2010-05-29
Гэрлэх саналыг хэн нь гаргах ёстой вэ?
Эрэгтэй нь гэрлэх саналыг гаргах ёстой мэтээр хүүхнүүд боддог. Нэг л өдөр өөрт нь сэтгэл зүрхээ цалинтайгаа хамт санал болгоно хэмээн хүлээнэ. Харин эрчүүд ингэх гэж яардаггүй “дутагдалтай”. Зарим “ухаалаг” хүүхнүүд: “Чи бод доо? Би ийм гоё – дур булаам, секси... хоёулаа гэрлэчихвэл – чи өдөр бүр жаргалтай байна гэсэн үг... Чи өдөр бүр ийм жаргалтай байхыг хүсч байгаа биз дээ?” гэх. Залуу нь хэлэх:”Хүсч байна”. Зөв шүү дээ, залуу нь сайхан дур булаам бүсгүйг хүсэлгүй яахав, бүсгүй нь албан ёсны нөхөртэй болохыг бас хүсч байна, асуудал байхгүй... Гэхдээ энэ бол бүүр залуу хүмүүсийн гэрлэх шийдвэр гаргадаг хувилбар л даа. Арай амьдрал үзэж ухаан нь тэлсэн, хал үзэж хашир суусан хүмүүс бол гэрлэх шийдвэрийг тийм амархан гаргадаггүй. Тэгэхээр хэн нь энэ асуудлыг сөхөж гэрлэх тухай яриаг эхлэх ёстой вэ? Ямар байдлаар ярих вэ?

Миний бодлоор бол, хэнд нь гэрлэх сонирхол илүү их байна – тэр нь гэрлэх тухай эхэлж ярих ёстой байх. Логик ийм мэт боловч, ихэнхи эмэгтэйчүүд нөхөрт гарахыг маш их хүсч байгаа мөртөө эрэгтэйгээ өөрийг нь гуйхыг хүлээгээд байдаг, эрэгтэй хүн л гэрлэх саналыг тавих ёстой гэсэн ойлголт толгойд нь хадаастай. Тэгээд хүлээж хүлээж байснаа, хүсэл нь биелэхгүй болохоор бөөн гомдол, хэрүүл болоод явчихдаг. Ийм тохиолдолд ихэнхи эрэгтэй  тэр чигээрээ зугтахыг л боддог: пээ, ийм муухай ааштай юм байна шүү дээ, суучихвал бүр балрах нь...

Эрэгтэйчүүд учирдаг хүүхэнтэйгээ гэрлэхийг хүсвэл энэ тухайгаа шууд л хэлдэг. Албан ёсоор гэрлэхгүйгээр хайртай хүүхэнтэйгээ амар жимир, аз жаргалтай амьдрах жишээ ч олон. Би Лев Толстойтой санал нэг байна: эрэгтэй хүн өөртөө авгай хайх биш – эмэгтэй хүн л өөртөө нөхөр сонгох ёстой, яагаад гэвэл эмэгтэй хүн зүгээр нэг амрагаа бус -хүүхдүүдийнхээ эцгийг сонгож байгаа. Эрчүүдэд ийм хариуцлагатай ажлыг даалгаж болохгүй ээ. Тийм учраас эмэгтэй та хэнийг сонгоно – хариуцлагаа өөрөө үүрэх ёстой. Дараа нь “би цэцэг шиг цэвэрхэн амьтан байхад минь тэр толгойг минь эргүүлсэн, тэгээд одоо намайг ийм болгочихлоо” гэх мэтээр ярих хэрэггүй. Тэгэхээр, хэрэв нөхөрт гарахыг хүсч байгаа бол хүнээ олоод, хэрэв тэр хүн чинь таныг алдалгүй бушуухан шиг гэрлээд авах хэрэгтэй гэдгээ ойлгохгүй байвал хэлээд өгөх л хэрэгтэй байхгүй юу? Харин хэрхэн хэлэх вэ?

Би дээр хэлсэн, “чи яагаад гэрлэх санал тавихгүй байгаа юм, надад хайргүй юм уу...” гэх мэтийн хэрүүл уцаар бол байж болохгүй асуудал гэж. Тэгснээс, хайртай хүнийхээ амьдралын зорилго, төлөвлөгөөг нь сонирхож асуух байдлаар эхэлсэн нь дээр. Тэр төлөвлөгөөнд нь таны оролцоо байна уу, үгүй юу? Та оролцож, тусалж чадах уу? Хэрэв чадах бол үүнийгээ хэл. Тантай амьдралаа холбосноор бүх зорилго нь биелнэ гэдгээ мэдэхгүй байгаа ч юм билүү? Мэдээд, ойлгоод ирэхээрээ дуртайяа гэрлэнэ шүү дээ, хэн сайхан юмнаас татгалзах вэ дээ?

Гэрлэлтийн дараа амьдрал нь дээрдэнэ гэдэг нь ойлгогдож байвал таны гэрлэх саналыг тэр шууд л хүлээж авна. Гэрлэснээр амьдрал нь дордохоор байгаа тохиолдолд ямар ч тэнэг хүн гэрлэхгүй нь мэдээж.

Яриагаа эхлэхийн өмнө өөртөө дараахь асуултуудад хариулчихвал зүгээр: би түүнд ямар хэрэгтэй вэ? Надтай суух учир утга, шалтгаан түүнд бий юу? (хайраас гадна). Хэрэв хайр алга болчихвол цаашаагаа хэрхэх вэ? Би түүнийхээ амьдралд ямар сайн сайхан зүйлийг авчирч чадах билээ?

Ихэнхи, өөрийгөө “хосгүй нандин эрдэнэ, гоё сайхан, дур булаам, харахгүй юу – хичнээн эр намайг хүсч байна”, - гэж боддог эмэгтэйн хувьд ойлгомжгүй асуултууд байгаа биз? Хүүхнүүд минь, төөрөгдөлөө орхи! Эрчүүд ерөөсөө л, бүгдээрээ эмэгтэй хүнийг хүсч байдаг юм, энэ бол байгалийн хууль. Эмэгтэй хүнтэй унтахын тулд түүнийг бусдаас онцгой, давтагдашгүй мэтээр ойлгуулж дөнгөдөг юм, ямар ч сэргэлэн эр. Сайхан төөрөгдөл сайхан л даа, үүнээс татгалзах амаргүй, гэхдээ л, гэрлэх тухай яриаг нөгөө хүндээ та ямар ашигтай вэ гэдгээ сайн ойлгож байж эхлэх нь үр дүнтэй байдаг юм даа. Харин ийм хувилбараар гэрлэвэл удалгүй салдаг:

-Чи надад  хайртай юу?

-Хайртай.

-Би ч чамд хайртай.

-Хоёулаа гэрлэх үү?

-Тэгье.

За тэгээд, цаашдын амьдралаа ярьж хэлэлцэхгүйгээр гэрлэлээ, гэтэл дараа нь “тэр муу хөгийн амьтан байж, амьдралаар минь тоглочихлоо...”  болоод ирдэг. Суухаасаа өмнө сайн мууг нь тодруулж авсан нь дээр биш гэж үү?

Ихэнхи эмэгтэйд таалагдахааргүй зүйл ярьж байгаагаа би ойлгож байна. Надад өвлийн хүйтэн таалагддаггүй, гэхдээ би өвөл болно гэдгийг мэдэж байгаа болохоор дуртай ч дургүй ч өвлийн бэлтгэлээ базаадаг. Юу гэж үзэж байх нь яахав, байдлыг мэдэж, тооцоолж байсан нь дээр шүү дээ?

Би эмэгтэйчүүдийн олон сэтгүүл үзсэн, гэрлэлт, гэр бүлийн харьцаа энэ тэрийн тухай юу гэж бичдэгийг нь уншсан. Ийм сэтгүүлүүдэд бичдэг зүйлийн ерөнхий утга нь гэвэл: “Мөрөөдлийнхөө хүнийг яаж олж авах вэ, дараа нь тэр муу новшийг яах вэ?” – ийм л байдаг. Тиймээс л би хэлээд байгаа юм: дараа нь хараал урсган амаа барьж байснаас эхлээд зөв бодож хөдөлсөн нь дээр!

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

Бичсэн: Telnet | цаг: 12:52 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax