Sat-2-Feb-2019
Гадаадад цагаан идээгээ өөрсдөө хийцгээе
Хилийн чанадад суугаа Монгол эзэгтэй нартаа өөрийн сурсан цагаан идээнийхээ жорыг хуваалцъя. Айл өрх бүр дэлхийн хаа ч амьдардаг бай цагаан сараа бага ч болов ёслож тэмдэглэдэг байх гэж бодож байна. Яагаад гадаадад байгаа эзэгтэй нартаа зориулж байна вэ гэхээр түүхий эдийн олдоц ховор Монголын сайхан тослогтой сүүг гүйцэх сүү байхгүй тул орлуулж хийх болдог. Хийж болдог юм шүү, боломжтой шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Өрөм цагаагаа санадаг л байлгүй. Өөрсдөө хийгээд идээрэй. Өрөм: -3литр сүү (манай энд хамгийн өндөр тослогтой сүү 3,5% байдаг) -0.5-1литр whipping cream 35% байхад болно Сүүгээ наалдахгүй сав, эсвэл ширмэн саванд дунд зэргийн зөөлөн галаар хөөрүүлнэ. Хөөрөх дөхөөд ирхээр whipping cream - ээ хийгээд хөөрүүлж сайтар самарна. Галаа хамгийн бага дээр тавьж загсаах бөгөөд хөөс бүрэн загсаад ирэх үед галаа дахин үл ялиг нэмнэ. Ингэхдээ сүүгээ хөөрч өрөмөө хагалхаас болгоомжлоорой. Ингээд галаас авч сайн хөргөнө. Хөргөгчиндөө хонуулж болно. Өрөмөө авахдаа хусуураар эвтэйхэн тойруулж захална. Ингээд зузаан шаргал сайхан өрөм бэлэн боллоо. (хэр их хийхээсээ хамаараад орцоо харьцаагаар нь нэмээрэй) Тараг: - 1 литр сүү (өрөм загсаасан сүүгээрээ хийвэл илүү гоё болно) - 1 амны том халбага тараг. Натурал тараг байх тусмаа сайн. Иогурт биш. Сүүгээ хөөрүүлээд хөргөнө. Сүүнээсээ тасалж аваад таргаа хийгээд сайтар хутгаж байгаад үлдсэн сүүндээ хийн самарна. Сүүгээ дахин гал дээр халаагаад чигчий хуруугаа дүрхэд 6-7 секунт тэсхээр хэмжээний болох үед галаас авна. Ингээд тагтай саванд хийж дулаан хучна. Би ихэвчлэн шарах зуухаа хамгийн бага дээр буюу 50градуст халааж байгаад хучаад хийдэг. Хийснийхээ дараа гэрлийг асаагаад шарах зуухаа унтраана. 4 орчим цагийн дараа бүрэлдэнэ. Бүрэлдхээр нь хөргөгчиндөө хийнэ. Хэт халуун байвал сагана. Хүйтэдвэл бүрэлдэхгүй шингэн хэвээр байх тул аль болох хучлага, температураа тааруулах хэрэгтэй. Аарц: 2-3 литр тарагнаас 400-500гр орчим аарц гарна. (өмнө бүрсэн таргаа тасалгааны хэмд исгэж хийвэл сайхан болно) Тарагаа зөөлөн галаар буцалгаж самарна. Сайн буцалгаад марль давхарлаад эсвэл цэвэр даавуу өлгөж байгаад шар усыг нь шүүж авна. Тараг иссэн байх тусмаа аарцны исгэлэн амттай болох эсэх хамаарна. Ааруул: Бэлэн болсон аарцан дээрээ бага зэрэг сүү хийнэ. Өөрсдийн амталгааны дураар сахар нэмж болно. Сайтар хольж базаад даавуундаа хэсэг боож биежүүлнэ. Ингээд дурын хэвээр шахаж хорхойн ааруул бэлэн боллоо. Ээзгий: - сүү 2 литр - тараг 2 амны том халбага Сүүгээ хөөрүүлэхдээ тарагаа бага багаар хийж самарч ээдүүлнэ. Бэлэн болсон ээдмээ шар усыг нь ширгэтэл буцалгана. Ингэхдээ наалддаггүй, ширмэн харуулын тавганд ширүүн галаар буцалгавал зүгээр. Шар ус ширгээд ирэх үед галыг багасгаж модон хусуураар сайтар хутгаж өгнө. Наалдуулахгүй сайтар хутгаад ээзгийний өнгө улаан, шаргал болоод ирвэл болсон гэж үзнэ. Хайлмаг: Өөрсдийн загсаасан шинэхэн өрөмөөр хийвэл гоё. Хайруулын тавагтаа дунд зэргийн галаар өрөмөө сайн халуулна. Тогтмол хутгаж өгнө. Өрөм сайн хайлсны дараа бага зэрэг хярам бага зэрэг бор гурил хийж сайтар хутгана. Амталгаандаа тааруулж сахар үзэм нэмж болно. Шар тос ялгараад хайлмаг шаргалтаад ирвэл болсон гэсэн үг. Энд зөөхийгөөр бас хийж болдог cream fraiche гэсэн үг. Мөн л хайруулын тавагтаа хийж хутгаж халаана. Ингэж хийхэд гурил арай илүү орох гээд байдаг. Мөн л хярам эсвэл хар цай бага зэрэг хийнэ. Шар тос бас ялгарна шүү. Зөөхийгөөр хийхээр арай цайвар болдог. Элсэн чихэр үзэмээ амталгаандаа тааруулаарай. Амжилт хүсье. Монголд байхдаа заримыг нь хийж мэддэггүй чаддаггүй байсаан. Энд ирээд сурсан. Болохгүй зүйл гэж байдаггүй шүү
Бичсэн: Telnet | цаг: 05:59 PM | Хэнд ч хэрэгтэй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant