2010-03-21
Бидэнд галуунаас суралцах зүйл байгаа юу?
Баримт 1: Галуу бүр өөрийн далавчаа намируулан нисдэг, энэ нь дагаж яваа бусад шувуудад урам зориг өгч, дэмжлэг үзүүлдэг. Галуунууд V хэлбэр үүсгэн нисдэг нь нисч яваа нийт сүрэгт галууны ганцаараа нисч хүрэх зайнаас 71%-иар илүү хол зайг туулах эрч хүч өгдөг байна.
Хичээл 1: Нийгмийн ухамсартай, аливаа удирдлага, заавар, зөвлөгөөг бусадтай хуваалцдаг хүмүүс өөрийн хүрэх гэсэн газраа илүү хурдан, амарханаар хүрч чаддаг яагаад гэвэл тэд нэг нь нөгөөгийнхөө тус дэмэнд амьдардгийг мэддэг.

Баримт 2: Сүргээрээ нисч буй үед галуу цуваанаас хоцрохдоо, ганцаараа нисэхээс татгалзан хоцрохгүйг хичээн чирэгдэн ниссээр байдаг. Энэ нь хурдан цувааны байрандаа буцаж очиж өөрийнх нь өмнө нисч яваа шувууны өргөх хүчийг ашиглан алсын замыг туулах эрмэлзлэлийг төрүүлж, өөрийгөө хатуужуулахад дэм болдог байна.
Хичээл 2: Хэрэв бид галуу шиг ийм ухамсартай байж чадвал өөрийн очихыг хүссэн газарлуу явж буй тэргүүлэгчдийн цуваанд тэдэнтэй хамт үлдэж чадна. Бид бусдын тусыг дуртайгаар хүлээн авдаг ба бусдад ч бас тус хүргэдэг.

Баримт 3: Хэрэв цувааны түрүүнд нисч буй галуу ядарвал ард явж буй өөр галуутай байраа солин нөгөө шувуу тэргүүлэн нисдэг.
Хичээл 3: Энэ нь хүмүүст хүнд ажил хийж байгаа үед ээлжлэн солигдох, удирдлагыг хуваан эзэмших нь давуу талтай байдгийг сануулдаг. Хэрэв хүмүүс бид ийм байж чадвал нэг нэгнийхээ мэдлэг чадвар, хүч чадал, авьяас билэг, нөөц бололцоон дээр тулгуурлан бие биендээ туслаж, хамааралтай байж чадна.

Баримт 4: Цуваанд явж буй галуунууд гуаглан нисдэг ба ингэснээр тэргүүндээ яваа нэгэндээ нисч буй хурдаа хадгалахад нь урам зориг өгдөг байна.
Хичээл 4: Бид хэн нэгнээ урамшуулж, зоригжуулах үгийг байнга хэлж байх хэрэгтэй. Аливаа бүлэг хүмүүст урам өгөх нь тэдний бүтээмжийг дээшлүүлдэг. Хэн нэгэнд чин зүрхнээсээ урам хайрласанаар түүнийг магтсанаар зогсохгүй, түүнд эрч хүч өгч, хүсэл тэмүүлэлтэй болгодог. Бидний уншсан галуунуудын гуаглах нь тэргүүлэгчдээ төдийгүй нийт сүрэгтээ эрч хүчтэй нисэх урам зориг өгч байна.

Баримт 5: Цуваанд яваа галуунуудаас нэг нь өвчлөх эсвэл шархдах тохиолдолд хоёр галуу түүнд туслан, хамгаалахаар цуваанаас гарч түүнийг даган нисдэг. Тэд галууг үхэх эсвэл дахин нисч чадах хүртэл түүнтэй хамт үлддэг. Харин дараа нь тэд өөр цуваанд нэгдэх эсвэл өөрийн сүргийг гүйцэж түрүүлэхээр нисэн оддог.
Хичээл 5: Хүмүүс галуу шиг нэгнийгээ хайрлаж, тусладаг байж чадвал бие биендээ түшигтэй байж, хүнд хэцүү байдлаас амархан гаргаж чадна.

Энэхүү нийтлэлийг Жагаагийн блогоос (http://billionaire.blog.gogo.mn/) уншиж байсан юм.
Багаар ажиллахын давуу талуудыг энгийн жишээгээр тайлбарласан нь бодууштай санагдаж байсан юм. Бидэнд багаар ажиллах чадвар багагүй дутагддаг. Бид хувийн эрх ашигаа жаахан багасгаж, багийн үнэт зүйлийг эрхэмлэн ажиллаж чадвал илүү хүчирхэг байж чадна. Гурван хүн нэг нэгээрээ ажилласанаас 2 хүн хамтраад ажиллавал илүү ихийг бүтээж чадах мэт.
Энэ чадвар нь олон сайхан хүчирхэг залуус нэгдэж Агуу ихийг бүтээх боломж олгоно доо. Төгс хүн гэж үгүй ч ТӨГС БАГ байж болно.
Багаар ажиллах чадвар дутагтсанаас олон ч байгууллага бутран саринаж, олон олон бүтээл босолгүй үлдэж, олон амжилтууд нурж унасан даа.

