2009-12-23
Миний шүтээн-Р.Чойном

Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх үед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу


Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггүй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг

Би гагцхүү би гэдэг дотоод сэтгэлийг минь
Биеийг минь, хүчин чадлыг минь
Биштэд итгэх итгэлийг минь бүтээсэн
Аугаа их тэр уран хүнд
Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж
Бурхан багшаас ч ид чадлаараа давсан
Буурал үстэй бяцхан эмгэний өмнө
Өөрийн эрхгүй өвдөг сөхөрнөм.

Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр
Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм ижий минь
Онгойж үлдсэн аавын минь орон дээр
Яруу найргийг бүүвэйлж өсгөсөн юм ижий минь.
Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй
Улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй
Хэлхээ сувдан нулимсаа бүүвэйн дуу болгож
Хэнтий нутгийн боржигон тал дунд
Айлын ганц багана болж явахдаа энэ хүн
Арай ч ийм эмгэн байгаагүй юм

Өнөө харахнээ намрын навч шиг
Өчүүхэн шар эмгэн.
Намрын навч шиг өчүүхэн шар эмгэн
Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг
Найган дэлгэрч явсан юм

Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад
Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь одоогийн бүсгүйн булчин шиг байхад
Нар шиг залуус сар шиг гэрэлд нь эрвээхэй шиг эргэж хоргож байхад
Алтан дэлхийн бүсгүй хүний
Адармаатайхан хувь заяа
Ард гаралтай энэ хүнээр
Арай хатуу тоглосон юм

Гал цог шиг залуу насны
Ган төмөр шиг бие цогцос
Ганган үзэмж, онгон хайрыг
Гар таталгүй хайрласан мөртлөө
Хамтад нь бас хар толгойг нь цагаан болтол нь
Хайрын сэтгэлээр үүрд өнчрөх
Хатуу тавилан заяасан байна

Эс танихаас панзчин шиг
Эрхэм дотноос архичин шиг
Элдэвтэй хорвоо миний ижийгийн
Элэг зүрх рүү цөм өшиглөж
Эрийг нь булааж, гэрийг нь хоослоод
Энхрий үрсийг нь тэврүүлээд
Ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд
Эргэн харалгүй орхисон байна.

Цаг өөр байж
Цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж
Цай алт шиг, талх мөнгө шиг байж
Цатгалан панзчид эзэн хаан шиг байж
Бугуйвч бөгжнийх нь оронд
Будааг шанагаар биш ширхэгээр нь тоолох дөхөж байж
Ээмэг даруулганы нь оронд
Эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж

Тэгэвч Монгол хүний сайхан сэтгэлийг тэр дайн
Цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм
Тэвчээр, эхийн итгэл хоёрыг
Тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж амжаагүй юм
Эрчүүдийн худал үнэн үгэнд итгэж
Эрдэнэ болсон залуу насаа худалдаа нь үгүй ижий минь
Хуруугаа цоортол, нуруугаа бөхийтел ажил хийж
Эргэх дөрвөн улиралд орон гэрээ ганцаараа тэжээсэн юм.

Хүйтэн харанхуй шөнө хотны захад чоно улихад
Хүүхдүүдээ айлгахгүй юм шүү гэхдээ өөрөө айгаагүй юм шиг дүр үзүүлж
Сүх барин сууж
Тэсэхэд бэрх салхи шуурганаар жагтагнаасаа зуурч
Тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр үр хүүхдээ харамлан халхалж
Тэмээгээр орон газар очин чихэр авчирч
Тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаалгүй хүн болгосон юм

Бид инээж баясаж, хөөрч элэг бүтэн өсөцгөөсөн юм
Биднээс нуугдаж харин хааяа ижий минь уйлж биднийг хүн болгосон юм.
Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид байн байн л аавыгаа нэхэж
Элэг зүрхнийх нь шархыг урж, хөндөж хүн болсон юм
Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй
Гэрийнхээ ганц алтан багана болж
Гэрэлт хөшөө мэт бат зогсож чадсан юм ижий минь.

Одоо больж дээ зайлуул
Ой ухаан нь уймраа, аймхай болж
Олон үгтэй, амархан баярладаг, амархан гомддог болж
Оочсон цайндаа цацдаг, үмхсэн хоолондоо зогисдог болж
Үг хэлэхээр буруу дуулаад л хатуурдаг болж
Үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж
Үүлэн сүүдэр дайрахад даардаг болчихож
Үдийн цай холдохыг даадаггүй болчихож.

Ийм хүн байгаагүй юм шүү дээ гэж
Ижийгийн тухай бүх хүн ярина
Ийм хүн байгаагүй нь үнээн
Ийм болгосон хүн нь би байна.
Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж
Гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй
Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь
Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь
Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм.

Энхрий сэтгэлтэн олончиг надад миний ижий шиг байгаа ч билүү
Эх хүн олончиг намайг миний ижий шиг хайрлаа ч билүү
Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч
Эрх багынх шиг минь уучланхан суудаг
Эвдэрч хүний нүдний булай болсон ч
Эвий дээ эрдэнэ мэт үр минь хэмээн энхрийлэн байдаг
Энэ миний шүтээн.
Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөг
үй
Өнө мөнх миний ганц шүтээн
Өнөөдөр намрын навч шиг болсон
Өчүүхэн шар эмгэн ижий минь миний шүтээн.
Өөр би юуг шүтэх юм бэ?

Бичсэн: Telnet | цаг: 13:45 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


хайртай тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 14:23, 2009-12-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax