Tue-3-Jun-2014
"Юнител" группын Тэргүүн дэд захирал Г.Болдын ярилцлага

Өөрөөсөө бусдыг рекламдах дуртай Г.Болдын ийнхүү анхны дэлгэрэнгүй ярилцлага танд хүрч байна. 

Салбар салбарынхаа онцлог, давуу болон сул талыг мэргэжлийн нүдээр харж үнэлэлт, дүгнэлт хийх чадварлаг залуу цөөнгүй. Тэдний нэг болох Монголын бизнес, маркетингийн салбарын нэгэн тод "од"  бол яах аргагүй "Юнител" группын Тэргүүн дэд захирал Г.Болд билээ. 

АЛИВААГ ӨӨЛЖ, МУУЛЖ, МУУГ НЬ ҮЗЭЖ БАЙГАА НЭГЭН ХЭЗЭЭ Ч ЯЛАГЧ ТАЛДАА ОРЖ ЧАДДАГГҮЙ

- Яагаад энэ мэргэжлийг анх сонгох болсон бэ?
- Ажлын анхны гараа маань “Мобиком” корпораци байсан. Тухайн үед маркетингийн мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь сургуулиа төгсөх дадлагын ажлаа “Мах импекс” компанид маркетингийн төлөвлөгөө боловсруулсан юм. Үүнээс улбаатайгаар миний амьдрал маркетингтай холбогдоод үүгээрээ дагнаад явсан. 

“Мобиком” корпорацид маркетингийн мэргэжилтэн, менежер хийгээд дараа нь "Голомт" банкинд 2003 оноос ажиллаж Маркетингийн хэлтсийн захирал хийж байлаа. 

Харин 2006 онд эргээд харилцаа холбооны салбартаа ирсэн. Анх “Юнител” компани зах зээлд үйлчилгээгээ танилцуулах гэж байх тэр үед нэг баг болоод очсон. 2006 оноос хойш буюу найман жил энэ газартаа ажиллаж байна. Дунд нь Австралид хагас жилийн хугацаатай сурсан. Эргэж ирээд “Гоёо” компанид хэсэг хугацаанд Гүйцэтгэх захирал хийж байсан. Ингээд бодоход нэг компанид олон жил ажлаагүй харагддаг. Хамгийн удаан нь “Юнител” юм даа. 

- Ажиллаж байсан байгууллага бүрээсээ та юу олж авч байсан бэ?
Ажиллаж байсан газар болгоноос нэг зүйлийг би өөртөө олж нээж мэдэрсэн. Тухайлбал “Мобиком”-д ажиллаж байх хугацаандаа маркетинг гэдэг ойлголтыг өөрийн биеэр хийж хэрэгжүүлж үзэж, алдаж, онож өөрийн гэсэн ойлголтыг бий болгосон. Мөн  Монголын зах зээлийн онцлогоо мэдэрч ойлгож байлаа. Тэр үед хүмүүс маркетинг гэдэг зүйлийг тэр бүр ойлгодоггүй байсан. Маркетинг гэдгийг зөвхөн реклам, сурталчилгаа юм байна гэж ойлгодог үе байсан. 

Хоёрдугаарт, “Голомт” банкинд ажиллаж байхдаа хүнтэй харьцаж, ажиллаж сурсан юм болов уу гэж боддог. Одоогийн Гүйцэтгэх захирал хийж байгаа Г.Ганболд захирал миний шууд удирдлага байсан. Энэ хүнээс бусадтай хэрхэн харьцах харилцааны болон удирдах ухааны талаар хэрэндээ л сурч өөрийн болгож авсан. 

Дараа нь “Юнител”-д ороход юу мэдэрсэн бэ гэхээр аливаа зүйлийг анхны цэгээс нь эхлүүлэх чадвар. Энэ бол маш том сорилт байдаг. Бүх зүйлд оролцож шийдвэр гаргах, эрсдэл хүлээх, аливааг тал талаас нь харах чадвар гээд олон зүйлийг сурч авсан юм болов уу. 

Мөн “Гоёо” компанид ажиллаж байхдаа захирал хүний буюу бүх чиглэлд өөрийн оролцоог бий болгох, ирээдүйг харах, аливаа зүйлийг том зургаар харах хэрэгтэй болсон. Үүнээс гадна санхүү, хүний нөөцийн шийдвэрүүдийг оновчтой гаргах гээд олон зүйлд суралцсан.  

- Таны түүхийг харахад хүн өөртөө ханах биш, байнга өөрчлөгдөж шинэчлэгдэж байх ёстой гэдгийг ойлгож болох байх. 
- Тийм ээ. Энэ бүгдийг дүгнээд залуучуудад нэг зүйлийг хэлэх, ярих дуртай. 

"Голомт” банкинд ажиллаж байхдаа хүнтэй харьцаж, ажиллаж сурсан юм болов уу гэж боддог.

 

Та нар ажилд орно. Цалин авна. Энэ бол та бүхний өнөөдрийн хийсэн ажлыг чинь үнэлж байгаа үнэлгээ. Үүнээс гадна өөрсдийнхөө үнэ цэнийг бий болгож явах ёстой. Энэ бол цалингаас тусдаа ойлголт. Ажил дээр гараад амжилттай яваа чиний үнэ цэнэ үргэлж өсч байдаг. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй.  Бас хэн ч булааж авч чадахгүй. Тиймээс энэ үнэ цэнээ үргэлж тордож, баяжуулж, арвижуулж байх хэрэгтэй.  

Хүн өөртөө ханаж болохгүй. Үргэлж өөрийгөө шинэ зүйлд сургаж, голж чамлаж байх хэрэгтэй.Одоогийн залууст боломж 15 жилийн өмнөхтэй харьцуулвал илүү байгаа шүү дээ. Мэдээллийн хүртээмж, бусдаас суралцах боломж их. 

Мөн залуучуудад онцолж хэлдэг зүйл бол ёс зүйн асуудал. Яагаад гэхээр энэ асуудал өөрийн эрхгүй анхаарал татах зүйлийн нэг болсон байна. Бидний үед үлгэр, дууриал авдаг хүмүүс байжээ. Харин одоогийн залууст тийм хүн байхгүй байна. Үлгэр дууриал болох хүн байхгүй байгаа учраас энэ бүгдийн юу нь болох, болохгүй вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй байх шиг байна. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг. 

Интернэт орчинд үүсч байгаа сэтгэгдлүүдийг харахаар өнөөдрийн залуучуудын үзэл бодол харагддаг. Харамсалтай нь аливааг дандаа үгүйсгэдэг, буруушаадаг. Хүний тухай байсан ч гэсэн заавал муулдаг. Тэгж таашаал авдаг хандлагатай болж байна. Хамгийн аюултай нь энэ эргээд тухайн хүнд өөрт нь гэрэл гэгээтэй зүйл байхгүй болгоод байдаг. Магадгүй хэн нэг хүнийг доош нь хийгээд таашаал аваад байгаа юм шиг боловч яваандаа өөрийнх нь амьдралд ямар ч гэрэл, гэгээ байхгүй болчихдог. 

Тиймээс залуучууд маань аливааг гэрэл, гэгээтэй талаас нь хараад болгох, бүтээх сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Бүтээх хүнд арга олддог. Бүтээхгүй хүнд шалтаг олддог гэдэг дээ. 

- Шүүмжлэгчид олон болсон байх. 
Хүмүүсийг хоёр ангилж болно. Хожигсод, хожигдогсод. Би өнөөдөр энэ хоёрын аль талд байхыг хүсч байна вэ. Хүн болгон ялагч байхыг хүсдэг ч нэг мэдэхэд ялагдсан талд орсон байдаг. Ялахын төлөө байхын тулд хүсэх, тэмүүлэх ёстой, аливааг сайн талаас нь харж, болгоно, бүтээнэ гэсэн эрмэлзлэлтэй байх ёстой. Өөрийгөө хурцалж байх ёстой. Аливааг өөлж, муулж, мууг нь үзэж байгаа нэгэн хэзээ ч ялагч талдаа орж чаддаггүй. 

Нийгэм, эдийн засаг гээд олон зүйлээс хамаарч байгаа байх. Гэхдээ хувь хүн, бодгаль шинж чанараа сайн авч явах ёстой. Өөрийн бодолтой, өөрийн эрхэм зүйлтэй, өөрийн зорилготой, өөрийн аргатай төлөвших ёстой. 

Хэвлэл мэдээлэл их болсон. Тэндээс авч байгаа мэдээллээ ч ялгаж, салгаж өөрийн шүүлтүүрийг бий болгох ёстой. 

ТЭДНИЙ ЮУ ХҮСЧ БАЙГААГ БИШ ЮУ ХҮСЧ БОЛОХ ВЭ ГЭДГИЙГ НЬ МЭДРЭЭД, БИЙ БОЛГООД ХЭРЭГЛЭЭ БОЛГОЖ ЧАДАХ ЮМ БОЛ ЭНЭ ЖИНХЭНЭ МАРКЕТИНГ
12d69b_6_x678

"Юнител" группийн Тэргүүн дэд захирал Г.Болд, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

- Бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжил зах зээлд яах аргагүй эрэлттэй мэргэжил. Энэ чиглэлээр сурч, төгсч байгаа боловсон хүчин ч их. Гэхдээ шаардлагад нийцэх нь ховор байдаг бололтой
- Тийм ээ. Энэ мэргэжил мода болоод олон хүн хошуурах болсон. Уг нь энэ чинь нарийн мэдрэмж шаарддаг ажил. Сонирхолтойгийн хувьд сонирхолтой.  Гэхдээ сонирхолтой гээд л хийчихдэг ажил биш. Тодорхой ур чадварууд шаарддаг. Урлаг, уран сайхны мэдрэмжтэй, өнгө, дизайны мэдрэмж их хэрэгтэй. Дээрээс нь логик сэтгэлгээтэй байх. Аливаа зүйлийн арга ухааныг нь олоод гаргалгааг нь гаргаад явах ёстой.

Дээрээс нь олон талын мэдлэг хэрэгтэй. Хэрэглэгчээ таньж мэднэ гэдэг чинь сэтгэл зүйг нь ойлгож ухаж мэдсэн байх хэрэгтэй гэсэн үг. Мөн тодорхой хэмжээний түүх, ёс заншил, соёл урлаг, спорт гээд олон зүйлтэй хамаатдаг учраас өргөн мэдлэг хүнээс шаарддаг. Энэ бүхний дээр эмх цэгцтэй, нямбай хүн байвал бүтээмж их улам өндөр байдаг. Маркетингийн мэргэжлийг томъёолоод хэлэхээр зах зээлийг байлдан дагуулах урлаг юм. 

Маркетингийн мэргэжлийг томъёолоод хэлэхээр зах зээлийг байлдан дагуулах урлаг юм. 

 

Зах зээл гэдэг газар нутаг шиг байж байдаг зүйл. Энэ зах зээлийг юу хүсч байгааг нь хийгээд байх биш. Талх хүсч байна аа гэвэл талхыг нь үйлдвэрлээд л байх биш. Тэдний юу хүсч байгааг биш юу хүсч болох вэ гэдгийг нь мэдрээд, бий болгоод хэрэглээ болгож чадах юм бол энэ жинхэнэ маркетинг. Гэхдээ үүнийг урлагийн түвшинд хийх ёстой. Ингэж томъёолохоор маркетинг маань гэдэг маань бизнесийн гэхээсээ илүү арай өөр зүйл болж харагдаж байгаа биз.  

Гэхдээ гарын ар, өвөр тал гэдэг шиг бизнесийн нэг тал. 

- Монголчуудын маркетингийн хамгийн түгээмэл хэрэглэдэг арга юу вэ?
- Монголд өрсөлдөөн их байгаа газруудад мэдээж маркетингийн хэрэгцээ шаардлага ихээр бий болдог.  Харин тэдгээрийн арга хэрэгслийг харахаар илүүтэй үнэн дээр тоглоод байдаг.  Маркетингийн арга хэрэгсэл гэдэг чинь зөвхөн үнэ биш.  Үнээ буулгаад үнээр өрсөлдөөд явчихдаг.Үнэ гэдэг нь маркетингийн арга хэрэгслийн нэг мөн. Гэхдээ хамгийн сүүлд хэрэгжүүлдэг арга. 

Хоёр өөр дэлгүүр зэрэг нээгдлээ гэхэд үнээр өрсөлдсөөр байгаад эцсийн дүндээ хоёулаа бага ашигтай болж өөдөлдөг ч үгүй навсайсан хоёр дэлгүүр л үлдээд байна. 

Гэтэл барааны чанар, сав, баглаа боодлыг сайжруулах, урамшуулал, хөнгөлөлт юу байх вэ, ямар борлуултын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх вэ гээд олон арга хэрэгслийг хольц болгож тунг нь тааруулж хэрэглэх нь юм бол сайн. 

Жишээ нь энэ хоёр дэлгүүрийн нэг нь жаахан үнэтэй ч маш сайн үйлчилгээ үзүүлдэг байж болно. Худалдагч нь барааныхаа тухай зааж, зөвлөөд, тайлбарлаж өгдөг сайн үйлчилгээтэй байвал эцийн дүнд хэрэглэгч аль дэлгүүрийг сонгох вэ.  

- Анх энэ салбарт орж байхад маркетинг гэх үгийг ойлгох хүн ховор байсан байх. 
- Тийм ээ. Маркетинг гэх үгээ мэддэг хүн ховор байсан. Мэдэхгүй мэдэхгүйдээ компанийн захирал, удирдлагууд нь хүртэл маркетинг юу хийдэг, ийм ажилтан манайд хэрэгтэй юу, үгүй гэдэг дээр итгэлтэй бус байсан үе. Тухайн үед дөнгөж телевизийн реклам бий болж байсан. Энэ үеэс эхлээд л гудамжны реклам, fm-ийн рекламууд хүрээгээ тэлж олон суваг бий болж байсан цаг. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулвал маш өөр дүр зураг харагддаг. 

Монголын маркетингийн хөгжлийг гурван үед хувааж үзэж болно. Анхны буюу 1990-ээд оны үе, 2000 он буюу дунд үе, 2010 он буюу одоо үе гээд гурван цаг хугацааны дараалалд оруулж болно. Магадгүй 2020 он гэхээр арай өөр дүр зураг харагдах байх. 

Маркетинг гэдэг чинь хэрэглэгч дээр тулгуурлаж яваа ухаан. Тэгэхээр зах зээлийн онцлогоо дагаад л хөгжөөд байгаа гэсэн үг. 

- 1990 –ээд оны үеийн оны маркетинг гэхээр юу байх вэ?
- 1990-ээд оны үед хүмүүсийн амьжиргаа, хэрэглээ, бараа бүтээгдэхүүн ямар байсан бэ. Картын барааны үед юун маркетинг байх билээ. Дараа нь чөлөөт зах зээлийн анхы үе буюу ганзагын наймааны үед хүмүүс бараа оруулж ирээд зах дээр зардаг байсан. Захаас л бараагаа худалдаж авдаг байсан үе. Ингэж явсаар анхны дэлгүүр, брэндүүд гарч ирсэн. Монел гээд бид бүхэн бүгдээрээ мэднэ. Энэ үед хүмүүсийн шийдвэр гаргалт, сонголт хумигдмал, хязгаарлагдмал байсан. 

Үнээ буулгана гэдэг маркетингийн арга хэрэгслийн нэг мөн. Гэхдээ хамгийн сүүлд хэрэгжүүлдэг арга. 

 

Тухайн үед 1950, 1960-аад оныхон гол шийдвэр гаргадаг үе байсан. Хүмүүсийн хэрэглээ голдуу өдөр тутмын буюу оо, саван барааны худалдан авалт зонхилдог байсан. 

Үүний дараагаар анхны арилжааны телевиз, fm-үүд бий болсон. Рок, поп хөгжмийн урсгал хөгжиж эхэлсэн. 
Хүлээн авагчдын онцлог нь телевизийн хөтөлбөрийг зорьж хүлээж авдаг байсан. “Халтар царайт”, “Цагийн хүрд” гэх мэт. Ингээд бүх л нийгмийн амьдралыг тольдвол дэлгүүрийн лангуу хоосон, төвлөрөл бага байсан үе. 

- 2000 оноос юу болсон бэ?
- Би 1999 онд сургууль төгссөн. Энэ үеэс завсрын үе буюу 1960, 1970-аад оны үеийн хүмүүсийн шийдвэр гаргалт давамгайлж эхэлсэн. Наймаа хийдэг байсан хүмүүс компанитай болсон. Ганзагын наймаа явахгүй болоод компани, хоршоо болж эхэлсэн. Компани олон болж өрсөлдөөн энэ үеэс эхэлсэн. Бизнес салбарлаж, групп компаниуд бий болсон. Олон төрлийн шинэ сонголт, боломжууд бий болсон. 

Хуучин 100 төгрөгний ундаа л гэж байдаг байсан бол жүүс, “Витсамо” гээд бүтээгдэхүүн төрөлжсөн, сав, баглаа боодолд хувьсал гарсан. Худалдан авах зан төлөвт харьцуулалтууд нэмэгдсэн. Хэрэглэгчийн сигментүүд өөр өөр болж эхэлсэн. 

Хуучин бүгд л ижил хувцас өмсөөд явдаг байсан бол энэ үеэс хэрэглэгч илүү сонголттой, бие биенээсээ ялгарах эрмэлзлэлтэй болж эхэлсэн гэсэн үг.
 
Технологийн хувьд компьютер, интернэт өргөн хэрэглээ болж хүмүүс и-мэйл бичдэг болж, гар утас нийтлэг хэрэглэдэг болсон. Тэгэхээр 2000 оноос эхлээд хэрэглээний хувьд маш хурдтай задрал, тэлэлт, өөрчлөлт гарсан. 

Хүмүүсийн хоббиг хүртэл аваад харахад өмнөх болоод одоогийнхоос өөр байдаг. Сумо, хурдан морь сонирхдог, хип хоп, альтернатив хөгжмүүд хүчээ авч байсан. Кино урлаг сэргэж эхэлсэн. “Тэнгис” кино театр байгуулагдсан. Энэ бүгдийг тодорхойлж хэлвэл супермэнийн үе гэж хэлж болно. 

Үүнийгээ дагаад компаниудын маркетингийн хэрэгцээ нэмэгдсэн. Залуус энэ мэргэжлийг бас ихээр сонгох болсон. Миний мэдэхийн хоёр, гурван сургууль маркетингийн ангийг нээж байсан. Сурталчилгааны сувгуудын тухайд телевиз, fm, самбарууд байлаа. Нэг хэсэг чинь Улаанбаатар маань “Самбарбаатар” болохоо шахсан шүү дээ.

Интернэт сурталчилгаа танигдаж эхэлсэн. Хүмүүсийн амьдралыг төсөөлөхөд солонгос машин их унадаг болоод, тохиролцооны дэлгүүрүүдтэй болж, лангуу бол 1990 оны үеийг бодоход алгалсан бараатай болсон байсан. 

- Одоо үе?
- 2010 оноос эхлээд дэвшлийн үе эхэлсэн. Хүмүүс ямар болсон бэ. Цоо шинэ үе буюу 1980, 1990-ээд оны залуус хүчтэй түрж гарч ирж байна. Шийдвэр гаргалт, худалдан авалт зэрэгт. Бизнесүүд төвлөрч, төрөлжиж өөрийн онцлог ялгарлыг бий болгож чадаж байна. Талх хийлээ гэхэд зүгээр нэг талх биш нарийн технологиор төрөлжиж эхэлсэн.  Уул, уурхай, барилгын бизнес цэцэглээд энэ нь эдийн засагт хүчтэй нөлөөлөл үзүүлсэн.

Бүтээгдэхүүний онцлог гэхэд дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ олширч эхэлсэн. 

Үнэтэй брэндүүд бий болсон. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр хэрэглэгчийн олон төрлийн сигмэнтийг илэрхийлж байгаа гэсэн үг. Хүмүүс онцгой, давтагдашгүй шинж чанарыг эрхэмлэдэг болсон.  Бодит хэрэгцээ, мэдээллийг харьцуулдаг болсон. Мэдээллийг ашиглан шийдвэр гаргадаг болсон. Орлогоос хамаарсан ялгаатай сигментүүд бий болж илүү брэндийг шүтэх болсон. 

“Nike” –ийн пүүз өмссөн бол “Nike”-ийн л цамц өмсөнө. “Macbook” хэрэглэж байгаа бол “iPhone” л барина гэх мэтчилэн брэндийг илүү шүтдэг болсон. Энэ бол муу зүйл биш. Ерөөсөө л хүмүүсийн хэрэглээний онцлог, хандлага ийм болж байна. 

Өмнө нь бид ихэвчлэн ам дамжсан яриагаар шийдвэр гаргадаг байсан бол өнөөдөр бодитой мэдээлэлд үндэслэдэг болсон. 

Энэ бүгдийг 80, 90-ээд онынхон өөрчилж байна гэсэн үг. 

 

Сонирхол, хоббины тухайд Солонгосын соёлын довтолгоо их болсон. Урлаг, спорт нь гэхэд маш олон төрлөөр салбарлаж байна. Хүн болгон давташгүй байх гэдэг хандлага их болсон. Спорт гэхэд өмнө нь бид бөх, сүмо төдий байсан бол одоо тэмээн поло, модон бөмбөг гээд олон шинэ төрөл, ялгарлыг бий болгоод байна. Энэ бүгдийг 80, 90-ээд онынхон өөрчилж байна гэсэн үг

Мөн үндэсний үзэл эргэж сэргэж эхэлсэн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэх мэт.
 
Бас цоо шинэ давалгаа бол онлайн бизнесүүдийн эхлэл тавигдаж байна. Онлайн тоглоом, контентууд бий болж эхэлсэн. Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд трансформсын үе гэж хэлээд байгаа юм. 

Мэдээллийн сувгийн хувьд интернэт түүний дотор олон нийтийн сүлжээ маш хүчтэй болж эхэлж байна. 80, 90-ээд оныхон зурагт үзэхээ больчихсон. Мэдээллийг хаанаас олж авч байна вэ. Фэйсбүүк, твиттер. Түүндээ дүгнэлт хийгээд явж байна. Харамсалтай нь энэ их мэдээллийн урсгал дунд аливааг ялгаж салгах ухаан л сайн төлөвшөөгүй байх шиг. Ямартай ч бид харагдах талдаа их өөр болчихсон байна

- Үүнийг юу ийм болгоод байна вэ?
- Нэг хөдөлгөгч хүч байна. Тэр нь ерөөсөө өрсөлдөөн. Өрсөлдөөнийг хэрхэн даван гарч байгаа тэр арга ухаан л байгаа юм. 

"ХУДЛАА РЕКЛАМДАХ" ГЭДЭГ БАРАГ ХОРШОО ҮГ ШИГ БОЛЧИХСОН БАЙНА
0627cc_1_x320
"Юнител" группийн Тэргүүн дэд захирал Г.Болд, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

- Монголд таны хийгээгүй гэхдээ таныг хамгийн их алмайруулж байсан маркетинг юу байсан бэ?
- Алмайрна гэхээсээ илүү мэргэжлийн талаасаа үнэлэлт хийхийг боддог. Маркетингийн хүмүүс чинь реклам үздэг хоббитой болчихдог. Хүмүүс кино үзэж байхдаа реклам гарахаар сувгаа сольдог бол бид нар эсрэгээрээ. Сувгаа солихдоо реклам түүж үздэг. Алмайруулна гэхээсээ илүү сонирхолтой байдлаар шийдэж байсан реклам бол “Кока кола”-гийн “150” гээд реклам тухайн цаг үедээ хүмүүсийн анхаарлыг татсан уу, татсан. Мэдээллээ өгсөн үү, өгсөн. Борлуулалтыг дэмжсэн үү, дэмжсэн. Яалт ч үгүй зорилгодоо хүрч чадсан кампанит ажил болж чадсан.

Гайхахаасаа илүү зорилгодоо хүрч чадсан маркетинг болж чадсан гэж боддог. “150” гэхээр энэ бол бүх хүний хэрэглээ юм байна гэдгийг ойлгуулсан. Гэхдээ анх “150” гээд рекламдаад эхэлсэн нь зах зээлийн хүлээлтийг үүсгэж оньсого байж чадсан. Оньсогоо тайлахаар хүмүүсийн яриа болж чадсан. Монголд кола орж ирж байгаа юм байна гэсэн. Тухайн үед олон үйлчилгээний газрын меню дээр колаг “MCS 150” гэж бичсэнийг харж байсан. Энэ реклам тэгэхээр хүмүүст тэгж хоногшиж чадсан байна гэсэн үг. 

- Яг таны өөрийн хийсэн хамгийн сэтгэл хангалуун байдаг кампанит ажил юу байдаг вэ?
- Хийсэн бүх л ажилдаа би сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэхээр аливаа зүйлийг хийх бүртээ бид маш их цаг зав, сэтгэл зүрхээ зориулдаг.

Хамгийн дурсамжтай ажил гэхээр “Юнител” компани анх байгуулагдаж байх үеийн хөтөлбөр байдаг. Хүмүүст гуравдагч оператор гэдгийг яаж ойлгуулж, хүргэж, таниулах вэ гэдэг дээр бид илүү ажилласан. Энэ ажлууд маань амжилттай байсан учраас хүмүүсийн оочер, дарааллыг үүсгэж байсан байх. Хэрэглэгчид шинэ дугаар авахыг үнэхээр хүсч, хонож оочерлон байж авч байсан. Ийм том хэмжээний оочер үүсгэх ажлыг “Юнител” компани байгуулагдсанаас хойш гурван удаа хийсэн.Эхнийх нь нээлтийн үеэр, хоёр дахь нь дугаарын үнийг 15-аас таван мянган төгрөг буулгаж байсан. Гуравт нь, гар утсыг нь үйлчилгээтэй нь дагалдуулж өгдөг соёлыг санал болгоход бас оочер үүсч байсан. Гэхдээ оочерлуулсан гэхээсээ илүү хүмүүст тэр хэмжээний хүлээлт бий болгож чадсан нь бидний зорилго байсан. Монголын зарим маркетингийн сурах бичгүүдэд манай энэ жишээнүүд орсон байдаг юм билээ. 

- Одоо ч маркетинг хэрэггүй гэж боддог хүмүүс байх юм.
Маркетингийн зардал гэдэг бол цацахын хэрээр орж ирдэг мөнгө гэдгийг бид ойлгох хэрэгтэй.Сурталчилгааг хийхийн хэрээр орлого орж ирж байдаг. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн борлуулдаг компаниуд буюу оо, саван, угаалгын нунтаг зардаг газрууд байнга сурталчилгаа хийдэг. Яагаад гэвэл энэ бол өдөр тутмын хэрэглээ. Зарим хүн гайхдаг. Шүдний оог байнга рекламдаад байх хэрэг байдаг юм уу гэж. 

Үүнд бодит жишээ бий. Нэгэн компанийн захирал бодож байгаад маркетингийн зардлаа хэмнээд үзсэн.Манай шүдний оог хүн болгон мэдэж байгаа гэж үзээд сурталчилгаагаа зогсоосон. Тэгсэнборлуулалт эрс буураад эхэлсэн. Яасан гэхээр бүтээгдэхүүн өөрөө байнга хүний нүдэнд үзэгдэж, харагдаж байж байршдаг. Ингэж оюун санаанд байршина гэдэг чинь шийдвэр гаргалтанд нөлөөлнө гэсэн үг. Хэрвээ би реклам явуулахаа болингуут миний өрсөлдөгч тухайн орон зайнд тоглолт хийгээд л байна гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчийн оюун санаанд байршсан бүтээгдэхүүн маань өөрийн мэдэлгүй байхгүй болж эхэлдэг. Тэр суларч байгаа орон зайнд нь өрсөлдөгч тоглолтоо хийх боломжтой гэсэн үг. 

Хэрэглэгчийн худалдан авалт хийх шийдвэрийн 80 хувь нь далд ухамсар дээр хийгддэг. Үлдсэн 20 хувь нь санаатай буюу ухамсарт шийдвэр гаргалт байдаг. Тэгэхээр хэрэглэгчийнхээ гүнд нь орж мэдрэх ёстой. 

- Хоногшуулалт гэдэг л хамгийн чухал. Тийм үү?
-Үсний шампунь дээр л жишээ авъя. Би худалдан авалт хийхдээ энийг авах уу, тэрийг авах уу гээд уншаад, судлаад байдаггүй. Ингэж судладаг нь ховор. Ургамлын тос гэхэд хүн худалдан авалт болгондоо боддоггүй. Ихэвчлэн хэрэглэж заншсан зүйлээ сонгодог. Яагаад гэхээр энэ бол далд ухамсарт шийдвэр. Үүнийг нь өөрчлөхийн тулд өөр нэг хөшүүрэг байх хэрэгтэй. Амтлуулах, бэлэглэх, урамшуулах гэх мэт. 

- Реклам, сурталчилгаа хэрэгтэй нь хэрэгтэй. Харин манайд сурталчилгаа нь бүтээгдэхүүнээсээ хэтийдсэн чанаргүй бараа их болчихсон санагддаг. 
- Энэ чинь нөгөө ёс зүйн асуудал. Худлаа рекламдаад л, худлаа рекламдах гэдэг үг чинь бараг хоршоо үг шиг болчихоод байна. Үнэнгээсээ, сайхан рекламдлаа гэдэг бол их ховор. Яагаад гэвэл хүмүүс бүтээгдэхүүнээ илүү болгож хэлдэг болчихсон. 

Хамгийн зөв зүйл юу вэ гэхээр цаас нь ч гоё, доторх нь гоё байх ёстой.

 

Брэнд гэдэг бол нэг чихэр. Реклам гэдэг нь энэ чихрийн цаас нь. Энэ цаасан доторх нь харагдаж байгаа шигээ бас л гоё байх ёстой. Гэтэл нэг их гоё цаастай чихрийг задлаад идэхээр онцгүй амттай байдаг. Харин зарим чихэр их гоё мөртлөө харахад царай муутай байх. Хамгийн зөв зүйл юу вэ гэхээр цаас нь ч гоё, доторх нь гоё байх ёстой. 

Манайд харамсалтай нь ихэнх нь жаахан тааруухан чихрийг гоё цаасаар гялаалгаад байдаг. Үүн дээр маркетинг хийж байгаа хүмүүс бодох хэрэгтэй.  Бидний бүтээгдэхүүний онцлог нь юу юм бэ гэдгээ л харуулах хэрэгтэй. Бие биенийхээ хийсэн зүйлийг дурайгаад хийгээд байх биш шал өөр, өөрийн онцлогийг бий болгож чадах юм бол энэ жинхэнэ маркетинг. Маркетингээр хэлбэл ялгарал гэдэг.  

- Ялгаралыг бий болгож чадахгүй байна гэдэг өөрсдийн толгойг л ажиллуулах дургүй хүмүүс байдаг байх.
Маркетингийн хүмүүсээс үргэлж нэг асуултыг асууж байх хэрэгтэй. Яагаад хэрэглэгч танай бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой вэ. Яагаад. Яагаад гэвэл манайх бусдаас чанартай, бусдаас хямд, илүү сонголттой, илүү сайн үйлчилгээтэй учраас сонгох ёстой гэсэн хариулттай байх ёстой. Ингээд хариул гэхээр хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр гээд байдаг. Хэрвээ хамгийн хямд үнээр авч байгаа бол хамгийн чанар муутай л гэсэн үг. Чанартай гэдэг чинь тэр дотор олон зүйлийг нэмсэн байдаг учраас энэ бол үнэтэй л байх ёстой. Чанарыг хямд үнэээр гэдэг чинь гуйвуулсан реклам гэсэн үг. Тэгж өгч болно. Гэхдээ урамшуулал байдлаар шийдэх боломж бий.  Эргээд энэ компанийг сонгох болсон шалтгаан нь хямд үнэ юм уу, чанар юм уу гэдэг асуулт гарч ирнэ.

Энэ мэтчилэн манай маркетерүүд юмыг дэгсдүүлж, гуйвуулж хүмүүст хүргээд байгаа нь хэрэглэгчийн итгэлээ үгүй хийгээд байна гэсэн үг. 

- Бид брэнд гэж их ярих дуртай болсон. Брэнд гэж таныхаар юу вэ?
- Бүтээгдэхүүн яагаад брэнд болдог юм бэ. Сайн реклам хийсэндээ юу. Үгүй. Тэд хүмүүсийн итгэлийг олж авсан. “Hugo Boss” гэхэд юу төсөөлөгддөг вэ. Цэмцгэр, цаанаа нүнжигтэй эрэгтэй хүний костюм. Ийм итгэлийг тэр брэнд бий болгочихсон. “Кока кола” гэхээр юу бодогддог вэ. Улаан хүрэн өнгө, писс гэсэн чимээ. Амны цангаа тайлах “Кока кола” гэхэд л хүмүүс шүлсээ залгидаг. Энэ нь хүний тархинд ингэж байршсан. Хэрвээ кола хэрэглэгчээ хуурдаг, рекламаа гуйвуулдаг байсан бол өдий зэрэгт хүрэх үү. Кола уувал диваанжинд очно гэвэл ямар сонсогдож байна. Тийм биш ээ. Тэгэхээр өөрийнхөө бүтээгдэхүүнийг яаж зөв кодолж чадаж байна гэдэг ийм чухал. 

Бүтээгдэхүүн яагаад брэнд болдог юм бэ. Сайн реклам хийсэндээ юу. Үгүй. Тэд хүмүүсийн итгэлийг олж авсан байдаг.

 

Дотоодын брэндүүдээсээ ч ярьж болж байна. “Сүү” гээд л брэнд байж байна. Олон жилийн туршлага бодогддог. Ардчилсан нам гэхэд юу бодогдох вэ Н.Алтанхуягийн хоёр гарын хуруунуудаа арзайлгасан зураг эсвэл хоорондоо таарамжгүй байгаа дүрс харагдаад байх жишээтэй. 

iKon.mn рүү гэхэд хүмүүс яагаад орох ёстой вэ. Зөндөө олон мэдээллийн сайт байна. Хариулт ямар байх ёстой вэ. Би хувьдаа нэгдүгээрт, хамгийн ойлгомжтой, маш шуурхай, цэгцтэй байдлаар мэдээллийг өгдөг. Эсвэл мэдээллийг анализ хийж өгдөг. Энэ бол iKon.mn рүү орох шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр News.mn сайт руу би яагаад орох ёстой вэ. Байнга мэдээ нь шинэчлэгдэж байдаг учраас. Тэгэхээр ийм л өөрсдийнхөө онцлог, давуу талыг олж, бусдад тэрийгээ байршуулж чадах юм бол энэ сайн маркетинг. 

- Манай аль ч салбарт мэргэжлийн шүүмж их хэрэгтэй байна. Ном, кино, жүжиг гээд. Энэ бүгд дээр амттай шүүмж байдаггүй. Маркетинг дээр ч бас. “Юнител”, “Мобиком” гоё кампанит ажил хийхээр хүмүүс таны хэлснээр далд ухамсараараа хүлээгээд авчихдаг. Харин түүнд алдсан, оносон зүйлийг нь бодитоор хэлээд өгөх шүүмж их хэрэгтэй байна. 
- Яг үнэн. Өмнөх үед байсан. Одоо хүлээн зөвшөөрөгдсөн тийм шүүмжлэгч бас алга. 

- Манайхан бие биенээ магтахаас их эмээдэг юм шиг.
- Тийм ээ. Бид магтаалдаа их харам. Хүмүүс бие биерүүгээ инээхээ ч больж байна. Уг нь энэ бүх зүйлийг гаргаж байвал эргээд тэр хүнд хариу нь ирж байдаг. Манайхан аливааг муулж түүнээсээ кайф авдаг. Үүнийг өөрчлөх хүмүүс уг нь залуучууд. Тийм учраас би залуустай их уулздаг. Тэднийг өөр өнцгөөс хардаг байгаасай гэж хүсээд цаг зав гаргаад уулзаад байдаг нь энэ. Нэг ч гэсэн залуу юмыг хараад магтаад, гоё болсон байна ш дээ гээд хэлчихдэг болох хэрэгтэй. 

Бид нар “Үргээлэг” киног продюсер хийсэн. Нийтлэг хүмүүс их эерэг байгаа. Гэхдээ нөгөө нөхдүүд бас байна. Шүүмжлэл байх ёстой. Зөв.  Би амжилтандаа эрдээд сохор болж байна. Түүнийг маань хэрэглэгч, хүмүүс шүүмжээрээ хэлдэг. Тиймээс би шүүмжлэлийг нэг бүрчлэн уншдаг, сонсдог. Гэхдээ авах, гээхийн ухаанаар ханддаг.

Эм гашуун. Хүн эм биш чихэр идэх сонирхолтой. Гэхдээ чихэр их идвэл бас өвчин тусдаг.

 

Мэргэжлийн шүүмжийн тухайнд тухайн хүн нь эксперт байх ёстой. Энэ хүн үг хэлэхэд бусад нь хүлээн зөвшөөрдөг байх. Маркетингийн шүүмж бичдэг залуус байдаг л даа. Сайн, муу хоёр талтай. Залуу хүмүүс хийгээд, хэлэх нь зөв. 

Гэхдээ шантаажийн шинж чанартай болчихсон хүмүүс ч бас байна. Муулаад, муулууд л мөнгө нэхдэг. Ийм шүүмж байснаас нь байгаагүй нь дээр. Энэ бол шантааж. Жинхэнэ шүүмжлэгч хэн бэ гэвэл зөв аргаар хүнд хэрэгтэй зүйлийг нь хэлээд эргээд түүнийг нь хүлээж аваад болохгүй байгаа зүйлээ засан, сайжруулж байвал энэ үнэ цэнэтэй шүүмж. Эм шиг. Эм гашуун. Хүн эм биш чихэр идэх сонирхолтой. Гэхдээ чихэр их идвэл бас өвчин тусдаг. Эм тааруулж уувал өвчнөө анагаадаг. Тэгэхээр шүүмж гэдэг зүйл бид нарт уг нь эм шиг хэрэгтэй. Бид нарт өнөөдөр эм байхгүй байна. Байгаа нь эм нь хор болоод байдаг. 

БИД ӨӨРСДИЙН ДОТООД МӨН ЧАНАРАА ОЙЛГОЧИХООД ҮҮНЭЭСЭЭ УРГУУЛААД АЛИВААГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
1af487_2_x678
"Юнител" группийн Тэргүүн дэд захирал Г.Болд, iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяагийн хамт,

- Өнгөрсөн жил Эдийн засгийн форум дээр Монгол брэндийг гаргаж ирэх эрэлд гарсан. Таныхаар Монгол брэнд юу байх ёстой вэ. Өөр шиг чинь маркетеруудын санал тэнд орсон уу?
- Үгүй байх аа. Ярилцлагын өмнө хэлж байсан. Би асуудлыг тодорхой хүрээнд шийдээд л явдаг хүн.Цээжээ дэлдээд “би, би” гээд явах сонирхол байдаггүй. 

- Монгол брэнд гэж юу вэ?
- “Үргээлэг” гээд киног үзвэл Монгол брэнд үнэртэнэ. Дэлхийн улс орнууд бүгд л өөр өөрийн гэсэн онцлог, давуу талыг гаргаж ирдэг. “Гоёо”-д ажилладаг байхдаа ч энэ талаар боддог байлаа. Монголын ноолуурыг дэлхийн брэнд болгох тухай ярьдаг байсан. Энэ бол манай яах аргагүй нэг брэндийн нэг мөн үү гэвэл, мөн. 

Гэхдээ гадныхан Монгол гэхээр юу төсөөлөгддөг вэ. Эзгүй хээр тал, морь унасан хөдөөний залуу, малчин бүсгүй, шалдан гүйж байгаа хүүхэд гэдэг ч юм уу. Ийм байдлаар л төсөөлдөг. Би хувьдаа аливаа зүйлийн эсвэл хүний дотоод мөн чанарыг нь шүтдэг. Гадны хүмүүс гэхэд дотоод мөн чанар нь хоосон санагддаг. Хиймэл, хэлбэр төдий. Харин Монгол хүмүүс хэчнээн гаднаа бүдүүлэг ч гэсэн дотоод мөн чанар нь гайхамшигтай хүмүүс. Бусдын төлөө гэсэн. Энэ зан чанар нь гадна талын тэр байгаа байдалдаа дарагдчихаад байдаг болохоос биш энэ дотор хүнийг нь дуудаад, гаргаад, сэрээгээд ирвэл  маш гоё зүйл болно. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, зочломтгой, сайхан сэтгэл, эцэг, эх, үр, хүүхдээ гэсэн хүмүүс. Гадныханд ийм зан байхгүй. 

“Үргээлэг” киноны зорилго нь ч бас Монгол хүний дотор мөн чанарыг сэрээе гэсэн санаа. 

Өнөөдөр амьдрал хэцүү байна, улстөр, эдийн засаг муу байж болно. Бид дотоод мөн чанараа л гээж болохгүй. Ялангуяа залуучууд. Эх оронч гээд л цээжээ дэлдээд байх биш. Гараад хогоо ил хаячихдаггүй, байгаль, эх дэлхийгээ хайрладаг, өмнөх ажлаа сайн хийгээд байвал л энэ эх орондоо оруулж байгаа хувь нэмэр. Өмнөд Солонгосын юу нь брэнд вэ. Өөрсдөө үүнийгээ тодорхойлж гаргаж ирсэн. Үсрэнгүй хөгжил гэж. Тэгэхээр Солонгос гэхээр үнэхээр үсрэнгүй хөгжил нүдэнд харагддаг байх жишээтэй. Япон гэхээр ажилч, хичээнгүй, аливаад нягт нямбай ханддаг зан чанар буудаг. ТэгвэлМонгол хүн ямар вэ. Ажилсаг, хөдөлмөрч, нягт нямбай юу. Биш ээ, тэр чинь өөр брэнд. Тэгэхээр бид өөрсдийн дотоод мөн чанараа ойлгочихоод үүнээсээ ургуулаад юмаа хийх хэрэгтэй. 

- Бүтээгдэхүүний хувьд бидэнд ямар онцлог байгаа вэ?
- Юу ч байж болно. Бид органик бүтээгдэхүүн гаргаж болно. Дэлхий дээр юу хамгийн үнэтэй байна вэ гэхээр органик бүтээгдэхүүн. Ихэнх зүйл нь хуурамч болчихсон. Монгол ноос, ноолуур гэхэд энэ их салхитай, хүйтэнд зохицож байна гэдэг чинь хамгийн сайн ноос, ноолуур байна гэсэн үг. Бидний бүтээгдэхүүн бидний дотоод мөн чанарыг харуулаад байгаа юм. Оригинал Монгол хүн буюу бидний бий болгож байгаа зүйлүүд маань дагаад оригинал болох ёстой. Бид бусад шиг зүгээр ундаа хийгээд дэлхийгээс ялгарч чадахгүй. Гэтэл бидэнд чацаргана гэж зүйл байна. Энэ оригинал бүтээгдэхүүн. Оригинал гэдэг чинь яг байгаагаараа буюу мөн чанараараа оршиж буй зүйлийг хэлнэ. Мах, сүү гээд.Монгол хүний дотор ч бас энэ мөн чанар оршсоор байгаа. Үүнийг л гаргаж тавих юм бол энэ өрөө Монгол брэнд.

- Та твиттер хэрэглэдэг үү?
- Твиттер уншина аа. 
www.blogmn.net="" images="" smiles="" alt="Cool" border="0">
- Өөрийнхөө нэрээр жиргэдэг үү?
- Үгүй. 

- Яагаад?
Олон нийтийн сүлжээг би талархан хүлээн авагч. Гэхдээ улаан фэн нь биш. 

Энэ хар бараан мэдээлэл нь үнэрээр бол өмхийгөөр утаж байгаатай адил.

 

Энэ олон нийтийн сүлжээг бид яаж харахаасаа л шалтгаална. Зөв, буруу гэх нь утгагүй. Харин тухайн хүн яаж зөв хэрэглэж ашиг тусыг гаргаж байгаагаас л хамаарна. 

- Өөртөө хэрэгтэй мэдээллээ л авчихдаг. Харин түүнд оролцох хэрэггүй гэсэн үг үү?
- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дандаа хар бараан мэдээллээр дүүрч байна. Энэ сөрөг мэдээллээс мэдлэг болгох зүйл нь ховор. Энэ хар бараан мэдээлэл нь үнэрээр бол өмхий үнэрээр утаж байгаатай адил байна. Хүний бодол, тархийг тийм үнэрээр байнга утаад байхаар ямар сайн байх вэ. Энэ нь эргээд олон нийтийн сүлжээнд харагддаг. 

Бидний мэдээлэл авах боломж, техник технолого хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Гэтэл үүнийгээ дагууд хүний мөн чанар, ёс зүй, боловсрол, мэдлэг энэ хурдыг дагаж өсч, хөгжиж чадаж байгаа билүү. Магадгүй ухарч, буцаад байгаа юм биш биз гэж бодогдох үе цөөнгүй. Энэ хөгжил, хүний чанар хоёрын зөрүү ихсэх хэрээр сөрөг үр дагавар их гарах болно. 

ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРТ Л ЯРИХАД НЭГ ОПЕРАТОРТАЙ БАЙХ, ХОЁР, ГУРАВ, ДӨРВӨН ОПЕРАТОР ӨРСӨЛДӨХӨД ХЭРЭГЛЭГЧ ЭНЭ БҮГДЭЭС ЮУ ХОЖИВ ГЭДЭГ НЬ ЧУХАЛ
335b4d_4_x320
"Юнител" группийн Тэргүүн дэд захирал Г.Болд, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

- Танай гол өрсөлдөгчийг "Мобиком" гэж хэлж болох уу?
- Сонгодог ойлголтоор нэг салбарт, ижил үйл ажиллагаа явуулдаг компани буюу бусад оператор компанийг нэрлэж өрсөлдөгч гэж нэрлэж болно. 
Гэхдээ хуулийн хүрээнд ярихад, өрсөлдөгчийнхөө нэрийг шууд заах, адилтган харьцуулах нь хориотой. 

Өрсөлдөгч гэдэг ойлголт өөрөө их чухал. Хэрвээ хүн ганцаараа гүйсэн бол зөвхөн цаг хугацаатай л уралдана. Харин хоёр хүн хоорондоо уралдана гэдэг нь тухайн хүнээс илүү сорилт хүлээж байдаг. Цаг хугацаанаас гадна өөр хэн нэгэнтэй өрсөлдөж байвал гарах үр дүн нь ч илүү их байдаг. Монополь байдаг компаниудыг харахад өрсөлдөөн байхгүй байхад үйл ажиллагаа нь хумигдмал, хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээ нь тийм сайн биш байдаг. Харин өрсөлдөөн гарч ирснээр тухайн салбар маань эрүүлжих, хурдтай өөрчлөгдөх боломжийг бий болгодог. Үүрэн холбооны салбарт л ярихад нэг оператортай байх, хоёр, гурав, дөрвөн оператор өрсөлдөхөд хэрэглэгч энэ бүгдээс юу хожив гэдэг нь чухал. Аль ч оператор компани гарч ирэхэд хэрэглэгчийн тоо буураагүй. Харин хэрэглэгч өсөн нэмэгдэж байдаг онцлогтой салбар. 

- Ажилтан өрсөлдөгч компанидаа орж ажиллана гэдгийг та юу гэж боддог вэ? 
- Тухайн хүн ямар нөхцөл байдалд шийдвэр гаргасан бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Манайхан хэтэрхий туйлшрамтгай. Шийдвэрийг тухайн хүний өмнөөс бодож, дүгнэх юм бол асуудлыг ойлгох байх. 

Бид аливаад заавал дайсан, манай тал байдаг гэж харах гээд хэрэггүй. Болж өгвөл аливаа асуудалд хандахдаа тэр хүний өмнөөс, тэр хүний оронд байсан бол гэдэг талаас нь харах юм бол илүү бодитой дүгнэлт гарна. 

Тухайн хүн хуучин ажлаасаа гараад өөртөө бий болсон мэдлэг, туршлага, чадвар гээд тэр хүнээс салгах боломжгүй зүйлийг өөртөө наагаад толгой дотор байгаа туршлагаараа дахиад шинэ зүйлийг хийгээд явж байна гэдэг буруу биш. Харин хуучин газрынхаа нууцыг задруулаад, эвгүй байдалд оруулаад  явбал энэ байж болохгүй асуудал. 

Бид бохир зүйл хийгээд эхэлвэл өөрөө өөрсдийгөө хүндэтгэхээ болино.

 

Миний хувьд “Мобиком”-д ажиллаж байсан. Түүний дараагаар “Голомт” банкинд  гурван жил ажилласан. Тэгээд “Юнител”-д ажилласан. Бид нар өнөөдөр чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа. Хэн хаана ажиллах бүх эрх хуулиар олгогдсон. 

- Та  маркетингдаа сөрөг мэдээлэл хийх аргыг хэрэглэж байсан уу?
- Би бизнесийн салбарт ажиллаад 15, 16 жил болох хугацаанд ямар ч тийм хар, сөрөг мэдээлэл цацах явуулгыг хэзээд эсэргүүцэж ирсэн. Үргэлж үүний эсрэг байр суурь дээр байдаг. Хүний сул тал дээр тоглож, буруутгана гэдэг бизнес ч гэхгүй хувь хүн талаасаа муухай зан. Явуургүй, богино хугацааны арга. Хүмүүсдээ ч гэсэн бид энэ аргыг хэрэглэхгүй байх хатуу шаардлагыг тавьдаг.
 
Бид бохир зүйл хийгээд эхэлвэл өөрөө өөрсдийгөө хүндэтгэхээ болино. Өөрөө өөрсдөдөө итгэх итгэлээ алдана. Бид үүнээс илүү зүйл хийж чадахгүй юм гэж үү гэдэг асуулт гарч ирнэ.  Магадгүй хүмүүс харддаг. Өрсөлдөгчийн талаар сөрөг мэдээлэл гарахаар биднийг гэж харддаг байх. 

Сонгуулийн нэг ийм сурталчилгааны арга байдаг гэж дуулж байсан. Сонгуулийн суртачилгааны хуудсаа өөрөө урчихаад миний өрсөлдөгч л ингээд урчихлаа гэсэн арга байдаг юм билээ. Хүмүүсд өрөвдүүлэх тактик. Энэ мэт бохир аргууд байдгийг мэддэг. Тиймээс энэ яваад байгаа сөрөг мэдээллүүд цаанаа ямар зорилго агуулж байгаа, хэн хаанаас энийг тавьсан бэ гэдэг нь хараад л бараг ойлгомжтой байдаг.

- Та технологийн хэр хоббитон бэ?
- Хүн аль ч салбарт ажиллаж байсан олон нийтийн хандлага аль зүгт байгаа вэ гэдгийг мэдэрч байх хэрэгтэй. Би техник, технологийн компанид ажилладаг гээд технологийн нарийн зүйлийг мэдрээд, судлаад олноос тасраад явчих нь онц биш. Нэг талаас ийм байснаараа манлайлагч болоод явчих юм шиг боловч нөгөө талаасаа олон нийтийн санаа бодол, байр суурийг мэдрэх чадвараа алддаг.Асуудалд цөөнхий байр суурьнаас ханддаг болчихно гэсэн үг. Тэгэхээр нийгэмд олон төрлийн “малгай” өмссөн хүмүүс байгаа. Хүүхэд, хөгшид, баян, ядуу гээд. Би энэ төлөөллөөс хэнийнх нь ч “малгай”-г өмсөж үзээд мэдэрч чадах хэмжээний л байхыг хүсдэг.  Тэгэхээр би техникийн тийм онцгой фанат биш. Мэдээж хоцрохгүйг хичээдэг. 

ХЯМРАЛ ГЭДЭГ ҮГИЙГ ХАНЗААР БИЧИХЭД БОЛОМЖ ГЭСЭН УТГА ДАВХАР ИЛЭРХИЙЛДЭГ
d0423e_5_x678
"Юнител" группийн Тэргүүн дэд захирал Г.Болд, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

- Эдийн засаг хямарч байгаа гэдэг нь тодорхой болсон. Эрх баригчид хүлээн зөвшөөрсөн. Энэ хямрал танай компани дээр мэдрэгдэж байна уу?
- Хүн асуудлыг яаж харна яг тэр байгаагаараа л харагдана. Би одоо болж байгаа зүйлийг хямрал гэж хармаагүй байна. 

Залуу хүн аливааг болохгүй, бүтэхгүй гэдэг нүдээр л харвал болохгүй, бүтэхгүй зүйлийг л амьдрал чамд санал болгоно. Хэрвээ өөдрөг сайхан бодлоор тэмүүлж чадвал тэр бүгдийг нь өгнө. 

Бизнес, эдийн засгийн нөхцөл байдлын тухайд өмнө нь ярьж байсан шиг өсч, уруудаж байдагтай л адил. Өвөл, зун ээлжилдэг шиг хямрал, өсөлт хоёр ээлжилж байдаг.  

Магадгүй бид хямралыг боломж гэж харах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт өвөл дуусаад зун ирдэгтэй адил хямралыг даван туулах арга замаа зөв тодорхойлвол бид бид үүнийг боломж болгож болно.
 
Хямрал гэдэг үгийг ханзаар бичихэд боломж гэдэг үгээр уншигддаг гэсэн. Энэ ханз хямрал, боломж гэдэг хоёр утгыг илэрхийлж байна. Хямрал бизнесүүдийг сорьж байна. Энэ сорилтыг давж гарч чадвал дараагийн шатанд гарах боломжтой болно гэсэн үг. 

Хямрал гээд бид өөрсдөө өөрсдийгөө хямраагаад байна. Би хямраад байна, хямрах гээд байна, яг хэзээ хямрах байна гээд хүлээгээд л байдаг. Манай компанийн тухайд өдөр тутмын хэрэглээ буюу талх шиг болчихон ийм бүтээгдэхүүний хэрэглээнд нэг их өөрчлөлт ордоггүй. 

Хямрал боллоо гэсэн мөртлөө талхны борлуулалт өсөөд байна гэнэ. Яагаад гэхээр өмнө нь энгийн талх идэж байгаад амьдрал сайжраад арай өөр талх, боов хэрэглэдэг болсон хүмүүс хямраад эхэлсэн чинь буцаад энгийн талхаа авдаг болоод энгийн талх үйлдвэрлэгчдийн борлуулалт нэмэгдэж, илүү боломж гарч ирж байна гэсэн үг. 
www.blogmn.net="" images="" smiles="" alt="Cool" border="0">
- Таны дараагийн карьер төлөвлөлт юу байх вэ?
- Би өмнө нь хэлж байсан. Тухайн хүн хаана ч ажиллаж байсан өөрийнхөө үнэ цэнийг нэмж байх ёстой гэж. Энэ нь эргээд миний ажиллаж байгаа газар намайг ажилласанаараа давуу тал бий болж байх ёстой. Тухайн компанидаа гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл харилцан ашигтай хамтын ажиллагаа байх ёстой. Миний бодлоор “Юнител” групп өсөлтийн үе шатандаа явж байна. Энэ компанийн өсөлтийн үеийг удаан авч явж, өндөр өсөлт үзүүлээд тогтворжилтын үед очих хүртэл өөрийгөө энд ажиллана гэж харж байгаа. Би албан тушаалаас кайф авдаг хүн биш. Харин хийсэн ажлынхаа үр дүнгээс таашаал авдаг учраас албан тушаал, мөнгөний хойноос хөөцөлддөггүй. 

Контентийн шинэ эрин үе эхэлж байна.

 

- Гэр бүлээ танилцуулахгүй юу?
- Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл маань миний гэр бүл. Миний эхнэр, гурван хүү маань амьдралын минь хамгийн чухал зүйл. Амьдралын утга учир болсон байдаг учраас их эрхэм нандин. 

- Танай групп одоо хэдэн ажилтантай билээ?
- Одоо 1000 орчим хүн албан ёсоор ажиллаж, амьдрал хувь заяагаа холбосон байна. Манай компанийн дундаж нас 27, 28. 

- Оператор компаниудын цаашдын гол ялгарал юу байх вэ. Магадгүй контент байх. 
- Тийм ээ. Контентийн бизнесийг Монголд өөр утгаар нь хийж, хэрэгжүүлэх бодолтой ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн салбар, контенттэй холбоотой зүйлийг шинэчилж, өөр түвшинд гаргах хэрэгцээ байгаа. 

Хэрэглэгчдэд хүргэж байгаа үндсэн сувгуудаар дамжуулан энэ бизнесийг явуулна. “Univison” гэхэд зөвхөн телевизийг гоё өнгө, чанартай үзэхдээ биш байгаа юм. Контентийг үзэгчдэд хүргэх, түүний цаана байгаа чанар, зохиогчийн эрх, сонголт, бодлого яригдаж байна. 

Энэ тал дээр хамгийн ойрын жишээ гэхэд Холливүдийн киног албан ёсны эрхтэй дамжуулах эрх авсан.Өмнө нь бид кино театраас бусад газар холливүдийн киног хулгайн аргаар л үздэг байсан. Бид энэ асуудлыг сөхөж гаргаж ирээгүй байсан бол салбар нь өөрөө хөгжихгүй. Заавал бодлого, зохицуулалт гарахыг хүлээсэнгүй. Дэлхийн хэмжээний студиудтэй хоёр жил гаруй ярьж хөөцөлдсөний хүчинд өнгөрсөн жилийн есдүгээр сараас гэрээ байгуулсан. 

Үүнийг хийгээд хэрэгжүүлээд эхлэхээр нааштай эерэг үр дүнгүүд гарч байна. Контент үйлдвэрлэгчид маань өөрсдөө оюуны өмчийг дээдлэх тухай яриад эхэлж байна. Оюуны өмчийн газар ч сайн ажиллаж байна. Эрх зүйн орчноо сайжруулах асуудал ч эрчимтэй яригдаж байна. 

- Контент үйлдвэрлэлийн тал дээр танайх ямар ажил хийж байгаа вэ?
- Бид юм болгоныг хийх гээд дайраад байхаас илүү хамгийн сайн хийж чадах тэр уран бүтээлч, бүтээгчидтэй хамтран ажиллаж байгаа. Та нар чанартай уран бүтээлээ туурви. Бид бусад сурталчилгаа зэргийг хариуцаад явъя гэж байгаа.

 “Үргээлэг” кинон дээр бид ажиллаж байна. Энэ маань хэр амжилттай байхаас хамаарч дараа дараагийнхаа контент дээр яаж ажиллахаа шийднэ. Контентийн энэ салбарт жишиг тогтоох, үлгэр болох зорилготой гэсэн үг.
 
- Гар утасны контент дээр ямар ажлууд хийж байгаа вэ?
- “U planet” гэж компани маань контентууд хийж байна. U-store буюу ухаалаг утасны апликейшний дэлгүүрийг нээсэн. Монголын гэсэн хаяг, тодотголтой дэлгүүрээ дэлхийн зах зээл дээр ямар ч байсан нээчихлээ. Тэгэхээр манай залуучууд энэ дэлгүүрт контентээ байршуулаад зарах боломжтой. Монголын төдийгүй гадны контентууд ч энд байна. Нэг төрлийн экспорт шүү дээ. 
 
- Мэдээлэл, технологийн энэ салбарт контентийн эрин үе ирж байгаа гэж хэлж болох байх. 
- Тийм ээ. Шинэ эрин. Контентийн шинэ эрин үе эхэлж байна

http://www.ikon.mn/
Бичсэн: Telnet | цаг: 04:04 PM | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү mash heregtei goy yariltslaga oruulsand bayarlalaa. Bur dahin dahin unshlaa.

Blogt n amjilt husey
Бичсэн: Zani цаг: 10:51 AM, Wed-4-Jun-2014 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant