Thu-16-Mar-2017
Гадаадад хэрхэн тэтгэлэгтэй магистр, докторт суралцах вэ?
 
Хилийн чанадад тэтгэлэгтэй суралцах олон боломжууд байдаг бөгөөд энэ талын ойлголт, боломжийг сайтар олж мэдээгүй ч гадаадад суралцахыг хүсэж алсын бодол тээсэн хүмүүс, магадгүй чамтай уулзсан гурван залуугийн нэг нь тийм бодолтой байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.
Гадаадад магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг: МУ-ын ЗГ-аас санхүүжиж манайхан өөрсдөө шалгаруулдаг. Бусад орны (АНУ, Их Британи, Австрали г.м) ЗГ-аас санхүүжиж тухайн орны элчин сайдын яам болон төлөөлөгчийн газраар дамжуулан шалгаруулдаг, мөн дэлхийн томоохон их сургуулиуд өөрсдөө тэтгэлгээр оюутан элсүүлэн сургадаг гэсэн гурван үндсэн бүлэгт хувааж болно. Эдгээр тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авах боломжтой. Үүнд: http://www.scholars4dev.com/tag/scholarships-formongolians/, 100% 100 тэтгэлэгийн жагсаалт, goodyouths.com http://www.khongi.com/2013/07/blogpost.html, болон бусад Фэйсбүүкийн груп, хуудсууд багтах болно.
Энэ нийтлэлийн гол АРГУМЕНТ нь ямарваа нэгэн тэтгэлгийн шаарддаг түгээмэл шалгуурууд болоод (Их дээд сургууль төгссөн үндсэн мэргэжил ба сурлагын голч дүн, Гадаад хэлний мэдлэг, Ажлын туршлага, Эсээ болон тодорхойлох захидал, ярилцлага г.м) эдгээрийн уялдаа холбоог сайтар гаргаж өгснөөр тухайн өргөдөл гаргагч тэтгэлэгт шалгарах боломж нэмэгддэг гэсэн асуудлыг хөндөх ба тэдгээр шалгуурт хэрхэн амжилттай тэнцэх вэ гэдэгт чиглэсэн ерөнхий хэдэн сэдвээр өгүүлэх болно.      
  1. Их дээд сургууль ба үндсэн мэргэжил
Чиний үндсэн мэргэжил юу вэ? гэдгээс үндсэндээ хоёр зүйл хамаарч байдаг.
Нэгдүгээрт, зарим тэтгэлэгт хөтөлбөрүүд Монгол улсад эрэлт хэрэгцээтэй тодорхой чиглэлийн мэргэжлээр магистр, докторт суралцуулах зорилготой байдаг.
Хоёрдугаарт, цаашид суралцах гэж буй чиглэл чинь үндсэн мэргэжлээ гүнзгийрүүлсэн, түүндээ тулгуурласан, ядаж уялдаа холбоотой байх нь зүйтэй. Тэгэлгүй инженер мэргэжилтэй хүн эдийн засаг юм уу хуулиар сурна гэж байгаа бол яагаад гэдгээ маш сайн тодорхой гаргаж өгч байж л дэмжлэг авах байх шүү.
Зорилго, суралцах чиглэлээс хамаарч чи аль улсын ямар сургуульд ямар тэтгэлгээр суралцах чинь тодорхой болно. Эсвэл нэг тэтгэлгийг сонгож аваад түүгээр л суралцана гэж хатуу шийдсэн бол тухайн тэтгэлгийг олгодог улсын их сургуулиудын веб сайтаар орж өөрт тохирох мэргэжлийн хөтөлбөрийг сонгох нэг арга зам бий.
  1. Сурлагын голч дүн
Залуучууд яагаад гадаадад сурах гээд байна вэ гэдэг нь манай боловсролын чанарын асуудалтай нэг талаар холбогдож болох юм.
Цаашид гадаадад суралцана гэж байгаа бол одооноос чиний бэлтгэл аль хэдийнээ эхэлчихсэн байх ёстой сурагч, оюутнуудын хувьд хичээлээ сайн хийгээд, төгсчихсөн ажилчин ангийнхан дипломоо эргүүлж хараад сурлагын дүн, тэтгэлгийн шалгалтад тэнцэх эсэх талаар анализ хийж үзэх хэрэгтэй.
  1. Гадаад хэлний мэдлэг
Англи хэл дээр хичээл үзээд түүнийгээ сайтар ойлгох чадвартай байж гэмээнэ амжилттай суралцаж, тэтгэлгээс олгож буй мөнгийг боловсрол болгож үр дүнтэй зарцуулах гэсэн үүднээс ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүд дор хаяж IELTS-6.5, IBT-80 оноотой байх шаардлагыг тавьдаг.
Мөн хэлний бэлтгэлийг хамт оруулсан цөөн тооны тэтгэлэгт хөтөлбөрүүд ч бас бий. Жишээлбэл: БНХАУ-ын ЗГ –ын тэтгэлэг, Австралийн ЗГ-ын (хуучнаар MASP) Australia Award Mongolia – AAM гэх мэт.
  Хэлний оноотой л бол тэтгэлэг аваад гадаадад сурчих юм шиг бодож хэрхэвч болохгүй бусад шалгууруудыг хангасан эсэхийг хардаг.
Оноо байхгүй болохоос бусад шалгуурыг 100 хувь хангасан (маш сайн суурь мэргэжил эзэмшсэн, 5, 10 жилийн туршлагатай, суралцах чиглэл зорилгоо зөв тодорхойлсон) хүмүүс зөндөө байдаг. Тийм бол та ямар нэг аргаар нухаж байгаад хэлээ сайжруулаад шаардаад байгаа оноог нь авчхад л бүх шалгуурыг биелүүллээ гэсэн үг.
 Маш сайн Англи хэлтэй IELTS, TOEFL-ийн оноотой мөртлөө тэтгэлэг авч чадахгүй байгаа хүмүүс байна. Тийм бол та доор өгүүлэх ажлын туршлага, эсээ болон тодорхойлох захидал зэрэг дээрээ илүү ажиллах хэрэгтэй байх.
IELTS өгөхөөр бэлдэж буй шонхруудад гэсэн нийтлэлээс Англи хэл хэрхэн сурч, шаардлага хангасан оноо авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
  1. Ажлын туршлага
Ер нь тэтгэлэгт хөтөлбөрүүд гэлтгүй ихэнх сургуулиуд элсэлтийнхээ шалгуурт мэргэжлээрээ тодорхой хэмжээнд ажилласан байхыг шаарддаг. Энэ нь цаанаа юуг хэлээд байна вэ гэхээр бакалаврын боловсрол эзэмшээд түүнийгээ дадлагажуулж, бодит байдал ямар байна вэ гэдэг талаар ойлголттой болсон хүн дараагийн шатны эрдмийн зэрэг цол хамгаалах судалгаа шинжилгээний бүтээл туурвил хийхэд илүү үр дүнтэй, онол практикийг хослуулж чаддаг.
  1. Эсээ
Тэтгэлэгт хөтөлбөр болон сургуульд өргөдөл гаргах эсээнд чи өөрийн хүсэл зорилго, сурах гэж тэмүүлээд байгаа шалтгаан, их зүйл сураад буцаж эх орондоо ирээд түүнийхээ хэргийг хэрхэн гаргах талаар товч тодорхой, ерөнхий бус ойлгомжтой зүйл бичих зарчмыг баримтлах хэрэгтэй.
Энд чиний ганц давуу тал бол миний хэлэх гээд тойруулаад байгаа мэргэжил, туршлага, цаашдын зорилго гурваа маш сайн холбоод өгөх явдал юм.
Жишээ нь: “Манай МУ ашигт малтмалын нөөц баялаг ихтэй бөгөөд геологи, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа учраас би (геологич, уурхайн инженер, баяжуулагч г.м) энэ мэргэжлийг сонгосон. Тэгээд их сургуулиа амжилттай (XXX голчтой) суралцаж төгсөөд XXX нэртэй компанид тэдэн жил ажиллаад, ийм зүйлүүдийг хийж үзэж туршлага хуримтлуулчхаад байна. Одоо би өөрийн үндсэн мэргэжил, туршлага хоёр дээрээ тулгуурлаад,  манай энэ салбарт, байгууллагад маш их хэрэгцээтэй байгаа энэ чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж, судалж магистр, докторын зэрэг хамгаалах зорилготой байна”. Энэ бол зүгээр зохиомол жишээ. Заавал уран яруу, тулгамдсан асуудлыг тэнгэр нурах гэж байгаа юм шиг хөндсөн байх албагүй, энгийн ямар ч мэргэжлийн хүн уншихад ойлгомжтой чиний хэлэх гээд байгаа зүйлүүд хоорондоо холбоотой, амьдралд ойр байх ёстой. Эсээг эртнээс бодож тунгаасны үндсэн дээр бичих, бусдаар санал шүүмж хийлгэх гэх мэтээр цаг хугацааны хувьд сайжруулж чанаржуулах боломжтой шүү дээ.
Судалгааны ажил хийж эрдмийн зэрэг хамгаалах чиглэлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд олон бөгөөд өргөдөл гаргагчийн өмнөх туршлага, удирдагчаа олох, сэдвийн шинэлэг тал, үйлдвэрийн практик болоод нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой байдал дээр нэмэх нь өөрийн тэмүүлэл сонирхлыг материал бүрдүүлэлт, эсээ, тодорхойлолтдоо маш сайн гаргаж өгөх хэрэгтэй.
Энэ бүгдээс чамайг тухайн сэдвээр судалгааны ажил хийх чадвартай эсэхийг чинь харна. Курсээр хичээл сонгож үзэх бол тухайн курс хөтөлбөрийн бүтэц, заагдах хичээлүүдийг веб сайтаар нь орж судалж үзсэний үндсэн дээр яг ямар мэдлэг хуримтлуулж, одоо чамд хэрэг болж байгаа болон ирээдүйд юу хийх чадвартай болох тухайгаа дурдаж өгөх нь зүйтэй.
  1. Тодорхойлолт захидал
Тодорхойлох захидлын тухайд гэвэл ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүд их сургуулийн болон ажил мэргэжлийн талаас тодорхойлох хоёр хүний захидлыг шаарддаг.
Ийм тодорхойлолтыг аль болох мундаг том албан тушаалын доктор, профессор, байгууллагын захирлаас авах шаардлага байхгүй. Яагаад гэхлээр чамтай хамгийн ойр ажилдаг хүмүүс л чиний хэн бэ? гэдгийг сайн тодорхойлно.Тиймээс ямархуу оюутан байсныг хувь хүн талаас нь болон сурлага, хөдөлмөрийн амжилтын талаарх тодорхойлолтыг хичээл ордог байсан багш профессоруудаас авах. Мөн ажил мэргэжлийн талаас энэ хүн ямар ажил хийдэг, юу хийж чаддаг тодорхой чадварууд, туршлагын талаарх тодорхойлолтыг шууд удирдлага болон ахлах ажилтнаасаа авах нь зүйд нийцнэ.
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороо биш гэдэгчлэн тодорхойлох захидал ерөнхий магтаал сайшаал бус аль болох тухайн хүний онцлогийг харуулсан тодорхой, оновчтой, тухайн хүний бодит байдлыг байгаагаар нь л тодорхойлсон байх ёстой. Ийм тодорхойлолтыг л шалгаруулах комиссынхон хүлээж суугаа.       
  1. Ярилцлага
Шалгаруулалт нь Монголд хийгддэг тэтгэлэгт хөтөлбөрүүд голдуу ярилцлага хийдэг. Мөн зарим сургуулиас зарласан тэтгэлгийн эхний шалгаруулалт (short list) –д тэнцсэн бол онлайн (skype, утас г.м) –аар холбогдож ярилцлага хийх тохиолдлууд болон ярилцлага хийхгүйгээр бүрдүүлсэн материалд үндэслэн шалгаруулалтын үр дүнгээ эцсийн байдлаар гаргадаг тэтгэлэгт хөтөлбөрүүд ч бас байдаг.
Таны сонирхсон тэтгэлэг ярилцлагаа яаж зохион байгуулдаг, шалгаруулах процесс хэрхэн явагддаг талаар веб сайтаар нь ороод мэдэх боломжтой. Миний өгөх зөвлөгөө бол маш сайн бэлтгэлтэй ороод “өөртөө итгэлтэй” өгөгдсөн хэдэн минутыг бүрэн дүүрэн ашиглаж чи хэн бэ? гэдгээ сайтар таниулах явдал юм.
Тэгэхээр яаж бэлдэх вэ? гэдэг асуулт тулгарна. Мэдээж чи өөрийнхөө зорилго, суралцах төлөвлөгөө, яагаад энэ чиглэлээр, энэ тэтгэлгээр сурах гээд байгаа г.м шалтгаанаа л ярих болно. Энэ нийтлэлд онцолж буй өөрийн үндсэн мэргэжил, ажлын туршлага, эсээ болон тодорхойлох захидалд бичигдсэн зүйлсээ хооронд нь сайхан уялдуулаад, түүнийгээ баталгаажуулах замаар ярилцлага өрнүүлэх нь зүйтэй. За тэгээд ажилд орох ярилцлага болон бусад төрлийн ярилцлагуудад асуугддаг түгээмэл асуултууд тэдгээрт хэрхэн бэлтгэх, хариулах гээд л интернетээс хайхад гараад ирнэ дээ.
  1. Бусад
Чи өөрөө боломжийг бий болгохгүй бол чаддаг хүмүүс цаана чинь энэ эрэлттэй зах зээлд чиний хүсэл мөрөөдлийг бизнес болгож байна. Бараг бүх тэтгэлгүүд онлайн аар өргөдөл авдаг ба ихэнх нь үнэ төлбөргүй байдаг. Гэтэл зуучлалын төвүүдээр дамжуулж өргөдөл гарвал мэдээж чамаас төлбөр авна. Яагаад гэхээр тэд чамд үйлчилгээ үзүүлж байгаа болохоор тэр. Мөн чамд тэтгэлэг авч чадна гэдэгт баталгаа өгөхгүй, бүрдүүлсэн материалын чинь бүрэн эсэхийг л шалгана уу гэхээс биш чиний бичсэн эсээ бусад зүйлүүдэд дорвитойхон зөвлөгөө өгөхгүй болж байна гээд л авчихна. Зарим сургуулиуд урилга авахаар өргөдөл гаргахад үнэгүй байдаг.
Түүнээс биш хэн нэгэн хүн эсвэл албан байгууллага 100 хувь баталгаатай виз гаргаж өгнө гэсэн юм бол байхгүй. Таны виз гарах эсэхийг бүрдүүлсэн материалын үнэн зөв, бүрэн бүтэн байна вэ гэдгээс хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эхлээд эх орондоо амжилттай байж гэмээнэ гадаадад суралцах үүд хаалга чинь нээгдэнэ. Чиний хэн  Чиний хэн бэ? гэдэг (background) ийг чинь их хардаг болсон цаг үе шүү. 
Нийтлэлийг бэлтгэсэн: Г.Ишжанцан
http://xemnelt.blogspot.com.au/
Бичсэн: Telnet | цаг: 07:39 AM | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant