2013-12-11
Тэмүүлэлгүй зорилго бол хоосон уриа үг
Японд сурч байхдаа дэлхийн том компаниудын нэг Сониг тэргүүлж байсан ноён Идэи гуайтай манлайлал буюу лидерийн тухай илэн далангүй ярилцах боломж олдсон юм. Менежмент, манлайлал гэсэн сэдвээр маш олон ном зохиол энд тэнд хэвлэгдэж, ялангуяа орчин үеийн мэдээллийн эрин зуунд манлайлал, удирдлагын уламжлалт арга барил өөрчлөгдөх эсэх, ирээдүйн чиглэлийг нь ямар төлөвтэй гэж харж байна гэж асуухад "Одооны уламжлалт ойлголт өөрчлөгдөхгүй биз ээ. Учир нь манлайлал гэдэг чинь хүн гэж нэрлэгддэг бодгалийн салшгүй нэг хэсэг юм" гэж хариулж билээ. Хүмүүс хооронд байдаг харилцааны хэлбэрүүд болох уур, баяр баясгалан, өшөө хорсол, урвалт зэрэг бүгд л манлайлал гэсэн том малгай дор зангидагдах тул уламжлалт ойлголт ирээдүйд ч өөрчлөгдөхгүй гэсэн бөлгөө. Гэхдээ хүмүүс хоорондын мэдээллийн ялгаа харин том нөлөө үзүүлнэ гэж хэлсэн нь яах аргагүй үнэн билээ.

756c20503009c598great

Сүүлийн үед манайхан Vision гэж их ярих болсон. Том байгууллагууд нь дээр үед томъёолсон vision-оо эргэн харж янзлах, байхгүй байгууллагууд нь энэхүү алсын хараагаа тодорхойлох зэргээр ямар ч байсан бүх аж ахуйн нэгжүүд хаашаа явж буй, явахыг хүсч буй чиглэлээ тодорхойлоод буй. Өөрөөр хэлбэл аливаа байгууллагын identity гэсэн үг. Ноён Идэи гуайн хэлснээр бол passion-гүй vision бол зүгээр л нэг байдаг уриа үг гэв. Ийм нөхцөлд та хэзээ ч лидер, удирдагч болж чадахгүй. Үүнтэй бүрэн санал нийлэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл аливаа хүн, эсвэл байгууллага өөрсдийн тодорхойлсон тэрхүү зорилго, мөрөөдөлдөө хүрэх чинхүү эрмэлзлэл, сэтгэл байхгүй болбоос хичнээн сайхан зорилго цаасан дээр буулгаад үр дүн гарахгүй билээ. Мань эрийн өөрийнх нь хэлснээр бол “If you have vision without passion, nobody will follow you”. Тиймээс худлаа үнэн бусдыг дууриаж нэг vision-той болж авах зорилгоор бусдын үнэ цэнэ, зорилго, мөрөөдлийг шууд хуулбарлан өөр дээрээ наавал мөн л хэзээ ч амжилтанд хүрэхгүй биз ээ. Өөрөөр хэлбэл хувь хүн ч бай, байгууллага ч бай дотоод сэтгэл, үнэ цэнээ бүрэн дүүрэн мэдэрч байж өөрийн гэсэн vision-оо бусдаас үл хамааран тодорхойлох ёстой мэт.

Үсчингүүдийн нэг онигоо санаанд орж байна.

     Нэгэн жижиг тосгонд зэргэлдээ оршдог гурван үсчин ажилладаг байжээ. Нэг өглөө нэг үсчин нь гадаанаа энэхүү улсын дугаар нэг үсчин гэсэн хаяг хадаад орхисон байна гэнэ. Дараагийн өглөө нь хоёр дахь үсчин нь гадаанаа энэ дэлхийн дугаар нэг үсчин гээд хаяг хадсан байна гэнэ. Үлдсэн үсчин нь бодож байгаад хэд хоногийн дараа энэ тосгоны дугаар нэг үсчин гэсэн хаяг хадаж тосгондоо өөрийн зах зээл дээрээ лидер нь болж байсан гэдэг. Өөрийн нөөц, бололцоогоо нягтлахгүй, өөртөө хэт ахадсан, бусдыг хиймлээр дууриасан иймэрхүү үйлдэл хэнбугайг ч амжилтанд хүргэхгүй гэсэн санаа энэ онигоонд байгаа болов уу.

     Өөрөөр хэлбэл vision гэдэг нь хамгийн энгийнээр цаг хугацааны үечлэлээс нь хамааруулан богино, дунд болон урт хугацаанд яг юу хийж, ямар үр дүнд хүрэх хүсэлтэй байгаагаа л тодорхойлох ёстой юм шиг байгаа юм. Ухаан нь өөрөөрөө жишээ авбал Япон улс бол очиж үзэхийг хүсэж байсан улсуудын нэг минь байгаад зогсоогүй болбол дотор нь жаахан удаан байж дотоод соёл, орчинтой танилцахыг мөрөөдөж байв. Энэ нь миний vision гэж үзвэл миний passion нь тухайн улсыг өөрийн хирээр сайн судлах, тухайн улсаас сурах боломжтой зүйлийг нь судлан боломжит сургуулийг нь тоочиглон ихэд хичээн бичиж илгээсэн хэдэн эссэ байсан болов уу. Хэрэв би ийм passion-гүй зүгээр л Япон л явж үзмээр байна гээд “vision”-доод яваад байсан бол өдгөө Наран улсаас энэхүү мэдээллийг блог дээрээ бичээд сууж байх нь юу л бол. Passion гэдгийг аливаа юмыг чин сэтгэлээсээ, зүрхний угаасаа хичээн хийхийг хэлнэ гэж бүдүүн бааргаар орчуулах юм уу даа. Энэхүү үгний талаар энэ нийтлэл дээрээ дээр бас бичиж байжээ. Хувь хүн бүр өөрийн идэвхтэй амьдралын үечлэл тутамдаа өөрийн дур хүсэл, мөрөөдөл дээрээ суурилсан зорилгоо тодорхойлчихвол зүгээр юм шиг байгаа юм. Ядаж л дараа нь нэг "барих юмтай", хэмжих зүйлтэй. Хаана, яах гэж амьдраад байгаагаа мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй, ойр тойрныхондоо ямар ч үнэ цэнэ үүсгэж чадахгүй, өнөө маргаашаа аргацаасан хүмүүс олшрох тусам л "лаг лаг" vision-гууд төрөн гардаг юм шиг санагдсан. Ухаан нь юм энгийн байх тусмаа л агуу юм шиг байна билээ гэж хэлэх гэсэн юм.

Сони АНУ-ын зах зээлд анх нэвтрэхдээ хоёр дэд зорилго тавьсан юм билээ. Эхнийх нь бүх юмыг хуулийнх нь дагуу хийнэ. Энэ ч зорилгоор Columbia Pictures-ийг тухайн үед багагүй мөнгө төлж албан ёсоор өөрийн болгож байв. Хоёр дахь нь чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ Сонигийн нэр хүнд, брэндийг таниулж, улмаар төгөлдөржүүлнэ гэж. Бүх бизнесийг хуулийг дагуу худалдаж авахад бэлтгэл ажлыг эс тооцвол гэрээн дээр гарын үсэг зураад нь дуусч байгаа бол Сони Холливүүдэд нэр хүндээ олох гэж бүхэл бүтэн 10 жилийг зарцуулсан гэнэ билээ. Өөрөөр хэлбэл хичнээн их мөнгөтэй, чадалтай байлаа гээд хэн ч өөрийнхөө нэр хүндийг хүссэн зорилгоороо удирдаж чадахгүй гэсэн санааг мань эр хэлэх гээд байна гэж би ойлгосон. Өөрөөр хэлбэл Гүүглэ одоо асар их нэр хүндтэй байгаа нь Гүүглэ бидний ирээдүй гэсэн үг биш гэсэн жишээг хэлнэ билээ.

Их сургуулиас өөртөө нааж авах хамгийн чухал зүйл юу вэ гэж асуухад онолын ерөнхий мэдлэгүүд амьдрал дээр хэрэг болдог тул тэрхүү суурь ойлголтуудыг сайн эзэмших хэрэгтэй гэснээс гадна оюутан үеийн найз нөхдийн холбоо хамгийн чухал хэмээн дурдана билээ. Глобаль зах зээлийн талаар болон Япон улсын хөгжиж буй орнуудаар аутсорсинг хийлгэж буй талаар лавлахад жишээ нь бид Энэтхэг улсад ердөө хөрөнгө оруулалт хийгээгүй. Энэтхэг бидний зорилтот зах зээл биш. Бид ердөө Энэтхэгийн хямд ажиллах хүчийг л ашиглаж байгаа юм гэж шулуухан хариулна билээ. Сүүлийн үед Сонигийн бүтээгдэхүүнүүдийн чанар хуучнаа бодвол жаахан муудсан тал буйг олон хүмүүс хэлж байв. Нэг шалтгаан нь зүүн өмнөд азийн голдуу улсуудад бараг ихэнх үйлдвэрлэлээ шилжүүлж аутсорсинг хийж байгаатай холбоотой. Нилээд хэдэн жилийн өмнө ихэнх бараанууд нь Made in Japan байсан бол одоо дийлэнх нь Хятадад үйлдвэрлэгдэн угсрагдаж буй. Өдгөө Хятад дахь Сонигийн салбарт нийт 40,000 хятад ажиллаж Хятадад олж буй орлого нь Японоос хамаагүй даваад байна. Чанарыг ялгаа үнэхээр гарч буй боловч Сони одоог хүртэл ижил төрлийн брэндүүдээс харьцангүй өндөр үнэтэй байсаар л байна. Нэр хүндийн үнэ цэнэ гэдэг энэ бөлгөө.

Манлайлал ярьж байгаа үед Америк болон Япон улсыг харьцуулан ярих нь утгагүй юм гэж байв. Учир нь Америк бол хамаагүй динамик улс, тийм бизнесийн орчинтой бол Япон улс хамаагүй статик төлөвтэй юм. Жишээ нь мань эр өөрийгөө Сонигийн удирдлагад орсон хамгийн анхны хөндлөнгийн хүн байсан гэж давтан хэлэв. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө цэвэр гэр бүлийн компани байсан хэрэг. Өөрөөр хэлбэл Японд бизнесийг анх үүсгэн байгуулагч нь удирдаж байгаад түүний үр хүүхдүүд нь ихэвчлэн дараагийн хоёр үе залгамжлан удирддаг хандлагатай. Гурав болон дөрөв дэх үеэс нь эхлэн гаднаас мэргэжлийн хүмүүсийг оруулбол оруулж компанийн удирдлагын багаа сэлбэх аж. Тоёота бол үүний бас нэг жишээ. Өнөөдөр ач хүү нь уг компанийг толгойлон ажиллаж байна. Энэхүү ач хүүгээс нь илүү чадвартай, Тоёотаг богино хугацаанд сэргээх мэдлэгтэй боловсон хүчин Тоёотад байгаа юу гэвэл хангалттай байгаа. Яагаад тэднийг захирал болгохгүй байгаа шалтгаан нь энэ бол Япон улс гэж хариулж болохоор санагдаж байна.

Мань эр нилээд ам халсныхаа дараа гол үүцээ бидэнд задалсан юм. Тэр нь хүн өөрийнхөө бие организмийг бүрэн удирдаж чаддаггүй. Жишээ нь өөрийн цусны даралт, зүрхний цохилтыг хүссэн хэмжээндээ барих чадваргүй байдаг. Гэвч хүн юу идэж уух, хэнтэй юу ярихаа хянаж бүрэн удирдаж чаддаг. Үүнтэй адил аливаа байгууллагад удирдаж болохгүй зүйлс бас байдаг юм шүү гэж захина билээ. Энэхүү хэлсэн үгийг нь би ойлгохдоо Сони хэмээх гэр бүлийн компанийн асар том вант улсад хаа хамаагүй хөндлөнгийн хүн орж ирэн хийх ёстой, хиймээр байсан, зарим үед илэрхий зөв шийдлүүд санал болгож байсан ч удирдах зөвлөл нь тэр бүр дэмжиж ажиллаагүй, тэр тоолонд мань эртэй зөрчил үүсгэж байсныг хэлж байна гэж ойлгосон буюу. Учир юу гэвээс Walkman нь iPod-д хэмх цохиулж, Sony Ericson нь iPhone-д далаараа цэвэр тавиулж байгаатай холбон тайлбарлаж болохоор ч юм шиг. Миний бодлоор бол Сони хэт их Америк болон өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд найдсан нь суурийг нь жаахан ганхуулсан байж болох талтай. Үүнтэй тун төстэй нэг жишээ байдаг. 19-р зууны үед Английн эзэнт гүрэн тухайн үед шинэ тутам гарч ирж буй буюу хөгжиж буй орнуудад нэг их ач холбогдол өгч тоогоогүй гэж судлаачид ярьдаг.

     Тэрхүү хөгжиж буй буюу тухайн үед emerging market нь одоогийн АНУ билээ. Тэр үед Английн эзэнт гүрэн өөрсдийгөө Sun never sets country энэ тэр гэж хөөрөгддөг байсан боловч хэдхэн жилийн дотор АНУ-с бүх зүйлээрээ хоцорсон түүхтэй. Профессортойгоо энэ тухай ярьж байхад манай багш хэт их аутсорсинг бас том компаниуд болон тухайн улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болохыг хэлж байв. Ухаан нь одоо АНУ болон Японд аль алинд нь нийгмийн дундаж давхарга эрс багасч, баян ба ядуугийн туйлууд эрс өсч буйг ямар ч статистик батлахаар буй. Улс орны хөгжлийг хангахын тулд аутсорсингийг хязгаарлаж, өөрийн улсын дундаж давхаргыг ажил, боломжийн цалингаар хангах уу, эсвэл тухайн компанийн ашигт ажиллагааг нь бодон хямд ажиллах хүчин бүхий хөгжиж буй орнуудад аутсорсинг хийхийг нь дэмжсээр байх уу гэдэг нь төр түшилцэж буй хүмүүсийн хувьд бодох асуудал болох хувираад байгаа мэт. АНУ, Японыг хэлэлтгүй Монголд гэсэн одоо ихэнх хүмүүс өөрсдийгөө дундаж давхаргад оруулж тооцох уу, эс тооцох уу гэдэг нь асуудал болсон санагдсан. Нөгөө Хүрлээгийн хэлдгээр цалин аваад байгаа ч юм шиг, авахгүй байгаа ч юм шиг, амьдраад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг гэдэг билүү? Макро түвшинд шийдвэр гаргагч нарын хувьд энэхүү үзэгдэл нилээд том дохио болов уу гэж санах юм. Өөрөөр хэлбэл улс орноо хөгжүүлье хэмээн яриад, заримдаа бүр гудамжинд цээжээ дэлдээд хавтас дүүрэн vision сугавчлаад явж буй асар олон хүмүүс байх боловч эдгээрийн дотор чухамхуу улс орноо хөгжүүлчих юмсан гэсэн passion-тай хүмүүс нь хэд байгаа бол гэдэг нь тун сонирхолтой шинжлэх ухаан буй заа. Чухам энэхүү сэдэвтэй холбогдон компанийн (сайн) засаглал, нийгмийн хариуцлагын асуудал хүссэн хүсээгүй хөндөгдөх юм билээ. Шалгалтуудаа дуусгаж байгаад энэ талаар мөн тэрлэх санаа буй. 

https://twitter.com/ganzorigv

Бичсэн: Telnet | цаг: 13:34 | Хэнд ч хэрэгтэй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Unshaad ih yum bodogdloo. Bi ooriigoo ajlaa chin setgeleesee hiideg gj boddog. Orj irsen hariltsagch bvriig ooriin tsalingaa gej boddog bolson. Ymar ch hvn uilchlvvlsen ter hun setgel hangaluun garahad minii ajliin utga uchir medregddeg. Medeej nadad aldaa dutagdal zunduu bii. Tsaashid ulam hicheej suraltsaj bna. Bayarlalaa
Бичсэн: Болор (зочин) цаг: 23:31, 2016-12-26 | Холбоос | |


Тийм шүү. Үнэхээр үнэн
Бичсэн: Зочин цаг: 14:43, 2013-12-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax