Монгол улсын элчин сайдын
яаман дээр тавьcaн илтгэл
Лектор : Чадраабал Ганжавхлан
Илтгэлийн сэдэв : Ганц хуудас цаас
Илтгэл тавих өдөр: 2011 оны 3 дугаар сар 19
Эхлэл
Сайн байцгаана уу залуусаа ? Би Бээжин хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийн төгсөх курсын оюутан Ганжавхлан байна.Өнөөдөр та бүхэнтэй санал бодлоо хуваалцах боломж гарсанд маш их баяртай байна.Ингээд яриагаа эхэлье.
Яриагаа эхлэхийн өмнө та бүхнээс асуух нэг асуулт байна.Та нарыг хэрвээ яг одоо Бээжин хотын төвд байрлах, маш том, үнэтэй их дэлгүүр лүү яг нэг цагын хугацаатайгаар хүссэн юмаа ав гээд оруулчихвал яах вэ ??? Тийшээ орсны дараа хамгийн хэрэгтэй зүйл юу байж болох бол ?? Хамгийн түрүүнд нэг том цүнх ч юм уу хэрэгтэй болох байх даа тийм үү ??? Миний бодлоор хэрвээ маш ойлгомжтой, бүх дэлгүүрийнх нь нэр хаягтай, бүх шат давхрынх нь байрлал тодорхой жижигхэн ганц хуудас цаас байх юм бол тэр л магадгүй хамгийн хэрэгтэй зүйл болох байх гэж бодож байна.Хэрвээ танд нэг цагийн хугацаа өгсөн бол эхлээд 3-хан минут гаргаад тэр цаасыг ерөнхийд нь маш сайн тогтоочих хэрэгтэй.Мэдээж мартчихвал замдаа гаргаж ирээд харчихаж болно.Ингэсний дараа хаанаас том уут авч болох, эхлээд ямар дэлгүүрээр ороод дараа нь ямар дэлгүүрээр орвол хамгийн үр дүнтэй, хамгийн цаганд хэмнэлттэй явж болохыг тооцоолж болно гэсэн үг.Түүгээр ч барахгүй нийт хэдэн ширхэг дэлгүүрээр орох, нэг дэлгүүрт дээд тал нь хэдэн минут байхаа ч тооцоолж болно.
Тийм ээ би өнөөдөр та бүхэнтэй энэ ганц хуудас цаасны талаар л ярих гэсэн юм.
Өрнөл
Энэ ганц хуудас цаасны талаар ярилцахын тулд бид заавал 3 чухал зүйлийг маш сайн ойлгох шаардлагатай.Боломж түүний үнэ цэнэ, боломжийг олж авах арга зам ба түүнийг бусдад түгээх арга зам.
Боломж ба түүний үнэ цэнэ
Нэг сонин асуулт асууя.Яагаад бид хичээлдээ хоцордог, бас хичээлээ тасалдаг вэ ? Миний хариулт бол бид бүтэн жилээр нь сургалтын төлбөрөө төлдөгтэй холбоотой.Ингэж бодъё, нэг семистрт 18 долоо хоног хичээл ордог, хоёр симистр 36 долоо хоног, жилд хамгийн дээд тал нь нийт 252 өдөр хичээл ордог гэж үзэж болно.Жилийн сургалтын төлбөр 22000 юань гэж үзвэл өдөрт 87 юань, нэг өдөрт 3 хичээл ордог гэж үзвэл нэг хичээлд дунджаар 30 юань төлж сурдаг гэж ойлгож болох нь.Хэрвээ бид хичээлд орох болгондоо 30 юань төлөөд ордог байсан бол хэзээ ч хичээл таслах эсвэл хоцрох гэсэн тохиолдол гарахгүй.Тэгвэл ингэж бодъё.Хэрвээ Харвардийн их сургуулийн профессор долоохон хоногийн хугацаатай, өдөрт 100 долларын төлбөртэй англи хэлний курс нээвэл өглөө 8 цаг байтугай 6 цагаас хичээл нь орсон ч хоцрох хүн бараг гарахгүй л байх.Тэгтэл 1200 юаниар бассейнд бүтэн жил бүртгүүлчихээд бид нийт хэдэн удаа явдаг билээ ? Эндээс нэг зүйлийг ажиглаж болно.Боломж багасах тусам үнэ цэнэ ихэсдэг.Эргүүлээд үнэ цэнэ ихсэх тусмаа боломж багасдаг.Одоо үүнийг гол сэдэвтэйгээ холбох гэж оролдъё.Бидэнд ямар боломж ямар давуу тал байна вэ ??? Хятадад ирж сурна гэдэг ер нь хэр боломж юм бэ ?? Өдрийн 100 долларын төлбөртэй англи хэлний курс юм уу ? Жилийн 1200 юанийн төлбөртэй бассейн юм уу ??? Монголдоо сурсан нь ч дээр байж уу ?? Ер нь Америк ч явдаг байж уу ??? Үгүй ээ.Би энд Америк, Хятад,Монгол ер нь аль ч улс байсан ялгаагүй гэж хэлмээр байна.Аливаа зүйлийн жинхэнэ үнэ цэнийг мэдэрсэн үед л боломж харагддаг.Таван жил маш хурдан гэдгийг би харин сайн мэднэ.
Хэдэн сарын өмнө над дээр Монголын санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш нэг залуу ирсэн юм.Ирэхдээ нэг дэвтэр дээр маш олон компанийн хаяг биччихсэн ирсэн.Тэгээд би тэр залууг дагуулан ганц нэг компаниар орсны дараа тэр надад “Энд чинь бараг дэлхийн ихэнх том компаниуд цуглачихсан байна ш дээ, та нар үнэхээр маш сайхан боломжин дээр байгаа юм байна, энд чинь хэлтэй л байхад хүссэн газраа ороод мэдээлэл авч хүссэн газрынхаа үйл ажиллагаатай танилцаж болох юм байна, харин Монголд бол энийг чинь зөвхөн google дээрээс л харна шүү дээ” гэж хэлж байсан.Тэр аль хэдийн боломжийг биднээс илүү олоод харчихсан байсан.
Миний ажигласнаар ихэнх оюутнууд хэзээ ч буцахгүй юм шиг тайван байдаг.Бид хятадад суралцах энэ хугацаагаа өдрийн 100 долларын үнэтэй англи хэлний курс гэдгийг ухаардаггүй.Бид хятадуудаас юугаараа илүү гэдгээ ч мэддэггүй.Бид хятадуудаас юугаараа илүү вэ ??? Бид эрсдэл хийх чадвараараа хятадуудаас хамаагүй илүү.Хэтэрхий олон хүнтэй, өрсөлдөөнтэй нийгэм хятадуудыг аймхай, хашир, бие дааж сэтгэн бодох чадваргүй болгосон.Хятадууд шат болгон дээр гишгэж дээш авирдаг бол Монголчууд ер нь болж өгвөл сайн харж харж байгаад л нэг үсэрчих гээд байдаг.Энэ бол Монголчуудын давуу ч тал сул ч тал.Хэрвээ хятадуудын хичээнгүй, туйлбартай занг монголчуудын чөлөөтэй, задгай сэтгэлгээтэй хослуулах юм бол заавал амжилтанд хүрнэ гэж би боддог.
Өнөөдөр бүх дэлхийн даяарчлал, мөн хятад улсын зах зээлийн хурдацтай хөгжилийг дагаад дэлхийн өнцөг булан бүрт байрлах бүх л хүчтэй том гэсэн компаниуд хятадад хүч түрэн орж ирж байна.Энэ нь бүх хятадуудад, мөн хятадад суралцах монгол оюутнуунд бидэнд ч гэсэн дэлхийтэй хөл нийлүүлэн алхах алтан боломжийг өгч байна гэсэн үг.Бид хичээж л чадвал хятадуудтай өрсөлдөн СИТИ БАНК, MICROSOFT гэх мэт том компанид орж ажиллан, хятад бүү хэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин болох боломжтой юм.Тэгвэл энэ боломжийг хэрхэн олж авах вэ ??
Боломжийг олж авах арга зам
Боломжийг олж авах олон арга зам бий.Би хамгийн чухлыг нь энд ярья
Энэ бол чаддаг нь чаддаггүйдээ туслах, чаддаг нь чаддаггүйтэйгээ өөрийн олж авсан мэдлэг туршлагаа хуваалцах юм.Энэ бол ядарсан нэгний кармаанд 21000 төгрөг хийж өгөх биш, харин кармаандаа 21000 төгрөгтэй хүнийг хэрхэн 42000 төгрөгтэй болоход нь туслах асуудал юм.
Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй улс гүрэнд амжилттай ажиллаж, од болон гялалзаж яваа олон монголчууд бий.Би тэднийг бусад монголчууддаа ч гэсэн тийм замд хүрэхэд туслаасай, блог бичээсэй, ном гаргаасай гэж боддог.Ийм сэтгэл байж гэмээнэ монголчууд тамын тогооноос бүрмөсөн гарч, нийгэм бүхлээрээ урагшилж чадна. Монголчууд бидний өрсөлдөгч бид өөрсдөө байх учиргүй.
Хятад улсад ч гэсэн мөн адил. Өнөөдөр энд олон хотын, олон сургуулын оюутны төлөөлөл цуглажээ.Би энд бусдыгаа төлөөлж чадах, чадварлаг, шилдэг оюутнууд цугласан гэж бодож байна.Та бүхний сайн мэдэж байгаачлан хятадад төөрсөн, будилсан, учраа олохоо больсон оюутнууд маш олон бий.Бид өөрсдийн олон жилийн мэдлэг туршлаган дээрээ үндэслэн хойч үеийнхээ монгол оюутнуудад амжилттай суралцах арга барил, боломжийг нээж өгөх хэрэгтэй.
Өнөөдөр хятадад жил бүр хэдэн зуугаараа монгол оюутнууд сургуулиа төгсөж эх орон уруугаа буцаж байна.Тэгтэл эдгээр төгсөөд явж байгаа оюутнууд хичнээн их баялгийг, хичнээн их мэдээллийг толгойдоо тээн буцаж байгаагаа, тэр нь үлдэж байгаа дүү нарт нь, ирээдүй хойч үеийн олон зуун монголчуудад ямар их хэрэг болох зүйл гэдгийг төсөөлдөг ч үгүй.Наад зах нь төгсөж байгаа оюутан бүр ганцхан хуудас цаасан дээр дурсамжаа бичээд үлдээдэг бол эргээд хэн нэгэнд нь ямар их хэрэг болох бол. Бодитой, шууд хэрэглэж болохуйц, үнэн зөв, үнэтэй мэдээлэл олон мянган оюутны зөв шийдвэр гаргахад нь тус болж, олон зуун хүүхдийн цаг мөнгийг хэмнэх болно.
Төгсгөл
Түүнийг бусдад түгээх нь
Бид боломж гэж юу болох, тэр нь хичнээн үнэ цэнэтэй болох, мөн тэр боломжийг хэрхэн олж авахын талаар ярилцлаа.Миний илтгэлийн хамгийн сүүлчийн хэсэг бол боломжийг олж авах арга барилыг хэрхэн бусдад түгээн дэлгэрүүлэх талаар асуудал билээ.Үүнийг ярилцахын өмнө бүгдээрээ илтгэлийнхээ хамгийн эхний хэсэг уруу эргээд очъё.Миний илтгэл Бээжин хотын төвд байрлах чамин тансаг, үнэтэй их дэлгүүрээс нэг цагийн дотор хэрхэн өөртөө хамгийн хэрэгтэй гоё сайхан барааг авч гарах вэ гэдэг асуултаар эхэлсэн.Илтгэл маань явж явж Хятад хэмээх агуу их түүх соёлтой, өвөрмөц онцлогтой, сайхан байгалтай энэ улсаас 5 жилийн дотор хэрхэн хамгийн шилдэг мэдлэг боловсрол, хэл соёлыг толгойдоо хийж эх орон уруугаа буцах вэ гэсэн асуултын хариултыг өгөх гэж оролдсон илтгэл болллоо.Бидний замыг зааж, цагыг хэмнэх ганц ширхэг цагаан цаас хичнээн чухал болохыг, дээр нь юу зурж тэмдэглэх ёстойг би ярьж дууслаа.Харин энэ цаасыг хэрхэн бүх хятад улс даяар хэрэгтэй хүнийх нь гарт хүргэх вэ гэдэг асуудлыг ярилцахаар өнөөдөр та бүхэн энд цугласан гэж би бодож байна.Тиймээс эцсийн асуудлын шийдлийг та бүхэнд үлдээе.
Монгол Улс мандан бадрах болтугай. Баярлалаа.