Багаар ажиллах чадвар бидэнд юу өгөх вэ? Бид хэрхэн багаар ажиллаж сурах вэ?

Бидэнд багаар ажиллах чадвар дутмаг байдаг нь жижиг, том аль ч хүрээнд мэдрэгддэг. Энэ чадвар дутмаг байдаг нь монголчууд бид эртнээс бие дааж, бор гэртээ Богд болж амьдардаг байсантай холбоотой юм болов уу.
Жишээ нь: 1 айл өрх гэртээ бүхий л ахуйн хэрэгцээний зүйлсээ бие даагаад хийчихнэ, хувцасаа хийгээд өмсчихнө, хоолоо хийгээд идчихнэ, архиа нэрээд уучихна. Тийм болохоор бусдаас гуйгаад байх зүйл байхгүй, хамтран ажиллах шаардлага бараг гардаггүй байсан юм болов уу.
Энэ олон жилийн ахуй амьдралын дадал хэвшил маань бидний сэтгэлгээнд одоо ч байгаа юм болов уу? Бид дор бүрнээ довоо шарлуулж амьдрах хэв маягаасаа салсан ч сэтгэлгээнээсээ салаагүй байгаа юм болов уу гэж бодох.
Их Монгол Улсын бутрал ч бас багийн үнэт зүйлээ эрхэмлэж чадаагүйгээс болсон хэрэг. Манжууд ч монголчуудын хувийн нэр төр хөөцөлддөг занг нь ашиглаж отго жинс, чулууны өнгө, тогосны нүдний тоогоор зэрэг дэвийг ялган олгож, монголыг монголоор нь сүйтгүүлж, дотроос нь идэхээ мартаагүй билээ... Ноёд, ван, гүнгүүд малгай дээрх жинснийхээ өнгийг өөрчлөх гэж нэгнээ худалдахаас буцахгүй байлаа. Тэгээд нэгнээсээ дээр гарах гэж алтан хошуу өргөн, хутган үймүүлж, хорлож байсан хэрэг. Ер нь Монголчууд гадаадын дайсанд ялагдсан түүх үгүй бөгөөд өөр хоорондоо алалдаж, биесээ хэмлэлдсэн түүхээр дүүрэн.
Энэ түүхийг Монголын залуус бид үргэлжлүүлмээргүй байна !!!

Саяханы жишээ гэвэл, A, B, C гэдэг 3 найз хамтраад компани байгууллаа. Сардаа 3 сая орчимын ашигтай ажиллаж, ашигаа тэнцүү хуваан авч байлаа. Тэгсэн В найз хувийн тоглолт гаргаж, А, С 2 бараг ажил хийхгүй, Би л хамаг ажлыг нь хийгээд чадаад байгаа учраас ганцаараа байсан ч болох юм байна гээд, компаниасаа гарлаа. С найз, яах учраа олохүй жаахан эргэлзэж бас өөрөө чадна гэж бодоод салж явлаа. Одоо А, В, С гурав олсон орлого ч гээд байхгүй, цаасан дээр байдаг олон мянган компаний тоог 3-р нэмлээ. Уг энэ 3 салалгүйгээр улам олуулаа болж Тогоогоо улам томсгоод, тогоо томрохын хэрээр хусам нь томордогчлон том хусамаа хувааж идээд ажилласан бол их хэргийг бүтээх байлаа.

За гэх мэтчилэн Би захирал баймаар байна гээд... Монголоор нэг цаасан дээр байдаг компаний захиралууд, Би ч ерөнхийлөгч, тэргүүн баймаар байна гээд, Монголоор дүүрэн үйл ажиллагаагүй нийгэмлэг, холбоодын ерөнхийлөгчид... Дарга, захирал, ерөнхийлөгч, ... ! !... Хэ хэ
За одоо болно оо. ...

Нэгнийхээ давуу тал дээр түшиглээд чаддаг чаддагаа хийцгээе л дээ. Microsoft-д Билл Гейтсээс илүү цалин авдаг ажилчид зөндөө л байна. Тэд юу хийж чаддагаа мэддэг, хүчээ нэгтгэж сурсан хүмүүс... Хаана хүрэхээ мэддэг, багийн үнэт зүйлээ хувийн эрх ашгаасаа дээгүүр тавьж чадсан хүмүүс.

Харин бидэнд сурах зүйл их байна.

Танд багаар ажиллахад хэцүү зүйл нь юу байдаг вэ? Тэр хэцүүг нь хэрхэн даван туулдаг вэ? Та багаар ажиллахын давуу талыг тодоор мэдэрч байсан ямар тохиолдол байна вэ? Бид хэрхэн багаар ажиллаж сурах вэ?

http://luvsandorj.blogspot.com/

Бичсэн: Telnet | цаг: 18:21 | Мэдлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax