасалсан болон гэмт хэрэгт холбогдсон гээд олон шалтгаан байж болно.

Сонирхлын зөрчил

Байгууллагын дүрмэнд удирдах зөвлөлийн гишүүдийн сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журмууд тусгагддаг. Удирдах зөвлөлийн дарга болон гишүүн сонгуульт ажлынхаа төлөө цалин авахгүй болон байгууллагын гүйцэтгэх захиргаанд цалинтай ажиллаж болохгүйг зааж өгөх хэрэгтэй. Төрийн бус байгууллагын тухай хуулинд зааснаар сонирхлын зөрчилтэй гишүүн шийдвэр гаргах санал хураалтад

оролцохоос татгалзах ёстойг мөн тусгана.

Мөн байгууллагыг төлөөлж худалдаа хийх, эд хөрөнгөөр барьцаа тавих, орлого олох бүхэн удирдах зөвлөлийн гишүүдэд хориотой.

Удирдах зөвлөлийн хурал

Удирдах зөвлөлийн хурлын нэг жилд хуралдах тооны доод хязгаар, хурлыг хэн удирдах, хэлэлцэх асуудлыг хэн боловсруулах, хурлын зарыг хэд хоногийн өмнө гишүүдэд тараасан байх, хурлын хүчинтэй байх ирц, шийдвэр гаргах болон хурлын тэмдэглэл хөтлөх журмууд орно.

Удирдах зөвлөлийн гишүүдийн үнэлгээ

Гишүүнчлэлгүй ТББ-ын хувьд удирдах зөвлөл өөрийгөө нөхөн сонгох, удирдах, үнэлэх зэргээр өөрийн удирдах зарчмаар ажилладаг тул гишүүд өөрсдийнхөө ажлыг хэзээ, хэрхэн үнэлж байхыг зааж болно. Жил бүхэн эсвэл хоёр жилд нэг удаа өөрсдийн үнэлгээ явуулах нь нийтлэг байдаг. Үнэлгээг гадны зөвлөх эсвэл удирдах зөвлөлийн аль нэг хорооноос зохион явуулж болно.

Удирдах зөвлөлийн хороо

Удирдах зөвлөлийн хорооны төрөл

Удирдах зөвлөл үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулья гэвэл хороодын зохион байгуулалтад орох нь зүйтэй юм. Хороо (өөр нэртэй ч байж болно) гэдэг нь удирдах зөвлөлийн байнгын ажлын хэсэг юм. Гишүүд мэдлэг, чадвартаа хамгийн ойр чиглэлээр хороодод хуваагдан ажилладаг. Хороог 10-аас дээш гишүүнтэй удирдах зөвлөлд байгуулж эхлэх нь тохиромжтой.

Байгууллагын хэмжээ, онцлогоос шалтгаалж хороо олон төрлийн байж болох тул дүрмэнд зайлшгүй байх удирдах хороо, санхүүгийн хороо, сонгуулийн хороог заагаад бусад хороотой байх эсэхийг шийдэх эрхийг удирдах зөвлөлд олгодог.

Хорооны зорилго, үйл ажиллагааны чиглэл

Хороо тус бүрийн зорилго, үйл ажиллагааны чиглэлийг заана.Тухайлбал:Удирдах хороо нь удирдах зөвлөлийн хурал хооронд яаралтай асуудлаар шийдвэр гаргах эрхтэй хороо юм. Удирдах хорооноос өөр ямар ч хороонд шийдвэр гаргах эрх байхгүй. Удирдах хороог удирдах зөвлөлийн дарга ахалдаг ба удирдах зөвлөлийг хөгжүүлэх, гишүүдийг үнэлэх ажлыг зохион байгуулна. Мөн гүйцэтгэх захиралтай

гэрээ хийж үнэлэх асуудлыг хариуцаж болно.

Сонгуулийн хорооны гол үүрэг бол шинэ гишүүнийг судлах, чиг баримжаа олгох зэрэг удирдах зөвлөлийг нөхөх, чадваржуулах үүргийг хүлээдэг.Санхүүгийн хороо нь байгуулагын санхүүгийн бодлогыг боловсруулах, хяналт тавих үүргийг хүлээдэг.

Хорооны зохион байгуулалт

Хорооны даргыг (ахлагч) удирдах зөвлөлийн дарга томилж гишүүд сайн дурын үндсэн дээр хороодод хуваагдан ажиллана. Хороодын ажиллах журмыг удирдах зөвлөлийн дарга баталдаг.

Гүйцэтгэх захиргаа ба гүйцэтгэх захирал

Гүцэтгэх захиргааны эрх хэмжээ

Гүйцэтгэх захиргааны эрх хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг зааж орон тоо, төсвийг удирдах зөвлөл батлахыг дурдана.

Гүйцэтгэх захирлын эрх мэдлийн хэмжээ, томилох, халах, үнэлэх Гүйцэтгэх захирлын эрх мэдлийн хэмжээг удирдах зөвлөл тодорхойлж гэрээ хийдэг нийтлэг жишигтэй. Гэрээнд гүйцэтгэх захирлын үүрэг, хариуцлага, ажлаа хэнд тайлагнах болон томилох, чөлөөлөх журмууд тусгагддаг. Иймээс дүрэмд эдгээр

харьцааг гэрээнд тусгахыг заадаг.

Санхүүтэй холбоотой асуудлууд

Санхүүгийн эх үүсвэр

Байгууллагын санхүүгийн эх үүсвэрийг заана. Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар

1. Гишүүний татвар, хандив

2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив

3. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого

4. Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө

Эдгээр санхүүгийн эх үүсвэрээс гадна ТББ гадны санхүүжүүлэгч байгууллагуудаас тэтгэлэгтэй төсөл хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулах нь нийтлэг байдаг. Хөрөнгө босгох бол ТББ-ын орлогоо олох гол арга юм.

Орлогоо зорилгод нийцүүлэн зарцуулах, ашиг үл хуваарилах

ТББ-ын тухай хуульд зааснаар байгууллага олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулах ба хэнд ч ашиг хуваарилан, зээл олгож хөрөнгийн баталгаа гаргахгүй гэсэн зарчмуудыг суулгаж өгнө.

Мөн удирдах зөвлөлийн дарга ба гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтны хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Санхүүгийн хяналт.

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг гишүүнчлэлтэй байгууллагад хяналтын хороо, гишүүнчлэлгүй байгууллагын хувьд удирдах зөвлөлийн санхүүгийн хороо хянах нь нийтлэг байдаг. Ингэж дотоод хяналтыг суулгаж өгөхийн зэрэгцээ хөндлөнгийн хяналтыг дүрмэндээ тусгаж болно.

Санхүүгийн жил ба тайлан

Санхүүгийн жилийн эхлэх ба төгсөх хугацааг зааж санхүүгийн тайланг хэн хэзээ хэнд тавихыг журамлана. Олон байгууллагад санхүүгийн жил хуанлийн жилтэй давхарддаг. ТББ-ын тухай хуулиар санхүүгийн тайлан тэнцлийг дараа оны 2 дугаар сарын 15 дотор татварын албанд тайлагнах ёстой. Мөн хууль зүйн яаманд үйл ажиллагааны тайлангийн хамт жилийн орлого, зарлагыг тайлагнахыг хуулинд заасан

байгаа.

Татан буугдах ба хөрөнгө шилжүүлэх

Байгууллага үйл ажиллагаагаа зогсоож татан буугдах шийдвэрийг хэн гаргаж үлдсэн эд хөрөнгөө хэрхэх тухай заана. ТББ-ын тухай хуулиар эрх барих дээд байгууллага (гишүүдийн хурал, удирдах зөвлөл) ийм шийдвэр гаргах эрхтэй бөгөөд үлдсэн хөрөнгөө ижил төстэй зорилго бүхий ТББ-гад шилжүүлэх, хэрэв тийм байгууллага байхгүй бол зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулахыг заасан байдаг.

Дүрэм хүчинтэй болох ба нэмэлт өөрчлөлт оруулах

Дүрэм хүчинтэй болох

Дүрэм хүчинтэй болох цаг хугацаа, ямар шалгуураар дүрэм батлагдаж хүчин төгөлдөр болохыг заана. ТББ-ын тухай хуулиар үүсгэн байгуулагчид байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж, дүрмээ батласнаар дүрэм хүчин төгөлдөр болдог.

Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах

Дүрэмд нэмэлт өөрчлөлтийг хэн, ямар замаар оруулахыг тодорхойлно. Дүрэмд гишүүнчлэлтэй байгууллагад гишүүдийн хурлаар, гишүүнчлэлгүй байгууллагын хувьд удирдах зөвлөлийн шийдвэрээр нэмэлт өөрчлөлт оруулна.

 http://www.egov.mn/

Бичсэн: Telnet | цаг: 15:53 | Хэнд ч хэрэгтэй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax